Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 713

 

С.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01238 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Тэтгэмж 6 945 448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Цэцэгмаа нь “Автобус-1” компанийн захирлын 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар кондуктороор ажилд орж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/760 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцласан. Би тус байгууллагад тасралтгүй 6 жил 1 сар ажилласан. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Автобус-1” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахдаа 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах байтал надад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/946 дугаар тушаалаар нэг сарын тэтгэмж 868 181 төгрөг олгосон. Нэхэмжлэгч нь тэтгэмжийн мөнгийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хамтын гэрээны тал болох Үйлдвэрчний эвлэлд хандаж, хариуг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр авсан. Мөн Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хандаж, хариуг авсан. Уг салбар хороо хариуцагч байгууллагад тэтгэмжийг олгох ёстой гэдгийг зөвлөмжилсөн ч өнөөг хүртэл биелүүлээгүй байдаг. Нэхэмжлэгч нь анх Үйлдвэрчний эвлэлд эрхээ хамгаалуулахаар хандсанаар түүний гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасарч байгаа тул хугацааг хэтрүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж байна. Иймд дутуу олгогдсон 8 сарын тэтгэмжийг нэг сарын 868 181 төгрөгөөр тооцож нийт 6 945 448 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Цэцэгмаа нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/760 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн. Түүнд байгууллагын даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/946 дугаар тушаалаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 868,180 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хамтын гэрээ нь “Автобус-1” бааз болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. “Автобус-1” компани нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 тоот захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болж байгуулагдсан.  Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ мөрдлөг болгон ажиллахгүй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хамтын гэрээг шинээр байгуулах эсэхийг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгч хэлэлцээр хийж байж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг бөгөөд дээрх хамтын гэрээг хэвээр нь мөрдөе, нэмэлт өөрчлөлт оруулья гэсэн хэлэлцээр байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээр хийгдэж ирсэн ч тус байгууллагын зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3158 тоот албан бичгээр дээрх хамтын гэрээг мөрдлөг болгохгүй тухайгаа мэдэгдсэн байгаа. 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан эрх зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч өөрт нь тэтгэмжийн мөнгийг шилжүүлсэн буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх боломжтой хугацаа тоологдохоор байна. Гэтэл тэрээр 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргасан гэдэг ч  энэ нь тухайн өдөр гаргасан өргөдөл мөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч талтай нэг тал тул өөрт ашигтай баримтыг үйлдсэн гэж үзэж байна. Үүнд шүүх анхаарч өгнө үү. Мөн байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй талаар баримт байгаа бөгөөд нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлд бус шүүхэд хандах ёстой байсан. Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд  2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хандсан нь дээрх хуульд заасан 3 сарын хугацааг мөн хэтрүүлжээ. Түүнчлэн нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх өөр бусад шалтгааны талаар тодорхойлоогүй, мөн хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 6,945,448 /зургаан сая есөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Цэцэгмаад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 126,077 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шйидвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана.

Иргэн С.Цэцэгмаад холбогдох иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02913 дугаар шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1179 дугаар бүхий магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын дээд шүүхийн 001/ХТ2016/01140 дугаар тогтоолоор хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Буцаасан үндэслэлээ шүүх бүрэлдэхүүн гомдол хэлэлцэх хурал дээр танай байгууллагын дүрэм байхгүй учраас буцааж байна гэж тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хөндсөн бөгөөд нэхэмжлэгч талаас гаргасан баримт болох Үйлдвэрчний эвлэлийн хороонд С.Цэцэгмаагийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан өргөдлийг Үйлдвэрчний эвлэлийн хороо өргөдөл, гомдлыг албан ёсоор хүлээн авсан, бүртгэсэн талаарх баримт байхгүй байхад нэхэмжлэгчид ашигтай байдлаар үнэлэн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй хэмээн дүгнэсэн. Нэхэмжлэгч С.Цэцэгмаад тэтгэмж олгох тухай ажил олгогчийн шийдвэр 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарсан ч, уг тэтгэмжийн мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн өдөр буюу 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн даруйдаа тэтгэмж авах шаардах эрх нь үүсэх учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн дансанд мөнгө шилжсэн өдрийг эрх нь зөрчигдсөнийг мэдэх буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзнэ. Нэхэмжпэгч шүүхэд нэхэмжлэлээ 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан байдаг. Мөн Үйлдвэрчний эвлэлийн хороо хуульд заасан хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хамаарахгүй байхад тус хороонд 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргаж, 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хандаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар зохих газруудад удаа дараа хандаж байсан байх тул түүнийг гомдол гаргах хугацааг алдаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Иймд тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 Нэхэмжлэгч С.Цэцэгмаа нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас халагдсан тул 8 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 6 945 448 төгрөг гаргуулахаар   шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 С.Цэцэгмаа нь 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хариуцагч байгууллагыг Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн Автобус-1 компани байхад нь кондуктороор ажилд орж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болсны дараа өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь нийгмийн даатгалын дэвтэр, ажилд орсон, гарсан, 1 сарын тэтгэмж олгосон тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогджээ.

 Автобус-1 ОНӨҮГ-ийн захиргаа, Үйлдэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж, 8.5 дах заалтад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад ажилласан хугацаанаас хамаарч 2-12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор тус тус заасан байна. Уг хамтын гэрээнд оруулсан өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар нь 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгэжээ. /х.х-ийн 11-12/

 

Хариуцагч нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/760 дугаар тушаалаар С.Цэцэгмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлж, мөн оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/946 дугаар тушаалаар түүнд 1 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн ба уг тэтгэмжийн мөнгийг С.Цэцэгмаагийн дансанд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлжээ. /х.х-ийн 46/

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэнээс бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороонд өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар гомдол гаргаж байсан тул нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь тус байгууллагад 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хүртэл 6 жил 22 хоног ажилласан байх тул хамтын гэрээний 8.5-т заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж шаардах үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчид олгогдоогүй 8 сарын тэтгэмжид 6 945 448 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай..

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

     ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                                                Ш.ОЮУНХАНД