| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0248/Э |
| Дугаар | 534 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 10.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 534
Б.Б, Д.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Гансүлд,
Яллагдагч Б.Бын өмгөөлөгч Б.Тэнгис,
Яллагдагч Д.Мын өмгөөлөгч Б.Энхтүвшин,
Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 57 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 201726010722 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б.Б, 1985 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 24 дүгээр гудамж, .... тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 138 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, / РД:ЦД85030874/,
Б овгийн Д.М, 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 6 дугаар гудамжны .... тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 206 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдөр "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД: ....ДХ/,
Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 31 дүгээр байрны зүүн талд байрлах дулааны шугамны дэргэд иргэн Г.Гг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доохи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт, нүүр, их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа яллагдагч Д.Мтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжны 9 тоот хашааны баруун талын автомашины шороон зам дээр Д.Гийг “Ч.Э уулзаж, хамт явлаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд цус харвалт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамран нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж, хоёр, түүнээс олон хүнийг алсан,
Яллагдагч Д.М нь яллагдагч Б.Бтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжны 9 тоот хашааны баруун талын автомашины шороон зам дээр Д.Гийг “Ч.Э уулзаж, хамт явлаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд цус харвалт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар,
Д.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч Б.Б, Д.М нарт холбогдох хэрэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тул гэрч Б.Б, Ч.Э, Б.А нараас дахин мэдүүлэг авахуулж, зөрүүг арилгуулах тухай, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дугаар заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэж шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялгамжтай тогтоолгох, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүйг тогтоолгох зэрэг хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар Б.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэв. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”,16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох нь Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн”-г нотлоно гэж тус тус хуульчилсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хэрэг үйлд явдал болсон гэх газарт байсан хүмүүс болох гэрч Б.Б мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “...Б талийгаач Гийг энгэрээс нь заамдаж байгаад нүүрнийх нь дух хэсэг рүү байх, гэхдээ сайн хараагүй. Ямар ч байсан нүүр рүү нь мөргөөд унагаачихсан. ...М, Б талийгаачийг мөргөж унагасны дараа хажуунаас нь шууд л дайрч ороод гартаа чулуу барьсан байх, яг юу барьсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан нэг зүйлээр талийгаачийн толгой руу 2-3 удаа цохиж гуяны хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. ...М учраа мэдэхгүй Быг дагаж хүн нийлж зодож байгаа харагдсан. /2хх-224/ гэж,
Гэрч Ч.Э мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “...М, Г, Б гурав хоорондоо маргалдаад байсан. ...Эхлээд Б талийгаачийг нүүр лүү нь шанаадсан. Тэгээд талийгаач газар унасны дараа Б, М хоёр нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. ...” гэж /2хх-136/,
Гэрч Ж.Б мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “...М Гийг газар бөгсөөрөө суучихсан байхад толгой руу нь гараараа цохиж байхыг хараад Отгонтуяаг нөхрөө аваач хүн аллаа гэтэл О очиж салгасан...” гэж /2хх-130/,
Гэрч Б.А мөрдөн байцаалтад Б.С гэсэн нэрээр 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “...миний харснаар гацаа Г, Б буюу Б хоёр ямар ч байсан хоорондоо маргалдаж байсан, тэгтэл Б газар унагаад нүүр ам руу нь цохиод байх шиг байсан, М бас хамт байсан. ...” гэж /2хх-133-134/, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.А нэрээр “...Б Гийн ам, хамар хэсэг рүү духаараа мөргөж цус гаргасан, тэгээд хавсарч газар унагаасан. ...” гэж /2хх-225/ тус тус мэдүүлжээ.
Дээрх гэрч нарын мэдүүлгээр Б.Б нь амь хохирогчийг ам хэсэгт нь мөргөсөн гэж, эсхүл дух хэсэг рүү нь мөргөсөн гэж, Д.М нь талийгаачийн толгой руу 2-3 удаа цохиж байсан гэх, эсхүл нүүр лүү нь нэг удаа цохисон гэх зэргээр тус тус мэдүүлэх ба гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаж, Мын цохилтын улмаас амь хохирогчид гэмтэл учирсан эсэх, учирсан бол ямар гэмтэл учирсан эсэхийг болон шүүгдэгч Б.Б, Д.М нарын үйлдэл оролцоог ялгамжтай тогтоож, амь хохирогч Гийг үхэлд хүргэсэн гэмтлийг хэн учруулсныг нарийвчлан тогтоох шаардлагатай.
Гэрч Б.Б мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “...Г босож ирээд суусан чинь М гүйж ирээд гартаа боржур шиг юмыг барьж аваад баруун талаас нь толгой руу нь цохисон...” /2хх-154/ гэж, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “...М, Б талийгаачийг мөргөж унагасны дараа хажуунаас нь шууд л дайрч ороод гартаа чулуу барьсан байх, яг юу барьсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг зүйлээр талийгаачийн толгой руу 2-3 удаа цохиж гуяны хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн...” /2хх-224/ гэж тус тус мэдүүлсэн, харин шүүх хуралдаанд “...талийгаачийг Б мөргөж унагасан. М баруун гараараа талийгаачийг баруун хацарт нь нэг цохисон. М төмрөөр цохиогүй....” гэж зөрүүтэй мэдүүлэг гаргасан,
Мөн гэрч Ч.Э мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “...Эхлээд Б талийгаачийг нүүр лүү нь шанаадсан. Тэгээд талийгаач газар унасны дараа Б, М хоёр нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. ...” гэж, /2хх-136/, харин шүүх хуралдаанд “...М гартаа ямар нэгэн юм бариагүй, халаасандаа гараа хийсэн зогсож байсан, би сайн харсан..” гэж зөрүүтэй мэдүүлэг гаргасан ба дээрх гэрч нарын мэдүүлгийн аль мэдүүлэг нь үнэн, аль нь худал болохыг тогтоож, зохих ажиллагааг хийх.
Түүнчлэн яллагдагч Д.М нь амь хохирогч Гийн бие махбодид гадны хатуу биетээр буюу боржур, чулуу зэргээр цохиссон эсэх, эсхүл гараараа цохисон эсэхийг тогтоох.
Гэрч И.А мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг 15 минутад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад манай гудамжнаас урагшаа байдаг “Хаан банк”-ны АТМ орчихоод буцаад ажил дээрээ ирэхэд М, Б хоёр Г гэж залууг нийлээд зодож байсан. ...би та нар болиочээ гээд очиж салгасан. ...гэртээ ажлаа хийж байгаад нилээн удаж байгаад хашаанаасаа гараад харсан чинь Г манай хашааны эсрэг талын урдаас харсан хашааны наана газар хэвтэж байсан. Би Э гэдэг залуугийн эгчид Г очоод хараадхаач, яачихсан юм бол гээд явуулсан. ...ойролцоогоор цагийн дараа нэг танихгүй эрэгтэй хүн хүрч ирээд “тэнд хэвтэж байгаа хүн үхчихсэн юм, би цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Тэгээд удахгүй цагдаа нар ирсэн. ...Г, Б, М хоёр нийлж байгаад гараараа толгой, тархи луу нь хэд хэдэн удаа нийлээд цохиж зодож байсан. Нүцгэн гараараа толгой, тархи луу нь хэд хэдэн удаа нийлээд цохиж зодож байсан. Нүцгэн гараараа зодож байсан. ...” гэж мэдүүлжээ. /2хх-125-126/,
Иймд гэрч И.А “...Д.М, Б.Б нар нь хэн нь ямар, ямар үйлдэл хийж байсан, өөрөөр хэлбэл хэн нь яаж зодож байсныг тус бүрийн үйлдлээр ялгаж тодруулах шаардлагатай байна. Мөн гэрч нь тухайн өдрийн өглөө 10.00 цаг өнгөрч байхад “Хаан” банкны АТМ ороод эргээд ирэхэд манай хашааны гадаа Гийг зодож байсан гэх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтоох, цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагын баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргуулах.
Мөрдөн байцаалтад Б.С, Б.А нэрээр, шүүх хуралдаанд Б.А нэрээр тус тус гэрчийн мэдүүлэг гаргасан хүний талаарх иргэний бүртгэлийн лавлагааг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагатай. Учир нь тухайн этгээд нь өөрийн нэрийг Б.С гэж дууддаг гэх, улмаар иргэний бүртгэлд бүртгүүлж, иргэний үнэмлэх аваагүй, регистрийн дугааргүй гэж шүүх хуралдаанд мэдүүлэх ба тухайн хүний байдлыг тогтоож, түүний хууль ёсны нэрийг хэн болохыг бичиг баримтаар тогтоох нь чухал ач холбогдолтой байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тухайн этгээдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх эсэхэд хүндрэл учруулахаар байна.
Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. ...”, 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Тэнгисээс шүүх хуралдаанд “...2017 оны 11 сарын орчим над руу Э байнаа, Б бид хоёр цуг явж байна. Мөрдөн байцаагч бид хоёроос байцаалт авахдаа хоолны мөнгө өгсөн гэл үү, хоолонд оруулсан гэл үү, энэ мэдүүлгээ хэлж болох уу гэж утсаар ярьсан. Хоёулаа нэрээ хэлсэн. Эхлээд Б гээд ярьсан. 72 цагийн өмнө гэмтлийг авсан гэх асуудлаар мэдүүлэг авсан юм шиг санагдсан. ...” гэсэн тайлбарыг гаргасан.
Дээрх асуудлаар өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд оролцсон гэрч Ч.Эаас тодруулахад “өмгөөлөгчийн гар утсыг мэдэхгүй” гэж, харин гэрч Б.Баас “...Г нас барсны үед гэхээр саналаа, Тэнгис өмгөөлөгч рүү ярьсан. Мөрдөн байцаагч мэдүүлгээ үнэн зөв өгөөрэй гэж 3000 төгрөг өгсөн. 2017 онд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн 2 давхарт мөнгө авсан. Мөрдөн байцаагчийн нэрийг Ч.Э мэднэ. Өмгөөлөгчдийн утсыг Баас 4 сард авсан. Э хамт байсан, хамт утсаар ярьсан. ...” гэж мэдүүлсэн.
Иймд яллагдагч Б.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан мөрдөгч нь гэрч Б.Б, Ч.Э нарт “хоолны мөнгө” гэж 3000 төгрөг өгч, тэднээс албадаж, хөтөлж, тулгах замаар мэдүүлэг авсан, эсхүл хуурамч мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн эсэх, хэн гэдэг мөрдөгч болох, тус мөрдөгч нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримтыг цуглуулсан эсэх зэрэг асуудлыг шалгаж, тогтоох нь зүйтэй.
Яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тусгана гэж заасан.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлтэд яллагдагч Б.Быг “...иргэн Г.Гг онц харгис хэрцгийгээр, мөн иргэн Д.Гийг яллагдагч Д.Мтай бүлэглэн, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан...” гэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба тус зүйл, хэсгийн заалтаас 2.11 гэсэн заалтаар яллахдаа хоёр, түүнээс олон хүнийг алсан гэсэн нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй яллах дүгнэлт үйлдсэн гэж үзнэ.
Тиймээс дээр дурьдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх тул шүүгдэгч нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээрх хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхээс хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр гэрч Б.Б, Ч.Э нарын мэдүүлэг зөрүүтэй гэх үндэслэлээр прокурорт буцаасан нь учир дутагдалтай байна.
Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “талийгаач Гийн үхэлд хүргэсэн тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Талийгаачийн үхэлд хүргэсэн тархины битүү гэмтлийг авсан хүн үйл хөдөлгөөн хийх чадвартай боловч талийгаачийн хувьд үйл хөдөлгөөн хийгээгүй, тухайн гэмтлийн шинж тэмдэг илэрч ухаан алдаж байгаад хэсэг хугацааны дараа нас барсан байх боломжтой байна...Хүнд зэргийн согтолттой хүн тодорхой чиглэл зорилготой үйл хөдөлгөөн хийх чадваргүй, орон зай цаг хугацааны баримжаа алдагдсан байдаг тул өөрийгөө хамгаалах, идэвхитэй үйл хөдөлгөөн хийх чадваргүй байдаг. Яллагдагч Б.Б, Д.М нар нь ээлжлэн нэг цаг хугацаанд талийгаач Гийг зодож цохисон үйлдэл гаргасан байна. Хэнийх нь үйлдлийн улмаас учирсан болохыг тогтоох боломжгүй...” гэж мэдүүлдэг,
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Өмгөөлөгч Б.Тэнгис, гэрч Ч.Э, Б.Б нарын зүгээс мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шатанд дээрх асуудлаар ямар нэгэн гомдол, санал хүсэлт гаргаж байгаагүй, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч Б.Тэнгис болон яллагдагч Б.Б, Д.М нарын зүгээс дээрх асуудлаар гомдол, санал, хүсэлт гаргаагүй, хэлэлцэгдээгүй бөгөөд өмгөөлөгч Б.Тэнгисийн зүгээс дээрх асуудлаар гэмт буруугийн шүүх хуралдааны үед дээрх тайлбарыг гаргасан.
Дээрх асуудлаар прокуророос болон өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд оролцсон гэрч Ч.Эаас тодруулахад “өмгөөлөгчийн гар утсыг мэдэхгүй, би огт яриагүй” гэж мэдүүлдэг, харин гэрч Б.Баас “...Г нас барсны үед гэхээр саналаа, Тэнгис өмгөөлөгч рүү ярьсан...” гэж мэдүүлдэг бөгөөд прокурорын зүгээс гэрч Ч.Э, Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг бүрэн эхээр нь уншиж сонсгосон, мөрдөн байцаалтын шатанд өгсөн таны мэдүүлэг мөн байна уу, үнэн зөв мэдүүлэг өгсөн үү гэсэн асуултанд гэрч нараас миний өгсөн мэдүүлэг мөн байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж мэдүүлдэг.
Иймд мөрдөгч нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримтыг цуглуулсан, худал мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тусгана гэж заасан бөгөөд прокурорын яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжүүд болох “яллагдагч Б.Б нь онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж, хоёр, түүнээс олон хүнийг алсан гэж, Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг “Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж тодорхой тусгасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “хоёр, түүнээс олон хүнийг алсан” гэж зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд яллагдагч Б.Б нь амь хохирогч Г.Гг, яллагдагч Д.Мтай бүлэглэн амь хохирогч Д.Гийг алсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн.
Хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон шийдвэрээ гаргасан нь буруу байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.
Яллагдагч Б.Бын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Б.Быг талийгаач Гг онц харгис, хэрцгий аргаар олон тооны шарх сорви бий болгож алсан гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач Гг 72 цаг буюу түүнээс дээш цагт үхэлд хүргэх гэмтлийг авсан байна гэж дүгнэсэн. Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үхэлд хүргэх гэмтэл авсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Хоёр дугаарт талийгаач Гтой холбоотой асуудал яригддаг. Шүүгдэгч Б.Б хэлэхдээ “би талийгаач Гийн нүүр хэсэгт нэг удаа мөргөчихөөд явсан” гэж мэдүүлдэг. Гэрчүүдийн мэдүүлгийг нэгтгэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн гэрч Б.Сүглэгмаа гэх хуурамч нэрээр мэдүүлэг өгсөн талаар дахин шалгах шаардлагатай гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтын шатад буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Регистрийн нэг тоо, үсэг зөрхөд тухайн тогтоол хүчингүй болдог учраас зайлшгүй хийх ёстой ажиллагааг шүүх зөв дүгнэж, шийдвэрлэсэн. Шүүх хурлын үеэр гэрч Ч.Э мөрдөн байцаагчаас мөнгө аваагүй гэдэг талаар хэлсэн. Харин гэрч Б.Б “цагдаагийн газрын 2 дугаар давхарт Ч.Э бид хоёрт 3.000 төгрөг өгч мэдүүлэг авсан” гэж тодорхой хэлсэн. Ийм учраас нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Яллагдагч Д.Мын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын нэг заалт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, шаардлагагүй гэж үзэж байгаа. Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн нэг заалтыг хүлээн зөвшөөрч үлдсэн хоёр заалтыг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг дүгээр заалтын хувьд гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, хуурамч мэдүүлэг өгсөн байж болзошгүй гэсэн асуудлаар хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий. Яагаад гэвэл гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Д.М талийгаачийг цохисон гэж мэдүүлэг өгчихөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.М нь талийгаачийг цохиогүй, ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй гэж мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мөн адил хууль сануулж мэдүүлэг авч байгаа. Энэ хоёр зөрүүтэй мэдүүлэг маань шүүгдэгчийн эрх зүйн байдалтай салшгүй нөлөөтэй. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Д.М талийгаач Гийг төмрөөр цохисон гэж мэдүүлэг өгчихөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төмрөөр биш гараараа цохисон гэж мэдүүлсэн. Хоёр дугаар заалтын хувьд гэрч Б.Б, Ч.Э нар өмгөөлөгч Б.Тэнгис рүү залган “мөрдөн байцаагч бидэнд 3.000 төгрөг өгсөн, мэдүүлэг өгч болох уу” гэж залгасан асуудал нь хууль бусаар гэрч нарт нөлөөлөөд мэдүүлэг авсан байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байна. Хоёр ба түүнээс олон хүнийг алсан гэдэг асуудал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дүгээр заалтаар яллах дүгнэлт үйлдээд, ял сонсгосон учир энэ тогтоолын заалт хууль зүйн үндэслэлгүй, илүүц байна гэж үзэж байна. Прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсэг нь үндэслэлтэй, зарим нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хавтаст хэрэгт бүрдсэн баримтыг үзэхэд мөрдөн байцаагч нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримтыг цуглуулсан, худал мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “гэрч” гэгч хэн болох түүнээс мэдүүлэг авахыг хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд гэрч Б.Б, Ч.Э, Ж.Б, Б.А нарт хууль сануулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.
Гэрчүүд өөрийн харсан үзсэн зүйлээ өөр өөрсдийнхөөрөө мэдүүлсэн байхад мэдүүлгийн зөрүүг хэрхэн яаж арилгах нь ойлгомжгүй, шүүх хавтаст хэрэгт буй яллах болон цагаатгах талын баримтуудын харилцан зөрүүтэй байдлыг дүгнэн шийдвэрлэх нь зүйтэй
Өмгөөлөгч Б.Тэнгис нь анхан шатны шүүх хуралдаанд мөрдөгч нь “гэрч Б.Б, Ч.Э нарт 3.000 төгрөг” өгч хохирогч Б.Гг нас барсны дараа мэдүүлэг авсан гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж мэдүүлэг авсан гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул энэ талаар шалгах шаардлагагүй.
Хэрвээ шүүх гэрчүүдийн мэдүүлгийг зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх хуралдаанд тэднийг оролцуулах боломжтой.
Анхан шатны шүүх тогтоолынхоо буцаах нэг үндэслэлийг “яллагдагч Б.Быг “...иргэн Г.Гг онц харгис хэрцгийгээр, мөн иргэн Д.Гийг яллагдагч Д.Мтай бүлэглэн, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан...” гэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба тус зүйл, хэсгийн заалтаас “2.11” гэсэн заалтаар яллахдаа хоёр, түүнээс олон хүнийг алсан гэсэн нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй яллах дүгнэлт үйлдсэн гэдэг нь ойлгомжгүй байна” гэж дүгнэжээ.
Шүүхийн ойлгомжгүй гэж онцгойлон заасан “2.11” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 нь “бүлэглэж” гэх заалт байх бөгөөд “хоёр, түүнээс олон хүнийг алсан” хэргийн зүйлчлэл нь “2.11” биш “2.6” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дугаар зүйл болно.
Иймээс энэ талаар гаргасан шүүхийн дүгнэлт ойлгомжгүй бөгөөд хууль ёсны болоогүй байна.
Хэрэв шүүх прокурорыг “хоёр, түүнээс олон хүнийг алсан” гэх хэргийг яллах дүгнэлтэндээ ойлгомжгүй дүгнэсэн гэж үзэж байгаа юм бол хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар хууль зүйн зөв дүгнэлт хийх боломжтой.
Иймд прокурор Ц.Гансүлдийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Д.М нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Д.М нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Б.Б, Д.М нарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
О.ЧУЛУУНЦЭЦЭГ