Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0160

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“БН” ЗБН-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Б.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн 19 га газрын шинэ гэрчилгээг бичиж өгөхийг тус сумын газрын даамалд даалгуулах, Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанамуна

Хэргийн индекс: 123/2022/0040/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “БН” ЗБН нь Жаргалант сумын Засаг дарга, Газрын даамал нарт холбогдуулан “Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн 19 га газрын шинэ гэрчилгээг бичиж өгөхийг тус сумын газрын даамалд даалгуулах, Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4, 24 дүгээр зүйлийн 24.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, тус сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Жаргалант сумын газрын даамалд “БН” ЗБН-ийн эзэмшлийн нэгж талбарын 18562387460826 дугаартай 19 га газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэж, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байтал шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй тайлбарт огт дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч нь 1010 га газраас ихэнхийг нь бусдад худалдсан гэх тайлбарыг гаргадаг бөгөөд зөвхөн Тээлийн голын 116/326 га нэртэй газарт 19 га, Тээлийн голын 77/729 га нэртэй газарт байршилтай 422 га гэх хоёр газартай байсан болно. 422 га газраас 220 га газрыг хүчингүй болгосныг шүүхээс захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрхийг сэргээж, шүүхийн шийдвэрийг биелүүлж, тус захирамж гарсан байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу сэргэсэн захирамжийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, 3 дахь хэсэг, 4 дэх хэсэг болох бусдад худалдсан гэх 1010 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсэг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоосон буюу анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй байсан гэх эрх зүйн үр дагаварт хүргэж байна. Нэхэмжлэгч нь 422 га газар дээрээ шинээр гэрчилгээ гаргуулан авсан, 19 га газрын гэрчилгээг дараа ав гэж хэлсэн гэж тайлбарлаж, хүлээж авсан болохоо илэрхийлсэн байхад маргаан бүхий захиргааны актыг мэдэгдээгүй, хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэх үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нь маргаан бүхий А/22 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт илт хууль бус болох шинжийг  хуульд заасны дагуу шалгах байтал ... маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 27.1, 27.3, 30.1, 34.1, 35.1, 35.1.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй ... гэж дүгнэсэн нь  захиргааны актын зөрчил буюу захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй болно. Захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий захирамжид эдгээр шинжийн аль нь ч агуулагдаагүй болно.

3.2. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэл дээрээ гэрчилгээгүй байж байгаад 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөж олгосон. 422 га газрын  эрхийг сэргээгээд 19 га газрын эрхээ та дараа ав гэж хэлсэн гэх зэргээс дүгнэхэд огт гэрчилгээгүй эзэмшиж байсан газрын гэрчилгээг нөхөн олгосон бөгөөд дахин 19 га газрын гэрчилгээг авах талаар амаар хүсэлт гаргаж явсан байдаг.

Иймд 19 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ 2014 онд дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч нь дуусгавар болсон болохыг ухамсарлаж мэдэж байсан байна. Гэхдээ хугацаа сунгуулах талаар хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй байдаг. Иймд Газрын тухай хуулийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 35.1, 35.1.5, 39.1, 39.1.1-т заасны дагуу сунгуулах хүсэлт гаргаагүй гэж заасны дагуу Газар эзэмших эрх дуусгавар болсон буюу хүсэлт гаргаагүй учир газар эзэмших эрхийг хүчингүй болгосон агуулгыг тус захирамжид тусгасан байна. Иймд хариуцагч газрын даамал нь хугацаа нь дуусгавар болсон газрын кадастрын мэдээллийн системд шивэх эрх болон үүрэг хүлээхгүй. Тухайн үед буюу 2014 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болох нь хуульд зааснаар газар эзэмших эрх зүйн харилцаа дуусгавар болж байгаа бөгөөд аль нэг талын хүсэлт зоригоос шалтгаалж шийдвэр гаргаснаас дуусгавар болж байгаа харилцаа биш юм. Мөн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг нэмэгдүүлэн гаргахаас өмнө 19 га газрын гэрчилгээ шинээр бичиж өгөхийг даалгах шаардлагыг гаргасан байхыг дүгнэхэд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй байсан үйл баримтыг нотолж байгаа юм.

Иймд нэхэмжлэгч өөрөө гэрчилгээг нөхөн авсан гэж тайлбарлаад байхад шүүхээс гэрчилгээ нөхөж олгосон өдрөөс хугацааг шинээр тоолох байдлаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй нотлох баримтыг үнэн зөв, бодит байдалд нийцүүлэн үнэлээгүй байна.

3.3. Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй П.О, Л.Б нарын хувьд тус сумын нутаг дэвсгэрт байнгын газар тариалангийн үйл ажиллагаа явуулж ирсэн нутгийн уугуул иргэд бөгөөд маргаан бүхий захирамжууд гарсан өдрөөс хойш буюу 4 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа, захирамжид заагдсан тус бүр 5 га талбай бүхий газарт техник, тоног төхөөрөмжийг түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, бусдыг цалинжуулж хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан гэх зэргээр өөрсдөд байгаа бүх орлого хөрөнгөө зарцуулж, газар тариалангийн үйл ажиллагааг явуулж, бүх санхүү төсвөө тооцоолж байгаа мөн 15 жилийн хугацаатай эзэмшүүлж байгаа учир Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэх зарчим энэ харилцаанд үйлчилнэ.  

3.4. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль ёсны эрх, ашиг нь хөндөгдөж болзошгүй хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулдаг. Хэрэв нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад болон шүүхэд гомдол гаргасан бол энэ их хугацаа алдаж, энэ их хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөрийг тус газарт оруулах шаардлагагүй, итгэх боломжгүй гэдгээ ухамсарлах боломжтой байсан бөгөөд нийт газар ашиглах хугацааны гуравны нэг нь өнгөрсөн байх тул бид захиргааны актаар олгогдсон эрхээ хэрэгжүүлж байгаа болно. Иймд гуравдагч этгээдүүдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу хуульд заасан журмаар олгогдсон газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сард тариалалт хийхээр талбай дээр ирэхэд хүмүүс тарьж, газрыг хагалсан байдалтай байсан энэ үеэс буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс гомдлоо захиргааны байгууллагад гаргах ёстой гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.  

Үүнээс хойш 1 жил орчмын дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж хариу шийдвэрлүүлэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй учир нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан байна.

3.5. Иргэн хуулийн этгээдийн захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол гурван сарын дотор уг хугацааг сэргээлгэх хүсэлтээ гомдлыг хянан шийдвэрлэх байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх талаар Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1. 94.2-т заасан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр хүмүүс тариалалт хийж байгааг хараад цагдаа болон сумын засаг даргад  мэдэгдэх ажлуудыг хийсэн боловч ямар ч хариу өгөөгүй гэх тайлбарыг өгдөг ба захиргааны байгууллагын хууль бус захиргааны акт болон эс үйлдэхүйг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байна. Төв аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04/514 тоот албан бичиг нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах хугацааг сэргээсэн шийдвэр биш бөгөөд нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж байгаагүй байна. Иймд захиргааны байгууллагад хуульд заасан журмаар буюу гомдол гаргах хугацаандаа гомдлоо гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь газрыг бусдад эзэмшүүлсэн талаар 2021 оны 05 дугаар сард мэдсэн атлаа 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан. Энэ хугацааг сэргээх хүсэлтийг захиргаан байгууллагад  гаргаагүй сэргээсэн талаар шийдвэр мөн гаргуулаагүй байна. Төв аймгийн Засаг даргын албан бичгүүдийг нэхэмжлэгчийн захиргааны байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.      

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Иргэн П.О, Л.Б нарт газар олгосон тухай захирамжууд нь хуульд заасан журмын дагуу олгогдсон бөгөөд нэхэмжлэгч “БН” ЗБХН-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон газрууд байсан бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд ямар нэгэн давхцалгүй байсан учир олгогдсон газар болно.

4.2. Анх “БН” ЗБН 19 га газрыг гэрчилгээ гаргуулж, бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байсан бөгөөд  тус газарт нөхөн гэрчилгээ гаргуулсан. Одоогоор хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй болохоо ухамсарлаж байсан нь харагддаг. Газрын тухай хуулийн 27.1, 27.2, 27.3, 35.1, 35.1.1, 39.1.1-т заасны дагуу 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нөхөн бичиж өгөхдөө 9 жилийн хугацаатай гэж бичилт хийж өгсөн бөгөөд 2014 онд эзэмших эрхийн хугацаа дууссан байсан болно. Анхнаасаа гэрчилгээгүй эзэмшиж явсан бөгөөд нөхөж гэрчилгээгээ бичүүлж авсан байдаг. Иймд 2014 оноос хойш эзэмших эрхийн гэрчилгээгүй, гэрээ байгуулаагүй учир захиргааны актад заасан эрхээ хэрэгжүүлээгүй буюу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулаагүй байсан учир газар эзэмших эрх дуусгавар болсон байсан.

4.3. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 тоот захирамж нь 422 га газрын эрхийг сэргээхтэй холбоотой захирамж бөгөөд захирамжийн 4 дэх хэсэгт 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 тоот захирамжийг хүчингүй болгосон. Учир нь “БН” ЗБН нь тус захирамжид дурдсан газрыг бодитоор эзэмшиж ашиглаж байгаагүй бөгөөд зөвхөн цаасан дээр бичсэн захирамж л байсан. Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжаар “БН” ЗБН-ийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу одоогийн байдалд нийцүүлэн буюу бодитоор эзэмшиж байгаа 422 га талбайд мөн Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 123/ШШ2017/0043 дугаартай шүүхийн шийдвэрт заасны дагуу холбогдох хэсгийг эзэмших эрхийг сэргээж 422 га газарт гэрээ байгуулж, гэрчилгээ олгох агуулга бүхий захирамж гарсан. Тус захирамжийн дагуу нэхэмжлэгч нь гэрээ байгуулан, гэрчилгээгээ гаргуулан авсан. Тус захирамжийн 4 дэх хэсэгт заасан 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь 422 га дээр шинээр гэрчилгээ гарсан, 19 га газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй, бусад газрыг хариуцагч өөрөө худалдан борлуулсан буюу гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэдгээ шүүх хурал дээр тайлбарладаг. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35.1, 35.1.5-д заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон учир захиргааны актаар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж Газрын тухай хуулийн 39.1.1-т заасны дагуу газар эзэмших эрхээ сунгуулаагүй учир газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгах хүсэлт гаргаагүй тохиолдолд дуусгавар болсон тухай ямар нэгэн захиргааны акт гаргадаггүй болно: Мөн илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

4.4. Мөн 19 га газарт шинээр газар эзэмшиж буй иргэд тариалалт хийж байгааг мэдсээр байсан атлаа нэг ч удаа бичгээр гомдол гаргаж байгаагүй мөн жил орчмын дараа Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн мөн гомдол гаргасан хугацааг сэргээлгэсэн хүсэлт, хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт хэрэгт байхгүй байна. Иймд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн гэж үзнэ.

 Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 123/ШШ2023/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянавал анхан шатны хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж бүрдүүлээгүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “БН” ЗБН-өөс “... хариуцагчийн газар нь нэгдсэн системд бүртгэлгүй, сул чөлөөтэй газар байсан учраас иргэдэд эзэмшүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй ... нэхэмжлэгчийн бүрэн эрхийнхээ дагуу эзэмшдэг 19 га газрыг 2019 онд Б ... 2020 онд О нарт эзэмшүүлсэн ... хариуцагч Газрын тухай хуулийг хэрэгжүүлээгүй ... “БН” ЗБН 1010 га газар эзэмшдэг байсан боловч 422 га газар болгон багасгаж, эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шийдвэр гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна ... гэрчилгээгээ шинэчлэх хүсэлт гаргахаар газрын даамлаас дараа ир, ... ажилтай байна, компьютер болохгүй байна гээд буцаадаг ... Аймгийн Засаг даргад хандсан, ... асуудлыг шийдэх чиглэл өгсөн ...” гэсэн үндэслэлээр “Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн 19 га газрын шинэ гэрчилгээг бичиж өгөхийг тус сумын газрын даамалд даалгуулах, Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Хариуцагчаас  “... Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжаар 2019 оны 01-р сарын 24-ний өдрийн “БН” ЗБН-ийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу одоогийн байдалд нийцүүлэн буюу бодитоор эзэмшиж байгаа 422 га талбайд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 123/ШШ2017/0043 дугаар шүүхийн шийдвэрээр холбогдох хэсгийг эзэмших эрхийг сэргээж 422 га газарт гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор шийдсэн ... А/22  дугаар захирамжийн 4 дэх хэсгээр газар эзэмших эрх нь дуусгавар болсон учир захиргааны актаар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ... “БН” ЗБХН тус захирамжид заагдсан газрыг бодитоор эзэмшиж, ашиглаагүй ... гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нөхөн олгохдоо 9 жилийн хугацаатай гэж заасан ... газар эзэмших эрхийн хугацаа дууссан, 2014 оноос хойш эзэмших эрхийн гэрчилгээгүй, гэрээ байгуулаагүй, захиргааны актад заасан эрхээ хэрэгжүүлээгүй буюу ... нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 39.1.1-т заасны дагуу газар эзэмших эрхээ сунгуулаагүй учир газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон ... илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй ... иргэн П.О, Л.Б нарт газар эзэмшүүлсэн захирамжууд нь хуульд нийцсэн ... “БН” ЗБХН-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон ... газрын мэдээллийн санд ямар нэгэн давхцалгүй байсан учир гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн ...” гэж,

4. гуравдагч этгээдээс “ ... Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/178 дугаартай захирамжийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Маргаан бүхий актуудын үндэслэл нь 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 захирамжаар 1010 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Гэрчилгээнээс нь харвал “БН” ХХК-д эзэмшүүлсэн байх тул  БН нөхөрлөлд газар эзэмшүүлсэн гэж үзэхгүй, ... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмших учиртэй ... нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, гэрээ байгуулаагүй учраас Газрын тухай хуулийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн ... 2014 онд гэрчилгээний хугацаа дууссан ч сунгуулах эрхээ хэрэгжүүлээгүй учраас газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39.1.1-д заасны дагуу дуусгавар болсон ... захиргааны байгууллагаас хүчингүй болгох шаардлагагүй, эрх зүйн харилцаа дуусгавар болсон ... 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаартай захирамж илт хууль бус актын шинжийг агуулаагүй, ... нэхэмжлэгч газрыг бусдад эзэмшүүлсэн талаар 2021 оны 05 дугаар сард мэдсэн атлаа 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан ... хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтыг хавсаргаагүй, мөн гомдлын хугацаагаа сэргээх хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаагүй ... 2021 оны 05 дугаар сард гомдол гаргах хугацаа хэтрүүлэхгүйгээр гомдлоо гаргаад явсан бол бид нар 4 жил орчмын хугацаанд энэ газар дээр уринш хийх, газрыг хагалах зэрэг үйл ажиллагааг явуулахгүй байх байсан ... 422 га газрыг нь ашиглаагүй үндэслэлээр захиргаа хүчингүй болгосон, шүүхэд маргаж, шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2017/0043 дугаар бүхий шийдвэрээр 422 га газар эзэмших эрхийг нь сэргээсэн ... нэхэмжлэгч сэргээлгэсэн захирамжаа хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй ... захиргааны актаар олгогдсон эрхээ БН нөхөрлөл хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүртэй холбогдуулан хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 52 дугаар зүйлийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны актыг ..., илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн энэхүү хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал,

5.1. Хэрэгт авагдсан баримтаар Жаргалант сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжаар нэгж талбарын 181600874 дугаартай, үр тариа, төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар, 1010 га газрыг 20 жилийн хугацаатайгаар “БН” ЗБН-д эзэмшүүлж[1], 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших эрхийн 000309260 дугаар гэрчилгээнд “БН” ХХК-д  Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2005 оны 04 сарын 10-ны өдрийн А/640 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 18562387460826 дугаар бүхий 19 га газрыг 9 жилийн хугацаатай Тээлийн голын 116/326 га-аас үр тариа, төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ /нөхөн олгов 2015 оны 10 сар 02 өдөр/[2], мөн өдөр Газар эзэмших эрхийн 000309259 дугаар гэрчилгээнд “БН” ХХК-д сумын Засаг даргын 2005 оны 04 сарын 10-ны өдрийн А/640 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 18559386218999 дугаар бүхий Тээлийн голын 77/429 га-аас 422 га газрыг 9 жилийн хугацаатай үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ (нөхөн олгов 2015 оны 10 сар 02 өдөр)[3] тус тус олгожээ.

5.2. Улмаар, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 4 сарын 26-ны өдрийн А/311 дугаар захирамжаар “... Тээлийн голын 77/429 га-с үр тарианы зориулалтаар 422 га газар эзэмшигч “БН” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож ... сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 дүгээр захирамжийн нэг дэх заалтын 77/429 га-с хэсэгчлэн 220 га талбайг хүчингүй болсонд тооцож”[4] шийдвэрлэсэн, нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 123/ШШ2017/0043 дугаар шийдвэрээр Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 4 сарын 26-ны өдрийн А/311 тоот захирамжийг хүчингүй болгож[5] шийдвэрлэсэн байна.

5.3. Мөн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “БН” ЗБН-д 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжийн нэг дэх заалтад үр тариа, төмс, хүнсний ногооны зориулалтаар 1010 га газар эзэмшүүлсүгэй гэж заасныг 4217658 м.кв гэж нэмэлт өөрчлөлт оруулахаар, 2 дахь заалтаар ... 4217658 м.кв газар эзэмшигч /РД:2158****/-д 6 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 4 дэх заалтаар “... сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 тоот захирамжийн 1010 га талбайн хэмжээ мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох”[6]-оор гэж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.

5.4. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох шаардлагатай бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байх тохиолдолд мөн хуулийн  53 дугаар зүйлийн 53.3, 53.4-т заасны дагуу тодруулах нь шүүхийн үүрэг юм.

5.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс “Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа “19 га газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй нөхцөлд хэргийг шийдвэрлэж, улмаар эдгээр нэхэмжлэлийн  шаардлагуудыг тус тус хангаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй болсон байна.  

5.6. Өөрөөр хэлбэл, Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийн 1 дэх заалт нь нэхэмжлэгчид эерэг нөлөөлөлтэй буюу урьд эзэмшүүлсэн 422 га газрын эзэмших эрхийг баталгаажуулсан захирамжид өөрчлөлт оруулсан, харин 4 дэх заалтаар 2005 оны А/640 дүгээр захирамжийг (1010 га газар эзэмшүүлсэн, уг захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид 19 га, 422 га газар эзэмших гэрчилгээ олгосон) хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчээс А/22 дугаар захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгуулахаар маргасан нь зөрчилтэй, ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулалгүйгээр захирамжийн дан ганц 4 дэх заалттай холбогдуулан дүгнэлт хийсэн атлаа захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байхаас гадна “нэгж талбарын 18562387460826 дугаар бүхий 19 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд 19 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үндэслэл болсон захиргааны акт болох Сумын Засаг даргын 2005 оны А/640 дугаар захирамжийг 2019 оны А/22 дугаар захирамжаар (4 дэх заалтаар талбайн хэмжээг хүчингүй болгосон) хүчингүй болгосон байхад тус захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоосон атлаа 19 га газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөрчилтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

5.7. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасны дагуу маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүртэй холбогдуулан дэмжиж эсхүл няцааж буй үндэслэлээ тайлбарлах үүрэгтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс гадна шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хамаарах захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбарыг бүрэн хийгээгүй, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар дутуу дүгнэснээс гадна талуудын маргаж буй зарим үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй байна.

5.8. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.2-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан. 

5.9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “19 га газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэж, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 18562387460826 дугаар бүхий 19 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхэд үндэслэл болсон Жаргалант сумын Засаг даргын 2005 оны 640 дүгээр захирамжаар анх 1010 га газрыг эзэмшүүлсэн байх боловч газрын 422 га болж өөрчлөгдсөн нөхцөл байдлыг тодруулаагүй нь буруу байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид анх эзэмшүүлсэн 1010 га газраас “буцааж авсан” гэх 588 га газрыг хэзээ ямар шийдвэрээр хэрхэн шийдвэрлэсэн талаар баримтыг тодруулахаар байжээ. Учир нь тухайн үед газрын хэмжээг багасгасантай холбоотой анх нэхэмжлэгчид 1010 га газар эзэмшүүлсэн шийдвэр хүчинтэй үлдсэн эсэхийг тодруулах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болохоор байна.

5.10. Түүнчлэн Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын  6-д “Тариалангийн газрыг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулган 14 хоногт багтаан нягталж үзээд иргэн бүрт эзэмшүүлэх газрын байршил, хэмжээний талаар саналаа боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулна”, 7-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай асуудлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хэлэлцэж тухайн иргэн бүрт давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээ (га-гаар)-г тодорхойлж, иргэн бүрээр дараалал тогтоож шийдвэр гаргана”, 8-д “Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа сумын Засаг дарга иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх газрыг дугаарлаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон дарааллын дагуу давуу эрхээр тариалангийн газар эзэмших эрх бүхий иргэдээр талбайг сонгуулна”, 9-д “Газрыг сонгуулахдаа энэ журмын 2-т заасан болзлыг хангасан бөгөөд уг газрыг ашиглаж байгаа иргэнд эхний ээлжинд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлнэ” гэж тус тус заасан.

5.11. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх хууль зүйн үүрэгтэйн хувьд нэхэмжлэгч эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байсан эсэх, газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлж ирсэн эсэх, гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрийн үндэслэлтэй холбогдуулан хариуцагчаас давуу эрхээр газар эзэмшүүлэхтэй холбоотой дээрх журмын шаардлагад нийцүүлэн шийдвэр гаргасан эсэх, тэдгээрт эзэмшүүлсэн газар нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаарх холбогдох баримтуудыг хэрэгт цуглуулж эдгээрт нэг мөр хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

5.12. Мөн нэхэмжлэгчийн эзэмшилд байсан гэх нэгж талбарын 18562387460826 дугаар бүхий 19 га газар нь гуравдагч этгээд П.Оийн нэгж талбарын 4120042412 дугаар бүхий 5 га газартай, Л.Бгийн 4120041638 дугаар бүхий 5 га эзэмшил газартай аль хэсгээрээ, хэдэн м.кв давхцалтай эсэхийг шүүх газрын солбицлын цэгээр давхцуулах замаар тогтоож дүгнээгүй нь, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “19 га газарт шинээр газар эзэмшиж буй иргэд тариалалт хийж байгааг мэдсээр байсан атлаа нэг ч удаа бичгээр гомдол гаргаж байгаагүй, нэхэмжлэгч уг газрыг ашигладаггүй байсан ...”  гэж маргасан үндэслэлүүдтэй холбогдуулан шүүх хэрэгт хамааралтай, нотлох баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, дүгнээгүй нь тус тус хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарна.

5.13. Анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.                                                                                                                                                                                    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                 ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

       ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

 

                  ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] Хх-24 талд

[2] Хх-5 талд

[3] Хх-40 талд

[4] Хх-42 талд

[5] Хх-50 талд

[6] Хх-118 талд