Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1081

 

Б.Энхжаргал, С.Ганчимэг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/00662 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Энхжаргал, С.Ганчимэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвд тус тус холбогдох

 

Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Энхбаяр

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Н.Мандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхжаргал 1998 оноос, С.Ганчимэг 1999 оноос тус тус Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвд тээшийн няраваар ажиллаж байсан. УБТЗ-ын Тээш худалдааны төвд Дотоод аудит хяналтын хэлтсийн шалгалт хийгдсэн гэх нэрээр шалгалтын дүн, гарсан актыг танилцуулаагүй, шалгалтын үр дүнгийн талаар 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хурал хийсэн боловч ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй гэнэт дуудан тодорхой хэмжээний мөнгийг хувьдаа ашигласан дутагдал илэрсэн гэсэн үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн 83 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нар 2016 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэдэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тээврийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 613 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Иймд Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалин олговорт  С.Ганчимэгийн 245 хоног ажилгүй байсан нэг өдрийн цалин 38 864 төгрөг гэж тооцон нийт 9 132 100 төгрөг, Б.Энхжаргалын 245 хоног ажилгүй байсан нэг өдрийн цалин 34 116 төгрөг гэж тооцон нийт 8 017 260 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Энхжаргал, С.Ганчимэг нарын ажилд Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсээс шалгалт хийж кассир Б.Энхжаргал 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Замын үүдээс Эрдэнэт өртөө хүртэл ачаа тээвэрлүүлж, ачааны 550216 дугаартай тасалбараар 454 915 төгрөг тушаасан байхад түүнийг хүчингүй А0077742 туслах тасалбар үйлдэж 550216 дугаартай тасалбарыг хүчингүй болгосон. Ачаа Замын Үүдээс Эрдэнэт хүртэл тээвэрлэгдээд эзэн нь хүлээж авсан байхад ямар учраас энэ мөнгө алга болсон, тухайн иргэн ачаагаа бүрэн хүлээн авсан байдаг. Кассир С.Ганчимэг нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 552183 дугаартай тасалбараар 170 615 төгрөгийг н.Алтанчимэг гэдэг хүнээс хураан авсан боловч мөн 77421 туслах тасалбараар хүчингүй болгосон. Гэтэл үйлчлүүлэгч н.Алтанчимэгийн ачааг тээш түгээгч Н.Ганзориг хүлээн авч хүргэж өгсөн. Ямар учраас 170 615 төгрөгийн тээш тээврийн орлого алга болов гэсэн асуудал үүссэх бөгөөд тухайн мөнгийг нэхэмжлэгч нар хувьдаа завшсан гэж үзэх бөгөөд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон. Нэхэмжлэгч Б.Энхжаргал 46 удаагийн үйлдлээр 10 544 378 төгрөг, С.Ганчимэг 19 удаагийн үйлдлээр 3 200 975 төгрөгийн дутагдал гаргасан болохыг Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтэс шалган тогтоож баримтаар бүрэн нотолсон. Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгө хариуцсан ажилтнууд бөгөөд үйлчлүүлэгчид мөнгө тушааж тэр баримтаа үзүүлээд тээш илгээх эрх нээгдэж тээшээ вагонд ачаад тээвэрлэлт эхлэн улмаар хүлээн авах өртөөнд үйлчлүүлэгч ачаагаа авсны дараа мөнгө тушаасан тасалбарыг хүчингүй болгоод мөнгийг буцааж гаргаж аваад байгаа үйлдэл нь Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.3-т “хөдөлмөрийн гэрээнд нь тухайлан тусгасан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно”, мөн зүйлийн 5.3.5-т “албан тушаалаа ашиглан ачаа, тээш, ачаан тээш, зорчигчийг үнэ хөлсгүй тээвэрлэсэн” гэсэн зөрчил тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, тушаал хууль зөрчөөгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Энхжаргал, С.Ганчимэг нарыг Замын Үүд хэсгийн тээшийн нярав-пүүлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 9 132 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ганчимэгт, 8 017 260 төгрөг гаргуулж Б.Энхжаргалд тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхжаргал, С.Ганчимэг нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 243.697 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулж, Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвийг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нотлох баримтаар 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс 2015 оны 8 дугаар сарын 31-ийг хүртэлх Замын Үүд тээшийн касс хүчингүй тасалбарын тайлан, тасалбарын дугаартай давхцаж буй тасалбарын жагсаалт, тээш тээврийн список, 2015 оны 01 дүгээр сарын сараас 12 дугаар сар хүртэлх тээшийн болон туслах тасалбар бүхий 2 хавтас материалыг тус тус баримтаар ирүүлсэн.

Дээрх баримт нь хүн мөнгө тушаасан ба буцааж мөнгө авсан хүний гарын үсэг нь хоосон байгаа тул мөнгөн хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэж ажлаас халсан болохыг шүүх анхаараагүй байна. Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгө хариуцсан  ажилтнууд бөгөөд үйлчлүүлэгчид мөнгө тушааж тэр баримтаа үзүүлээд тээш илгээх эрх нээгдэж тээшээ вагонд ачаад тээвэрлэлт эхлэн улмаар хүлээн авах өртөөнд үйлчлүүлэгч ачаагаа авсны дараа мөнгө тушаасан тасалбарыг хүчингүй болгоод мөнгийг буцааж гаргаж аваад байгаа үйлдэл нь Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.3-т “Хөдөлмөрийн гэрээнд нь тухайлан тусгасан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” мөн зүйлийн 5.3.5-т “Албан тушаалаа ашиглан ачаа, тээш, ачаан тээш, зорчигчийг үнэ, хөлсгүй тээвэрлэсэн” гэсэн зөрчил тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болохыг шүүх анхаарсангүй.

Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсээс нэхэмжлэгч нарыг ажлыг шалгаж  кассир Б.Энхжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлчлүүлэгч Ууганбаярын  76 байр ачааг Замын Үүдээс Эрдэнэт өртөө хүртэл тээвэрлүүлсэн ачааны 550216 дугаартай тасалбараар 454 915 төгрөг тушаасныг хүчингүй А0077742 туслах тасалбар үйлдэж 550216 дугаартай тасалбарыг хүчингүй болгожээ. Ачаа Замын-Үүдээс Эрдэнэт хүртэл тээвэрлэгдээд эзэн нь хүлээн авсан байхад ямар учраас энэ мөнгө алга болсон тухайн иргэн ачаагаа бүрэн хүлээн авсан байдаг.

Нэхэмжлэгч Б.Энхжаргал нь 46 удаагийн үйлдлээр 10 544 3780 төгрөг, С.Ганчимэг нь 19 удаагийн үйлдлээр 3 200 975 төгрөгийн дутагдал гаргасан болохыг Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтэс шалган тогтоож баримтаар бүрэн нотолсон. Энэ асуудлыг эрүүгийн 201624000333 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хяналтын прокурорын тогтоолыг УЕП газраас хүчингүй болгож шийдвэрлэсэн баримтыг авч ирж өгнө гэсээр байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргал, С.Ганчимэг нар нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвд тус тус холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,нэхэмжлэгч нарын гаргасан зөрчил нь тогтоогдсон тул тушаал хууль зүйн үндэслэлтэй“ гэж маргажээ.

 

Б.Энхжаргал, С.Ганчимэг нар нь хариуцагч байгууллагын Замын-Үүд хэсгийн тээшийн нярав-пүүлэгчийн ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын тээш, худалдааны төвийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 83 дугаар тушаалаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгджээ. /1-р хх-ийн 3-12/

 

Дээрх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгөн болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон байх ёстой бөгөөд уг зөрчлийг хууль, санхүүгийн болон хяналтын эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхаар заажээ.

 

Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналтын хэлтсийн шалгалтаар нэхэмжлэгч нарыг зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх боловч шалгалтын дүнг хэлэлцсэн хурлаар хэн буруутай болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч нарт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон байх тул Б.Энхжаргал, С.Ганчимэг нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан зөрчил гаргасан гэж үзэхээргүй байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

 

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргаж, тушаалыг хүчингүй болгуулах нь нэхэмжлэлийн шаардлага бус шаардлагын үндэслэлд хамаарч байгааг анхаарч зөв дүгнээгүйг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтад “шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно” гэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дох хэсэгт заасан шийдвэр “хүчинтэй” болох, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасан шийдвэр “хүчин төгөлдөр” болох нь 2 өөр агуулга, үр дагавартай ойлголт тул шүүхийн шийдвэрийн 6 дахь хэсэгт “хүчин төгөлдөр” гэснийг “хүчинтэй” гэж өөрчлөх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/00662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхжаргал, С.Ганчимэг нарыг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Замын-Үүд хэсгийн тээшийн нярав-пүүлэгчийн ажилд тус тус эгүүлэн томилж, хариуцагч Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвд холбогдох нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 5 дах заалтыг хүчингүй болгож, “6” дах заалтыг “5” гэж дугаарлан “хуулийн хүчин төгөлдөр” гэснийг “хүчинтэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 697 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧИД                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                  Ш.ОЮУНХАНД