Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00020

 

АЧБЗ

АА ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01231 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1794 дүгээр магадлалтай,

АЧБЗАА ны нэхэмжлэлтэй

“Г Г” ХХК-д холбогдох

Газрын төлбөрт нийт 11 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Лхагвасүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АХЧБ нь 2007 оны 11 сард “Г Г”трейд ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2007 оны 11 сарын 5-ны өдөр 40 дугаартай эрх олгох тухай, 2007 оны 11 сарын 5-ны өдөр газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 44 дугаартай захирамжаар 4 га газрыг, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, агуулахын аж ахуй, зочид буудлын барилга байгууламж-ын зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 5 сарын 23-ны өдөр 08/34 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг, 2008 оны 5 сарын 23-ны өдөр 64 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 7 сарын 3-ны өдөр А/64 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан. Алтанбулаг чөлөөт бүс нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд 2017 оны 12 сарын байдлаар аж ахуйн нэгжүүдийн газрын төлбөрөөс нийт 756 789 400 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр өр үүсээд байна. Иймд гэрээний үүргийг хангуулахын тулд “Г Г”трейд ХХК-иас газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4.3-д газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд бүс дотор үйл ажиллагаа эхлээгүй, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ... тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2009 онд 1 327 000 төгрөг, 2010 онд 1 680 000 төгрөг, 2011 онд 1 680 000 төгрөг, 2012 онд 3 000 000 төгрөг, 2013 онд 3 360 000 төгрөг, 2014 онд 713 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд нийт 11 760 000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: АЧБЗААнаас 2009 оноос 2014 оныг дуустал 6 жилийн газрын төлбөр нийт 11 760 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна. Тус компанид 2007 оны 11 сарын 5-ны өдрийн 40 тоот эрх олгох тухай, 2007 оны 11 сарын 5-ны өдрийн газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 44 тоот захирамжаар 4 га газрыг хүнсний үйлдвэрлэл, худалдаа, агуулахын аж ахуй, зочид буудлын барилга байгууламжийн зориулалтаар олгосон байна. Нэхэмжлэгч талаас 2009 оноос 2014 оныг хүртэл нийт 11 760 000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд хууль зүйн үндэслэлгүйгээр газрын төлбөр нэхэмжилсэн байна. Газар эзэмших эрх олгосноос хойш 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй бол газрын эзэмших эрх цуцлагдана. Нэхэмжлэгч нь эрх цуцлагдсанаас хойш 5 жилийн дараа буюу их хэмжээний төлбөр хуримтлуулсны үндсэн дээр 2014 онд гэрээг цуцлах шийдвэр гаргасан байна. Энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх 2008 онд цуцлагдах үндэслэлтэй байсан байна. АЧБЗААнаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул газрын төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл бүрдсэн. Газрын төлбөрийг 2009 оноос эхлэн жил бүр тогтсон хугацаа хэмжээгээр төлөхөөр анхнаасаа тогтсон байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт тогтсон хугацааны туршид шаардлага гаргах хөөн хугацаа гурван жил байхаар хуульчилсан байна. Нэхэмжлэгч 2014 онд газар эзэмшүүлэх гэрээг цуцалснаас хойш 4 жил хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01231 дүгээр шийдвэрээр Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч “Г Г” ХХК-иас 8 753 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АЧБЗАА    нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3 007 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч ”Г Г” ХХК-иас 154 998 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1794 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01231 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Лхагвасүрэн хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Газар эзэмших эрх олгогдсоноос хойш 1 жилийн хугацаанд үйл эрхлээгүй бол газар эзэмших гэрээний 4.3-т зааснаар газар эзэмших эрх цуцлагдсан байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас олон жилийн газрын төлбөр хуримтлуулан нэхэмжилсэн бөгөөд шүүхээс газрын төлбөрийг гаргуулан шийдвэрлэсэн нь буруу юм. Анхан шатны шүүхээс АХЧБЗ 2014 оны 07 сарын 03-ны өдрийн А/64 тоот “Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай” захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх тул уг захирамжийг гарах хүртэлх хугацаанд хариуцагчийг тухайн газрыг эзэмшсэн гэж үзнэ гэж дүгнэсэн. Гэтэл манай компанийн зүгээс дээрх хугацаанд газрыг гэрээнд заасан зориулалтаар эзэмшээгүй, АЧБЗалба нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой газрыг шилжүүлэн өгөөгүй учраас газрын төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болсон. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт “Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байна гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч тал нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд АХЧБЗААны нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч АЧБЗАА2018 оны 04 сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч “Г Г” ХХК-иас газрын төлбөрт нийт 11 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 8 753 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

“Г Г”трейд ХХК нь АЧБЗ2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 40, 44 дүгээр захирамжаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд 2 га газрыг эзэмших эрхийг олж авч, 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 08/34 тоот газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр газрыг эзэмшиж эхэлсэн боловч 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар газар эзэмших эрх бүхий этгээд нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. “Г Г”трейд ХХК нь газрыг шилжүүлээгүй, эзэмших боломж олгоогүй гэх татгалзлаа баримтаар нотлоогүй байв.

Хоёр шатны шүүх газар эзэмших эрх үүссэн үндэслэл, газар эзэмшигчийн гэрээгээр хүлээсэн үүрэг, гэрээ цуцлагдсан байдал, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 225 дугаар зүйлийн 225.1, Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж, 2011-2014 оны газрын төлбөрт 8 753 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болсон тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар   сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01231 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1794 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

            ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА