Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1393

 

Ц.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/01076 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Баатарсүрэнд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Зээлийн хүүнд төлсөн 2 250 000 төгрөг болон 91-32 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах, талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Баатарсүрэн надаас 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 9 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авсан нь гэрчийн мэдүүлгээр батлагдана. Би 9 000 000 төгрөгийг өгч, бид гарын үсэг зурсан баримт байгаа. Ж.Баатарсүрэн зээлийн хүү гэж 900 000 төгрөгийг манай эхнэрийн дансанд хийсэн. Би Ж.Баатарсүрэнд мөнгөө өг гэж шаардаж байсан. Ж.Баатарсүрэнтэй 2014 оны 9 сард уулзахад миний мөнгийг 12 000 000 төгрөг болгож өгнө гээд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг 2 хувааж төлнө гэсэн боловч төлөөгүй. 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай, хүүгүй, төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.Баатарсүрэн зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд үндсэн зээлийн 9 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, нийт 9 900 000 төгрөг болж байна. Одоо Ж.Баатарсүрэнгээс 900 000 төгрөгийг авсанд тооцож, 9 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Баатарсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би “Харгант Цамхаг Констракшн“ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2013 оны 7 сард компанийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө “Очир Ундраа” ББСБ-ын зээлийн барьцаанд 70 000 000 төгрөгөөр тавигдсан байсныг чөлөөлүүлж, “Монголын Санхүүгийн Групп” ББСБ-д 80 000 000 төгрөгт барьцаанд тавихаар Ц.Эрдэнэбат, н.Гансүх, н.Дашпүрэв зуучлагч нартай уулзаж зуучлалын хөлсөнд 10 хувь буюу 8 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гэтэл “Монголын Санхүүгийн Групп” ББСБ-аас авах зээл нь тохиролцооны дагуу 80 000 000 төгрөг биш 69 000 000 төгрөгийн зээл болон батлагдаж ирсэн. Компани зээлийн зөрүүг хариуцахгүй зээл гардаж ажилласан гүйцэтгэх захирал хариуцана гэсэн. Зээлд зуучилж өгсөн 3 зуучлагч ажил гүйцэтгэсэнд тооцож 8 000 000 төгрөг, мөн үндсэн мөнгөнөөс 1 000 000 төгрөг дутсан гэж нийт 9 000 000 төгрөгийн зуучлалын хөлс авах ёстой гээд барьцааны зүйл өгөхийг шаардсан. Бид ярилцсаны үндсэн дээр би өөрийн эзэмшлийн 91-32 УНЦ Mitsubushi canter машиныг н.Гансүхийн нэр дээр шилжүүлж, мөн зуучлалын мөнгөө өгч чадаагүй учраас сарын 5 хувийн торгууль төлөх ёстой гэсэн. Энэ зарчмаар үндсэн мөнгийг барагдуулах хүртэл cap бүр 5 хувийн хүүтэй, 450 000 төгрөгийг төлөхөөр болсон. Ингээд 2013 оны 7 сараас 2014 оны 1 сарыг дуустал cap бүр 450 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөгийг Ц.Эрдэнэбат болон түүний эхнэрийн дансанд хийсэн. 2014 оны 7 cap хүртэл би санхүүгийн хүндрэлээс шалтгаалж хүү болон үндсэн мөнгөө өгч чадаагүй. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн ба 2014 оны 07 дугаар сарын 21-нд н.Гансүхийн нэр дээрх 91-32 УНЦ Mitsubushi canter машиныг Ц.Эрдэнэбатад бүрэн хүлээлгэж өгснөөр эрүүгийн хэрэг хаагдсан. Гэтэл 2014 оны 8 сарын сүүлээс Ц.Эрдэнэбат надтай уулзаж “машиныг чинь авмааргүй байна, өөрийн мөнгөө авмаар байна, эсвэл машиныг 3 000 000 төгрөгөөр тооцож авч, нэмж 6 000 000 төгрөг, хүү алданги 6 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг авна” гэсэн. Би зуучлалын хөлсөнд 5 сарын хүү 2 250 000 төгрөг төлөөд дээр нь цагдаагаар шалгуулж, өөрийн эзэмшлийн машиныг өгсөн байхад намайг мөнгөө өгч барагдуул гэж сүрдүүлэх болсон тул гэрээ байгуулсан. Иймээс би аваагүй мөнгөний хүүнд 2 250 000 төгрөг болон тухайн үеийн ханшаар 24 000 000 төгрөгийн үнэтэй байсан машин эсхүл машины үнэтэй дүйцэхүйц мөнгийг, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ашигласан хөлсийг нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч Ж.Баатарсүрэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Бидний хооронд зээлийн гэрээ байгуулаагүй болох нь нотлогдоно. Миний зүгээс “Хангант Цамхаг” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор өөрт хамааралгүй буюу гүйцэтгэх ёсгүй үүрэг гүйцэтгэж Ц.Эрдэнэбатад 2013 оны 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад зээлийн хүүгийн төлбөр гэж тус бүр 450 000 төгрөг нийт 2 250 000 төгрөг төлсөн тул энэхүү үндэслэлгүй төлсөн 2 250 000 төгрөгийг Ц.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Ж.Баатарсүрэн эрх зүйн мэдлэг дутмагаас болоод дээрх мөнгийг өгсөн байдаг. Мөн Ц.Эрдэнэбат Ж.Баатарсүрэн нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөнгө зээлсэн тухай хэлцэл хийгдсэн ба зээлийн барьцаанд 91-32 УНЦ улсын дугаартай Кантер маркийн тээврийн хэрэгслийг тавьж Ц.Эрдэнэбатад шилжүүлсэн байдаг. Гэтэл дээрх хэлцэл нь бодит байдлаар хэрэгжээгүй Ж.Баатарсүрэн нэхэмжлэгчээс 9 000 000 төгрөг хүлээж аваагүй байхад нэхэмжлэгч нь зээлийн барьцаа нэрээр тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байна. Иймд талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүсч байна. Харин 91-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Эрдэнэбатаас гаргуулах сөрөг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Ж.Баатарсүрэн нь манай эхнэрийн данс руу 2 удаа 450 000 төгрөг шилжүүлсэн, 5 удаа мөнгө шилжүүлсэн гэсэн баримт байхгүй. Надад 2 250 000 төгрөг өгөөгүй. Ж.Баатарсүрэн нь “Харгант Цамхаг” ХХК-ийн захирал гэж хэлж байсан боловч 9 000 000 төгрөгийг надаас зээлж авсан. Үүнээс Ж.Баатарсүрэнгийн мэдлэг дутуу, халхавчилж хийсэн гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Мөнгө авсан гэдгээ өөрөө нотолж гарын үсэг зурсан баримт байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Тайчууд овогт Жанчивын Баатарсүрэнгээс 9 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Зурхайч овогт Цэрэнваанчигийн Эрдэнэбатын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Ц.Эрдэнэбат, Ж.Баатарсүрэн нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн "Мөнгө зээлсэн тухай" хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг дурдаж, Ц.Эрдэнэбатаас 900 000 төгрөгийг гаргуулан Ж.Баатарсүрэнд олгож, сөрөг шаардлагаас үлдсэн 1 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ц.Эрдэнэбатын төлсөн 206 950 төгрөг, Ж.Баатарсүрэнгийн төлсөн 230 750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Эрдэнэбатаас 158 950 төгрөгийг гаргуулан Ж.Баатарсүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Ж.Баатарсүрэн нь зээл авсан баримтыг бичгээр үйлдэж 2013 оны 07 сарын 18-ны өдрөөс 2013 оны 09 сарын 18-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай 9 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн зээлийн гэрээ хийгдэж, зээлийн хүүгийн төлбөр 2013 оны 08 сарын 20-ны өдөр 450 000, мөн 09 сарын 22-ны өдөр 450 000 төгрөг буюу нийт 900 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын эхнэр Л.Мөнгөнчимэгийн Хаан банкны дансанд шилжүүлсэн болох нь гэрч Л.Мөнгөнчимэгийн мэдүүлэг болон Хаан банкны дансны хуулга, зээлийн гэрээ хийгдсэн болохыг гэрчилсэн гэрч С.Гансүх нарын мэдүүлгээр тогтоогддог. Иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт "Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно" гэж заасан бөгөөд мөнгө зээлсэн тухай баримтанд зээл авсан Ж.Баатарсүрэн гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Харин мөнгө зээлсэн тухай баримтад хариуцагч Ж.Баатарсүрэн нь ямар нэг компанийг төлөөлж зээлийн гэрээ хийсэн талаар заалт байхгүй, энэ талаар ярьж дурдаж байгаагүй, зөвхөн иргэнийг төлөөлж зээлийн гэрээ хийсэн байдаг. Гэтэл шүүх хариуцагчийн удаа дараагийн компанитай холбоотой гэх үндэслэлгүй хүсэлтийг хангаж нотлох баримтыг цуглуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрт зохигчид хоорондын хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон гэх боловч ямар нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт нотлох баримтыг дурьдаагүй байна. Хэдийгээр хариуцагч Ж.Баатарсүрэн нь хуульд заасан эрхийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч авах эрхтэй боловч шүүх хуралдаанд санаатайгаар орохоос зайлсхийж бодит байдлыг гуйвуулан шүүхийг төөрөгдүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд хариуцагчийн үнэн бодит байдлыг мэдүүлээгүй, төлөөлж чадахгүй байна гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01076 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэргийн нөхцөл байдал, үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат хариуцагч Ж.Баатарсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2 250 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ц.Эрдэнэбат, Ж.Баатарсүрэн нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр "Мөнгө зээлсэн тухай" хэлцэл хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон зааж тайлбарласан. Хариуцагч зээлийн гэрээ байгуулагдаагүй, бидний дунд зуучлалын хөлс, мөнгөний асуудал байсныг нэхэмжлэгч дарамталж зээлийн гэрээ болгон бичүүлсэн гэж тайлбар гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудын тайлбарыг  нотлох баримтаар үнэлнэ.

 

Шүүх талуудын тайлбарын зөрүүг гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нарийвчлан тодруулаагүй, тодруулах ажиллагааг бүрэн хийгээгүй, маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулснаар зуучлалын болон зээлийн гэрээнээс үүсэх үүрэг, эсхүл үүрэг солигдсон эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байжээ. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуулийн зохицуулалтуудыг зөв оновчтой сонгож хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

 

Талуудын хооронд шилжүүлсэн зээлийн хүү гэх 900 000 төгрөг, Canter маркийн ачааны автомашин маргаанд буюу нэхэмжлэлийн шаардлагад ямар хамааралтай болох нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн яаж үнэлсэн талаар заагаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх шаардлагыг зөрчжээ.

 

Хэргийн баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах, давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/01076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                         Д.ЦОГТСАЙХАН       

 

                                                                                     Б.НАРМАНДАХ