Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00479

 

М.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/01940 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2318 дугаар магадлалтай,

М.С-ын нэхэмжлэлтэй

МА ХХК-д холбогдох, 

Сургалтын төлбөрт төлсөн 17.244.300 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие охин М.Н-ыг АНУ-ын ахлах сургуульд суралцуулахаар МА ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр High School Exchange USA хөтөлбөрийн дагуу АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээг байгуулсан. Гэрээгээр тохиролцсон төлбөр болох 7.200 ам.долларыг тус компанийн дансанд тушаасан. Гэрээний дагуу зуучлагч нь сурагчийг 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-ын ахлах сургуульд сурч, америк гэр бүлд амьдрахад Academic Foundation for International Cultural Exchange боловсролын байгууллагатай хамтран зуучлах үүрэг хүлээсэн. МА ХХК-д анх очиж уулзаж гэрээ байгуулахад АНУ-ын ихэнх ахлах сургуулийн хоёрдугаар семестрийн хичээл 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлдэг тул энэ хүртэлх хугацаанд сурагчийн суралцах ахлах сургууль болон Америкт амьдрах гэр бүл бэлэн болсон байна гэж хэлсэн. Улмаар 2017 оны 11, 12 сар болоход МА ХХК болон тэдний Америк талын зуучлагч Afice агентлагаас охины АНУ-д очин амьдрах гэр бүлийн мэдээлэл ирээгүй бөгөөд бидний зүгээс удаа дараа утсаар шаардаж, улмаар биечлэн уулзахад энэ асуудлыг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор Америк талын Afice зуучлагч агентлаг шийдэж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл амласан хугацаандаа охины АНУ-д амьдрах гэр бүлийг олоогүй бөгөөд тус улсад ахлах сургуулийн хичээл эхлээд 3 хоносон тул суралцах боломжгүй болж гэрээний дагуу төлсөн төлбөрөө эргүүлж авахыг хүссэн хүсэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр МА ХХК-иас охины АНУ-д амьдрах гэр бүлийн мэдээлэл ирсэн, явах бэлтгэлээ хийнэ үү гэсэн албан бичиг ирэхэд Монгол Улсад ахлах сургуулийн хичээл эхлэхэд 2 хоног үлдээд байсан. Гэрээ байгуулахдаа ахлах сургуулийн хичээл эхлэхээс өмнө энэ бүх асуудлыг зохицуулж суралцуулахаар тохиролцож, төлбөр авсан атлаа бодитоор хэрэгжих боломжгүй болсон, сургалтаас хоцорсон байхад МА ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж төлбөрийг эргүүлэн төлөхөөс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд МА ХХК-аас 17.244.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...High School Exchange USA хөтөлбөрт оролцож буй сурагчид нь АНУ руу хичээл эхлэхээс 2 хоногийн өмнө явах нь хамгийн зохистой хугацаа гэж үздэг ба ахлах сургуулиудын тухайн семестрийн хичээл нь муж, мужид харилцан адилгүй, улмаар сурагчдыг хүлээн авах сургууль, гэр бүлийн сонголт нь удаан хугацаанд үргэлжилдэгийг сурагч, эцэг эхчүүдэд мэдэгддэг. Манай компани М.С-тай байгуулсан High School Exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээнд зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр High School Exchange USA хөтөлбөрт оролцогч М.Н-ыг хүлээн авах айл нь Вашингтон мужийн Центрилад амьдардаг талаар мэдэгдэхэд М.С-ын гэр бүлээс татгалзсан хариу өгсөн. Иймд бид М.Н- нь тухайн Америк айлаас татгалзсан талаарх мэдээллийг АНУ-ын хамтран ажилладаг байгууллага болох Afice /Academic Foundation for International Cultural Exchange/-д мэдэгдсэн. Ингээд үүнээс 2 өдрийн дараа М.Н-ыг хүлээн авах айлын асуудал шийдэгдэж түүнийг багш мэргэжилтэй Треза Кайзерын гэр бүл хүлээн авахаар болсон. Энэ талаар Afice байгууллага бидэнд утсаар мэдэгдсэн ба дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн баталгаажиж ирэх хүртэл буюу Треза Кайзерын гэр бүл нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаарх цагдаагийн лавлагаа гарах хүртэл бид хөтөлбөрт оролцогчид мэдээлэхгүй байхыг Afice байгууллага хүсдэг тул М.С-ад айл нь тодорхой болсон байна, та түр хүлээнэ үү хэмээн утсаар мэдэгдэж байсан. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр айлын мэдээлэл эцсийн байдлаар баталгаажсан тул М.С-ад энэ талаар утсаар мэдэгдэж, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр албан бичиг хүргүүлсэн. М.Н-ы суралцах байсан Пранклин Пийрс ахлах сургуулийн хаврын улирлын хичээл нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эхлэх байсан. Бид энэ талаар мөн мэдэгдсэн хэдий ч М.С-ын гэр бүлээс тус сургуулийг судалж үзээд сайн сургууль биш, мөн ихэнх сурагчид нь нийгмийн эмзэг давхаргын айлын хүүхдүүд байх тул аюултай гэж үзсэн тул тухайн айл болон сургуулиас татгалзсан. Манай компанийн захирал М.Ариунаа өөрөө М.Н-ыг хүргэж өгөх онгоцны билетээ захиалсан байсан бөгөөд энэ талаар сурагч болон эцэг, эхэд нь мэдэгдсэн боловч хүлээж аваагүй. Мөн нэхэмжлэгчийн төлсөн 7.200 ам.доллараас 5.500 ам.долларыг нь спонсор байгууллагын зардал буюу М.Н-ы хамрагдах эрүүл мэнд, гэнэтийн осол, даатгал гэх мэт бусад холбогдох зардалд, 45 ам.долларыг англи хэлний түвшин тогтоох шалгалтанд, буухиа шууданд 42 ам.доллар, банкны шимтгэлд 30 ам.доллар болон 25.000 төгрөг, АНУ-ын Төрийн департмент буюу Sevis бүртгэлийн хураамжид 180 ам.доллар, МА ХХК-ийн үйл ажиллагааны зардал буюу зуучлалын хөлсөнд 1.250 ам.доллар тус тус багтсан байдаг. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад нэхэмжлэгч нь өөрөө хүүхдээ АНУ руу явуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр гэрээнээс сайн дураар татгалзсан учраас талуудын байгуулсан гэрээний 5.1, 7.3, 7.11-д тус тус үндэслэн дээрх төлбөрийг буцаан олгох боломжгүй. Иймд М.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/01940 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар МА ХХК-иас 16.746.162 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 498.138 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 241.680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2318 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/01940 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 241.680 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрт гэрээ цуцлагдсаны үр дагавар арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тодорхойлсон атлаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 буюу гэрээнээс татгалзснаас үүсэх үүргийн зохицуулалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаатай. Ямар тохиолдолд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ойлголт хэрэглэгддэгийг зөвхөн гэрээний хугацаа бус, хэлцлийн дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах боломжгүй болсон, эсвэл талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх боломжтой буюу гэрээг анхны байдалд эргүүлж авчрах боломжтой эсэхээс хамаарч тодорхойлогддог. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр МА ХХК нь сурагчийг АНУ-ын ахлах сургуульд сурах, Америк гэр бүлд амьдрах боломжийг зуучлан явуулах, сурагч нь шаардлагатай, үнэн зөв бичиг баримтыг бүрдүүлж өгөх, зуучлалын хөлсийг төлөхөөр тохиролцсон Зуучлалын гэрээ юм. Энэ нь талуудын тайлбар, шүүхэд гаргасан нотлох баримтуудаар нотлогдоно. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хөлсөөр ажиллах гэрээ мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Энэхүү гэрээнүүд эрх зүйн өөр зохицуулалттай, өөр үр дагавар бий болгодог. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсноор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчин, агуулга мөн чанарыг зөв тодорхойлж чадаагүй гэж үзнэ. Шүүхийн шийдвэрт “...АНУ-ын ахлах сургуульд сурах, америк гэр бүлд амьдрах боломжийг бүрдүүлсэн гэх үйл баримт нотлогдохгүй байна”, магадлалд “...гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй...” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ гэсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн байна. Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдыг хүлээн авах сургууль, гэр бүлийн сонголт нь удаан үргэлжилдгийг сурагч, эцэг эхчүүдэд гэрээ байгуулахаас өмнө урьдчилан хэлдэг бөгөөд зарим тохиолдолд тухайн сурагч АНУ-д очиход координатор буюу спонсор байгууллагын ажилтан хүлээн авч байгаад байршуулах тохиолдол гардаг. Үүнийг талуудын хооронд байгуулсан гэрээний 10.5-д тусгасан, нэхэмжлэгч танилцаж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулагдсан. Эхний амьдрах айл болон сургуулийн мэдээлэл 2018.01.22-ны өдөр баталгаажиж ирсэн. Үүнээс өмнө айл олдсон тухай нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн байсан. Гэтэл тус айлыг 2 хүүтэй /Намуунаас дүү/ тул өсвөр насны охиноо очуулахгүй гэх үндэслэлээр татгалзсан, нэхэмжлэгч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд талуудын тайлбараар нотлогддог. Ингээд тухайн дүүрэгт дахин өөр айл олдсон гэдгийг нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн гэтэл сургуулийг голж ойлгомжгүй хандлага гарган, гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцааж авна гэдгийг мэдэгдсэн. Америк дахь талаас айлыг нарийн шалгуурын дор судалж үзсэний дараагаар шаардлага хангасан тул мэдээлэл нь баталгаажиж ирсэн бөгөөд мэдээллийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэдэг нь талуудын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байхад шүүх М.Н-ыг АНУ-ын ахлах сургуульд сурах, америк гэр бүлд амьдрах боломжийг бүрдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. МА ХХК нь М.С-, М.Н- нартай байгуулсан АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээний хоёр дугаар зүйлд заасан Зуучлагчийн эрх, үүргийг бүрэн биелүүлсэн. Мөн шийдвэрт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 заалтыг үндэслэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. МА ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлж спонсор байгууллагад шаардлагатай материалыг явуулж, зуучлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн, мэдээллээр ханган, урилгыг ирүүлж, визинд оруулж, 2 ч айл олж, сургуульд суралцах бүрэн боломжоор хангасан. Хугацаа тогтоосон зүйл байхгүй бөгөөд тус хөтөлбөрийн онцлогоос шалтгаалж хугацаа тогтоох ямарч боломж байхгүй. Хугацаа тогтоосон гэх нотлох баримт хэргийн материалд авагдаагүй, нотлож чадаагүй. М.Н-ы суралцах сургуулийн хичээл 2018.02.05-ны өдөр гадаад оюутнуудаа хүлээн авсан тул хичээлдээ амжиж очих бүрэн боломжтой байсан, энэ талаар бид мэдэгдсээр байсан. Манай компаниас М.Н-ыг хүргэж өгөх байсан. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан Зуучлалын гэрээний 5.1-т заасан төлбөр буюу хөтөлбөрийн зардлыг манай байгууллага бүгдийг авдаггүй, зохих байгууллагад шилжүүлдэг, шилжүүлсний үндсэн дээр шат дамжлагатай үйл ажиллагаа явагддаг. Өөрөөр хэлбэл Америк талд гэрээнд заасны дагуу 5.500 ам.доллар шилжүүлснээр skype ярилцлага сурагчтай хийгдэнэ, англи хэлний түвшин тогтоох шалгалт авагдана, Америкаас урилга ирнэ, айл сургуулийг судлана, визинд орох эрх нь нээгдэнэ, визинд орох цаг авна, сургууль айлын мэдээлэл баталгаажиж ирнэ зэрэг үйл ажиллагаа явагдаж шат дамжлагатай ажил хийгддэг. Энэ талаар гэрээ байгуулахаас өмнө танилцуулж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд буюу харилцан тохиролцож гэрээ байгуулдаг гэдгийг анхаарна уу. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т “Гэрээ цуцлах хүсэлтийг бичгээр 7 хоногийн өмнө гаргана”, 7.10-т “АНУ-д суралцах сургууль, гэр бүл нь тодорхой болж урилга ирсэн байхад сурагч, эцэг эхийн санаачлагаар сургалтаас гарах тохиолдолд хөтөлбөрийн нийт төлбөрөөс 3.000 ам.долларыг суутгаж, гэрээг цуцална” гэж, мөн 7.11-т “Сурагч виз авсан үед сурагч, эцэг эхийн санал хүсэлтээр сургалтаас гарах тохиолдолд 5.1-д заасан төлбөр буцаан олгогдохгүй” гэж тус тус заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн хэрнээ талуудын хооронд байгуулагдсан гэрээ, тохиролцоо, заалтуудыг хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй. Тодруулбал гэрээний төлбөр юунд зарцуулагддаг, гэрээ цуцалсан тохиолдолд төлбөрийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэхээр харилцан тохиролцсоныг анхаараагүй бөгөөд гэрээний 10 дугаар зүйлийн 10.5-д хугацаа тогтоох боломжгүй бөгөөд зарим тохиолдолд спонсор байгууллага сурагчийг АНУ-д очиход хүлээн авч түр байршуулсны дараагаар зочин айл баталгаажих нөхцөл байдал үүсч болохыг зохицуулсан заалтыг анхаарч үзээгүй бөгөөд энэ талаар дүгнэлт өгөөгүй. Гэрээнд эдгээр байдлыг нэн тодорхой зааж тохиролцсон юм. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Afice-д 5.500 ам.доллар шилжүүлсэн гадаад шилжүүлгийн баримт, гадаад гүйлгээний баримт, 45 ам.доллар шилжүүлсэн кассын орлогын баримт, Америкийн Төрийн Департментийн 180 ам.доллар төлсөн баримтыг үнэлээгүй, нотлох баримтуудад дүгнэлт өгөөгүй. Мөн түүнчлэн Америкийн Төрийн Департментийн сурагч солилцооны гэрчилгээнд хөтөлбөрийн спонсор нь Academic Foundation for International Cultural Exchange гэж бичигдсэнийг үнэлээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын тайлбар, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна. Иймд “High School Exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээ”-ний 7.3, 7.11, 7.13, 10.5 заалтууд, Иргэний хуулийн 223.2, 224.1, 225.4.4, 227.2, 410 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            М.С-, МА ХХК-д холбогдуулан сургалтын төлбөрт төлсөн 17.244.300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

           Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

          Хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй  болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна. Харин хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлоогүй нь хууль хэрэглээний алдаатай болсныг залруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           М.С-, МА ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 02/06 тоот “High shool exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах” нэртэй гэрээгээр хариуцагч МА ХХК нь М.С-ын охин М.Н-ыг АНУ-ын соёлтой танилцаж, 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-ын ахлах сургуульд сурч, америк гэр бүлд амьдрах боломжийг олгох, сурагчийн гаргасан аливаа хүсэлтийг спонсор байгууллагад мэдээлж хариуг цаг тухайд нь мэдэгдэх үүргийг, нэхэмжлэгч М.С- төлбөрт 7.200 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээжээ.

            Гэрээнд, гэрээний зорилгыг “зуучлагч, зуучлуулагчийн хооронд үүссэн харилцааг зохицуулах” гэсэн агуулгаар тодорхойлсон боловч гэрээ нь “зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс шагнал төлөх үүргийг тус тус хүлээх” Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний шинжийг агуулаагүй байна. Учир нь зуучлалын гэрээгээр зуучлуулагчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгснөөр зуучлагчийн үүрэг дуусгавар болдог бөгөөд талуудын хэлэлцэн тохиролцсноос үзвэл хариуцагчийн хүлээх үүрэг хариуцлага нь зуучлалын гэрээний үүргээр хязгаарлагдаагүй тул энэ талаархи анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

            Гэвч хоёр шатны шүүх гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь эрх зүйн хувьд алдаатай байна.

            Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэж, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээгээр  ямарваа ажлын үр дүн шаардахгүй юм.

          Хэрэгт буй баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 399 дугаар зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ байгуулагдсан байна.

          Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

          Гэрээгээр, хариуцагч МА ХХК нь М.С-ын охин М.Н-ыг сурагч солилцооны хөтөлбөр зохион байгуулагч спонсор байгууллагатай холбож өгөх, нэхэмжлэгчийн зардлаар АНУ-руу явах бэлтгэлийг хангах үйл ажиллагаанаас эхлээд тухайн хөтөлбөрт хамрагдан, улмаар буцаж ирэх хугацаанд  ямар эрх, үүргийг хүлээхийг харилцан тохиролцсон нь тогтоогджээ. Түүнчлэн гэрээний хүрээнд нэхэмжлэгч М.С- 7.200 ам.долларын төлбөр  төлөх, уг төлбөрт спонсор байгууллагын зардал /АНУ-д гэр бүлд байршуулах, сургуультай холбоотой бүртгэл, мэдээлэл зэрэг/, элчин сайдын яамны үйлчилгээний хураамж буюу визний, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал, урилга, англи хэлний бэлтгэл, англи хэлний түвшин тогтоох шалгалт, элчингийн ярилцлагад бэлтгэх, бичиг баримтын орчуулга, буухиа шуудангийн зардал, банкны шимтгэл, хариуцагчид төлөх хөлс зэрэг багтахыг гэрээнд заасан байна.

            Зохигчийн хооронд байгуулагдсан даалгаврын гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах, гэрээг цуцлах эрхтэй юм.

            Даалгаврын гэрээний нэг онцлог бол гэрээг биелүүлэхийн тулд гарсан зардлыг үүрэг гүйцэтгүүлэгч хариуцдаг бөгөөд энэ нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс биш юм. Мөн даалгаврыг даалгавар гүйцэтгэгч биечлэн гүйцэтгэх боловч даалгаврыг гүйцэтгэхэд өөр этгээдийг өөрийн ажилд туслуулсан нь даалгаврын гэрээг зөрчихгүй ба харин тэдний үйлдлийн улмаас үүссэн хариуцлагыг даалгавар гүйцэтгэгч өөрөө хүлээнэ.

           Хэдийгээр нэхэмжлэгчийн зардлаар тодорхой ажлуудыг хариуцагч гүйцэтгэсэн боловч М.Н-ыг АНУ-ын ахлах сургуульд сурах, америк гэр бүлд амьдрах боломжийг бүрдүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, М.Н-ыг  АНУ-д явуулж сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах боломжгүй, тухайлбал, АНУ-д амьдрах  гэр бүлийг олоогүй,  амьдрах айлын байршлаас хамаарч сургууль сонгох нь цаг хугацааны хувьд АНУ-ын ахлах сургуулийн болон М.Н-ы суралцаж буй Сант Сургуулийн шинэ улирлын хичээл орох болсноос буюу хариуцагчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай үйлдлээс нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг цуцлахаар хариуцагчид мэдэгдсэн ба гэрээг цуцлагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч 7.200 ам.доллар буюу 17.244.300 төгрөг нэхэмжилснээс хариуцагчийн зарцуулсан зардал буюу хэргийн баримтаар нотлогдсон визний болон англи хэлний түвшин тогтоох шалгалтад төлсөн нийт 498.138 төгрөгийг хасч, үлдэх 16.746.162 төгрөгийг  гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ. Хариуцагч нэхэмжлэгчийн зардлаар өөр тодорхой үйлдэл хийсэн нь нотлогдоогүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2318 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/01940 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэснийг “399 дүгээр зүйлийн 399.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 241.680 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ