Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1025

 

Ч.Одчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Одчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Энхчимэгт холбогдох

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2 346 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Мөнхтуяа

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Өлзий-Отгон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхчимэг нь нэхэмжлэгчийн толгойн тус газарт  гараараа 2 удаа цохиж, түлхэж унагаагаад нүүрийг нь маажиж гэмтэл учруулсан. Үүний улмаас хөнгөн гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 09 ШЭ/301 тоот дүгнэлтээр тогтоогдож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Энхчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Д.Энхчимэгт зодуулж, маажуулж нүүрэндээ маш олон тооны хумсны гүн сорвитой үлдсэний улмаас Улаанбаатар хотын CINDERELLA арьс гоо заслын эмнэлэгт арьс нөхөн сэргээх эмчилгээг 2 346 300 төгрөгөөр эмчлүүлсэн. Иймд Энхчимэгээс 2 346 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Энхчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одчимэгийн биед хөнгөн гэмтэл учруулж ял шийтгэл хүлээсэн нь үнэн. Би Одчимэгийг нэг л удаа маажсан. Арьс нөхөн сэргээх мэс засал хийлгэсэн гэдэгт эргэлзэж байна. Эрүүгийн хэргийн шүүх хурал болох үеэр Одчимэгийн нүүрэнд бүдэгхэн 2-3 сорви байсан, түүнээс мэс ажилбар, гоо сайхны эмчилгээ хийлгэхээр шарх сорви байгаагүй, миний үйлдлийн улмаас эмчилгээ хийлгэсэн гэхэд итгэхгүй, баримт нь хуурамч гэж үзэж байгаа тул шаардлагыг зөвшөөрөхгүй. Эмнэлэгт үзүүлсэн карт бусад холбоотой баримтууд байхгүй байна. Шийтгэх тогтоолоор би 288 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан гэжээ.

 

            Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Хамниган овогт Дамбын Энхчимэгээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 13 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Их мэргэд овогт Чүлтэмсүрэнгийн Одчимэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 332 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Энхчимэгээс 4550 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.02.13 ны өдрийн 249 дугаартай захирамжаар шаардан авсан төлбөр төлсөн талаарх 1 хуудас нотлох баримтыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц CINDERELLA арьс гоо заслын эмнэлэгт буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад үүрэг болгож шийдвэрлэжээ.

           

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тухайн гэмт хэргийн улмаас Ч.Одчимэгийн духны баруун хэсэгт 5x0,2см, 3x0,2см, 2x0,2см, баруун хацарт 6x0,2см, 8x0,2см, хамрын нурууны зүүн хэсэгт 3x0,2см зүүн хацарт 5x0,2см, 2x0,2см, 1x0,2см, 0,5х0,5см 3x0,2 см арьсны гүн шарх гэмтэл авсан. Ч.Одчимэг нь  “Cinderella” арьс гоо заслын эмнэлэгт арьс нөхөн сэргээх буюу сорив арилгах эмчилгээг 2016.09.03-аас 2017.01.31-ний өдрийн хооронд нийт 8 удаа нүүрний лазер, РРР, Cinderella гэх мэт эмчилгээг хийлгэж тухайн эмчилгээний зардлаа хариуцагч Д.Энхчимэгээс гаргуулахаар нэхэмжилсэн. Д.Энхчимэг нь 2017.02.01-ны өдөр Ч.Одчимэгийн арьс нөхөн сэргээх эмчилгээг хийлгэсэн гэх “Cinderella” арьс гоо заслын эмнэлгээс эмчилгээ хийлгэсэн эсэх өвчний түүхийг эх хувиар нь эсвэл хуулбарын гаргуулах хүсэлтийг гаргаж,  тус шүүхийн 2017.02.13-ны өдрийн 249 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангасан боловч санхүүгийн баримт эх хувиар шүүхэд ирсэн, өвчний түүх ирээгүй. Мөнхтуяа миний бие өвчний түүхийг гаргуулахыг хүссэн ч нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлэх ёстой гэсэн. Мөн “Cinderella” гэх тариа нь хөгширөлтийг удаашруулж, дархалаа сайжруулах, өөх тос нүүрс усны илүүдлийг гадагшлуулах, таргалахаас сэргийлэх жин барьхад өндөр үр дүнтэй гэсэн зориулалттай эмчилгээ, зөвхөн дархлаа сайжруулах зорилгоор хийдэг гэх мэтчилэн буруу тайлбарласан. 20-иод тооны гүн  соривыг арилгахын тулд нэг тос түрхээд арилгах ямарч боломжгүй тул эхлээд лазар эмчилгээ буюу нүүрний соривтой хэсгийг түлж эмчилсэн, зодуулж, нүүрэндээ маш олон тооны соривтой болоогүй байсан бол тухайн өндөр өртөгтэй эмчилгээг хийлгэхгүй байсан. Бүтэн 5 сар Улаанбаатар хот руу цаг зав, мөнгө хөрөнгөө гаргаж эмчлүүлснийг шүүх үнэлээгүй нь харамсалтай юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Одчимэг нь хариуцагч Д.Энхчимэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2 346 300 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэж маргажээ.

 

Хариуцагч Д.Энхчимэг нь 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ч.Одчимэгийг зодож нүүрэнд нь арьсны гүн шарх гэмтэл уруулсан болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

 

Д.Энхчимэг нь нэхэмжлэгчийг зодож гэмтээсэн гэм буруугийн асуудалд  маргаагүй, гагцхүү нүүрэндээ хийлгэсэн гэх эмчилгээ нь түүний учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотойгоор хийлгэсэн эсэх, эсхүл гоо сайхны эмчилгээний аль нь болох тухайд маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр                Ч.Одчимэгийн өвчний түүхийг эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн гэх эмнэлгээс авахуулахаар шүүгчийн захирамж гарсан боловч уг баримтыг ирүүлээгүй, захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасантай нийцэхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хэрэв иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гаргаж өгөх боломжгүй бол энэ тухайгаа шаардсан шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. “Синдерелла” эмнэлгээс Ч.Одчимэгийн эмчилгээ хийлгэсэн шалтгаан, шаардлагыг нотлох баримт болох өвчний түүхийг яагаад гаргаж өгөөгүй болон өвчний түүх байгаа эсэхийг тайлбарласан хариу хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Ч.Одчимэгийн эмчилгээ хийлгэсэн шалтгааныг тогтоосноор тухайн эмчилгээ нь хариуцагчийн учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх нь тодорхой болох юм. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх эрх зүйн  дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хэдэн төгрөг нь ямар эмчилгээнд хамаарах, юуны зардал болохыг тодруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Ч.Одчимэг нь давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ТУЯА

                ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                    Ш.ОЮУНХАНД