Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2224

 

Ц.Эын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02295 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э хариуцагч Ж.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2 250 000 төгрөг гаргуулах, 91-32 УНЦ улсын дугаартай автомашин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Бтэй 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нийт 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нэг сарын хугацаатай, хүүгүй, төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор зээлдүүлсэн гэх тайлбараа өөрчлөн 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 9 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан, 2 сарын хүү болох 900 000 төгрөгийг эхнэр Л.Мгийн дансанд шилжүүлсэн, зээлийн гэрээ байгуулж, барьцаанд түүний 91-32 УНЦ улсын дугаартай автомашиныг барьцаалж, Э.Гийн нэр дээр шилжүүлсэн. Л.Мгийн данс руу 2 удаа 450 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагчаас 5 удаа мөнгө шилжүүлсэн гэсэн баримтгүй, 2 250 000 төгрөг өгөөгүй, мөнгө авсан гэдгээ өөрөө нотолж гарын үсэг зурсан баримт байгаа тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ж.Б миний мөнгийг 12 000 000 төгрөг болгож өгнө гээд гэрээ байгуулж, нотариатаар батлуулаад өгөөгүй тул гэрээний үүрэгт үндсэн зээл 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ: "Харгант Цамхаг Констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байхдаа 2013 оны 7 дугаар сард компанийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг "Очир Ундраа" ББСБ-ын зээлийн барьцаанд 70 000 000 төгрөгөөр тавигдсан байсныг чөлөөлүүлж "Монголын Санхүүгийн Групп" ББСБ-д 80 000 000 төгрөгөөр барьцаанд тавихаар болж н.Э, н.Гх, н.Д зуучлагч нартай уулзаж зуучлалын хөлсөнд 10 хувь буюу 8 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэтэл "Монголын Санхүүгийн Групп" ББСБ-аас авах зээл нь тохиролцооны дагуу 80 000 000 төгрөг биш 69 000 000 төгрөгийн зээл болон батлагдан гарч ирсэн. Ингэснээр зээл зуучлагч нартай анх тохиролцсон 80 000 000 төгрөгийн зээл тогтоолгож чадаагүй тул 2013 оны 9 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнээс хойш өөрийн компанийн нэр дээр барилгын ажил гүйцэтгэж байсан боловч хамтран ажилласан компани санхүүгийн хямралаас болж хийж гүйцэтгэсэн ажлын хөлс багаар орж ирэн ажилчдын цалин хөлсөнд өгөгдсөн. Харин зээлд зуучилж өгсөн 3 зуучлагч нэгэнт өөрийн мөнгөөр зээлээс чөлөөлж, шинэ зээл гаргаж өгсөн тул үүнийгээ ажил гүйцэтгэсэнд тооцож 8 000 000 төгрөг, мөн үндсэн мөнгөнөөс 1 000 000 төгрөг дутсан гэж нийт 9 000 000 төгрөгийг зуучлалын хөлс авах ёстой гээд барьцааны зүйл өгөхийг шаардсан. Тиймээс ярилцсаны үндсэн зээр би өөрийн эзэмшлийн 91 УНЦ улсын дугаартай автомашиныг үзүүлэхэд н.Г нэр дээр шилжүүл гэсэн ба мөн зуучлалын мөнгөө өгч чадаагүй учраас сарын 5 хувийн торгууль төлөх ёстой гэсний дагуу үндсэн мөнгийг барагдуулах хүртэл cap бүр 5 хувийн хүүтэй, 450 000 төгрөгийг төлөхөөр болсон. Энэ тохиролцооны дагуу би 2013 оны 7 дугаар сараас 2014 оны 01 дүгээр сарыг дуустал cap бүр 450 000 төгрөг нийт 2 250 000 төгрөгийг Ц.Э болон түүний эхнэрийн дансанд хийдэг байсан. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлэн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Э.Г нэр дээрх 91-32 УНЦ улсын дугаартай автомашиныг Ч. бүрэн хүлээлгэж өгснөөр эрүүгийн хэрэг хаагдсан. Гэтэл Ц.Э надтай уулзаж машиныг чинь авмааргүй байна, өөрийн мөнгөө авмаар байна, эсвэл машиныг 3 000 000 төгрөгөөр тооцож, нэмж 6 000 000 төгрөг, хүү алданги 6 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг нэхсэн. Тухайн үед би ажилгүй байсан тул боломжгүй, би та нараас нэг ч төгрөг аваагүй байж зуучлалын хөлсөнд 5 сарын хүү 2 250 000 төгрөг төлөөд дээр нь цагдаагаар шалуулж, өөрийн эзэмшлийн машиныг өгөөд байхад гэж хэлэхэд нэгэнт зуучилсан нь үнэн тул мөнгөө өгч барагдуул гээд байнга сүрдүүлэх болсон тул уулзаж гэрээ байгуулсан. "Хангант Цамхаг" ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор өөрт хамааралгүй буюу гүйцэтгэх ёсгүй үүрэг гүйцэттэж Ц. Э 2013 оны 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад зээлийн хүүгийн төлбөр гэж тус бүр 450 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөг төлсөн тул энэхүү үндэслэлгүй төлсөн 2 250 000 төгрөгийг Ц.Эаас гаргуулж, мөн талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан мөнгө зээлдүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 91 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Э гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Бгээс 9 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Э холбогдох “2013 оын 7 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгө зээлсэн тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2 250 000 төгрөг гаргуулах, 91 УНЦ улсын дугаартай, “Мицубиши Кантер” загварын автомашин гаргуулах тухай” хариуцагч Ж.Бгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 230 750 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн  зүгээс 2016 оны 09 дүгээр сарын  01-ны  өдөр 6 000 000  төгрөгөөр тус бүр 2 удаа хийсэн "Зээлийн гэрээ"-нүүдийг үндэслэл болгож 12 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Анхан шатны шүүх  "Зээлийн гэрээ"-нүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл  зээлийн гэрээнүүд нь бодит байдлаар байгуулагдаж, талуудын дунд Иргэний хуулийн 281, 282, 283, 284, 285, 286 дугаар зүйлүүдэд заасан эрх зүйн харилцаа үүсгээгүй болохыг хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хариуцагчийн татгалзал тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан үйл баримтуудаар тогтоогдож байгааг анхан шатны шүүх дүгнэж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэа тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь татгалах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тодорхой заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь хууль бус юм. Нөгөө талаар анхан шатны шүүх 2295 дугаартай шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт талуудын дунд "Зээлийн гэрээ" байгуулагдаж улмаар барьцаа үүсгэж хариуцагчаас нэхэмжлэгчид автомашин барьцаалж "Барьцааны гэрээ" байгуулагдсан нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болсон талаар дурдсан. Гэтэл  "Барьцааны гэрээ" тус гэрээний дагуу шилжүүлж буй тээврийн хэрэгсэл зэрэг нь нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийн шаардлагатай аль ч талаар хамааралгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон "Зээлийн гэрээ", мөнгөн дүн, цаг хугацаа зэрэг нөхцөл байдалтай хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүд зэрэг үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Ж.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Б эс зөвшөөрч 2 250 000 төгрөг гаргуулах, зээлийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 91 УНЦ улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх.1,27,41,79/

 

            Нэхэмжлэгч Ц.Э 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 9 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй хариуцагч Ж.Б зээлүүлэх тухай гэрээ, зээлийн барьцаанд 91 УНЦ улсын дугаартай автомашиныг барьцаалсан тухай бичсэн баримт хэрэгт авагдсан /хх.17/ боловч уг баримтад 9 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагчид зээлдүүлэхээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлсэн болохоо баримтаар нотолж чадаагүй байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгө хүлээлгэн өгснөөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар мөнгийг шилжүүлсэн бодит үйлдлээр байгуулагдсанд тооцогддог гэрээ болно.

 

            Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгө барьцааны зүйл байж болох бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулна. Талуудын дээрх баримт бичигт 91 УНЦ улсын дугаартай автомашины талаар тусгасныг Ж.Б, Э.Г нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу юм. Учир нь маргаж буй 91 УНЦ улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Ж.Б нь гэрч Э.Гтэй хийсэн баримт /хх.131/ хэрэгт авагдсан байх бөгөөд эдгээр этгээдийн хоорондын утга агуулгын хувьд барьцааны шинжгүй хэлцлийг үндэслэл болгон нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Ж.Б нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй юм. Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Ц.Этын өмнө барьцааны гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй байна. Иймд хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгчээс уг автомашиныг гаргуулахаар шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.

 

            Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан 2 250 000 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Учир нь уг мөнгийг хариуцагч Ж.Б нэхэмжлэгч Ц.Этад биш, нэхэмжлэгчийн эхнэр Л.Мгийн дансанд шилжүүлсэн байсныг үндэслэн Ц.Этыг уг мөнгийг хүлээн авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй юм.

 

            Гэрч Э.Г, Л.М нар хариуцагчийг нэхэмжлэгчээс мөнгө хүлээж авсан талаар мэдүүлэг өгсөн боловч эдгээр гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм. /хх.21,56/ Тодруулбал, гэрч Э.Г мэдүүлэгтээ “...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээл өгснийг би мэднэ. Мөнгө авсан баримтыг цаасан дээр би бичиж өгөөд энэ хоёр хүнээр гарын үсэг зуруулсан” гэж, гэрч нэхэмжлэгчийн эхнэр Л.М мэдүүлэгтээ” ...Тухайн үед машин дотор хийгдсэн асуудал юм. Би өөрийнхөө машинд сууж байсан. Бэлнээр Ж.Бд 9 000 000 төгрөг өгсөн” зэргээр тус тус гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Мөн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1058 дугаартай Прокурорын тогтоолоос үзэхэд уг иргэний хэрэгт гэрч Э.Г нь хариуцагч Ж.Бд холбогдуулан маргааны зүйл болох мөнгөтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргаж байсан нь тогтоогдож байна. Дээрх нотлох баримт нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгчийг хариуцагчид мөнгийг бодитойгоор шилжүүлсэн гэж дүгнэх боломжгүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Ж.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Этын нэхэмжлэл, хариуцагч Ж.Бгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                       С.ЭНХТӨР

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ