Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 839

 

Б.Уранбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Базориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/00137 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Уранбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Батхуяг, Б.Хишигт нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 79 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн  зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Уранбилэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ариунаа

Хариуцагч: Н.Батхуяг

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Ихбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Уранбилэг нь шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2014 оны 12 сарын 11-нд Н.Батхуяг, Б.Хишигт нартай тохиролцож 20 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2015 оны 06 сарын 16-ны өдөр нэмж 20 000 000 төгрөгийг өмнөх 20 000 000 төгрөг дээр нэмж, нийт 40 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай үргэлжлүүлэн зээлүүлсэн. Мөн 2015 оны 09 сарын 16-ны өдөр гэрээний хугацаа дуусах гэж байхад бид харилцан тохиролцож өмнөх 40 000 000 төгрөг дээр нэмж 20 000 000 төгрөгийг нийт 60 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж зээлдүүлсэн, зээлээ төлөхгүй бол хоног тутамд 0,5 хувийн алдангийг тооцохоор  тохиролцсон. Эхний гэрээний төлөлтөд 2015 оны 01 сарын 12-нд 800 000 төгрөг /дансаар/, 2015 оны 02 сарын 11-нд 800 000 төгрөг /бэлнээр/, 2015 оны 03 сарын 13-нд 800 000 төгрөг, 2015 оны 04 сарын 14-нд 800 000 төгрөг /бэлнээр/, 2015 оны 05 сарын 11-нд 800 000 төгрөг /дансаар/, 2015 оны 06 сарын 11-нд 800.000 төгрөг /бэлнээр/ төлсөн. 2015 оны 06 сарын 16-ны өдөр дахин 20 000 000 төгрөгийг нийт 40 000 000 төгрөгийн гэрээг бичгээр хийсэн. Хүүд 07 сарын 16-нд 2 000 000 төгрөг, 2015 оны 08 сарын 16-нд 2 000 000 төгрөг, 2015 оны 09 сарын 15-нд 2 470 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2015 оны 09 сарын 16-ны өдөр өмнө нь авсан 40 000 000 төгрөг дээр дахин 20 000 000 төгрөгийг нэмж зээлэн гэрээ байгуулсан. Түүнээс  2015 оны 10 сарын 22-нд 3 000 000 төгрөг /дансаар/, 2015 оны 11 сарын 19-нд 250 000 төгрөг /дансаар/, 2015 оны 11 сарын 24-нд 2 000 000 төгрөг /дансаар/, 2015 оны 12 сарын 09-нд 750 000 төгрөг /дансаар/, 2015 оны 12 сарын 25-нд 10 000 000 төгрөг /дансаар/, 2016 оны 05 сарын 11-нд 2 000 000 төгрөг /дансаар/ шилжүүлсэн. 2016 оны 06 сарын 07-нд 500 000 төгрөг, 2016 оны 06 сарын 15-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 06 сарын 27-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 07 сарын 07-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 07 сарын 29-нд 1 500 000 төгрөг, 2016 оны 09 сарын 13-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 11 сарын 12-нд өдөр 400 000 төгрөг, 2016 оны 11 сарын 15-нд 100 000 төгрөгийг дансаар төлсөн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй, төлсөн мөнгийг би дандаа зээлийн хүүд тооцсон байгаа. Н.Батхуяг, Б.Хишигт нар нь 2016 оны 10 дугаар сард баталгаа гаргаж өгсөн байдаг. Иймд зээлд 53 000 000 төгрөг, алданги 26 500 000, нийт 79 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Батхуяг, Б.Хишигт нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөгийг   4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дахин нэмж 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, бичгээр гэрээ байгуулсан. Ингээд 3 сарын хугацаа дуусахад 9 дүгээр сарын 16-ны өдөр Б.Уранбилэг 20 000 000 төгрөг нэмж зээлсэн. Уранбилэг гэрээгээ хийж ирээд  биднээр гарын үсэг зуруулсан. Бид зээлийн хүүг цаг тухайд нь төлж байсан. Б.Уранбилэгийн  хэлсэн төлөлттэй бидний  төлсөн  дүн,  хугацаа яг тохирч  байна. Бидний хувьд хүү,алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд 36 500 000 төгрөгийг төлсөн учраас үлдэгдэл 23 500 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Хариуцагч Н.Батхуяг, Б.Хишигт нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэд хоорондын нийт 3 гэрээ байдаг. Эхлээд 20 000 000 төгрөгийн, дараа нь 40 000 000 төгрөгийн, сүүлд нь 60 000 000 төгрөгийн гэрээ юм. Үүнийг тайлбарлахад 2014 оны 12 дугаар сарын 11-нд 20 000 000 төгрөг зээлсэн, гэрээг бичгээр байгуулаагүй буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаагүй, аман тохиролцоогоор зээлсэн мөнгө юм. Мөн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 20 000 000 төгрөгийн гэрээ бичгээр байгуулагдсан. Ингэхдээ өмнөх 20 000 000 төгрөгийн гэрээг нөхөж 40 000 000 төгрөгийн гэрээ гэж байгуулсан. 40 000 000 төгрөг биш, 20 000 000 төгрөг л хүлээн авсан. Дараа нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дахин 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар  авч, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Ингэхэд бас л 20 000 000 төгрөгийг хүлээн авсан боловч гэрээнд өмнөх 40 000 000 төгрөгийг оруулаад 60 000 000 төгрөгөөр хийгдсэн. Энэ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.7-д заасан шаардлагыг тус зээлийн гэрээ хангаагүй. Бид зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй, харин 3 удаа авсан нийт 60 000 000 төгрөгийн зээлийг зөвшөөрч байна. Үүнээс  36 500 000 төгрөгийг төлсөн. Харин үлдэх 23 500 000 төгрөгийг төлөөгүй. Иймд  зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Уранбилэг сөрөг нэхэмжлэлд  гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн хүрээнд зээлийн гэрээг нөхөж үйлдсэн нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй. Хариуцагч  мөнгө хүлээн авснаа зөвшөөрч байгаа, гэрээ байгуулсанд тооцно. Хариуцагч нь гэрээнд мөнгийг хүлээн авч гарын үсгээ зурсан. Мөн гэрээг  батлах нь нотариатын үйлдлийн нэг хэлбэр болохоос зээлийн гэрээг заавал нотариатаар батлуулах шаардлагатай гэж заагаагүй. Сөрөг нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Хишигт, Н.Батхуяг нараас 46 501 347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уранбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32 998 653 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Б.Хишигт, Н.Батхуяг нарын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн зохигчдын хооронд байгуулсан Иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 05962 дугаар захирамжаар дээрх хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс 555 450 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 390 457 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2014 оны 12-р сарын 11-ний өдөр иргэн Б.Хишигт, Н.Батхуяг нар нь  харилцан тохиролцож 20 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж энэ хугацааны хүү бүрэн төлөгдөж дууссан. Харин зээлийн үндсэн төлбөр 20 000 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн учир тэдний хүсэлтээр гэрээг бичгээр байгуулж, 2015 оны 6-р сарын 16-ны өдрөөс 2015 оны 9-р сарын 16-ны өдөр хүртэлх хугацаатай дээрх 20 000 000 төгрөгт дахин 20 000 000 төгрөгийг нэмж нийт 40 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулж мөнгийг хүлээн авсан. Энэ хугацааны хүү төлөгдсөн, харин үндсэн төлбөр төлөгдөөгүй. Нэмж 2015 оны 9-р сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг дээрх нөхцөл буюу 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох, нийт 60 000 000 төгрөгийг зээлсэн, гэрээ байгуулагдсан. Хариуцагч нар нь 2016 оны 9 сард зээлийн үүргийн гүйцэтгэлийн талаар өөрсдийн гараар бичсэн “Баталгаа”-г гаргаж зээлийн нийт үлдэгдлийг 53 000 000 төгрөг гэж тодорхойлж, зээлийн хүүг зогсоох тухай санал гаргасан. Иймд баталгааг үндэслэж 53 000 000 төгрөгт алданги тооцож нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх баталгааг огт үнэлсэнгүй Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Батхуяг, Б.Хишигт нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Уранбилэгээс 2014.12.11-ний өдөр 20 сая төгрөгийн зээлийг бичгээр байгуулаагүй авсан. 2015.06.16-ний өдөр 20 сая төгрөгийг гэрээний стандарт бус нөхцөлөөр, мөн 2015.09.16-ний өдөр 20 сая төгрөгийг гэрээний стандарт бус нөхцөлөөр зээлж авсан. Эдгээр зээлүүд нь харилцан хамааралгүй, тусдаа зээлүүд юм.  Н.Батхуяг, Б.Хишигт нар нь 2015.06.16-ний өдөр 40 сая төгрөг, 2016.09.16-ний одөр 60 сая төгрөгийг бодитоор хүлээж аваагүй мөн зээлдүүлэгч нь уг мөнгийг дээрх дүнгээр шилжүүлээгүй гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлж тайлбар гаргасаар байтал бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. 20 сая төгрөгөөр 3 удаа зээл авсанаа, зээлийг буцаан 23,5 сая төгрөг төлөхөө зөвшөөрдөг төлөх тал дээр маргадаггүй гагцхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дүр үзүүлэн, хууль зөрчиж хийгдсэн гэрээний торгууль, алданги, хүүг төлөхгүй гэдгээ шүүхэд илэрхийлж байсан болно. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь хариуцагч Б.Хишигт, Н.Батхуяг нараас зээлийн гэрээний үүрэгт 53 000 000 төгрөг, алданги 26 500 000 төгрөг нийт 79 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч 23 500 000 төгрөг төлнө, үлдсэнийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөгийн, 2015 оны 06 дугаар 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг өмнөх 20 000 000 төгрөг дээр нэмж, нийт 40 000 000 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг өмнөх 40 000 000 төгрөг дээр нэмж, нийт 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсанд талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь дээрх 3 удаагийн үйлдлээр нийт 60 000 000 төгрөгийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан  гэж үзнэ.

 

Харин талууд зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг хэд болох, одоо хэдэн төгрөгийг  хариуцагч нар төлөх хэмжээний талаар маргажээ.

 

Талууд анх 20 000 000 төгрөгийг аман гэрээгээр зээлдүүлсэнд мөн маргаагүй. Хэргийн 5 дугаар хуудсанд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан бичгийн гэрээ нотлох баримтаар, эх хувиар авагдсан. Уг гэрээгээр талууд үндсэн зээл 40 000 000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч уг мөнгийг сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр 9 сарын 16 хүртэл 3 сарын хугацаанд зээлдүүлэхээр, үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

 

Мөн хэргийн 6 дугаар талд үндсэн зээл 60 000 000 төгрөг болохыг тохиролцож, сарын 5 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлбэл 0,5 хувийн алданги тооцохоор тохирч бичгээр гэрээ байгуулсан. Гэрээнд зээлдэгчээр Н.Батхуяг, Б.Хишигт нар гарын үсэг зурсан бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээлгэн өгөх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн байна.

Хариуцагч тал гэрээгээр 36 500 000 төгрөг төлсөнд зохигчид маргаагүй. Нийт зээлдүүлсэн  60 000 000 төгрөг нь хүүтэй, мөн анз тооцох тохиролцоотой байсан, зээлдэгч тал 2014 оны 12  сарын 11-нээс 2016 оны 10 сар хүртэл үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул талууд тооцоо бодож гүйцэтгэвэл зохих үүргийн эцсийн хэмжээг 53 000 000 төгрөгөөр тохирсон баримт хэрэгт авагдсаныг анхан шатны шүүхээс анхаарч үнэлээгүй нь буруу болжээ.  Нэгэнт талууд хоорондын тооцооны үлдэгдлээ 53 000 000 төгрөг бөгөөд хүүгүй, анз тооцохгүй тохиролцсон тул дээрх хэмжээний мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ. Уг баримтад талууд хүү, алдангийн талаар тохиролцоогүй байх тул  53 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  /хх-ийн 7/

 

Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ. Учир нь зээлийн гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага байхгүй бөгөөд  нэг дор биш цувуулж 60 000 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн авсанд хариуцагч тал маргаагүй. Өмнө нь хүүгүйгээр шилжүүлсэн 20 000 000 төгрөг дээр  сүүлд шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг нэмж нийт 40 000 000 төгрөгт хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн талуудын зарчим, гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/00137 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “46 501 347” гэснийг “53 000 000” гэж, “32 998 653” гэснийг “26 500 000” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “390 457” гэснийг “422 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 957 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

                          ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                   Ш.ОЮУНХАНД