Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00237

 

Б-И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01694 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2001 дугаар магадлалтай,

Б-И ХХК-ийн нэхэмжлэлтэй

М.М-т холбогдох, 

Бараа бүтээгдэхүүний төлбөр болон хугацаандаа төлөөгүй алданги нийт 12.884.878 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг   нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...М.М- нь манай компанитай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 03.04-67 тоот гэрээт борлуулагчийн гэрээг, 03-04/68 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс М.М-ын нэр дээр бүртгэлтэй Төв аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах өвөлжөө, хадлангийн зориулалт бүхий 0,7 га газрыг барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан. М.М- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, компаниас авсан барааны үнийг тохирсон хугацаанд компанид тушаалгүй хувьдаа завшсан тул 2017 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар компанид 8.589.919 төгрөгийг төлбөрийн өртэй байна. М.М-ыг уг төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч худал хэлж, төлбөр төлөхөөс зайлсхийж байна. М.М-тай байгуулсан барьцааны гэрээний 8 дугаар зүйлд барьцаалуулагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол барьцааны зүйлийг үл маргах журмаар тус байгууллагад шилжүүлэхээр заасан. М.М- нь 2 удаа бараа хүлээн авсан, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Жижиглэнгийн борлуулагч бол манай байнгын ажлын байр биш юм, харин борлуулалтын менежер нь байнгын ажлын байр. Бид анх гэрээ байгуулахдаа энэ тухай хэлж танилцуулаад тухайн иргэн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд барьцааны гэрээ байгуулж, барьцааны зүйлийн үнийн дүнгийн хэмжээнд нь бараа бүтээгдэхүүн олгодог, уг бараа бүтээгдэхүүнийг борлуулж өгч байгаа учраас бид бас урамшуулал, цалин хөлс олгодог. Бараа авсан нь үнэн, борлуулсан боловч үнийг нь төлөөгүй. Иймд үндсэн төлбөр болох 8.586.919.23 төгрөг, гэрээт борлуулагчийн гэрээний 4.3 дугаар заалтын дагуу алданги 4.294.959 төгрөг, нийт 12.884.878 төгрөгийг М.М-аас гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.М-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие Б-И ХХК-д борлуулагчаар ажилласан. Ажилласан хугацаанд өөрийн хариуцлагагүй байдал болоод цуг ажилладаг хүндээ итгэж энэ мөнгөний оронд орсон. Миний бие бараа материалаа цаг хугацаа бүрт нь тоолоогүй бага багаар явсаар одоо 8.589.919,23 төгрөгийн өрөнд орсон. Барьцаа болох газрын гэрчилгээ тус компанид барьцаа болгож ажилд орсон. Тооцоо гарсан гэж байгааг маргахгүй, гэхдээ байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй учир төлбөрийг төлөх үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглодог бөгөөд Б-И ХХК нь хууль бусаар жижиглэнгийн борлуулагчийн гэрээ буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01694 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч М.М-аас 12.884.878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-И ХХК-д олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221.108 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 221.108 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2001 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/1694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221.108 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд ажлын байрны тодорхойлолт, ажилласан хугацааны ирцийн тайлан, бүртгэл гаргуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-т ажлын байрны тодорхойлолт гаргаж байгаагүй, ирц бүртгэж байгаагүй тул дээрх баримтууд нэхэмжлэгчид байхгүй талаар мэдэгдсэн. Гэвч 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд Б-И ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Цагаанлянхуагийн мэдүүлэгт М.М-ыг ажилд авахад ажлын байрны тодорхойлолт боловсруулж байсан, мөн ирцийг өдөр бүр бүртгэж, ирцийн тайлан гаргаж өгдөг байсан талаар дурдсан. Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн тайлбар худал болох, нэхэмжлэгчид М.М-ын ажлын байрны тодорхойлолт, ирцийн тайлан, бүртгэл байсан болох нь тогтоогдсон. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх зөрүүтэй мэдээллийг шалгах, нягтлах, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2,2, 38 дугаар зүйлийн 38.3, 38,6-д заасан эрхүүдийг хангаж өмнөх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж өгөхийг хүссэн боловч шүүх хуралдаан нэгэнт эхэлсэн гэсэн шалтгаанаар хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шүүх хуралдааны явцад гэрч болон нэхэмжлэгчийн нотлох баримтын талаар тайлбар зөрсөн, нотлох баримтанд үндэслэл бүхий эргэлзээ үүсч шүүгчийн захирамжийн биелэлтийг хангагдаагүй нөхцөл байдал үүссэн үед өөрт олгосон эрх хэмжээний дагуу нотлох баримтыг тал бүрээс нь судлах, нотлох баримтыг шаардан авах эрхээ хэрэгжүүлээгүй болно. Нийгмиин даатгалын дэвтэр болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан байнгын ажлын байранд ниигмийн даатгал төлөх ажил олгогчийн дүрэм журамд үнэлэлт өгөөгүй. Нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримт болох 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр харилцаж буй ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргаж буй зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйяийн 4.2-д заасан заавал нийгмийн даатгал төлөх эрх зүйн харилцаа биш болохыг шүүх үнэлээгүй, тал бүрээс нь судлаагүй болно. Хариуцагч М.М-т Б-И ХХК-иас сар бүр нийгмийн даатгальн суутгалыг үндсэн цалин болон нэмэгдэл цалин хөлснөөс суутгал тооцон авч байсан болох нь М.М-ын нийгмийн даатгалын дэвтэр, лавлагаа зэргээр нотлогддог. Жижиглэнгийн борлуулагч нарын цалин урамшууллыг бодох журамд заасан цалин хөлсний хэлбэр нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа мөн эсэхийг шүүх үнэлээгүй байна. Б-И ХХК-иас ирүүлсэн нотлох баримт болох “Жижиглэнгийн борлуулагч нарын цалин урамшууллыг бодох журам”-ын 2 дугаар зүйлд заасан үндсэн цалин, урамшуулалт цалин, шатахууны нэмэгдэл зэрэг зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхдөл болох үндсэн цалингийн хэлбэрийг агуулж буй эсэхийг шүүх тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн цалин хөлсийг ажилтныг цагийг бүртгэсний үндсэн дээр олгогддог цалин гэж тайлбарласан. Мөн гэрч Б.Цагаанлянхуа нь ирцийн тайланг сард хоёр удаа гаргаж түүнд үндэслэн үндсэн цалинг боддог. Харин урамшуулалт цалин нь борлуулагчид бараа бүтээгдэхүүнээ борлуулсны дараа хийснээрээ авдаг цалин хөлс болохыг мэдүүлсэн байдаг. Дээрхээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно.”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан нь байнгын ажлын байр мөн болохыг нотолно гэсэн боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж болдог.” гэжээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтанд маргааны гол үндэслэл болсон зээлээр худалдах, худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 262 дугаар зүйл нь нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах харилцаа мөн эсэхийг дүгнэж үзэлгүй хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, албан журмаар даатгуулах харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэг харилцааны аль нь ч биш гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлээр худалдах худалдан авах гэрээг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүхээс хариуцагч М.М- ажиллаж байсан эрх зүйн харилцааг тодорхойлохдоо байнгын ажлын байрны үндсэн шинжүүдийг тодорхойлоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг.” хэлнэ гэж заасан байна. М.М- нь ажлын байрны тодорхойлолттой, тодорхой ажил үүргийг хүлээж, нэхэмжлэгчийн заасан ажлын байранд, тогтоосон дүрэм журмьыг сахин биелүүлэх үүрэг хүлээж байсан ажилтан байсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тлтааалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээт бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.”, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн хэлбэрийг агуулж буй эсэхийг шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийн үндэслэлийг буруу тодорхойлсон. Магадлалд “...Талуудын хооронд байгуулагдсан жижиглэнгийн борлуулагчийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч Б-И ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч М.М- хариуцан борлуулж, барааны үнийг буцаан төлөхтэй холбоотой харилцаа үүссэн байх ба үүнээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 400 дугаар зүйлд заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч гэрээнд заасан газруудад түгээж, борлуулсан бүтээгдэхүүнийн үнийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч зохих хөлс авахаар тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч бараа бүтээгдэхүүнийг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авч үнийг төлөхөөр тохиролцоогүй байна.” гэжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг даалгаварын гэрээний үндсэн дээр өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах харилцаа биш гэж үзсэн атлаа хөдөлмөрийн гэрээнээс үүссэн харилцаа мөн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр даалгаварын гэрээ гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байсан талаар нотлох баримт гаргуулах эрхийнхээ дагуу нотлох баримт шаардсаныг анхан шатны шүүх хангаагүй хэдий ч гэрчийн мэдүүлгээр хөдөлмерийн эрх зүйн харилцааны хэд хэдэн шинж байгаа талаар мэдүүлсэн атал огт хавтас хэрэгт байхгүй даалгаварын гэрээ байгуулсан мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б-И ХХК нь М.М-аас 12.884.878 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан жижиглэнгийн борлуулагчийн болон барьцааны гэрээг үндэслэл болгож, “хариуцагч нь 2017.03.20-ны өдрийн байдлаар 8.589.919 төгрөгийн өртэй тул алданги 4.294.959 төгрөгийн хамт шаардсан...” гэж тайлбарлажээ. Хариуцагч ...дутагдал байгаа, ...байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна. 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан бол давж заалдах шатны шүүх талуудын хооронд даалгаварын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн хэдий ч шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй, шүүхийн дүгнэлт эрх зүйн хувьд алдаатай байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Зохигчийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан жижиглэнгийн борлуулагчийн гэрээгээр хариуцагч М.М- нэхэмжлэгч Б-И ХХК-ийн импортолсон бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, борлуулалтын орлогоос хамааран тодорхой хувиар урамшуулал олгохоор талууд харилцан тохиролцжээ. 

Өөрийн нэрийн өмнөөс, гэхдээ бусдын зардлаар барааг борлуулж, эрх хэрэгжүүлэх этгээдийг комисс гэдэг бөгөөд хэрэгт буй баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2-т заасан комиссын гэрээ байгуулагдсан байна. 

Зохигчийн хооронд байгуулагдсан комиссын гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах, гэрээг цуцлах эрхтэй юм. 

Гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид бараа шилжүүлэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч барааны үнийг бүрэн төлөөгүй нийт 8.589.919 төгрөгийн  төлбөртэйг зохигч маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь дээрхи төлбөрийг гэрээний 4.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувиар тооцсон алдангийн хамт шаардах эрхтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т заасантай нийцжээ.

2.Зохигчийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн өвөлжөө, хадлангийн зориулалт бүхий 0.7 га газар барьцаалсан боловч уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь тухайн газар нь М.М-ын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй байх бөгөөд эзэмших эрхийн газрыг зохих этгээдийн зөвшөөрлөөр барьцаалж, бүртгэл хийлгээгүй байх тул  гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчөөгүй байна. Харин шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг хуульд нийцүүлэн тодорхойлоогүйг залруулах нь зүйтэй байна. Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах ба, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж заасан тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэл нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарна.

3.Зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б-И ХХК-ийн байнгын ажлын байранд гүйцэтгэх үүгийг хариуцагч М.М- гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Б-И ХХК-с бараа хүлээн авч, түүний заасан газруудад хүргэлт хийж, сарын борлуулалтын хэмжээнээс хамаарч хөлс урамшуулал урьдчилан авч байсан болон хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч төлсөн нь зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүснийг нотлохгүй юм.

Хариуцагчийн зааж буй хэргийн 97-р талд байгаа Б-И ХХК-ийн захирлын 2016.02.14-ний Б/22 тоот тушаал нь М.М-т бараа олгох тухайгаас бус түүнийг ажилд авсан, эсхүл ажлаас халсан зэрэг хөдөлмөрийн гэрээний харилцааг тодорхойлох нотлох баримт биш байна.

“Жижиглэнгийн борлуулагчийн гэрээ”-нд Б-И ХХК нь хариуцагч М.М-т сар бүр бензины мөнгө өгөх, шаардлагатай тохиолдолд бараа борлуулах байрны түрээсийн төлбөрийг төлөх зэрэг нөхцлөөр хангахаар талууд тохиролцсон, урамшуулал, нийгмийн даатгал төлсөн нь Иргэний хуульд заасан комиссын гэрээний талаархи зохицуулалтын агуулгатай зөрчилдөхгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ажлын байрны тодорхойлолт, ирцийн бүртгэл гаргуулах хүсэлтийг шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэжээ.

Дээрхи үндэслэлээр “зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах ёстой байсан, гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2001 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01694 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д” гэснийг “Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д” гэж, “Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 221.108 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ