Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 589

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Соёмбо,

цагаатгагдсан этгээд Г.Гын өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Г,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 322 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Соёмбын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Г.Год холбогдох 201626021367 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Баяжих овогт Г-н Г, 1963 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, /Өвөрхангай аймгийн ........ оршин суух бүртгэлтэй/, одоо Баянгол дүүргийн ............ оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ............./,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Г.Г нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүннарангийн 13-42 тоот хаягтай эзэнгүй байшин дотор гэр бүлийн хамтын харилцаатай байсан Г.Эийг зодож гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх ба доорх цусан хураа, тархины баруун дух болон суурийн хэсгийн эдийн няцрал, дух хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун зулай, чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт бүхий амь насанд аюүлтай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баяжих овогт Г-н Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Год холбогдуулан үйлдсэн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 149 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж,

Г.Г нь энэ хэрэгт 570 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бүдүүвч зураг, хохирогчийн өмсөж явсан гэх куртика, 1 хос ээмэг, 1 ширхэг бөгж, цагаан оосортой түлхүүр 1 ширхэг, улаан өнгийн цамц, цагаан өнгийн оймос, хар өнгийн торон мэт материалтай цамц, хар өнгийн жинсэн өмд, дотуур хувцас болох ягаан өнгийн левчик, турсик, гялгардуу материалтай дотуур өмд, хуучирч тоос болсон 1 ширхэг хар хөх өнгийн пудболка, хохирогчийн гар цүнхтэй эд зүйл болох хэтэвч, гадаад паспорт, уруулын будаг, хөмсөгний харандаа 3 ширхэг, гар утас 2 ширхэг, мөн баттарей гар утасны гэрийн хамт, тэмдэглэлийн дэвтэр, 1 том, 1 жижиг үсний хавчаар, пудерний парлон, цэнхэр өнгийн утасны зүүлт, ууттай барагшуунтай үрэл, палмастар, парацетамол эм, хиймэл тагнайтай шүд, шар гэртэй бал, шалгагчийн өдөр тутмын тэмдэглэл, мэргэшсэн кундуктарын гэрчилгээ, хэтэвчин дотор “Сутайн буянт” гэсэн бичигтэй ажлын үнэмлэх, “Хас” банкны виза карт шинжилгээний бичиг, Ачтан эмнэлгийн нэрийн хуудас, төрийн банкны зарлагын баримт 3 ширхэг, “Хаан” банкны орлогын баримт 1 ширхэг, 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, гадаад ханзаар тэмдэглэгдсэн 3 ширхэг хуудас, “Хаан” банкны карт, Жи Мобайл симний үүр 1 ширхэг, Скайтел утасны симний үүр 1 ширхэг, ЭХС эмнэлгийн баримт, дуудлагын жолоочийн хуудас 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны смарт карт 1 ширхэг, дуудлагын хивс, хивсэнцэр цэвэрлэх карт 1 ширхэг “Forever living” гэсэн бичигтэй нэрийн хуудас, ажлын зарын карт 1 ширхэг, улаан өнгийн Монголоор бичиж тэмдэглэсэн хуудас 1 ширхэг зэрэг эд зүйлүүд, “BUS” гэсэн бичигтэй хантааз 1 ширхэг, хэргийн газраас олдсон 1 ширхэг 100 гр Ерөөл нэртэй архины шил, мөн хохирогчийн гэрээс олдсон 2 ширхэг 0.5 гр, 0.7 гр Эзэн-Чингис нэртэй архины шил зэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Г.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Л.Соёмбо бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Год холбогдох хэргийг анхан шатны шүүх тал бүрээс нь буюу хүнийг алах гэмт хэргийг Г.Г үйлдсэн болох нь хангалттай нотлогдож чадаагүй гэж үзэн цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийг заавал үзсэн харсан гэрчтэй байхыг шаардаж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэх журмыг зөрчиж байна. Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд нь талийгаачийг ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоох ажиллагаа бөгөөд Г.Г нь Г.Эийг алсан гэдгийг нотлох боломжгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон бөгөөд уг гэмтлийг хэн учруулсан болох нь шалтгаант холбоотой эсэхийг бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөх нь мөрдөгч, прокурор, шүүгчийн чиг үүрэг учраас шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлохгүй. Талийгаач Г.Эийн гэмтэл авсан цаг хугацаа, нас барсан цаг хугацаа хоёр нийцээгүй байна гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 322 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Гын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн байгууллага хэргийг шалгахдаа 5 дугаар сарын 7-8-ны өдөр шилжих шөнө Г.Г нь хохирогчийн амь насыг хохироосон гэсэн итгэл үнэмшлийн дор мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь 5 дугаар сарын 14-ний орой 20 цагаас 22 цагийн орчим нас барсан, гэхдээ нас барахаас өмнө буюу 5 дугаар сарын 12-13-ны өдөр үхэлд хүргэх гэмтлээ авсан гэж дүгнэлт гарсан. Шинжээч эмч Туяа 20-22 цаг болсон байна гэж дүгнэлт гаргасан. Г.Гын 5 дугаар сарын 12, 13-ны өдөр юу хийсэн байсан нь хангалттай нотлогдсон. Туяа эмч 5 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт ирээд дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлтэд амь хохирогч нас бараад 20-22 цаг болсон байна гэдэг. Мөн хавтаст хэрэгт 5 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд хохирогчтой уулзаж байсан талаар нотлох баримт байдаггүй. Г.Г ч гэсэн өөрөө уулзаагүй гэдгээ мэдүүлдэг. Талийгаачийн явсан маршрутыг тогтоох тухай хүсэлт гаргаж байсан боловч энэ талаар тогтоогоогүй. Гагцхүү цэнхэр өнгийн хантааз гэх байдалд болон хамгийн сүүлд амь хохирогчтой салаад явсан тул алсан байх ёстой гэсэн байдлаар хэргийг шалгасан. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж энэ хүний гэм буруутай болох тогтоогдоогүй байна гэж үзэж шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарсан. Г.Г нь хэдий амь хохирогчоос салсан боловч эр, эмийн харилцаатай байсан. Шүүх хуралдаанд Г.Г “би хүн алж чадахгүй. Тэр тусмаа хүүхэд төрүүлж өгч, 20 гаруй жил хамт амьдарсан эхнэрээ алж чадахгүй” гэж уйлаад хэлж байсан. Энэ хэргийг шалгаж байхад ноцтой мэдээлэл авагдаж байсан. Энэ талаар эрүүгийн алба шалгаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Гын өмгөөлөгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж бэхжүүлсэн яллах талын нотлох баримтууд нь Г.Гыг уг гэмт хэргийг хэрхэн үйлдсэн гэдгийг нотлоогүй. Харин ч амь хохирогч Г.Э 2016 оны 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд хэн хэнтэй архи уусан, амь хохирогч олдсон баримтууд болон түүний биед учирсан гэмтлүүдийг тогтоосон нотлох баримт байгаа юм. Түүнээс биш энэ хэргийг хэн үйлдсэн талаар нотлох баримт биш юм. Мөн Гансүх нь мэдүүлэг өгөхдөө цэнхэр өнгийн хантаазыг гар дээрээ тохсон явж байсан гэдэг. Дараа нь тухайн хантааз нь торны дээр байсан гэж мэдүүлэг өгдөг. Үүнийг улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт асуухад сая мэдүүлсэн мэдүүлэг нь үнэн гэж хариулсан байдаг. Тэгэхээр яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтэд дурдагдсан баримт нь үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Шүүхээс дээрх байдалд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч шүүхийн цагаатгах тогтоол гаргасан. Энэ тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж миний зүгээс үзэж байна. Ерөнхийдөө шүүхийн хэлэлцүүлгийн явцад миний оролцуулсан гэрч, шинжээч нарын мэдүүлэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Би яллах дүгнэлтийг эрх зүйн чадамжгүй дүгнэлт гэж үзэж байна. Учир нь хоёр яллах дүгнэлт нь орон зай цаг хугацаагаа зөрүүлсэн, гэрч нарын мэдүүлгээс эсрэг буюу сэтгэлзүйн ойлголтоор улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн. Энэ яллах дүгнэлт нь мэргэжлийн том алдаа гаргасан гутамшигтай яллах дүгнэлт юм. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн Прокурорын газраас Г.Гыг “2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүннарангийн 13-42 тоот хаягтай эзэнгүй байшин дотор гэр бүлийн хамтын харилцаатай байсан Г.Эийг зодож гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх ба доорх цусан хураа, тархины баруун дух болон суурийн хэсгийн эдийн няцрал, дух хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун зулай, чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан” гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас дүгнэн үзэхэд Г.Г нь амь хохирогч Н.Эрдэнэчимэгийг зодож алсан талаар шууд нотлох баримт авагдаагүй байх ба гэрч нарын мэдүүлгүүд энэ талаар мэдүүлээгүй, харин хамт архи уусан талаар буюу өөр байдлыг гэрчилж мэдүүлсэн ажээ.

Анхан шатны шүүх Г.Год холбогдох хэргийн нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэлтэй, тодорхой бөгөөд ойлгомжтой үнэлэлт дүгнэлт өгч чадсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд амь хохирогч Н.Эрдэнэчимэгийн цогцос 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүннарангийн 13-42 тоот хаягтай эзэнгүй байшин дотроос олджээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 942 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Талийгаачид учирсан дээрхи гэмтэл нь нэг цаг хугацаанд буюу нас барахаас өмнө 24-48 цагийн дотор үүсгэгдэх боломжтой...” гэж /1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дүгээр хуудас/, 214 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...2016 оны 5 дугаар сарын 15-ны 18 цаг 22 минутад цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд талийгаач нь нас бараад 20-22 цаг болсон байх ба уг хугацаагаар тооцоход талийгаач нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний 20-22 цагийн орчимд нас барсан байна. ...Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл аваад 24-48 цаг болсон байхаар байна. Энэ хугацаагаар тооцоход 2016 оны 5 дугаар сарын 12-ноос 13-ны үед гэмтэл авсан байж болно. ...талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийг аваад 24-48 цагийн дараа нас барсан байна.” /2 дугаар хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/ гэж дүгнэсэн байхад прокуророос Г.Гыг энэхүү гэмт хэрэгт холбогдуулан яллаж яллах дүгнэлт үйлдэхдээ “2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... алсан” гэж гэрч нарын болон шинжээчийн дүгнэлтүүдээс цаг хугацааны хувьд зөрүүтэйгээр ялласан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь амь хохирогч нас барахынхаа өмнө 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 12-ны өдрүүдэд хэнтэй, хаагуур явж, юу хийсэн, дараа нь 5 дугаар сарын 15-ны өдөр цогцос нь ямар байдалтай олдсон зэргийг тогтоосон баримтууд байх ба Г.Гыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд нотолсон яллах талын нотлох баримт цуглараагүй байна.

Прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхдээ хэргийн үйл баримтын талаар өөр байдлаар “Г.Г амь хохирогч Н.Эрдэнэчимэгтэй хамгийн сүүлд хамт үлдсэнээс хойш 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс хойш сураггүй алга болсон... Амь хохирогч Н.Эрдэнэчимэг 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө амь хохирсон байх үндэслэл тогтоогдож байна” гэж дүгнэснийг хүлээж авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдлыг зөв тогтоож, “амь хохирогч Н.Эрдэнэчимэгийн цогцос 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олдохоос өмнө 20-22 цагийн өмнө нас барсан, харин гэмтлийг нас барахаас 24-48 цагийн өмнө авсан байх боломжтой“ талаар шинжээч эмчийн тайлбар дүгнэлтүүдийг үндэслэн, харин гэрч Д.Батзориг, Д.Эрдэнэцэцэг, Х.Эрдэнэбат, Б.Жанцанноров, Д.Амгаланбаатар нарын мэдүүлгүүдээр “Д.Ганболд нь 2016 оны 5 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд хамт байсан, архи уусан талаар мэдүүлсэн, харин Г.Г нь талийгаач Н.Эрдэнэчимэгийг зодсон талаар мэдүүлээгүй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой мэдэхгүй байна... талийгаачийн үхэл Г.Гын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойг тогтоосон нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлж чадаагүй, хүнийг алах гэмт хэргийг Г.Г үйлдсэн болохыг хангалттай нотолж чадаагүй байна” гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг дахин нотлох ажиллагааг гүйцэтгэх үүрэггүй юм.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 322 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Л.Соёмбын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 322 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Л.Соёмбын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол бичих, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Ц.ОЧ