Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 592

 

 

 

 

 

 

 

Х.Уд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Нямсүрэн,

хохирогч Б.Е, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.У, хохирогч Б.Еын өмгөөлөгч А.Бүдханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Уд холбогдох эрүүгийн 201625030234 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бөөн овгийн Хаймчигийн У, 1965 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: /,

 

Х.У нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ХААН банкны “Хүчит шонхор” тооцооны төвөөс банкны баталгаа гаргуулахаар өөрийн данс руугаа хийлгэсэн иргэн Б.Еын 103.000.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Х.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бөөн овгийн Хаймчигийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Х.Уг 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Угийн цагдан хоригдсон 556 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Угээс 73.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Уак овгийн Болатын Е /РД:У390041016/-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерийн бичлэгийн хуулбар бүхий 3 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 7 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 53 настай бөгөөд хаалттай хорих байгууллагад хорих ял эдлэхийг нээлттэй болгож өгөхийг хүсч байна. Иргэн Б.Еын хохирлыг барагдуулах хүсэл байна...” гэжээ.

 

Хохирогч Б.Еын өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.У нь өмгөөлөгч Ө.Болормаагийн хамт 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Х.Мэндбаярын хамт 103 сая төгрөгийг “Хаан банк”-наас залилж авсан гэмт хэргийг үйлдсэн. Банкнаас авсан мөнгөнөөс 30.000.000 төгрөгийг Х.Ганболдод өгч, 73.000.000 төгрөгийг Х.Мэндбаяр авсан” гэж мэдүүлсэн байдаг. Х.Ганболд 30.000.000 төгрөгийг авсан нь эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл болон түүний өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Х.У нь банканд мөнгө байршуулах түүнийг яаж авдаг талаар хэрэг гарах үед мэддэггүй байсан ба түүнд энэ бүх аргыг Х.Мэндбаяр зааж өгсөн.

Хэрэгт харилцан эсрэг сонирхолтой хэргийн холбогдогч болох Х.Мэндбаярт Х.Угийн өмгөөлөгч Ө.Болормааг оролцуулж хууль зөрчин байцаалт авснаас Х.У мэдүүлгээ өөрчлөн өгөх болсон. Х.Уг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байх хугацаанд Х.Мэндбаяр түрээсийн байраар хангаж эхнэрийн дүү Дашнямаар хоол унд өгүүлж байсан нь хавтас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

Х.У нь залилж авсан мөнгөө өөрөө хэрэглэж дуусгасан гэж байгаа боловч хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, зочид буудлын бүртгэлийн дэвтэрээр тогтоогдоогүй. Х.У нь ганцаараа бусдаас 103 сая төгрөгийг залилж авах гэмт хэргийг үйлдэх чадваргүй. Энэ гэмт хэргийг Х.Мэндбаярын хамт үйлдсэн. Х.Мэндбаярыг энэ гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгахдаа байцаалт авах түүний дансыг шалгахаас өөр ажиллагаа хийгээгүй. Хэрэг гарах үе болон түүнээс хойших хугацаанд Х.Мэндбаяр, Х.У нарын утасны холболт, Х.Мэндбаяр нь бусдад өр зээлтэй байсан эсэхийг шалгаагүй мөрдөн байцаалтын шатанд удаа, дараа тодорхой зүйл шалгуулахаар хүсэлт гаргаж байсан боловч гүйцэт шалгадаггүй, хариу өгдөггүй, хэргийн материалтай хохирогчийг танилцуулдаггүй байсан тул хэргийг өөр хэлтэст мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.Е тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ер нь энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна. Гэхдээ энэ ажиллагааг өөр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулах хүсэлтэй байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

 

Прокурор Д.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн гаргасан тайлбарт нэмж хэлэхэд Х.У нь анх сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “Х.Мэндбаяр нь бусдын мөнгийг яаж авах вэ, яаж дансандаа хийлгэх, энэ мөнгийг яаж буцааж авах талаар зөвлөгөө өгсөн. Энэ зөвлөгөөний дагуу би дээрх бүх ажиллагааг хийгээд мөнгийг авсан. Авсан мөнгөө Х.Мэндбаяр бид хоёр хувааж авсан” гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн байсан. Энэ мэдүүлгийн араас 2 жил шалгаж явсан. Гэвч Х.Мэндбаярын дээрх гэмт хэрэгт оролцсон болох нь тогтоогдохгүй байсан учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийг мэдээлсэн байна гэх зүйл ангиар шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Хэргийн нөхцөл байдлыг харахад Х.У нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн байдаг. Мэдүүлгийг нь бид аль, аль талаас нь хангалттай шалгасан гэж үзэж байна. Х.Угийн үйлдэл нь камерийн бичлэгт тодорхой харагддаг. Х.Мэндбаярыг Х.Уд зааварчилгаа өгч байсан гэдэг нь тогтоогдохгүй  байсан учир Х.Уг бусдыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж үзэж зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Х.Уд 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Х.У нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б.Еын 103.000.000 төгрөгийг нэг хоногийн хугацаатай, банкны баталгаа гаргуулах нэрээр ХААН банкин дахь өөрийн дансандаа түр байршуулж, маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ХААН банкны “Хүчит шонхор” тооцооны төвөөс уг мөнгийг бэлнээр авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Е /1-р хх-ийн 64-65/, гэрч Б.Батцэцэг /1-р хх-ийн 76-78/, Б.Өлзийбат /1-р хх-ийн 86-88/, С.Амарбаясгалан /1-р хх-ийн 79-80/ нарын мэдүүлэг, итгэмжлэл /1-р хх-ийн 13/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 1-р хх-ийн 16-17/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-20, 3-р хх-ийн 192-195/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 58-62/, Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 233-234/, зарлагын мэдүүлгийн хуулбар /2-р хх-ийн 78, 79, 80/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд “Х.Уг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ХААН банкны “Хүчит шонхор” тооцооны төвөөс банкны баталгаа гаргуулахаар өөрийн данс руугаа хийлгэсэн иргэн Б.Еын 103.000.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч их хэмжээний хохирол учруулсан” хэмээн дурдсаныг анхан шатны шүүх “Х.У нь бусдыг хууран мэхэлж, хууль бусаар мөнгө олох зорилгоор 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б.Еын 103.000.000 төгрөгийг нэг хоногийн хугацаатай, банкны баталгаа гаргуулах нэрээр ХААН банкин дахь өөрийн дансандаа түр байршуулж, маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ХААН банкны “Хүчит шонхор” тооцооны төвөөс уг мөнгийг бэлнээр авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч их хэмжээний хохирол учруулсан” гэж хэргийн үйл баримтыг дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдлыг анхан шатны шүүхээс нотлон тогтоожээ.

 

Шүүгдэгч Х.Угийн “...хаалттай хорих байгууллагад хорих ял эдлэхийг нээлттэй болгож өгөхийг хүсч байна...”, хохирогч Б.Еын өмгөөлөгч А.Бүдхандын “...Хэрэгт харилцан эсрэг сонирхолтой хэргийн холбогдогч болох Х.Мэндбаярт Х.Угийн өмгөөлөгч Ө.Болормааг оролцуулж хууль зөрчин байцаалт авсан, ... Энэ гэмт хэргийг Х.Мэндбаярын хамт үйлдсэн, ...хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь, хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Х.Угийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчилж нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд буюу 7 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдалд тохирсон байна.

 

Хавтаст хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Серик 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, цагдаагийн ахмад Б.Отгонбаяр 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хаймчигийн Мэндбаярыг “2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ХААН банкны “Хүчит шонхор” тооцооны төвөөс иргэн Б.Еоос гадаадад гарах визний баталгаа гаргуулна гэж хуурч мэхлэн итгэл эвдэж 103.000.000 төгрөгийг залилан авсан” хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол баталж, түүнийг сэжигтэн яллагдагчаар байцаажээ. /1-р хх-ийн 111-120, 134-136, 2-р хх-ийн 69-73, 148-149, 156-157, 246-247, 3-р хх-ийн 47-48/,

 

Х.Мэндбаярт яллагдагчид урьд сонсгосон ялыг өөрчилж, ял сонсгох тогтоол үйлдэж, түүнээс мэдүүлэг авахдаа /2-р хх-ийн 68-75/ шүүгдэгч Х.Угийн өмгөөлөгч Ө.Болормааг оролцуулсан хэдий ч түүнийг сэжигтнээр мэдүүлэг өгөхөд өмгөөлөгч Ю.Тогмид /1-р хх-ийн 113-115/, урьд сонсгосон ялыг өөрчлөн сонсгох тогтоол үйлдэж мэдүүлэг авахад өмгөөлөгч Ө.Болормаа оролцоогүй /2-р хх-ийн 147-149, 157-159/ байна.

 

Түүнчлэн дээрх мөрдөн шалгах ажиллагааны дараа дахин 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Урьд сонсгосон ялыг өөрчилж шинээр ял сонсгох” тогтоолоор Х.Мэндбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, түүнчлэн прокурорын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, түүнээс мэдүүлэг авахад өмгөөлөгч Д.Алтанцол оролцжээ. /2-р хх-ийн 245-249, 3-р хх-ийн 40, 47-48/

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаар “Яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Х.Мэндбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /3-р хх-ийн 146-147/

 

Эдгээр мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хуулийн этгээдийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй” гэснийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Угийн өмгөөлөгч Ө.Болормааг оролцуулан Х.Мэнбаяраас авсан /2-р хх-ийн 68-75/ мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлээгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Хэрэгт харилцан эсрэг сонирхолтой хэргийн холбогдогч болох Х.Мэндбаярт Х.Угийн өмгөөлөгч Ө.Болормааг оролцуулж хууль зөрчин байцаалт авсан...” гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Үүнээс гадна шүүгдэгч Х.Угийн “Х.Мэндбаяртай гэмт хэрэг хамт үйлдсэн, Х.Мэндбаяр зохион байгуулсан, зааж өгсөн, мөнгийг банкнаас хамт авсан, мөнгийг хувааж авсан” гэж мэдүүлсэн мэдүүлгээс өөр энэ хэрэгт Х.Мэндбаярыг холбоотой гэж үзэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. /1-р хх-ийн 127-130/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, ...энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”,  мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заажээ.

 

Дээрх байдлуудыг харьцуулан дүгнэж үзвэл хохирогч Б.Еын өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан “Энэ гэмт хэргийг Х.Мэндбаярын хамт үйлдсэн. ...хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.У, хохирогч Б.Еын өмгөөлөгч А.Бүдханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: