Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 393

 

Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 499 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2016/0607 дугаар магадлалтай, иргэн Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадралын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 499 дүгээр шийдвэрээр:  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулж гаргасан “Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Y-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2016/0607 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0499 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар иргэн Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох ““Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Ү-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй, УБСЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 607 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дор дурдсан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1/ Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч өмнө нь “Ард кредит” ББСБ-д холбогдуулан иргэний хэргийн шүүхэд “Ард кредит” ББСБ-тай 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан БГ/209 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд улсын бүртгэлийн байгууллагыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 болон 12 дугаар зүйлийг зөрчиж гэрээг бүртгэсэн гэж маргасан боловч иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “барьцааны гэрээг бүртгэсэн үйлдэлд хариуцагч “Ард кредит” ББСБ буруугүй байна” гэдгээс өөр дүгнэлт хийгээгүй. Уг шийдвэрийг хянасан иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар дүгнэлт хийгээгүй, уг хэргийг хянасан Улсын Дээд шүүхийн тогтоолд “үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцааны гэрээ хуульд заасан журмыг зөрчиж бүртгүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн.

Иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд улсын бүртгэлийн байгууллага оролцоогүй, уг гэрээний бүртгэлийн талаар тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн иргэний хэргийн хариуцагч нь өөр этгээд байсан тул захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл буюу гэрээний бүртгэлийн маргаан, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг зөрчсөн асуудлыг шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн гэж үзсэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна.

2/ Давж заалдах шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг хэрэглэсэнгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйл нь “гэрээг бүртгүүлэх” гэсэн гарчигтай ба уг 12 дугаар зүйлийн 12.1-д “гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж заасан. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиас гадна Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баримтлах ёстой билээ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэж заасан тул хууль тогтоогч уг хуулийн 12.2 дахь хэсгээрээ барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нэмэлт журмыг тогтоосон, өөрөөр хэлбэл улсын бүртгэлд бүртгүүлэх журмын нэг хэсэг нь уг хуулийн 12.2 дахь хэсэг байхаар хуульчилсан гэж ойлгоно. Иймд уг хуулийн 12.3-д заасан “улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчсөн” гэдэгт дээрх 12.2 дахь хэсгийг зөрчсөн тохиолдлыг хамааруулж ойлгох ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д. Бат-Отгон нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельсийн гудамж, 6 дугаар байрны 85 тоот 39.55 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг “Ард кредит” ББСБ, “Шинэ өнгө төрх” ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ/279 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд тавьж, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр БГ/209 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг “Ард кредит” ББСБ-тай байгуулсан, мөн өдрөө барьцаалбар үйлдэн, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт уг барьцааны гэрээг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

Д.Бат-Отгон нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэгтээ өөрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000313480 дугаартай гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд, үйлчилгээний хураамж төлсөн баримт, ЗГ/279 дугаартай Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, БГ/209 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 279 (248656) дугаартай барьцаалбар зэргийг хавсарган ирүүлсэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “мэдүүлэг хүлээн авахаас татгалзах” үндэслэл байхгүй бол улсын бүртгэлийн байгууллага мэдүүлгийн дагуу бүртгэл хийх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Бат-Отгоноос барьцааны гэрээг бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг үндэслэн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Ү-2205054667 дугаарт бүртгэсэн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Д.Бат-Отгон, “Ард кредит” ББСБ-ын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь “хүчин төгөлдөр хэлцэл” болохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 101/ШШ2016/00176, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 445 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 001/2016/00457 дугаар тогтоолоор эцэслэн тогтоосон байх тул нэхэмжлэгчийн “... хууль зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглосон... /байтал бүртгэсэн/” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т ... заасныг зөрчсөн” гэх боловч барьцааны гэрээ хүчин төгөлдөр болох нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон байхад хариуцагчийг “... хууль зөрчсөн гэрээг бүртгэсэн” гэж буруутгах үндэслэлгүй юм.

Харин давж заалдах шатны шүүх “хэлцэл хүчин төгөлдөр эсэх” талаар гарсан иргэний шүүхийн шийдвэрийг үндэслэж, “...бүртгэл хууль зөрчсөн эсэх” талаарх маргааны үйл баримтад үндэслэж, захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа /бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар заасан, нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсыг бүртгэлд бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хууль ёсны эсэх талаар “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол” байхгүй байхад уг хуулийн заалтыг үндэслэж,  “...“Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Y-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд, нэхэмжлэгч Д.Бат-Отгоны хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2016/0607 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА