Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00349

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01948 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2213 дугаар магадлалтай,

М.Б-ийн нэхэмжлэлтэй

ГМЭ ХХК-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Б.Г, Б.Э, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч нь ГМЭт 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дүрс оношилгооны их эмчээр ажиллаж байсан. ГМ эмнэлгийн захиргааны зүгээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр таны өндөр насны тэтгэвэрт гарах эрх чинь үүссэн тул хөдөлмөрийн гэрээг цуцална гэж амаар мэдэгдсэн бөгөөд М.Б- тэтгэвэрт гарах болоогүй байгаа, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үед өөрөө хүсэлтээ өгөх саналыг ГМ эмнэлгийн захиргаанд бичгээр өгсөн. Гэтэл ГМ эмнэлгийн зүгээс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Уг тушаалд өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, ГМ эмнэлгийн өнөөгийн шаардлагаар дүрс оношилгооны чиглэлээр хөрвөн ажиллах чадварыг эзэмшээгүй, үзлэг оношилгооны явцад удаа дараа үйлчлүүлэгчдээс тус эмнэлгийн чанарын удирдлагад болон мэргэжлийн хяналтын албанд гомдол гарч тухай бүрт чанарын албаны хурлаар хэлэлцэж, сануулах болон цалинг хассан арга хэмжээ авсан зэрэг үндэслэлүүдийг зааж ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тул өмнө нь эрхэлж байсан дүрс оношилгооны их эмчээр буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...М.Б- эмч хортой нөхцөлд ажиллаж байсан учраас тэтгэвэр тогтоолгох эрх нь түүнд үүссэн. Гэхдээ манай байгууллага М.Б- эмчид итгэл хүлээлгэн 2013 онд ажилд авсан. Тухайн онд тэтгэврийн нас нь болчихсон ажилласан жил хангалттай буюу 1996 оноос хойш ажилласан гэвэл Тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн зохицуулалтаар хангалттай ажилласан байгаа. 2016 оноос хойш 2018 оны 3 дугаар сар хүртэл ажиллах хугацаанд байгууллага итгэл үзүүлэн удаа дараа гарсан алдаа дутагдлыг баг хамт олноороо шийдвэрлэн сануулга арга хэмжээ болон цалингийн арга хэмжээг авч байсан. Нэхэмжлэгч нь Анагаах ухааны үндэсний хүрээлэнгээс 5 сарын курс дамжааг төгссөн, Анагаахын сургуулиас 6 сарын дамжаа төгссөн гэсэн бичиг баримтаар дүрс оношилгооны эмч гэж нотлоод байгаа. Гэтэл Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дүрс оношилгооны тэнхимээс гаргасан тодорхойлолтыг хэрэгт өгсөн. Үүнд компьютер мрай буюу соронзон томограф, компьютер томограф, рентген шинжилгээ, хэт авиан шинжилгээ буюу эхо гэх энэ 4 чиглэлээр аль алиныг эмч маань гүйцэтгэж чаддаг дүгнэлтийг гаргаж чаддаг байх ёстой. Гэтэл М.Б- эмч ГМЭт зөвхөн рентгений эмчээр ажилладаг байсан. Рентгений эмчээр ажиллаж байхдаа удаа дараа мэргэжлийн ур чадваргүйн улмаас алдаа дутагдал гаргаж байсан. Мөн 2 жилийн резиндентурын хөтөлбөрийг бүрэн биелүүлсэн хүн дүрс оношилгооны дурдсан 4 чиглэлээр хөрвөн ажиллах чадвартай гэснийг хүлээн зөвшөөрдөг. Тухайн үедээ Эрүүл мэндийн яамнаас болон хүрээлэнгээс, Анагаахын сургуулиас курс хөтөлбөр гаргаж хичээллүүлдэг тэр 5, 6 сарын богино хэмжээний сургалтад хамрагдсан нь 2 жилийн резиндентурын хөтөлбөрийг хангасан эмчийн хажууд маш учир дутагдалтай юм. Эмч хүн гэдэг бол төрдөө тангараг өргөж түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажилладаг, үүний цаана хамгийн гол нь үйлчлүүлэгч буюу ард иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох юм. Эмчлэх лиценз нь хувь хүн өөрөө шалгалт өгсөн тохиолдолд, эсхүл тухайн ажиллаж байхад тав, таван жилээр тус лиценз сунгагддаг. 5 жилдээ Эрүүл мэндийн яам болон Анагаахын сургуулиас зарласан кредит хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд автоматаар сунгагддаг. Тэгэхээр 2021 онд хүртэлх эмчлэх лицензийг бол шалгалт өгч авсан уу, эсхүл кредит цуглуулж авсан уу гэдгийг тодорхой мэдэхгүй. Иймд байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг цаашид ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01948 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг ГМ эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн дүрс оношилгооны эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 12.157.236 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 209.462 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2213 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ГМ эмнэлгийн М.Б- эмчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг магадлалд Хөдөлмөрийн дотоод журмын “ажилтан мэргэжил, чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон...” гэж 4.2.4-ийг үндэслэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзнэ гэж дүгнэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ Грандмөд эмнэлгийг биөлүүлээгүй гэсэн нь хууль бус дүгнэлт болжээ. Учир нь М.Б- эмчийн хувьд өвчтөний ар гэрээс удаа дараа гомдол ирж, Удирдлагын зөвлөл, Чанарын албаны 2016.04.26, 2016.12.06, 2017.10.13, 2017.11.01, 2017.11,13-ны өдрийн хурлын протоколууд зэргээр нотлогддог бөгөөд дээрх нотлох баримтууд хэрэгт авагдсаныг шүүх дүгнээгүй юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон ЭХМК-ын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарласнаар ГМ эмнэлгийн Чанарын алба нь байгууллагын чанарын төлөвлөгөө, чанарын хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, тасаг нэгжийн чанарын багийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, эмнэлгийн үйл ажиллагааг дүгнэх, эмнэлгийн халдвар хяналтын төлөвлөгөө үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай зохицуулалтын талаар санал гарган шийдвэрлүүлэх, эмийн эмчилгээний чанар, шаардлагатай эмийн хангалт, жор бичилт, гаж нөлөө, зохистой хэрэглээнд хяналт тавих, эмч, эмнэлгийн ажилтнуудад сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргадаг алба юм. Эмч М.Б- нь эмнэлгийн дотоодод ажилладаг Чанарын албаны хурлаар удаа дараа орж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болон байгууллагын Дотоод журмыг зөрчсөн гэдэг нь нотлогддог. Ажлаас чөлөөлсөн тушаалд эмч М.Б-ийг өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн гэсэн үндэслэлийг шүүх дүгнэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б-ийн тэтгэвэр тогтоолгох нас нь 55 нас 3 сар байх тул нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Улсын Их Хурлаар 2018.10.25-ны өдөр батлагдсан бөгөөд хуулийн үйлчлэлд хамрагдах иргэний тэтгэврийг 2018.02.15-ны өдрөөс эхлэн тогтоож хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг. ГМ эмнэлгийн М.Б- эмчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь 2018.03.20-ны өдөр гарсан тул дээрх хууль батлагдаагүй байсан. Иймд 55 нас 1 сар 8 хоногтойд нь ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцолгүй сүүлийн 3 сарын дунджаар бодож, сард тогтмол 1.937.786-2.801.614 төгрөгийн цалин авдаг мэт ойлголт төрүүлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Б-, ГМЭ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах  нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Гранд мед эмнэлэг ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18/040 тоот тушаалаар М.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4-т заасныг баримтлан, “өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, ...эмнэлэгийн өнөөгийн шаардлагаар дүрс оношилгооны чиглэлээр хөрвөн ажиллах чадварыг эзэмшээгүй, үзлэг оношилгооны явцад удаа дараа үйлчлүүлэгчдээс тус эмнэлэгийн чанарын алба, удирлагад болон мэргэжлийн хяналтын албанд гомдол гарч тухай бүр чанарын албаны хурлаар хэлэлцэж сануулах болон цалингийн арга хэмжээ авсан...” үндэслэлээр дүрс оношилгооны эмчийн ажил, албан тушаалаас чөлөөлжээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарыг 65 нас гэж заасан байх бөгөөд харин 20-с доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн 60 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл, түүнчлэн 20-с доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна.

Нэхэмжлэгч М.Б- нь 55 нас хүрсэн боловч цаашид үргэлжлүүлэн ажиллахаа ажил олгогчид илэрхийлсэн нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасан “...өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд эрхэлж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй  болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болдог. Ажил олгогчийн тушаалд “эмнэлэгийн өнөөгийн шаардлагаар дүрс оношилгооны чиглэлээр хөрвөн ажиллах чадварыг эзэмшээгүй” гэх боловч энэ талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчлын комисс зэрэг нь нэхэмжлэгчийн мэргэжил, ур чадварын талаар албан ёсны дүгнэлт шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Тухайлбал, тухайн байгууллагын чанарын албаны зохион байгуулалт, ажиллах журам тодорхой бусаас гадна хэрэгт авагдсан хариуцагч Гранд мед эмнэлэг ХХК-ийн удирдлагын зөвлөл, чанарын албаны  хамтарсан хурлын тэмдэглэлүүд нь М.Б-ийн 2016, 2017 онуудад гаргасан зөрчлийн талаар хэлэлцэж сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэснээс бус нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд эрхэлсэн ажил, албан тушаалдаа тэнцэхгүйг тогтоосон байгууллагын албан ёсны дүгнэлт болохгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар Ажилтан  хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална.

Нэхэмжлэгч М.Б-ийн  өмнө нь үзлэг оношилгоо хийхдээ гаргасан зөрчлүүдэд ажил олгогч сануулах болон цалингаас суутгах шийтгэл ногдуулсан байх тул эдгээр  зөрчилтэй холбоотой дахин шийтгэл хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд 18/040 тоот тушаалд “үзлэг оношилгооны явцад удаа дараа үйлчлүүлэгчдээс тус эмнэлэгийн чанарын алба, удирдлагад болон мэргэжлийн хяналтын албанд гомдол гарч тухай бүр чанарын албаны хурлаар хэлэлцэж сануулах болон цалингийн арга хэмжээ авсан” гэж заасан нь нэхэмжлэгчийг ажлаас халах хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шүүх эрх бүхий этгээдийн гаргасан журмын дагуу тооцжээ. Дундаж цалин хөлст ажилтны үндсэн цалингаас гадна нэмэгдэл хөлс, урамшуулал багтдаг бөгөөд ажилгүй байсан хугацааны олговрыг ажилтны авч байсан сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тодорхойлсон нь хуульд нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01948 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2213 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 209.462 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ