Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 394

 

“Хурд групп” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 330 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0591 дүгээр магадлалтай, “Хурд групп” ХХК-ний нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Р.Даваа, Л.Батцэцэг нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 330 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг тус тус баримтлан “Хурд групп” ХХК-ийн гаргасан “Гааль татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Р.Даваа, Л.Батцэцэг нарын 2014 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийн 360004017 дугаар актын хавсралтын 2 дах хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0591 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Хурд групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын улсын байцаагч Р.Даваа, Л.Батцэцэг нарын хариуцагчтай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 дугаар татварын актын хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг хэлэлцээд шийдвэрлэсэн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 330 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн 2016 сны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 221/МА2016/0591 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

“Хурд групп” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнд Татварын ерөнхий газрын улсын байцаагч Р.Даваа, Л.Батцэцэг нар тус компанийн 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Нэмэгдсэн өртөгийн албан татварын 11238121 тоот падаанаар 154,636,364 төгрөгийн бараа материал худалдан авсан худалдан авалтын НӨАТ-ын дүн болох 15,463,636 төгрөгөөр НӨАТ-ын буцаан авалтын дүнг өсгөснийг хууль зөрчсөн хэмээн үзэж татварын акт тавьсан юм,

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь “Шагайвар” ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж буй цагдаагийн байгууллагын албан бичиг, цагдаагийн байгууллагад мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн уг НӨАТ-ын падааныг хуурамч хэмээн үзэж дээр дурдсан улсын байцаагч нарын актыг хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Улсын байцаагч нарын гаргасан акт нь Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг үндэслэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзсэн нь хуулийг үнэн зөв хэрэглээгүй гэж үзэж байна. Мөн шүүх “Шагайвар” ХХК-иас худалдан авсан барааны дүнгээс албан татварыг төсөвт төпсөн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Манай компани дээрх худалдан авалтын дүнгээс улсад төлөх татварын дүндээ оруулан тооцсон, улсад илүү төлөлттэй байгаа тул буцаан авах дүндээ оруулан нэмж тооцсон бөгөөд улсын байцаагч нэмж тооцсон нь буруу хэмээн үзэж акт тавьсан болохоос давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн шиг НӨАТ-ыг төлөх төлөхгүй тухай маргаан биш юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн бичиг баримтад уг худалдан авалтыг тусгаагүй бол улсын байцаагч нарын актын хууль зүйн үндэслэлээр торгууль ногдуулахыг зөвшөөрч болох бөгөөд улсын байцаагч нар акт тавихдаа санхүүгийн бичиг баримтанд тусгаагүй бол гэсэн агуулга бүхий хуулийн зүйл ангийг үндэслэсэн боловч бодит байдал дээр санхүүгийн бичиг баримтандаа бүрэн тусгасан учраас улсад төлөх татварын дүн болон улсаас буцаан авах илүү төлөлтийн хэсэгтээ нэмж тусгасан.

Иймээс  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Нягтлан бодох бүртгэлийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Даваа, Д.Батцэцэг нар “Хурд групп” ХХК-ийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 дугаар актаар “... “Шагайвар” ХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0011238121 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар ... /тоосго/ худалдан авсан гэх баримт бүрдүүлэн хий бичилт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас ... хасалт хийсэн” гэх зөрчил тогтоон, актын тогтоох хэсгийн хоёр дахь заалтаар “...154,636,364.0 төгрөгийн худалдан авалтад ногдох 15,463,636.4 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2012 оны 5 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс суутган тооцох”-оор шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “... падаан хууль бус, хуурамч гэдэг нь нотлогдоогүй байхад ... акт тавьсан” гэж, хариуцагч “... худалдан авалт нь ... нотлогдоогүй” гэж тус тус маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 8.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заажээ.

Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Нэхэмжлэгч “Хурд групп” ХХК нь “.../2012 онд/ 154,636,364.0 төгрөгийн тоосго худалдан авч, 15,463,636.4 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг “Шагайвар” ХХК-нд төлсөн”, уг худалдан авалтыг нотлож байгаа гэж “Шагайвар” ХХК-иас бичиж олгосон 0011238121 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, мөн компанийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бичиж олгосон дугааргүй орлогын ордер, “Хурд групп” ХХК-ийн мөн өдрийн дугааргүй зарлагын ордер зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн”-ийг нотлох хангалттай баримт биш, уг худалдан авалт нь худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар нотлогдоогүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд, хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтуудыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэгч “Хурл групп” ХХК-ийг “... аль нэг газраас бодитоор тоосго худалдан аваагүй” гэж дүгнээгүй, 2012 онд хийсэн гэх 154,636,364.0 төгрөгийн худалдан авалт, 15,463,636.4 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг “Шагайвар” ХХК-нд төлсөн нь тус компанийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “.../баримтаар нотлогдоогүй бол/ ... албан татварыг хасч тооцохгүй” гэсэн заалтыг баримталсан хариуцагч татварын улсын байцаагч нарын маргаан бүхий 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 дугаар актын холбогдох хэсэг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн болно.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 330 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0591 дүгээрмагадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Хурд групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлгөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хурд групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА