Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1076

 

 

  

 

 

 

                                                      

                               

 

 

 

 

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39 дүгээр байрны 51 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧЛ 73031870, Зурхайч овогт Цэрэнваанчигийн Эрдэнэбатын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 8 дугаар хорооо, 7/1 дүгээр байрны 16 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар МЮ 76080870, Тайчууд овогт Жанчивийн Баатарсүрэнд  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Зээлийн хүүнд төлсөн 2 250 000 төгрөг болон 91-32 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах, талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Агиймаа  нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Ж.Эрдэнэбаттай 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг 2 тусдаа гэрээ байгуулан хийсэн, зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан.2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл нэг  сарын хугацаатай, хүүгүйгээр, төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцохоор зээлдүүлсэн.Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.Баатарсүрэн зээлийн төлбөрийг төлөхгүй байна.Иймд Ж.Баатарсүрэнгээс үндсэн зээлийн 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ж.Баатарсүрэн надаас 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 9 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан, зээл авсныг гэрчийн мэдүүлэгээр баталж байгаа, би 9 000 000 төгрөгийг өгч бид гарын үсэг зурсан баримт байгаа. Ж.Баатарсүрэн зээлийн хүү гэж 900 000 төгрөгийг манай эхнэрийн дансанд хийсэн байдаг.Би Ж.Баатарсүрэнд мөнгөө өг гэж шаардаж байсан.Би Ж.Баатарсүрэнтэй 2014 оны 9 сард уулзахад миний мөнгийг 12 000 000 төгрөг болгож өгнө гээд гэрээ байгуулж, нотариатаар батлуулаад 12 000 000 төгрөгийг 2 хувааж өгнө гэсэн боловч өгөөгүй.Үндсэн зээлийн 9 000 000 төгрөг, хүүний мөнгө 900 000 төгрөг нийт 9 900 000 төгрөг болж байна.Одоо Ж.Баатарсүрэнгээс 900 000 төгрөгийг авсанд тооцож, 9 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ж.Баатарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:Би тухайн үед Харгант Цамхаг Констракшн ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан бөгөөд компанийн ажил үүргийн дагуу 2013 оны 7 дугаар сард компанийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө Очир Ундраа ББСБ-ын зээлийн барьцаанд 70 сая төгрөгөөр тавигдсан байсныг чөлөөлүүлж Монголын Санхүүгийн Групп ББСБ-д 80 сая төгрөгөөр барьцаанд тавихаар болж Эрдэнэбат, Гансүх, Дашпүрэв зуучлагч нартай уулзаж зуучлалын хөлсөнд 10 хувь буюу 8 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон.Гэтэл Монголын Санхүүгийн Групп ББСБ-аас авах зээл нь тохиролцооны дагуу 80 сая төгрөг биш 69 сая төгрөгийн зээл болон батлагдаж гарч ирсэн.Ингэснээр зээл зуучлагч нартай анх тохиролцсон 80 сая төгрөгийн зээл тогтоолгож чадаагүй тул компани зээлийн зөрүүг хариуцахгүй зээл гардаж ажилласан гүйцэтгэх захирал хариуцана гэсэн юм.Би тухай ондоо буюу 2013 оны 9 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн ба түүнээс хойш өөрийн компанийн нэр дээр барилгын ажил гүйцэтгэж байсан боловч хамтран ажилласан компани санхүүгийн хямралаас болж хийж гүйцэтгэсэн ажлын хөлс багаар орж ирсэн боловч эргээд ажилчдын цалин хөлсөнд өгөгдсөн.Харин зээлд зуучилж өгсөн 3 зуучлагч нэгэнт өөрийн мөнгөөр зээлээс чөлөөлж, шинэ зээл гаргаж өгсөн тул үүнийгээ ажил гүйцэтгэсэнд тооцож 8 сая төгрөг, мөн үндсэн мөнгөнөөс 1 сая төгрөг дутсан гэж нийт 9 сая төгрөгийг зуучлалын хөлс авах ёстой гээд барьцааны зүйл өгөхийг шаардсан.Тиймээс ярилцсаны үндсэн зээр би өөрийн эзэмшлийн 91-32 УНЦ Mitsubushi canter машиныг үзүүлэхэд Гансүхийн нэр дээр шилжүүл гэсэн ба мөн зуучлалын мөнгөө өгч чадаагүй учраас сарын 5 хувийн торгууль төлөх ёстой гэсэн бөгөөд энэ зарчмаар үндсэн мөнгийг барагдуулах хүртэл сар бшр 5 хувийн хүүтэй, 450 000 төгрөгийг төлөхөөр болсон.Энэ тохиролцооны дагуу би 2013 оны 7 дугаар сараас 2014 оны 1 дүгээр сарыг дуустал сар бүр 450 000 төгрөг нийт 2 250 000 төгрөгийг Эрдэнэбат болон түүний эхнэрийн дансанд хийдэг байсан.Үүнээс хойш 2014 оны 7 сар хүртэл би санхүүгийн хүндрэлээс болоод хүү болон үндсэн мөнгөө өгч чадаагүйн улмаас барьцаанд байгаа машинаа өг гэж нэхсэн ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлэн 2014 оны 7 дугаар сарын 21-нд Гансүхийн нэр дээрх 91-32 УНЦ Mitsubushi canter машиныг Ч.Эрдэнэбатад бүрэн хүлээлгэж өгснөөр эрүүгийн хэрэг хаагдсан.Гэтэл 2014 оны 8 сарын сүүлээс Эрдэнэбат надтай уулзаж машиныг чинь авмааргүй байна, өөрийн мөнгөө авмаар байна, эсвэл машиныг 3 сая төгрөгөөр тооцож, нэмж 6 сая төгрөг, хүү алданги 6 сая төгрөг нийт 12 000 000 төгрөг нэхсэн.Тухайн үед би ажилгүй байсан тул боломжгүй, би та нараас нэг ч төгрөг аваагүй байж зуучлалын хөлсөнд 5 сарын хүү 2 250 000 төгрөг төлөөд дээр нь Цагдаагаар шалуулж, өөрийн эзэмшлийн машиныг өгөөд байхад гэж хэлэхэд нэгэнт зуучилсан нь үнэн тул мөнгөө өгч барагдуул гээд байнга сүрдүүлэх болсон тул уулзаж гэрээ байгуулсан.Иймээс би аваагүй мөнгөний хүүнд 2 250 000 төгрөг болон тухайн үеийн ханшаар 24 сая төгрөгийн үнэтэй байсан машин эсхүл машины үнэтэй дүйцэхүйц мөнгийг, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ашигласан хөлсийг нэхэмжилж байна, ар гэрийн амгалан тайван байдал, эхнэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, асуудлыг үнэн бодитоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Баатарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, талуудын хооронд үүссэн хэлцэл бодит байдалд нийцээгүй, хуулийн үндэслэлгүй байна.Хариуцагч Ж.Баатарсүрэн нэхэмжлэгчээс 9 000 000 төгрөг зээлж аваагүй, Ж.Баатарсүрэнгийн ажиллаж байсан Харгант Цамхаг ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой Очир Ундраа ББСБ-аас авсан 70 000 000 төгрөгийн зээлийг чөлөөлүүлэх буюу хаах нөхцөл үүссэн ба өөрөөр хэлбэл зээлийн хугацаа дууссан байсан тул Ж.Баатарсүрэн Харгант Цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар Ц.Эрдэнэбат, Гансүх, Дашпүрэв нартай уулзаж зээл чөлөөлөх талаар ярилцсан.Энэ 70 000 000 төгрөгийг хаахаар Монголын Санхүүгийн Групп ББСБ-аас барьцаанд тавсан үл хөдлөх хөрөнгийг тавьж 80 000 000 төгрөгийн зээл авна гэсэн.Гэтэл Монголын Санхүүгийн Групп ББСБ-аас 69 000 000 төгрөгийн зээл гарсан байдаг.Энэ үеэс Харгант Цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Баатарсүрэн болон Ц.Эрдэнэбат, Гансүх, Дашпүрэв нарын дунд 8 000 000 төгрөгийн маргаан үүссэн.Анх оруулсан 70 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөг дутсан.Зээлийн 10 хувь буюу 8 000 000 төгрөг дээр дутсан 1 000 000 төгрөг нийт 9 000 000 төгрөг нэхэмжилдэг.Түүнээс биш Ж.Баатарсүрэн нь Ц.Эрдэнэбатаас 9 000 000 төгрөг зээлж авсан асуудал болоогүй.Энэ болсон асуудлын дунд 9 000 000 төгрөг дутсан тул машинаа барьцаанд тавьсан гэрээ байгаа.Харгант Цамхаг ХХК-ийн зээлийг чөлөөлөхын тулд ийм асуудал болсон, бодит байдал дээр Ж.Баатарсүрэн Ц.Эрдэнэбатаас нэг төгрөг ч аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Ж.Баатарсүрэн болон түүний төлөөлөгч Г.Мягмардорж нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Ц.Эрдэнэбат нь надаас 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд бидний хооронд зээлийн гэрээ байгуулаагүй болох нь нотлогдоно.Миний зүгээс Хангант Цамхаг ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор өөрт хамааралгүй буюу гүйцэтгэх ёсгүй үүрэг гүйцэтгэж Ц.Эрдэнэбатад 2013 оны 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад зээлийн хүүгийн төлбөр гэж тус бүр 450 000 төгрөг нийт 2 250 000 төгрөг төлсөн тул энэхүү үндэслэлгүй төлсөн 2 250 000 төгрөгийг Ц.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү, Мөн Ц.Эрдэнэбат Ж.Баатарсүрэн хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мөнгө зээлсэн тухай хэлцэл хийгдсэн ба зээлийн барьцаанд 91-32 УНЦ улсын дугаартай Кантер маркийн тээврийн хэрэгслийг тавьж Ц.Эрдэнэбатад шилжүүлсэн байдаг.Гэтэл дээрх хэлцэл нь бодит байдлаар хэрэгжээгүй Ж.Баатарсүрэн нэхэмжлэгчээс 9 000 000 төгрөг хүлээж аваагүй байхад нэхэмжлэгч нь зээлийн барьцаа нэрээр тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байна. Иймд талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан мөнгө зээлдүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж 91-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ж.Баатарсүрэн 2013 оны 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад тус бүр 450 000 төгрөгийг нэхэмжлэгч болон түүний эхнэрийнх нь дансанд нийт 2 250 000 төгрөг төлсөн.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Ж.Баатарсүрэн эрх зүйн мэдлэг дутмагаас болоод дээрх мөнгийг өгсөн байдаг.Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь зээлийн гэрээний шаардлага хангахгүй байгаа тул Ж.Баатарсүрэнгийн үндэслэлгүй төлсөн 2 250 000 төгрөгийг Ц.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү.Мөн Ж.Баатарсүрэн нь 92-32 УНЦ улсын дугаартай, зантер маркийн ачааны машиныг Гансүхийн нэр дээр шилжүүлсэн байдаг.Иймд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүсэж байна.Энэ хэлцлээс болж Ж.Баатарсүрэнийн авто машинаа ашиглах, эзэмших эрх зөрчигдөж байгаа боловч авто машин гаргуулах сөрөг шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ж.Баатарсүрэн өөрөө манай эхнэрийн данс руу 2 удаа 450 000 төгрөг шилжүүлсэн, 5 удаа мөнгө шилжүүлсэн гэсэн баримт байхгүй, надад 2 250 000 төгрөг өгөөгүй.Надад Ж.Баатарсүрэн Харгант Цамхаг ХХК-ийн захирал гэж хэлж байсан боловч 9 000 000 төгрөгийг надаас зээлж авсан.Үүнээс Ж.Баатарсүрэнгийн мэдлэг дутуу, халхавчтлж хийсэн гэх нөхцөл байдал харагдахгүй байна.Мөнгө авсан гэдгээ өөрөө нотолж гарын үсэг зурсан баримт байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат хариуцагч Ж.Баатарсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 9 000 000 төгрөг болгон өөрчлөн шаардаж байна.

 

Хариуцагч Ж.Баатарсүрэн шүүхэд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах, 2 250 000 төгрөг болон 91-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Эрдэнэбатаас гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан боловч 91-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж сөрөг шаардлагаа багасгаж байна.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат хариуцагч Ж.Баатарсүрэн нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Мөнгө зээлсэн тухай” хэлцэл хийгдсэн байх бөгөөд уг хэлцэлд “Ц.Эрдэнэбат би Ж.Баатарсүрэнд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 9 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр болов, зээлийн барьцаанд Canter маркийн ачааны авто машиныг барьцаалах болов” гэжээ.

 

Энэхүү гэрээний агуулгаас харахад талууд ирээдүйд хийгдэх үйл баримтын талаар тохирсон байх бөгөөд Ц.Эрдэнэбат энэхүү хэлцлийн дагуу хариуцагчаас 9 000 000 төгрөгийг шаардаж байх боловч хэлцэлд дурдсан 9 000 000 төгрөгийг Ж.Баатарсүрэнд хүлээлгэн өгсөн тухай үйл баримтыг нэхэмжлэгч нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байхад Ц.Эрдэнэбат нь зээлийн мөнгийг Ж.Баатарсүрэнд хүлээлгэн өгсөн тухайгаа баримтаар нотлох үүрэгтэй байдаг.

 

Иймд Ц.Эрдэнэбатын Ж.Баатарсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Ж.Баатарсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн тухайд талуудын хооронд хийгдсэн 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь 9 000 000 төгрөгийг Ж.Баатарсүрэнд шилжүүлж өгсөн гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад Ж.Баатарсүрэн зээлийн хүү төлөх үндэслэлгүй байна.

 

Харин Ж.Баатарсүрэнгийн шаардаж байгаачлан 450 000 төгрөгөөр 5 удаа төлөлт хийж 2 250 000 төгрөгийг Ц.Эрднэнэбатад төлсөн гэх шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх бөгөөд Ц.Эрдэнэбатын зөвшөөрч байгаа буюу баримтаар нотлогдсон 900 000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.

 

Ц.Эрдэнэбатын тайлбарлаж байгаачлан түүний эхнэрийн эзэмшлийн дансанд Ж.Баатарсүрэн мөнгө шилжүүлэхдээ зээлийн хүү гэж бичиж шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд зохигчдын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн “Мөнгө зээлсэн тухай” хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг дурдаж, Ц.Эрдэнэбатаас 900 000 төгрөгийг гаргуулан Ж.Баатарсүрэнд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын төлсөн 206 950 төгрөг, хариуцагч Ж.Баатарсүрэнгийн төлсөн 230 750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  Ц.Эрдэнэбатаас 158 950 төгрөгийг гаргуулан Ж.Баатасүрэнд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Тайчууд овогт Жанчивын Баатарсүрэнгээс 9 000 000 /есөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Зурхайч овогт Цэрэнваанчигын Эрдэнэбатын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Ц.Эрдэнэбат, Ж.Баатарсүрэн нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн “Мөнгө зээлсэн тухай” хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг дурдаж, Ц.Эрдэнэбатаас 900 000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан Ж.Баатарсүрэнд олгож, сөрөг шаардлагаас үлдсэн 1 350 000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ц.Эрдэнэбатын төлсөн 206 950 төгрөг, Ж.Баатарсүрэнгийн төлсөн 230 750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  Ц.Эрдэнэбатаас 158 950 /нэг зуун тавин найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ж.Баатарсүрэнд олгосугай.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН