Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00612

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01850 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2273 дугаар магадлалтай, 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

МХС ТӨХХК-д холбогдох, 

МХС ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд уовд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 5.022.474 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, З.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...МХС ТӨХХК-ийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар тус компанийн Хүний нөөцийн хэлтсийн Хүний нөөцийн ажилтны албан тушаалд туршилтын хугацаагаар, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/430 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон. МХС ТӨХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 дугаар тушаал гарч ажлаас халсан. Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1.1.3, 11.1.4.6, 11.1.4.10, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудын тус тус зөрчсөн гэх боловч дээрх үндэслэлүүдийг зөвшөөрөхгүй. Тус компанид ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон холбогдох дүрэм, журамд заасан ямар нэгэн сахилгын зөрчил бодитоор гаргаагүй, ажилтнуудыг дарамтлаагүй. Үүрэгт ажлаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу үнэнч шударгаар гүйцэтгэж байхад н.Баярмагнай дарга олон сарын өмнөөс намайг ажлаас халах гээд байсан санаагаа хэрэгжүүлсэн. Иймд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай МХС ТӨХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус компанийн хүний нөөцийн ажилтны албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 5.022.474 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-ын шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Н- нь МХС ТӨХХК-ийн Ерөнхий удирдлагын газрын Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ажилтнаар 2015 оны 9 дүгээр сараас ажилласан бөгөөд тус газрын Аж ахуй, үйлчилгээний хэлтсийг хариуцан ажилладаг байсан. Түүний хариуцдаг хэлтсийн ажилтнуудаас Б.Н-ыг ажилтнуудтай зүй бус харьцдаг буюу цалингийн зээл авахуулж, эргэн төлөхгүй удаадаг, цагийн хоцрогдолтой ажилтнуудыг цагийг чинь зохицуулж өгсөн гэдэг шалтгаанаар мөнгө зээлэх нэрийн дор нэхэж авдаг, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлсэн ажилтнаас би зохицуулж өгсөн мөнгө өг гэж шаардсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаад байгаа тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Компанийн хүний нөөцийн зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар Б.Н-ыг байлцуулан Хөдөлмөрийн дотоод журам, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх талаар хэлэлцсэн. Уг хурал дээр Б.Н- нь ажилтнуудаас мөнгө зээлсэн гэхдээ эргүүлэн төлсөн, зарим ажилтнаар Зэс карт гаргуулан хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн. Ш.Цэцэгсүрэнгээс 100.000 төгрөг аваад 40.000 төгрөгийг буцааж өгөөгүй гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Эдгээр үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны хориглох зүйлийг зөрчсөн буюу албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн хариуцан ажилладаг Аж ахуйн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудаас цалингийн урьдчилгаа авахуулж мөнгө авсан, Голомт банк ХХК-ийн зэс карт гаргуулан ашигласан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах үндэслэл болсон. Мөн Б.Н- нь компанийн аттестатчиллын шалгалтад давтан хангалтгүй дүгнэгдсэн нь ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах шалтгаан болсон. Гэхдээ бид тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлаагүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01850 дугаар шийдвэрээр Б.Н-ын МХС ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.022.474 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс 95.310 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2273 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ Б.Н- намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заагдсан “ноцтой зөрчил” гаргасан гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ шийдвэр болон магадлалынхаа “Үндэслэх” хэсэгт ажлын байрны давуу байдлаа ашиглаж бусад ажилчдаас зээл авсан, тэдгээрт олгогдсон мөнгийг авсан, өөртөө үлдээсэн зэрэг зөрчил гаргасан гэжээ. Гэтэл миний бие болон бусад ажилчдын хооронд бий болсон зээл өгч, авах асуудал нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заагдсан иргэд хоорондын зээлийн харилцаа юм. Шүүх ч ийнхүү зээлийн гэрээний харилцаа бий болсныг хүлээн зөвшөөрсөн. Гэвч зээлийн гэрээ байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, дарамт шахалт үзүүлсэн гэж үзсэн нь Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэг болсон. Тодруулбал аливаа гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагддаг. Талууд тухайн гэрээний харилцаанд нэг тал болж орох эсэх, орвол ямар нөхцөлөөр гэрээ байгуулахаа харилцан тохиролцож шийдвэрлэдэг. Хэрэв ийнхүү хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлээгүй, хэн нэгний дарамт шахалт, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлээс болж гэрээ байгуулагдсан бол энэ нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулах ёстой. Энэ нөхцөлд тухайн хэлцэл үнэхээр хүчин төгөлдөр бус хэлцэл мөн эсэхийг талууд шүүхийн журмаар тогтоолгодог. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх Б.Н- намайг үнэхээр бусад ажилчдад дарамт шахалт үзүүлж, албан тушаалын давуу байдлаа ашиглан гэрээ байгуулсан гэж үзвэл “ноцтой зөрчилд тооцогдох үйлдэл” нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тусдаа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заагдсан “ноцтой зөрчил” үүссэн гэж үзэх суурь нөхцөл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүчин төгөлдөр бус гэрээ байх явдал юм. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т.Мягмарбал, Ш.Цэцэгсүрэн нар өөрсөдтэй нь байгуулсан зээлийн гэрээний талаар шүүхэд маргасан, зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулсан үйл баримт тогтоогдоогүй. Б.Н- миний бие бусадтай энгийн, хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаанд оролцсон байхад байгууллагын дотоод журмын 11.1.4.6-д заагдсан “ноцтой зөрчил”-д тооцох алдаа гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ажил олгогчийн зүгээс ажилтны хөдөлмөрлөх эрх, ашигт нөлөөлөхүйц зохицуулалтыг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заах бол энэ нь холбогдох эрх зүйн зохицуулалт болон “эрх зүйн тодорхой байдлын зарчим”-д нийцэх ёстой. Өөрөөр хэлбэл “гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. Гэтэл хариуцагчийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/159 дугаар тушаалын үндэслэл болсон байгууллагын дотоод журмын 11.1.4.6 болон 11.1.4.10 дахь заалтууд нь тодорхой зөрчлүүдийг нэрлэн заасан шинжгүй, УДШ-ийн зөвлөмжид тусгагдсан “ноцтой зөрчил”-ийн эрх зүйн зохицуулалтын шаардлагыг хангахгүй байна. Үүнээс харвал Б.Н- миний гаргасан гэх зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил биш, энэ тухай талууд харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэстэй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Н-, МХС ТӨХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд олговор 5.022.474 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Н- хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр МХС ТӨХХК-ийн Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ажилтны ажил үүрэг гүйцэтгэж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Хоёр шатны шүүх, зохигчийн тайлбар, хэргийн баримтыг үндэслэн Б.Н- нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Б/159 тоот тушаалд, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.3, хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.11, 11.1.1.3, 11.1.4.6, 11.1.4.10-д заасныг Б.Н-ыг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болгожээ.

Компанийн дотоод журмын 11.1.4-т “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах ноцтой зөрчлийг заасны дотор, 11.1.1.4-т “албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан”, 11.1.4.10-т “компанийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, хориглох зүйлийг зөрчсөн“ үйлдлүүд багтсан байна.

Хөдөлмөрийн гэрээний 6.3-т “хөдөлмөрийн дотоод журамд зааснаас гадна дараах ноцтой зөрчилд нь ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.” гээд үүнд, “...ажил олгогчийн болон хамт олны нэр хүндэд харшлах, үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөхүйц ...дарамт шахалт үзүүлэх... зэргээр эрхэнд халдсан буруутай үйлдэл...” гаргасныг хамааруулсан байна.

Б.Н- нь хүний нөөцийн ажилтны хувьд, өөрийн доод тушаалын аж ахуй, үйлчилгээний хэлтсийн ажилчдын цалингийн зээл авч байгаа, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлсэн зэрэг байдлыг мэдэж, тэднээс мөнгө авах, өгөх зэргээр зээлийн гэрээний харилцаа үүсгэдэг, мөнгийг төлөхгүй удаадаг, олгогдох мөнгийг дутуу өгч, өөртөө үлдээж ажлын байрны давуу байдлаа ашигласан үйлдэл гаргасан нь нотлогджээ. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн “...миний бие, ажилчдын хооронд зээл өгч, авах нь хуулиар хүлээн зөвшөөрсөн зээлийн харилцаа тул шүүх Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хөдөлмөрийн дотоод журмын заалтуудад тодорхой зөрчлийг нэрлэн заагаагүй нь эрх зүйн тодорхой байдлын зарчимтай нийцээгүй тул гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил болохгүйг  шүүх анхаараагүй...” гэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01850 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2273 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ