Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0215

 

 

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0215

Улаанбаатар хот

 

 

“Ө***” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө.Э***,

Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ю.Л***гийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 0044657 тоот шийтгэлийн хуудас, албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0091 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө.Э***, хариуцагч татварын улсын байцаагч Ю.Л***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө*** гуравдагч этгээд Г.Ц***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Д***, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2022/0868/З.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гомдол гаргагч “Ө***” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ю.Л***д холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ю.Л***гийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 0044657 тоот шийтгэлийн хуудас, албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0091 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9, 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасныг баримтлан гомдол гаргагч “Ө***” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар, төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ю.Л***гийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 0044657 дугаар шийтгэлийн хуудас, албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч, суутган төлөгчийн ялгааг тодруулаагүй.

3.1.1. Г.Ц*** өөрөө нэмэгдсэн өртгийн албан татварын баримт авахгүй хэмээн, энэ талаар бичгээр гаргаж өгсөн байхад түүнийг үнэлээгүй, Г.Ц*** нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй эсэхэд огт дүгнэлт өгөөгүй,

3.1.2. Маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй, илэрхий алдаатай байсан буюу татвар төлөх үүргээс зайлсхийсэн этгээд нь Г.Ц*** байтал “Ө***” ХХК-ийг шийтгэсэн нь үндэслэлгүй,

3.2. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн,

3.3. Хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, маргаан бүхий акт нь дуусгавар болсон харилцаанд үндэслэсэн байхад шүүх дүгнэлт өгөөгүй,

3.4. Шүүх талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг олгоогүй буюу хариуцагч бүрэн эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэлээр олгосон атлаа шүүх хуралдаанд төлөөлөгчийн хамт оролцсон нь хуульд нийцэхгүй гэх зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1.  Гомдол гаргагч “Ө***” ХХК-ийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч, суутган төлөгчийн ялгааг тодруулаагүй, Г.Ц*** өөрөө нэмэгдсэн өртгийн албан татварын баримт авахгүй хэмээн, энэ талаар бичгээр гаргаж өгсөн байхад түүнийг үнэлээгүй, Г.Ц*** нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй эсэхэд огт дүгнэлт өгөөгүй, татвар төлөх үүргээс зайлсхийсэн этгээд нь Г.Ц*** байтал “Ө***” ХХК-ийг шийтгэсэн нь үндэслэлгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, маргаан бүхий акт нь дуусгавар болсон харилцаанд үндэслэсэн байхад шүүх дүгнэлт өгөөгүй, хариуцагч бүрэн эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэлээр олгосон атлаа шүүх хуралдаанд төлөөлөгчийн хамт оролцсон нь хуульд нийцэхгүй” зэрэг үндэслэлээр давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна.

3.2. Хэргийн үйл баримтаас үзэхэд, гомдол гаргагч “Ө***” ХХК нь 2021-2022 оны хооронд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Блю жем хотхоныг барих төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд гуравдагч этгээд, иргэн Г.Ц***тэй 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Блю жем-IV цогцолборын  7 давхрын 16 тоот, 67 м.кв талбай бүхий орон сууц захиалгаар барих 16 дугаар бүхий гэрээ байгуулсан.

Улмаар, гуравдагч этгээд Г.Ц***гээс 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Ө***” ХХК-д хандан “...төгрөгийг танай компанийн дансанд бүрэн төлж шилжүүлсэн тул байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулан өгч, Голомт банкруу хүргүүлж үлдэгдэл төлбөр тооцоог дуусгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргасны дагуу гомдол гаргагч “Ө***” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 201/1 дүгээр албан бичгээр Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хандан “...орон сууцны төлбөр тооцоо дууссан тул Гунгаа овогтой Цэндсүрэнгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дээрх хүний нэр дээр гаргаж өгнө үү”  гэсэн агуулга бүхий хүсэлтийг, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 204/1 дүгээр албан бичгээр Голомт банканд хандан “...дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрт 40,200,000 төгрөгийг  “Ө***” ХХК -ийн захирал Батсуурь овогтой Оюунбилэг миний ХААН банкны ... дансанд шилжүүлсэн нь үнэн болно” гэсэн агуулга бүхий тодорхойлолтыг хүргүүлсэн.

Үүнтэй холбогдуулан, Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гуравдагч этгээд Г.Ц***д Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 52б байр 16 тоот хаягт байрлах 67м.кв талбайтай  орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2205081078 дугаарт бүртгэж гэрчилгээг олгосон. 

3.3. Гомдол гаргагч “Ө***” ХХК-иас гуравдагч этгээд Г.Ц***д гэрээний төлбөрт төлсөн 134.000.000 төгрөгт төлбөрийн баримт олгоогүй тул гуравдагч этгээдээс 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр И-баримт аппликейшнээр дамжуулан “Ө***” ХХК-иас ... 134.000.000 төгрөгөөр байр худалдан авсан боловч төлбөрийн баримт олгоогүй” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг хариуцагч хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 30-ний өдөр 2206002716 дугаар зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 0044657 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасныг үндэслэн 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэлийг “Ө***” ХХК-д ногдуулж, Эрх бүхий албан тушаалтны даалгавраар “орон сууц худалдан авахад төлсөн 134,000,000 төгрөгийн төлбөрийн баримтыг иргэн Г.Ц***д хэвлэж өгөх арга хэмжээг авахыг” холбогдогч “Ө***” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

3.4.  Гомдол гаргагч “Ө***” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ю.Л***гийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 0044657 тоот шийтгэлийн хуудас, албан даалгаврыг тус тус эс зөвшөөрч шүүхэд хандан гаргасан гомдлыг анхан шатны шүүх “...эрх бүхий албан тушаалтан /татварын улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй” хэмээн дүгнэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19"суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг”, 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, 28.7-д “Суутган төлөгч нь татварын хууль тогтоомжийн дагуу тухайн төрлийн татвар төлөх үүрэг бүхий этгээдээс албан татварыг ногдуулан суутгана” гэж,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна”, 5.2.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно”, 10.2.1-т “борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр”, 10.2.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт, нэхэмжлэл үйлдсэн өдөр”, 10.2.3-т “бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр”, 17 дугаар зүйлийн 17.3.1-т албан татвар суутган төлөгч нь албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно, 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно”, 17.6-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж,

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.4 дүгээр зүйлийн 1-т “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тус тус заасан.

 

5. Дээрх зохицуулалтаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэж, бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүрэгтэй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.

6. Хэрэгт цугларсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, гомдол гаргагч “Ө*** ХХК хуульд заасан журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн. Татварын хууль тогтоомжоор төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглодог болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой атал  “ худалдан авагчийн өөрийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварыг хассан дүнгээр гэрээг байгуулсан”, “шүүх энэ талаарх баримтыг үнэлээгүй” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.

Тухайн иргэн, хуулийн этгээдийн харилцан тохиролцож, гэрээ байгуулсан болон гомдол гаргагч Ө*** ХХК-ийн зүгээс гуравдагч этгээд Г.Ц***тэй байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г “хүчин төгөлдөр бусад тооцуулахаар” Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан гэх үйл баримт нь тэдгээрийн хууль тогтоомжоор хүлээсэн татвар төлөх, суутган төлөх үүргээ биелүүлээгүй зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул маргаан бүхий захиргааны акт болох  Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 0044657 дугаар шийтгэлийн хуудас болон Эрх бүхий албан тушаалтны даалгавар хууль зүйн үндэслэлтэй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр татварын хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. Түүнчлэн, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шүүх талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг олгоогүй буюу хариуцагч бүрэн эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэлээр олгосон атлаа шүүх хуралдаанд төлөөлөгчийн хамт оролцсон нь хуульд нийцэхгүй гэх үндэслэлийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл, 27 дугаар зүйлд хариуцагч бүрэн эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэлээр олгосон тохиолдолд шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт оролцож, маргааны үйл баримттай холбогдуулан шүүхэд тайлбар гаргаж болохгүй гэж хязгаарласан болон хориглосон зохицуулалт байхгүй бөгөөд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “Ө***” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0091 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН

   ШҮҮГЧ                                                     А.САРАНГЭРЭЛ

   ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА