Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/315

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Нарансолонго хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав

хохирогч Ш.А, түүний өмгөөлөгч Л.Очбаяр

хохирогч О.Ч, түүний өмгөөлөгч Г.Балжмаа

гэрч Д.З

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .......... тоот, 5 хавтас хэргийг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 5 дугаар сарын 29-нд ......... аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ........ ., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; .. дүүргийн ....... дүгээр хороо, ...... дугаар хороолол, ......... гудамж, ..... дүгээр байрны ..... тоотод амьдарч байсан, одоо ...... дүүргийн ..... дугаар хороо, ........ дүгээр гудамж, ....... тоотод, хүргэн С.Э гэрт түр байгаа гэх,

ял шийтгэл: 1. Архангай аймгийн хэсгийн ардын нэгдүгээр шүүхийн 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2. Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

........ дугаарын регистртэй, Б овогт Сгийн С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч С.С 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.А дансаар болон бэлнээр 219,660,002 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүд, 2016 оны 5 дугаар сарын 05, 06, 08-ны өдрүүдэд БНХАУ-д 82,956 юанийн буюу 25,841,371.88 төгрөгийн барааг Ш.Аээр авахуулж, тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, нийт 245,501,373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилж авсан,

мөн шүүгдэгч С.С нь хохирогч О.Чээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны орчим 5,000,000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авч, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 253,501,373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2015 оны 3 сарын эхээр Б надад З хүүтэй мөнгө гаргаж, хүмүүст зээлдүүлье гэж байна гэхээр нь би бодож байгаад шийдье гэсээр сар гаруй хугацаа өнгөрсөн. Гэтэл Аийн эхнэр З над руу яриад хэдэн төгрөг гаргавал яах бол гэхэд нь хэдэн төгрөг вэ гэхэд гайгүй мөнгө гэж хэлсэн. Тэгэхээр нь З над руу ярилаа, мөнгө гаргах гээд байгаа нь үнэн юм шиг байна гэж Бид хэлтэл би юу гэж худлаа хэлэх вэ дээ үнэн л байгаа биз дээ гэж хэлсэн. Орой нь ажил тараад З над руу яриад хүүтэй мөнгө гаргах талаар асуусан. Тэгэхэд Б надаас яасан гэж асуухаар нь за ч хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй гэхэд хүүтэй мөнгө гаргаад байдаг ш дээ, манай дүүд гаргаад өгчих, би тусалъя гэж хэлсэн. Би өөрийнхөө ажлыг яах юм бэ гэхэд Б өгсөн мөнгийг нь тэмдэглээд хянаад явъя, өөрийнхөө орлоготой нийлүүлэхгүй гэж хэлсэн. Ингээд Б Аийн мөнгийг аваад өгдөг. Бараанд явахаар болоход Боос мөнгө авдаг орой болгон гарын үсэг Боос авч байсан бүх гарын үсэгтэй дэвтэр нь байгаа. Хүүтэй мөнгийг гаргаад эхлээд сайн ч явж байсан, сайн ч хийж байсан. Эдгээр хүмүүс намайг орон гэртэй болгоно, ажлын байртай болгоно гэж намайг хуурч байсан. Эд нарын мөнгийг нь би өсгөж өгсөн болохоос биш надад мөнгийг нь идсэн зүйл байхгүй. Тооцоогоо тулгаж өгөөч гээд З, Бийг гуйхад маргааш, нөгөөдөр гээд нэг ч удаа тулгаж өгөөгүй. Хамгийн анх цагдаа дээр очиход 350.000.000 төгрөгийн тооцоо гарсан байсан. Тэгэхээр нь би Зд юун их мөнгө вэ, хаанаас ийм их мөнгө гараад ирэв ээ гэсээр бид хоёр хоорондоо хэрэлдэн байж, 120.000.000 төгрөгийг хасуулсан. Миний хувьд өөрийнхөө ажлыг хаян барин би энэ ажлыг хийсэн. А намайг та ажлаа боль, энэ ажил танд ашигтай, том ажил хий, тэгж байж томорно гэхэд нь би өөрийнхөө жаахан юмаа хийж байя гэж хэлсэн. Гэтэл З, Б, А энэ 3 намайг тэгж хуурч байсан байна. Би гэртээ хариад өдөр болгон Бтой мөнгийг дор дор нь хурааж авдаг байсан. Надад залилна хийнэ гэсэн бодол байгаагүй. Намайг ажлын байртай, цалин мөнгөтэй болгох юм болов уу л гэж бодож тэр ажлыг нь хийж байсан. Б өглөө 10 цагаас 16 цаг хүртэл ажил дээрээ суудаг, бусад үед гэртээ байдаг. Гарсан мөнгийг нь би орой очоод дэвтрээ бариад, Бтой бүртгэж авдаг. Долоо долоо хоногоор тооцоо хийж мөнгөө авдаг байсан. А намайг тооцооноос хас хас гэдэг ч худлаа байдаг, А хэзээ ч хасдаггүй. Түүний ах нь гээд буурал толгойтой хүн ирээд 5 сая төгрөг жижиг дэвтэр дээр гарын үсэг зуруулаад аваад явж байсан. Б намайг хоригдсон байхад тэр дэвтрийг авсан. Бас хамгийн анх бэлэн мөнгө гаргаж тэмдэглэсэн дэвтрийг Б, З нар авч ашигласан. Хоригдохоос өмнө тэр дэвтрийг нэхээд олоогүй. Цагдаа намайг дэвтрүүдээ аваад ир гэхэд нь Бид хэлээд энэ дэвтрүүд хэрэг болдог юм байна гээд 5 дэвтрээ өөрийн шүүгээнийхээ хажууд тавиад 10 ч хоноогүй байхад нэг дэвтэр нь алга болсон. Тэгээд нэг дэвтэр нь алга болсон байна, гол дэвтэр нь байсан юм гэхэд Б мэдэхгүй л гэж хэлдэг. Б надаар олон жил тэжээлгэчхээд эцэст нь намайг ялд унагааж болохгүй. Бийг би шүүх хуралдаанд байлгамаар байна. Өөр надад яриад байх юм алга.

А надаас нэг ч төгрөг аваагүй гэж хэлж байна. Би 80 гаруй сая төгрөг өгсөн байгаа. Намайг юу ч өгөөгүй гээд байгаа. Авахаа болохоороо өөрсдөө гүйж ирж авчхаад, надад өгөх болохоороо дансаар өгдөг. Намайг дансаа соль гэдэг байсан. Тухайн үед би ойлгохгүй байжээ. Б намайг дансаа соль, утасныхаа дугаарыг соль гэж хэлдэг. Би нэг ч удаа данс болон утасны дугаараа сольж байгаагүй.

Б Аийн мөнгийг авснаас хойш хутга, шөвөг гээд хэцүү хэцүү ааш араншинтай болсон. Наадах чинь миний дүүгийн мөнгө. Зүүнхараагийн хашаа байшинг тавьж байж наад мөнгийг чинь өгсөн гэж хэлдэг. Би энэ талаар нь мэдэхгүй.

Гэтэл одоо Б руу залгахаар юм дуугарахгүй, юу ч хэлдэггүй. Аийн мөнгө Бид байгаа. Энэ хүмүүс над дээр ирээд таны бараа сайн зарагдах юмаа гэсээр Аийн ээж ч, Згийн ээж ч хүртэл ирж байсан. Ээж нь бараа заруулах гээд бэлтгэлийн хувцас энэ тэр өгдөг. Би дор нь зараад л өгдөг байсан. Бас А надад мөнгөн ээмэг, аппарат авчирч өгөхөд нь би тэр дор нь зараад л өгдөг байсан. А нь Б ахаа, Сараа эгчээ гэж авч явчхаад бутархай хэдхэн төгрөг авсан гэж байна.

Мөнгө авсан баримт дээр Б, З нарын өөрсдийнх нь гарын үсэг байсаар байхад намайг ингэж болохгүй. З надад А таныг цагдаад өгчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо яах бэ гэхэд гайгүй байх аа, та Ад хэдэн төгрөг өгмөөр байна гэж хэлсэн. Би мөнгө орж ирвэл өгнө гэдгээ хэлсэн.

Би эд нараас бараа авах дургүй байсан. Нээрээ л том наймаа болох юм болов уу гэсэн л бодолтой байсан. Б бид хоёр хамт бараанд явсан. Сүүлчийн бараанд явахад Б яваагүй. А чамайг авч явах нь юу л болдоо гээд уурлаад яваагүй. Зтой ярихад бараанд явахгүй гэдэг. Тэгээд А бид хоёр бараанд хамт явсан нь үнэн. Надад барааны мөнгө өгөөгүй. Би барааг тоолж авч, А мөнгийг нь төлсөн. А хэдэн юаньтай явсныг би мэдэхгүй, хараагүй. Саяхан би охиноо дагуулаад очиход А бөөн мөнгө нэхсэн. Надад бөөн мөнгө өгөөгүй. Хамгийн дээд талын мөнгө нь 10 сая төгрөг л өгсөн. Мөнгө авах болохоороо хүрч ирээд авдаг. Надад мөнгө өгөхдөө дансаар өгдөг. Би аваагүй гэж хэлэхгүй. Гэхдээ тооцоог зөв гаргаж, энд Бийг заавал байлгаж, тэгж байж шийдүүлмээр байна. Зөв зүгээр байсан Б намайг хэрэгт холбогдонгуут гэв гэнэтхэн алга болсон. Б өөрийнхөө хийсэн хэргийг мэдээд ирэхгүй байгаа юм.

Үүнээс гадна А та ганцаараа контейнер түрээсэлчих гэхэд нь би үнэтэй, нэг нь  250.000 төгрөг байдаг, би тавуулаа нийлж түрээсэлдэг, бага багаар өгдөг гэхэд та түрээсэлчих, би мөнгийг нь өгнө гэж байсан. Гэтэл надад юу ч өгөөгүй, ганц сарын түрээс ч өгөөгүй. Дэвтрийн талаар хэлэхээр З нь тэгээд гараад ирэх байлгүй дээ гэж хэлдэг. Тэр дэвтрийг энэ хоёр авсан, би авсан талаар мэдэж байгаа. Мөрдөн байцаагч таны баримт энд байгаа, З авчирч өгсөн гэж хэлж байсан. Тэр баримт Бид байх ёстой боловч Зд очсон байдаг. Энэ талаар Б надад юм хэлээгүй. Би аль болох мөнгийг нь өсгөөд өгсөн байхад намайг ингэж гүтгэж болохгүй. Хүүтэй мөнгийг нь би дор дор нь бодоод өгдөг байсан. Аээс өгсөн мөнгийг хүнд зээлэхээр эхлээд зээлийн хүү нь орж ирдэг. Тэгээд дараагийн хүн нь зээл авдаг байсан. Мөнгө гаргаж хүмүүс зээл өгч байсны цалин гэж А надад нэг ч төгрөг өгч байгаагүй. З, А хоёр хэлэхдээ ажил гайгүй байвал гэр оронтой, ажлын байртай болгоно л гэдэг байсан.

Хохирогч Чийн хохиролтой холбоотой надад хэлэх зүйл байхгүй, би хүлээн зөвшөөрч байна. Чээс нийт 8 сая төгрөг авсан нь үнэн. Үүнээс 1.9 сая төгрөг буцааж өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь төлөх болно гэв.

 

Хохирогч Ш.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

С нь 2015 оны 3 сарын үед манай эхнэр Зд хандаж, 10 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлж, мөнгөө өсгөдөг талаар ярьж, мөнгө байвал зээлдүүлээч гэсэн санал тавьсан байсан. Тэгэхлээр нь би эхнэртээ өөрөө л мэд гэж хэлээд хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг аваад Сд өгсөн. Гэтэл удаа дараа утсаар яриад, одоо тэдэн төгрөг зээлчих, тийм хүн мөнгө зээлэх гээд байна гэж хэлэхээр нь би Сгийн данс руу өөрийнхөө данснаас мөнгө хийдэг байсан. Би мөнгө зээлсэн хүмүүстэй чинь гэрээ хийх үү гэхээр эгч нь өөрөө бүх гэрээг нь хийнэ, ямар ч асуудал байхгүй гэж хэлдэг байсан. Зээлсэн хүмүүс чинь мөнгө төгрөгөө өгөхгүй удаад байх юм уу гэхээр би өөрөө лангуу дээр нь сууж байгаад мөнгийг нь авна гэдэг байсан. Сгийн яриад байгаа өгсөн мөнгө төгрөг нь Цагаан сар болтол явсан. Цагаан сараас хойш утсаа авахгүй, утсаа авахаараа энэ хүмүүс бараагүй, мөнгөгүй байна гэдэг байсан. Сүүлдээ С нь энэ хүмүүст бараа тараачихвал мөнгөө эргүүлээд авна гэсээр намайг Хятад руу аваад явсан. С хэдэн төгрөгийн юань байсныг мэдэхгүй гэж хэлж байна. Би С, Б нарын цүнх рүү 100.000 юань нүдэн дээр нь хийсэн. Манай нягтлан бодогч хүртэл мөнгө солиулсан баримтууд байгаа. Дараагийн 100.000 юанийг бас солиулсан, баримт нь байгаа. Бараа авснаас хойш бид хоёр мөнгө төгрөг дахин гаргана гэсэн зүйл яриагүй. Маргааш Баянхонгороос ноолуур ирэх гэж байгаа, тэндээс мөнгө орж ирнэ, цэргийн ангийн нягтлангаас мөнгө авна гээд эхлээд өдрөөр яриад, дараа нь цагаар яриад ингээд алга болсон, утсаа ч авахгүй алга болсон. Би Сг хамаатан садан юм байна гэж бодоод гадаа хүйтэн, нойтон зогсож байхаар дэлгүүрт зогсвол яасан юм бэ гэж хэлж байсан. Өөрийнхөө зээлсэн мөнгөө авах талаар хэлсэн. Түүнээс биш энэ хүний ашиг олсон уу, миний бараа зарагдсан уу хавсралт хэрэгт авагдсан байгаа барааны материал шинжээч тоохоо больж байна лээ. Энэ хүн асар их бараа авчруулж хүмүүс бараа зээлж авахаар хэмжээний бараа авхуулсан. Та хоёрын зээлсэн мөнгө аягүй гоё явж байна гэж хэлдэг байсан.

Хорооллын ресторан, зах, лангуу гээд бүх хүнд мөнгө зээлсэн. Хамаатан садан болохоор хүнд зээлсэн хүмүүс гээд надад учраа хэлчих, би тэдгээр хүмүүстэй чинь уулзъя гээд зөндөө гуйсан. Эсвэл одоо миний өгсөн мөнгийг өгчих, миний авч өгсөн барааг ашиг олохгүйгээр Эрээний ханшаар зарсан бол надаас авсан мөнгийг өгчих байсан. Сгийн хүүхэд ч үүнийг мэдэж байгаа. Өмнөх шүүх хурлаас гараад хүүхдэд нь хүртэл 100 хэдэн сая төгрөг гараад, ахдаа 100 сая төгрөг авчраад өгчих, тэгвэл надад гомдол байхгүй гэж хүртэл хэлсэн. Урагшаа явсан барааныхаа мөнгийг өгчих гэж хэлсэн.

Энэ хэрэг үүсээд 5 жил өнгөрч байхад надад нэг ч төгрөг өгөөгүй, өгье ч гэж боддоггүй. Сгийн яриад байгаа Б бол ямар ч эрх мэдэлгүй, С өөрөө мөнгөө захиран зарцуулж, зээлдэг байсан. Сүүлдээ хэрэг нь болохоо болихоор хаа хамаагүй хүмүүс рүү тулгаж байна. Анх би цагдаад хэлэхдээ С энэ мөнгийг юунд зарцуулсан бэ, үүнийг тогтоогоод өгөөч, энэ хүн надад үнэнээ хэлэхгүй байна гэж хэлсэн. Одоо хүртэл үнэнээ хэлдэггүй. Баянголын мөрдөн байцаагч дэвтэр авсан гээд яриад байгаа. Дэвтэр аваад ир гээд хэлэхэд нэг ч  дэвтэр авчирч өгдөггүй гэдэг. Бараа гээд яриад байгаа очоод авъя гэхээр нэг ч удаа гаргаж өгөөгүй, харуулаагүй. Мөрдөн байцаагч нар баримт аваад ир гэхээр энэ хүн нэг ч удаа авчирч өгдөггүй. Мөнгө зээлсэн хүмүүсээсээ мөнгөө олж авч чадаагүй гэдэг. Мөрдөн байцаагч шалгахад 60, 70 хүнд мөнгө зээлсэн гэдэг ч 5, 6 хүн л өгөөгүй, үлдсэн бусад хүмүүс нь буцаагаад өгчихсөн байдаг. Зээлсэн хүмүүс нь дандаа Сгийн хамаатнууд нь байдаг. Би Сгаас тийм их зүйл хүсээгүй, миний зээлсэн мөнгийг л өгчихвөл заавал энэ хүнийг ял шийтгэх сонирхол байхгүй. Мөнгөө гаргуулж авмаар байна.

С утсаар яриад одоо тийм хүн бараандаа явах гээд, тэдэн төгрөг зээлэх хэрэгтэй гэж хэлээд авдаг байсан. Цагаан сарын дараа хүмүүс бараагүй, мөнгөгүй болчихлоо, бараа авчирч ирээд зараад чиний мөнгийг өгье гэж хэлэхэд нь би нээрээ ч тэгэх юм болов уу гэж бодоод Б, С нартай хамт Хятад руу явж бараа авч өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа мөнгөө нэхтэл бараа арай багадчихлаа гэхэд нь дахиад урагшаа явахдаа С бид хоёр явсан. Тухайн үед би Сг цалинтай болгоё, мөнгө өгье, ажлын байртай болгоё гэж хэлсэн зүйл байхгүй, харин энэ хүн анхнаасаа мөнгө зээлэх ашигтай байдаг гээд мөнгө авсан. Ажлын байрны хувьд би гадаа хүйтэнд зогсож байгаа юм чинь дэлгүүрт зогсоод, лангуу түрээслээд хийвэл зүгээр биш үү л гэж хэлж байсан. Барааг миний мөнгөөр авч байсан. Авчирсан барааг хэнд өгдөг байсныг нь би мэдэхгүй, 7 буудал, Хархорин гээд жижиглэнгээр хүмүүст бөөнд нь зараад өгнө гэдэг байсан.

Би Стай явж урдаас авчирсан барааг ямар үнээр зарах талаар ярьж тохиролцоогүй, өмнөх авсан мөнгөө өгнө гэсэн болохоор л бараа авчирч өгсөн. С бол итгэл үнэмшилтэй байдаг байсан. Энэ хүн мөнгө зээлэх гэж байна, яг одоо бараандаа явах гээд мөнгөгүй болсон гээд мөнгө авдаг. Мөнгийг нь өсгөж байгаад алга болдог залилан мэхлэх аргатай.

Анх С нь манай эхнэр З руу залгаад хүмүүст мөнгө зээлье, мөнгө гаргая гэж хэлсэн байсан. Гэтэл цаана нь хамаатных нь хүмүүс бүгд авч байсан байна лээ. Би ажлынхаа илүү гарсан мөнгөнүүдээс өөрийнхөө дансаар Сгийн данс руу шилжүүлдэг байсан. Бараанд явахдаа эхний ээлжид 100.000 юань Б энэ хоёр хамт тоолоод аваад явж байсан. Би үлдсэн юаниа Б, С нарт тоолж өгөөд явсан. Барааг бодитоор авсан. Ирээд энэ хүмүүст тоолж өгөөд явсан. Мөрдөн байцаалтын шатанд надаас авсан бараа зэргийг хэрэгсэхгүй болгосон. Би хасах юм байвал хас гэж хэлсэн. Дараа нь 100.000 юань аваад Стай хамт явсан. Бтой хамт бараа аваад явсан. Бараагүй болчхоод байна, бараа авч ирээд энэ хүмүүст тараах юм бол мөнгө өгөх гээд байна гэхээр нь би БНХАУ-аас бараа авч ирж өгсөн. Надад нийт 202.299.373 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 6.100.000 төгрөг хасаад нийт 196.199.373 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч О.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Эхлээд С нь Цэргийн ангид бараа нийлүүлэх гэж байгаа Эрээн явлаа гэсээр надаас 5 сая төгрөг авсан. Тэгээд 4-5 хоногийн дараа Эрээн явчхаад ирлээ, мөнгө дутаад байна гэж хэлээд 3 сая төгрөг нэмж авсан. Сд өгсөн мөнгийг би банкнаас зээл авч төлсөн. Стай өдөр болгон шахуу очиж уулзахаар одоо өгнө, ярилцаж байна гэсээр мөнгө өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Одоо 6.100.000 төгрөг авна. С надад 1.9 сая төгрөг өгсний 1 сая төгрөгийг нь мөнгөөр, 900.000 төгрөгт нь бараа тооцож авсан байгаа. Анх 3 сая төгрөгийг 3-4 хоногийн дотор 4.500.000 төгрөг болгож өгсөн. Тэгэхээр нь би ашигтай юм байна гэж бодоод ахиад мөнгө гуйхаар нь 5 сая төгрөг өгөөд, хэд хоногийн дараа дахиад 3 сая төгрөг надаас авсан. Би Стай танилцсан шалтгаан нь Архангай аймагт хамаатны дүүг нь таньдаг байсан юм гэв.

 

Гэрч Д.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаагч хэлэхдээ дансаар орсон, гарсан мөнгийг баримт болгоно гэсэн. Дансны хуулгаа хараад түүнээс өгсөн авснаа түүгээд хассан байгаа. Дэвтэр дээр 39 сая төгрөг өгсөн баримт байна гэхээр нь би хас гэж хэлээд хасуулсан.

Мөнгө зээлдүүлэх санааг анх би гаргаагүй. С эхлээд хорооллын тэнд зогсдог хүмүүс хүүтэй мөнгө зээлдэг, А та хоёр мөнгө зээлүүлбэл боломжийн гэж хэлсэн. Тэгээд нэг хэсэг мартсан байж байгаад, сүүлд санаад Ад хэлээд бид хоёр очиж уулзахад ашигтай байдаг, би хийж чадна, Б оройдоо зээлүүлсэн мөнгийг нь хураана гэж хэлсэн. Хятад руу бараанд явсан мөнгөний хувьд анх 2 дугаар сарын 8-нд байх, очоод мөнгө төгрөгөө тооцсон. Дараа нь Цагаан сарын дараа очиход мөнгө байхгүй гээд бид хоёр хэд хэдэн удаа очсон. Тэгээд сүүлд 4 дүгээр сард та хоёр Хятад руу яваад бараа авчраад өгчих, хүмүүс бараагүй, мөнгөгүй байна, зээлсэн мөнгөө барааныхаа ашигтай хамт авмаар байна гэж хэлэхээр нь манай нөхөр А Б, С хоёрыг урагш нь бараанд авч явсан гэв.   

 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Сг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Мөн хэргийн бодит байдлыг тогтоохын тулд “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянах үүрэгтэйг”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохыг”, “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохыг”, “шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглох”-оор хуульчилсан.

 

Түүнчлэн гэмт хэргийн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга зэргийг шалгаж тогтоох нь зүйтэй юм.

 

Ялангуяа “Залилах” гэмт хэргийн бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь объектив талын хувьд бусдын эд зүйлс, өмч хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн хуурч, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд шилжүүлдгээс гадна тэдгээрийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авдаг. Субъектив талын хувьд шунахайн сэдэлттэй, шууд санаатай, хүсэж үйлдсэн байдаг.

 

Шүүгдэгч С.Сд холбогдох эрүүгийн хэргээс Ш.А хохирогчтой хэргийн үйл баримтыг түүхчлэн судалбал:

Иргэн Д.З, Ш.А нар нэг гэр бүлийн гишүүд буюу эхнэр, нөхөр байх бөгөөд Д.Згийн төрөл садны хүн болох Ц.Б нь шүүгдэгч С.Сгийн хамтран амьдрагч байжээ. Төрөл садны хүмүүсийн хувьд тэдгээр нь өөр хоорондоо ярилцан бусдад хүүтэй мөнгө зээлдүүлэх, энэ үйл ажиллагааг С.Сгаар гүйцэтгүүлэх, дан ганц С.С ч гэлтгүй түүний хамтран амьдрагч Ц.Б дээрх үйл ажиллагаанд оролцож байсан гэхээр үйл баримт хэрэгт авагджээ. Энэ байдал нь шүүгдэгч С.С анхнаасаа залилах гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилгыг агуулж байсан гэдгийг нь үгүйсгэнэ.

 

Хэдийгээр хохирогч Ш.Аээс шүүгдэгч С.Сд өгч байсан мөнгө банкаар дамждаг байсан талаарх дансны хуулганууд /2-р хх-н 01-35, 191-217/ хавтаст хэрэгт авагдсан байгаа боловч нөгөө талаас мөнгө авсан, өгсөн тооцоог бичсэн гэх тэмдэглэлийн дэвтрийн бичилт бүхий гар бичмэлийн хуулбарууд /1-р хх-н 78-109, 113-172/, /1-р хх-н 174-191/, /1-р хх-н 193-242/ авагдсан байна. Эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүйгээс гадна дээрх гар бичмэл дэх бичгийн хэв өөр өөр буюу янз бүрийн хүмүүс бичсэн гэдэг нь мэргэжлийн шинжээч судлан тогтоохоос илүү энгийн хүн харахад ойлгомжтой байна.

Шүүгдэгч С.С “... 4-5 тэмдэглэлийн дэвтэрт тооцоог бичиж тэмдэглэж байсан, тэмдэглэлийн дэвтрүүдийг тухайн үед мөрдөн байцаагчид өгсөн, ... би ганцаараа тооцооны бичилт хийгээгүй” гэсэн агуулга бүхий тайлбар хэлдэг ба шүүх өмнө нь хэргийг прокурорт буцаахдаа энэ байдлыг шалган тогтоохыг дурдаж байсан.

Дээрх байдал нь Хэргийн бодит байдлыг тогтоох “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянах үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлэх, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох”-од ач холбогдолтой юм.

 

Харин шүүх аливаа асуудалд хөндлөнгийн байр сууриас хандах нь зүйтэй бөгөөд “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох”-ыг хуульчилсан.

 

Ш.А хохирогчтой хэрэгт шүүгдэгч С.С “гэм буруутай” болохыг үгүйсгэхгүй. Гэвч шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хуулиар хориглосон ба түүнд холбогдох хэргээс үзвэл нэг талд С.С, нөгөө талд Ш.А, Д.З, Ц.Б гэсэн харьцаа үүсчээ.

 

Прокурор нь нотлох баримтыг бүрэн бодитойгоор шалгаж хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааны хүрээндээ дараах шийдвэрүүдийг, үүнд:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 9546 дугаартай тогтоолоор “... иймд Ш.А, З, С.С нарын хооронд болон бусад зээлдэгч нарын хооронд үүссэн өр авлагын маргаан нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих иргэний хэрэг маргаан байх тул” гэсэн үндэслэлээр “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж”, /1-р хх-н 10/

Баянгол дүүргийн прокурор 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 33 дугаартай тогтоолоор “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн субъект нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилгоор идэвхтэй үйлдэл хийдэг бол иргэн Ш.Аийн эхнэр З “... мөнгө зээлэх хүн байна уу, сураглаад өг” гэсэн саналыг С.Сд тавьсан байх тул хуурч мэхлэх санаа зорилго буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж тогтоогдохгүй байна. Иймд иргэн Ш.Аийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хяналтын прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 9546 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзаж”, /1-р хх-н 13-14/

Нийслэлийн прокурор 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 368 дугаартай тогтоолоор “... материалд авагдсан иргэн Ш.А, С.С нарын тайлбар, С.Сгийн иргэдэд мөнгө зээлүүлсэн “Зээлийн гэрээ” болон бусад баримтуудаас дүгнэж үзэхэд Ш.А, н.З нар нь С.Стай харилцан тохиролцон мөнгө болон бараа зээлээр өгсөн, С.С нь зээлээр авсан мөнгө, барааг цааш дамжуулан иргэдтэй зээлийн гэрээ байгуулан өгч байсан, зээлийн хүүгийн төлбөрийг 2016 оны 2 сар хүртэлх хугацаанд Ш.А, н.З нарт төлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд Ш.А нь зээл, зээлийн хүү, бараа материалын үнэ гэх нийт 525.012.000 төгрөгийг С.Сгаас гаргуулах асуудал нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзаж”, /1-р хх-н 18/

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 26 дугаартай тогтоолоор “... С.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг ямар зорилгоор, бусадтай хамтран, ямар хохирол учруулж гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байх тул” гэсэн үндэслэлээр хяналтын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 564 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, /2-р хх-н 70/

Хяналтын прокурорын уг тогтоолд гомдол гаргасныг Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор хянаад 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 116 дугаартай тогтоолоор “Гомдлыг хүлээн авахаас татгалзаж” /2-р хх-н 83-84/ байсан байна.

 

Ш.А хохирогчтой шүүгдэгч С.Сд холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн хувьд:

Анх 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ш.Аийг хохирогчоор тогтоож, түүнээс хохирогчийн мэдүүлэг авсан /1-р хх-н 36-38/, мөн өдөр иргэн Д.Згоос гэрчийн мэдүүлэг авсан /1-р хх-н 39-40/ мөртлөө 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрч Д.Згоос хохирогчийн мэдүүлэг, 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Ш.Аээс хохирогчийн мэдүүлэг /2-р хх-н 53-54/, 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Д.Згоос хохирогчийн мэдүүлэг /2-р хх-н 55-56/ авчээ. /1-р хх-н 50-51/

Гэрч гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлэх ба тэрээр хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Хохирогч гэж гэмт хэргийн улмаас ..., эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, ...-ийг хэлэх ба эдгээр хүмүүсийг мөрдөн шалгах /мөрдөн байцаалтын/ ажиллагааны явцад өөр хооронд нь хольж мэдүүлэг авсан нь нэг талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг, нөгөө талаас гэмт хэрэгт буруутгагдаж байгаа этгээд болон хохирогч гэх талын хүчний харьцааг харуулж байна. Энэ байдлыг шүүх өмнө нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа дурдаж байсан болно.

 

Үүнээс гадна иргэн Ш.А “хохирсон” гэх хохирлын хэмжээгээ янз бүрээр мэдүүлсэн, тухайлбал;

Ш.А 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “... би зээлдүүлсэн мөнгөнөөсөө буцааж авсан 13 сая төгрөгийг хасаад бэлнээр өгсөн 233.340.000 төгрөг, барааны болон явсан замын зардлын төлбөр 105.000.000 төгрөг, зээлүүлсэн мөнгөний хүүтэйгээ нийлээд 525.012.000 төгрөг нэхэмжилж байна” /1-р хх-н 38/ гэж,

гэрч Д.З 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “... би өөрийн биеэр Стай уулзаад Сгийн хөтөлдөг тооцооны дэвтрийг шүүхэд 2016 оны 2 сарын 08-ны өдрийн байдлаар цэнхэр дэвтэр дээрх Сгаас мөнгө зээлж авсан хүмүүсийн тооцоог хийхэд 90 хүнд 128.090.000 төгрөг зээлүүлсэн, цагаан дэвтэр дээр 64.350.000 төгрөг, сараар хүмүүст хүү бодож зээлүүлсэн мөнгөн дүн нь 29.900.000 төгрөг, Аээс хамгийн сүүлд дансаар цувуулаад 11.000.000 төгрөг өгсөн. Манай нөхөр Атэй хамт бараанд яваад барааны үнэ 105.000.000 төгрөг болж, нийт 338.340.000 төгрөг авах ёстой” /1-р хх-н 51/ гэж,

Д.З 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “... тухайн 15.000.000 төгрөгөөс С эргүүлж өгсөн мөнгө байхгүй. Тухайн мөнгийг өгөөгүй байх үедээ С хүмүүст мөнгө зээлж өсгөх хэрэгтэй байна гээд Аээс данснаас дансны хооронд мөнгө бага багаар зээлсээр байгаад одоо 233.340.000 төгрөгийн хохирол учруулаад байгаа. А Сд Хятад улсаас 2 удаа бараа авч өгсөн бөгөөд тухайн барааны мөнгийг А өөрийнхөө ажил дээрээс л олж ирж байсан. 2 удаагийн явалтаар 200 мянган юанийн хохирол учруулсан байгаа” /2-р хх-н 55-56/ гэж,

Ш.А 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “... би Сгаас 268.460.000 төгрөг нэхэмжилж байна” /2-р хх-н 162-164/ гэж,

Ш.А 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “... ингээд нийт 242.233.000 төгрөгийг эцсийн байдлаар Сгаас нэхэмжилж байна” /4-р хх-н 16/ гэж

тус тус зөрүүтэй мэдүүлсэн нь хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн заалтад нийцэхгүйгээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг зөв тодорхойлсон гэхэд эргэлзээтэй байна.

 

Түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Сд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хянаад шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа:

“... гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, мөн хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг ямар хэмжээнд сэргээн тогтоосон эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх шүүгдэгч С.Сгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг /обьектив, субьектив шинж/ хангасан эсэх, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршиг /Ш.Аийн хохирлын тооцоо/, захиран зарцуулалт /хэдэн төгрөг бодитойгоор авсан, хэдийг нь зарцуулсан, яаж, ямар аргаар залилаад байгаа зэрэг/ С.С нь тухайн мөнгийг бусдад зээлүүлж хэрхэн ашиг олж байсан эсэх, гэмт хэргийн санаа зорилго, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл зэрэгт нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв, бодитой дүгнээгүй гэж үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох нь зүйтэй болно” гэж дүгнэсэн байдаг.

 

Шүүгдэгч С.Сгийн гэм буруутай эсэхийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэхэд хэргийн талаар нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж анхан шатны шүүх үзээд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүгчийн 1996 дугаартай захирамжаар Хэргийг прокурорт буцаасан. /4-р хх-н 213-214/

 

Гэвч хэргийг прокурорт буцаасны дараа мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийгдсэн гэх байдал хангалттай биш, зөвхөн хохирогч Ш.А, гэрч Ц.Б, яллагдагч С.С нараас мэдүүлэг авч, дахин Прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Нөгөөтэйгүүр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ш.Аээс авсан хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхээргүй, түүний мэдүүлгийг ердийн нөхцөлд, ердийн байдлаар унших ямар ч боломжгүй, уншигдахааргүй байна.

 

Гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг, өөрөөр хэлбэл хялбар аргаар мөнгө олох буюу бусдад хүүтэй мөнгө зээлж ашиг олохын тулд С.Сг оролцуулсан, улмаар Ш.А, С.С, Д.З нарын хэн аль нь мөнгөний тооцоогоо бодитой нийлж чадаагүй байтлаа нэмж мөнгө өгсөн, авсан, бараа нийлүүлсэн зэрэг болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан тул

шүүгдэгч С.Сд холбогдох хэргээс “хохирогч Ш.Аийг залилж их хэмжээний хохирол учруулсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч С.С хохирогч О.Чийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан болох нь

хохирогч Очирпүрэвийн Чийн “... 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр С надтай уулзаад “найз нь БНХАУ-аас бараа оруулж ирээд Наадмаас өмнө мөнгийг чинь төлнө. Хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээч” гэж гуйсаар байгаад Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны Экспресс банкнаас 5 сая төгрөгийг өөрийн ХААН банкны ....... данснаас бэлнээр авч Сд өгсөн. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр залгаж “дахиад надад 3 сая төгрөг зээлээч” гэж хэлэхээр нь надад тухайн үед мөнгө байхгүй болохоор нь өөрийн төрсөн ах О.Ганбаатартай яриад Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрлах гэрт нь Стай цуг очоод түүнийг гадаа нь үлдээж байгаад өөрөө орж бэлнээр 3 сая төгрөг зээлж аваад Сд өгсөн. Түүнээс хойш мөнгөө нэхэж залгасан боловч удахгүй өгнө, маргааш өгнө гэж хэлдэг байсан.

Би Сд нийт 8.000.000 төгрөг өгөхдөө зээлийн гэрээ болон мөнгө өгсөн баримт үйлдээгүй. Харин 2018 оны 7 дугаар сарын сүүлчээр С нь өөрийн биеэр бичиж өгсөн бичиг болон өөрийнх нь мөнгө авсан гэсэн утасны бичлэг надад байгаа. Би 8.000.000 төгрөгөө нэхэмжилж байна /3 хх-н 17-18/ гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Нэгэнт “хохирогч Ш.Аийг залилж их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгогдсон учир шүүгдэгч С.Сд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ялласныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

 

Шүүгдэгч С.Сгийн хувийн байдлыг тодруулах зорилгоор түүний Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 66, 2-р хх-н 65, 124/, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Тодорхойлолт /1-р хх-н 65/, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /2-р хх-н 66, 3-р хх-н 54/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 229-230/, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /3-р хх-н 53/,

Архангай аймгийн хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /3-р хх-н 219-220/,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /3-р хх-н 222-223/ зэргийг судлав.

 

Шүүх хуралдааны явцад улсын яллагч С.Эрдэнэбаяр шүүгдэгч С.Сд 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан, энэ саналыг нь хохирогч О.Чийн өмгөөлөгч Г.Балжмаа дэмжсэн байр суурийг илэрхийлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав шүүгдэгч С.Сд торгох ял оногдуулах санал гаргасан зэргийн аль алийг нь шүүх хүлээж аваагүй болно.

Учир нь, “залилах” гэмт хэргийн зөвхөн ганц үйлдэлд гэм буруутайд тооцогдож байгаа хүнд 2 жилийн хорих ял оногдуулах нь хэт хатуудсан буюу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирохгүй, нөгөө талаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зохимжгүй буюу бодит байдалд нийцэхгүй.

 

Мөн шүүгдэгчийг өмнө нь ял шийтгэл эдэлж байсан гэдгээр түүний эрх зүйн байдлыг дордуулсан хандлага гаргаж болохгүй.

 

Шүүгдэгч С.С 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс /4-р хх-н 80-81/ 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг /4-р хх-н 245-246/ хүртэл нийт 310 хоног буюу 11 сар 3 хоног цагдан хоригдсон байх ба энэ хугацааг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан оногдуулах 11 сарын хорих ялыг эдэлж дууссанд тооцлоо.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч С.Сгаас 8.000.000 төгрөгийн үлдэгдэл хохирол болох 6.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Чт олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Ш.Аийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Б овогт Сгийн Сг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд 11 /арван нэг/ сар хорих ял оногдуулсугай.

 

5. Шүүгдэгч С.Сд оногдуулсан 11 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч С.С 310 хоног буюу 11 сар 3 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 /арван нэг/ сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдэлсэнд тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сгаас 6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.Чт олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Сд урьд авагдсан “хязгаарлалт тогтоох” болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр байлгасугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ЖАНЧИВНЯМБУУ