Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 302

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.М нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: НЗД ,

Хариуцагч: БЗД ЗД ,

Хариуцагч: БЗД ГА нд тус тус холбогдох

Гуравдагч этгээд: Э.Д

Гуравдагч этгээд: С.Г

Гуравдагч этгээд: П.С

Гуравдагч этгээд: С.Ж

Гуравдагч этгээд: С.Д

Гуравдагч этгээд: С.Г

Гуравдагч этгээд: Л.С

Гуравдагч этгээд: Ё.М

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Т холбогдох хэсгээс Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах, Х.М эзэмших 30,000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамжаа гаргахыг БЗД ЗД д даалгуулах, Х.М эзэмших 30,000 м.кв газрыг өмнөх эзэмшигч М.Т 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “А” ХХК-иар үйлдүүлж, дүүргийн Газрын албанд хүсэлт болгож өгсөн хэмжээгээр   газрыг кадастрын санд бүртгэхийг БЗД ГА нд даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , хариуцагч НЗД ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А , хариуцагч БЗД ЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б , хариуцагч БЗД ГА ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , гуравдагч этгээд буюу С.Г, П.С, С.Ж, Э.Д, С.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Х.М би иргэн М.Т эзэмшил Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т байрлалтай, 30000 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг БЗД ЗДын 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 000494.... дугаар гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж ирсэн билээ.

Уг газрыг анх БЗД ЗДын 2004 оны 113 дугаар захирамжаар “Ф” клубт 8000 м.кв талбайгаар эзэмшүүлсэн бөгөөд 2006 оны 125 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 100000 м.кв болгосон. Мөн БЗД ЗДын 2007 оны 299 дүгээр захирамжаар “Ф” клубээс 30000 метр квадратыг М.Тшилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг юм.

Би 2013 онд уг 30000 метр квадрат газрыг М.Т гээс шилжүүлэн авч, өөрийн эзэмшил газрын хил заагийг тогтоолгон хашаажуулж, улмаар геодези, газрын зураглалын үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-иар нэгж талбарын байршлын кадастрын зураг хийлгэж, уг зургаа Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр 2014 онд БЗД ГА нд өгсөн болно. Иймд өөрийн эзэмшил газрын зургийг Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн, хил зааг нь тодорхой болж, миний газар эзэмших эрх хамгаалагдсан гэж ойлгож ирсэн билээ.

Би өөрийн эзэмшил газрын төлбөрийг Газрын тухай хууль болон БЗД ГА тай 2014 онд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу 30000 метр квадратаар төлж ирсэн болно.

Улмаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшил газрын кадастрын зураглалыг гаргуулан авах хүсэлтийг гаргахад БЗД ГА ны мэргэжилтэн н.Т нь 03/04 дугаар хариу өгөх мэдэгдлээр “Туул голын усны онцгой бүстэй давхацсан хэсгийг хасаж, дахин хэмжүүлж, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ дахин гарга” гэсэн билээ.

Уг мэдэгдлийн дагуу би хүсэлтээ гарган Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон 7568,7 метр квадрат талбайг хасуулж, үлдсэн 22431,5 метр квадрат газар дээрээ шинээр гэрээ байгуулах, кадастрын санд бүртгүүлэх хүсэлт гаргасан.

Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын сүүлчээр нэр нь үл мэдэгдэх иргэд манай хашаанд нэвтрэн орж, давхар хашаа барьж, улмаар барилгын суурь цутгаж эхэлсэн тул би БЗД ГА нд 2017 оны 04 дүгээр сард өөрийн эзэмшил газрыг чөлөөлүүлэхээр хүсэлтээ гаргасан болно.

БЗД ГА наас надад газар эзэмшүүлсэн шийдвэрийнхээ үндэслэлийг бүрэн нягталж шалгахгүйгээр 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10/798 дугаар албан бичгээр “...таны хашаалсан газрыг таны эзэмшилд олгох нь бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашгийг зөрчих магадлал өндөр тул хүсэлтийг хэлэлцүүлэх, кадастрын зургийн хэлбэр хэмжээнд өөрчлөлт оруулах боломжгүй” гэсэн хариуг өгсөн байдаг.

Би БЗД ГА ны шийдвэрийг эс зөвшөөрч мөн дахин тус дүүргийн Засаг даргад 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хандан гомдол гаргасан.

Учир нь дүүргийн Газрын албаны дээд шатны албан тушаалтан нь дүүргийн Засаг дарга байдаг бөгөөд би БЗД ЗД д уг асуудлыг бүрэн шалгаж шийдвэрлүүлэхээр хандсан. БЗД ЗДын Тамгын газраас “Газрын алба шалгаж байна, дүүргийн Засаг дарга хэн байх асуудал нь МАН, АН-ын хоорондын маргаанаас үүдэн тодорхой болоогүй тул аливаа гомдлыг шийдвэрлэх, газар эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах боломжгүй байна, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бүрэн шийдвэрлэж өгнө” гэх зэрэг тайлбарыг гаргасаар 2018 оны 1 дүгээр сарыг хүргэсэн болно.

БЗД ГА  миний эзэмшил газрыг нэр нь үл мэдэгдэх иргэдээс чөлөөлүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөхгүй, шийдвэр гаргахгүй байсан бөгөөд миний эзэмшил 30000 м.кв газрын хэмжээг 20001 м.кв болгон багасгаж, газрын мэдээллийн санд бүртгэж, үлдсэн газар дээр нь дээр дурдсан иргэдэд газар давхардуулан эзэмшүүлж, уг асуудлыг шийдвэрлэхгүй байсан. Иймд би НЗД д хандан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гомдол гаргасан билээ.

Миний гомдлыг Нийслэлийн Газрын алба хянаад, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/640 дүгээр албан бичгээр “НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжийн иргэн М.Тхамаарах 67 дахь заалт буюу шилжүүлэн авсан газрын эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна” гэсэн хариуг өгсөн.

Би 2017 оны 03 дугаар сараас эхлэн дүүргийн Газрын албанд хандан газар давхцуулсан талаар маргаж эхэлсэн. Энэ хугацаанд БЗД ГА наас надад НЗД ас 703 дугаартай захирамж гарсан талаар мэдэгдээгүй тул тухайн үед ийм шийдвэр гараагүй байсан гэж үзэхээр байгаа бөгөөд НЗД ас уг захирамжийг нөхөн гаргасан гэж үзэж байна.

Учир нь би уг газрыг М.Т гээс 2013 онд шилжүүлэн авсан тул 2010 онд НЗД ас ийм шийдвэр гарсан байх боломжгүй. Хэрэв гарсан гэж үзэж байгаа бол гаргасан шийдвэрээ 5 жилийн хугацаанд иргэн Х.М надад огт мэдэгдээгүй, мэдэгдэх боломжтой байсан. Түүнчлэн дүүргийн Газрын алба нь намайг  газар давхцуулан олгосон тухай гомдол гаргасаар байхад уг захирамжийн тухай мэдэхгүй байсан зэргээс үзэхэд энэ захирамж нь илтэд хууль бусаар гарсан байна. Хэдийгээр 2015 он хүртэл захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хууль байгаагүй боловч аливаа этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий буюу эрхийг нь дуусгавар болгосон үр дагавар үүсгэж байгаа акт гаргасан бол 5 жилийн аль нэг цаг хугацаанд мэдэгдэх нь захиргааны байгууллагын хууль ёсны үүрэг билээ.

Нөгөө талаас хариуцагч НЗД  нь дээрх шийдвэрээ гаргасан үндэслэлээ “...газар эзэмшигч М.Тхугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, шилжүүлэхийг хүссэн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг судлахгүй дүүргийн Засаг дарга танд шилжүүлсэн” гэж тайлбарладаг. НЗД ын дээрх тайлбар нь иргэн миний үйл ажиллагаатай хамааралгүй. Хэрэв М.Тгазар эзэмших хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаагүй байхад нь эрхийг нь сунгасан бол БЗД ЗД  болон Газрын албаны өөрийнх нь буруутай үйл ажиллагаа юм.

Намайг газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэн авах хүсэлт гаргах үед БЗД ГА  надад мэдэгдэх боломжтой, мэдэгдэх үүрэгтэй байсан боловч үүргээ хэрэгжүүлээгүй тул энэ нь миний буруутай ажиллагаанаас болоогүй, энэ талаар би мэдээгүй болно.

Би тухайн үед нэгэнт хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан М.Т гээс газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэн авах хүсэлт гаргаж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Иймд Х.М би Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “... хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж заасны дагуу уг газрын шударга эзэмшигч юм.

Иймд БЗД ЗД  болон Газрын алба нь иргэн миний эзэмшил газрын хэмжээг хууль бусаар багасган газрын мэдээллийн санд бүртгэж, улмаар миний эзэмшил газартай давхцуулан бусдад газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь хэсэгт “... газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Мөн миний эзэмших эрх үүссэн газартай давхцуулан хэнд газар эзэмших эрх олгосон талаараа надад мэдэгдэхгүй байгаа ба нэр нь үл таних 7 иргэн уг газарт барилга барихаар завдаж байгаагаас харахад БЗД ЗД , эсхүл НЗД ас эдгээр иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж байна. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Гэвч уг захиргааны актын нэр, огноо, хэн гэх 7 иргэнд холбогдох акт болох талаар БЗД ЗД , НЗД ас надад мэдэгдэхгүй, энэ талаар тайлбарлахгүй байгаа тул уг актыг гаргуулан авах хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

Иймд НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн Х.Мид холбогдох хэсэг, Х.М миний эзэмшил газартай давхцуулан 7 иргэнд газар эзэмшүүлсэн БЗД ЗДын шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Х.М миний эзэмшил газрыг захирамж, гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээгээр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг БЗД ГА нд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Х.М 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Тхолбогдох хэсгээс Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгож, Х.М эзэмших 30,000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамжаа гаргахыг БЗД ЗД д даалгаж, Х.М эзэмших 30,000 м.кв газрыг өмнөх эзэмшигч М.Т 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “А” ХХК-иар үйлдүүлж, дүүргийн Газрын албанд хүсэлт болгож өгсөн хэмжээгээр   газрыг кадастрын санд бүртгэхийг БЗД ГА нд даалгаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч НЗД ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн М.ТБаянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х у т байрлах 30000 м.кв газрыг агаарын спортын талбайн зориулалтаар БЗД ЗДын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэн эзэмшүүлжээ.

НЗД ын 2003 оны 95 дугаар захирамж болон 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар Усны эх, ундарга, нөөцийг хомстох, бохирдохоос хамгаалах зорилгоор “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс”-ийг тогтоосон ба иргэн М.Т эзэмшиж байсан газар нь тус хамгаалалтын зурваст орсон байна. НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар ундны усны эх үүсвэрүүдийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж буй 165 иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан Засаг даргын хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйг өөрөө буюу дээд шатны Засаг дарга хүчингүй болгох эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

НЗД  хуульд заасан энэхүү эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд нөгөөтэйгүүр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт “... хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд нийтийн эрх ашгийг хамгаалж гаргасан шийдвэр болно.

Дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Хариуцагч  БЗД ЗДын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх хэсэгт “...нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тусгана”, 52.5.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл гэдэгт захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар хамаарна” гэж тус тус заасан байдаг.

Нэхэмжлэгч Х.М нь БЗД ЗДын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар “Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар иргэн М.Т эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т, ... тоотод байрлах 30000 м.кв талбай бүхий газрыг агаарын спортын талбайн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшихээр болсон байна.

2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн НЗД ын 703 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар Ундны усны тэжээлийн дотоод мужид нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглаж байгаа нэр бүхий 165 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон ба уг захирамжаар нэхэмжлэгч Х.Мид шилжүүлсэн 30000 м.кв бүхий талбайг иргэн М.Т эзэмшилд байх үед хүчингүй болгосон байна. 

Нэхэмжлэгч нь “...Х.М эзэмших газартай давхцуулан 7 иргэнд газар эзэмшүүлсэн БЗД ЗДын шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...нэр нь үл таних 7 иргэд уг газарт барилга барихаар завдаж байгаагаас БЗД ЗД , эсхүл НЗД ас эдгээр иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна” гэжээ.

Нийслэлийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/2418 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.С нарын 18 иргэнээс газар эзэмших эрх хүссэн хүсэлт ирүүлснийг судлан, зохих арга хэмжээ авахыг БЗД ГА нд даалгасан.

БЗД ГА наас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/72 дугаартай албан бичгээр дүүргийн 2017, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй тул газар эзэмших хүсэлт гаргасан иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамж гаргах боломжгүй гэж мэдэгдсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тус дүүргийн 20 дугаар хороо, Х у т газар эзэмших эрх олгуулахаар хүсэлт гаргасан иргэд нь дүүргийн Газрын албанд хандан дараах өргөдлийг гаргасан.

1. С.Г нь дүүргийн Газрын албанд “...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т байрлах 8 айлын газрыг аав, ээж, дүү нарын хамт эзэмших зөвшөөрлийг 2010 онд танай албанд өгсөн бөгөөд тухайн цаг үеийн улс төр, сонгуулиас хамаарч өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ гарахгүй байна.” гэсэн хүсэлт гаргасан ба кадастрын нэгж талбарын 18******* дугаартай Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Х у тохой гудамж, ... тоот тоот 9079 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг, холбогдох бусад бичиг баримтын хамт ирүүлсэн.

Иргэн С.Г нь “ .Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Х у т байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа...’. “.. Миний бие уг газар дээр энэ жилээс эхэлж амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож, оршин суух хаягжилт өгнө үү” гэсэн хүсэлтийг мөн дүүргийн Газрын албанд гаргасан ба тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаар “...С овогтой Г-О нь 5 ам бүлийн хамт Х у т, ... Б тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, кадастрын зураг болон холбогдох бусад бичиг баримтын хамт ирүүлсэн.

2. П.С нь дүүргийн Газрын албанд “...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Х у т байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа бөгөөд газар эзэмших хүсэлтийг 2010 оноос хойш дүүргийн Газрын албанд удаа дараа гаргаж байсан.”...газар эзэмших гэрчилгээ олгон, оршин суух хаяг өгнө үү.” гэсэн хүсэлтийг тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 374 дүгээр “...П овогтой С нь 2 ам бүлийн хамт Х у т ... тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг, эзэмшиж буй газрын кадастрын зураг болон холбогдох бусад бичиг баримтын хамт ирүүлсэн.

3. С.Ж нь дүүргийн Газрын албанд “...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа бөгөөд газар эзэмших гэрчилгээ олгож, оршин суух хаяг өгнө үү” гэсэн хүсэлтийг тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 375 дугаар тодорхойлолт, холбогдох бусад бичиг баримтуудын хамт ирүүлсэн.

4. С.Д нь дүүргийн Газрын албанд “...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т байрлах 0.7 га газарт өөрийн эзэмшлийн хашаа барьж эзэмшиж байгаа”, “...Миний бие уг газар дээрээ энэ жилээс эхлэн амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож, оршин суух хаяг өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан ба хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зураг болон холбогдох бусад бичиг баримтуудын хамт ирүүлсэн.

5. С.Г нь дүүргийн Газрын албанд “...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа...”, “...Миний бие уг газар дээрээ энэ жилээс эхэлж амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож оршин суух хаяг өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан ба холбогдох материалуудыг өргөдөлдөө хавсаргасан.

6. Э.Д нь дүүргийн Газрын албанд “...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа...”, “.. .Миний бие уг газар дээрээ энэ жилээс эхэлж амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож оршин суух хаяг өгнө үү.” гэсэн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт ирүүлсэн.

7. Л.С нь дүүргийн Газрын албанд “...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа” “...Миний бие уг газар дээрээ энэ жилээс эхэлж амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож оршин суух хаяг өгнө үү.” гэсэн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт ирүүлсэн.

8. Ё.М нь дүүргийн Газрын албанд “миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа...” “...Миний бие уг газар дээрээ энэ жилээс эхэлж амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож оршин суух хаяг өгнө үү.” гэсэн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Х.М дүүргийн Газрын албанд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан талбай өөрчлүүлэх тухай хүсэлт нь иргэн С.Г нарын 8 иргэний хүсэлт гаргасан газартай давхацсан байна.

Нэр бүхий дээрх иргэд нь дүүргийн Газрын албанд 2016, 2017 онуудад газар эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргаж байсан ба цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө тус газарт газар эзэмших хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгчийн гаргасан “... Х.М эзэмших газартай давхцуулан 7 иргэнд газар эзэмшүүлсэн БЗД ЗДын шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй буюу нэгдүгээрт С.Г нарын 8 иргэнд газар эзэмших эрх олгох тухай захирамж дүүргийн Засаг даргаас гаргаагүй, хоёрдугаарт, Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагч БЗД ГА н дарга Д.Б-У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Дүүргийн Засаг даргын 2007 оны 299 дүгээр захирамжийн гуравдугаар хавсралтаар “Ф” клубээс иргэн М овогтой Т 30000м2 газрыг агаарын спортын талбайн зориулалтаар газраа хувааж шилжүүлжээ. Нэхэмжлэгч Х.М нь БЗД ЗДын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар “Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар иргэн М.Т эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т, ... тоотод байрлах 30000 м.кв талбай бүхий газрыг агаарын спортын талбайн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшихээр болсон байна.

2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн НЗД ын 703 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар Ундны усны тэжээлийн дотоод мужид нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглаж байгаа нэр бүхий 165 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон ба уг захирамжаар нэхэмжлэгч Х.Мид шилжүүлсэн 30000 м.кв бүхий талбайг иргэн М.Т эзэмшилд байх үед хүчингүй болгосон байна.

Анх “Ф” клубт газар эзэмшүүлсэн газрын баталгаат хэмжээг тогтоосон акт болон А ХК-ний 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн газрын байршлын кадастрын зургийн хэлбэр болон эргэлтийн цэгүүд мөн иргэн Х.М нэр шилжүүлж авахаар өгсөн хүсэлт доторх А ХК-ний 2014 оны 02 сарын 26-ны өдрийн кадастрын зургийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Газрын албаны газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа БЗД ЗДын захирамжаар нэр бүхий 7 иргэнд газар эзэмших эрх шилжүүлсэн талаар тодорхойлсон ба 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Газрын албаны 03/2418 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.С нарын 18 иргэнээс газар эзэмших эрх хүссэн хүсэлт ирүүлснийг судлан, зохих арга хэмжээ авахыг БЗД ГА нд даалгасан байдаг ба тус хүсэлт нь дүүргийн 2017, 2018 онуудын Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүйтэй холбоотойгоор захирамж гаргаагүй хүлээгдэж байна.

Нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн талбай өөрчлүүлэх тухай хүсэлт нь иргэн С.Г нарын 8 иргэний хүсэлт гаргасан газартай давхцуулж хүсэлт гаргасан нь бусдын газар эзэмших эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Иймд Иргэн С.Г нарын 8 иргэний хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэснийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Тав. Гуравдагч этгээд буюу гуравдагч этгээд П.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Днарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Х.М нь Баянзүрх дүүргийн Засан даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар иргэн М.Т эзэмшиж байсан тус дүүргийн 20 дугаар хороо, Х у т байрлалтай, ЗООООм.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь нотлогдож байна.

Харин НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12- ны өдрийн 703 дугаар захирамжаар БЗД ЗДын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар иргэн М.Тхамаарах 67 дахь заалтаар нэхэмжлэгч Х.М шилжүүлэн авсан гэх газрын эрхийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Зургаа. Гуравдагч этгээд Л.С, Ё.М нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:  “Х.М нэхэмжлэлтэй хэрэгт бидний гуравдагч этгээдээр татсан байна. Уг хэргийн шүүх хуралдааны үед бид хоёр хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байх тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй бөгөөд биднийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Х.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд эцсийн байдлаар “НЗД , БЗД ЗД , БЗД ГА нд холбогдуулан

НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Тхолбогдох хэсгээс Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах,

Х.М эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг БЗД ЗД д даалгах,

Х.М эзэмших 30000 м.кв газрыг өмнөх эзэмшигч М.Т 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр “А” ХХК-аар үйлдүүлж, дүүргийн Газрын албанд хүсэлт болгож өгсөн хэмжээгээр газрын кадастрын санд бүртгэхийг  БЗД ГА нд даалгах” хэмээн тодорхойлсон байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч болон гуравдагч этгээд нар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар дурдсан ба тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг буцаах тухай” 2401 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 340 дүгээр хүчин төгөлдөр тогтоол байгааг дурдах нь зүйтэй байна.

Нэг. Нэхэмжлэгч Х.М эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг БЗД ЗД д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

БЗД ЗДын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар “Ф” ТББ-ын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т ... тоотод байрлах 30000 м.кв газрын эзэмших эрхийг иргэн М.Тшилжүүлсэн байна.

БЗД ЗДын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/516 дугаар захирамжаар иргэн М.Т эзэмших эрхтэй дээрх 30000 м.кв газрын эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд явагдсан.

Мөн БЗД ЗДын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар тус дүүргийн Х у т ... тоотод байрлах 30000 м.кв газрыг иргэн Х.Мид 5 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлж, 000494.... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан хууль ёсны үйлдэл байна.

НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн М.Т эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах 30000 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байхад Дүүргийн Засаг даргын А/516 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшигч М.Т газрын эзэмших эрхийг сунгасан, мөн А/115 дугаар захирамжаар уг газрыг нэхэмжлэгч Х.Мид газар эзэмших эрхийг шилжүүлсэн хариуцагч БЗД ЗДын эрх хэмжээний үйлдэлд нэхэмжлэгч Х.Мийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Х.М нь 2013 онд 30000 м.кв газрыг М.Т гээс шилжүүлэн авах гэрээг үйлдэж, эзэмшил газрын хил заагийг “А” ХХК-иар нэгж талбарын байршлын кадастрын зураг хийлгэж, дүүргийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр 2014 онд БЗД ГА нд өгсөн болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин уг газрыг нэхэмжлэгч Х.Мид шилжүүлсэн А/115 дугаар захирамжид газрын хэмжээг 30000 м.кв гэж дурдсан атал Газрын мэдээллийн санд 20000 м.кв гэж тэмдэглэн 10000 м.кв-аар талбайн хэмжээг бууруулсан нь захиргааны байгууллагын буруутай үйлдэл бөгөөд одоогийн маргаан үүсэх эхлэл болжээ.

Мөн нэхэмжлэгч Х.М өөрийн эзэмшил газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д болон БЗД ГА тай 2014 онд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу 30000 метр квадратаар төлж ирсэн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд иргэн, хуулийн этгээдийн захиргааны байгууллага, захиргааны үйл ажиллагааны итгэл хамгаалах зарчим алдагдахад хүргэсэн.

Түүнчлэн нэхэмжлэгч “2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшил газрын кадастрын зураглалыг гаргуулан авах хүсэлтийг гаргахад БЗД ГА ны мэргэжилтэн н.Т нь 03/04 дугаар хариу өгөх мэдэгдлээр “Туул голын усны онцгой бүстэй давхацсан хэсгийг хасаж, дахин хэмжүүлж, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ дахин гарга” гэсний дагуу онцгой бүстэй давхацсан хэсгийг хасч, талбайн хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг дүүргийн Газрын албанд гаргасныг хариуцагч хүлээн авч шийдвэрлээгүй байна.

Харин хариуцагч хууль ёсны эзэмшигч Х.М газрын хэмжээг Туул голын усны онцгой бүстэй давхацсан хэсгийг хасч үлдэх, хэсэгт дахин газар эзэмших эрхийг баталгаажуулж өгөхийн оронд Нийслэлийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/2418 тоот албан бичгээр ирсэн мэдэгдлийн дагуу С.Г, П.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын газар хүссэн өргөдөл, тухайн маргаан бүхий газар дээр хийлгэсэн кадастрын зураг, холбогдох баримтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй байна.

Хэдийгээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” 7204 дугаар захирамжаар иргэн С.Г, П.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарыг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч БЗД ЗДын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1187 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбарт: “С.Г нарын 8 иргэн нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн газрын албанд тус дүүргийн 20 дугаар хороо Х у т газар эзэмших эрх авахаар хүсэлт гаргасан. Дүүргийн Засаг даргаас 2017, 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй тул дээрх нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгохоос татгалзсан. Одоогийн байдлаар дүүргийн Засаг даргаас С.Г нарын нэр бүхий 8 иргэдэд газар эзэмших эрх олгосон захирамж гаргаагүй болохыг үүгээр мэдэгдье” гэснээр гуравдагч этгээдээр татагдсан дээрх иргэдэд Х у т орчмын газар болон маргаан бүхий талбайд газар эзэмшүүлэх хууль ёсны эрх олгогдоогүй болох нь тогтоогдоно.

Шүүх нэхэмжлэгчийн “миний бие тухайн үед нэгэнт хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан М.Т гээс газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэн авах хүсэлт гаргаж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Иймд Х.М би Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “... хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж заасны дагуу уг газрын шударга эзэмшигч юм” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй ба БЗД ЗДын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “иргэн М.Т эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т ... тоотод байрлах 30000 м.кв газрын эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан А/516 дугаар, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн иргэн Х.Мид 5 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлсэн  А/115 дугаар захирамжууд ямар нэг байдлаар хүчингүй болоогүй хүчин төгөлдөр үйлчлэлтэй, дээрх үйл баримтуудтай болон газрын хэмжээний асуудлаар хэн нэгэн этгээд маргаан үүсээгүй байна.

Мөн НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай” 703 дугаар захирамжаар иргэн М.Т эзэмшлийн 30000 м.кв газрыг хүчингүй болгохдоо тус НЗД ын 2009 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 95 дугаар захирамжийг үндэслэсэн ба энэхүү 95 дугаар захирамжийг НЗД ын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/798 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.

Иймд БЗД ЗД  болон Газрын алба нэхэмжлэгч Х.М эзэмшлийн 30000 м.кв газрын хэмжээг хууль бусаар багасган газрын мэдээллийн санд бүртгэсэн нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “... газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх үүрэгтэй” гэснийг зөрчсөн байх тул Х.М эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг БЗД ЗД д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй болно.  

Хоёр. НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Тхолбогдох хэсгээс Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах,

Х.М эзэмших 30000 м.кв газрыг өмнөх эзэмшигч М.Т 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр “А” ХХК-аар үйлдүүлж, дүүргийн газрын албанд хүсэлт болгож өгсөн хэмжээгээр газрын кадастрын санд бүртгэхийг  БЗД ГА нд даалгах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Хэдийгээр нэхэмжлэгч Х.М нь хариуцагч НЗД  нь 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар иргэн М.Тхолбогдох хэсгээс Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын хэсгийг болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар өөрийн хууль ёсоор шилжүүлсэн авсан газар эзэмших эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа учир нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарлах боловч, иргэн М.Т гээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгогдоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн хүлээн авахаас татгалзав.

Учир нь Баянзүрх дүүргийн 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар иргэн М.Т“F M” ТББ-аас 30000 м.кв газрыг шилжүүлэн авахдаа газрын мэдээллийн санд ямар хэмжээтэйгээр орсныг мэдсэн эсэхийг болон НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийг иргэн М.Тхүлээн авсан, хүргүүлсэн эсэх, уг актыг хүлээн зөвшөөрсөн, маргасан эсэхийг шүүхээс тогтоох боломжгүй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,4, 106.3.13-д заасныг тус тус үндэслэл болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.3.3, 37, 38 дугаар зүйл, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг БЗД ЗД д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М гаргасан “НЗД ын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Т холбогдох Туул голын ундны усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч М.Т 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “А” ХХК-иар үйлдүүлж, БЗД ГА нд хүсэлт гаргасан хэмжээгээр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг БЗД ГА нд даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны  дагуу  нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн

35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан үлдэх 35.100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч БЗД ЗД ас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                                                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУМАА