| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2019/0299/З |
| Дугаар | 221/МА2023/0199 |
| Огноо | 2023-03-29 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2023/0199
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч: Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч: А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Нэхэмжлэгч: “А” ГХОХХК
Хариуцагч:Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Б, Б.Т нар
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчийн 2018.07.09-ний өдрийн 211820055 тоот шийтгэлийн хуудсын Олсон нь хэсгийн 3 дахь хэсгийн 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, Б.Д, Р.Х, И, түүний орчуулагч Л.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А, Ц.Т нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2019/0299/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр:
1.“Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 48 дугаар зүйлийн 481, 48 1.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Б, татварын улсын байцаагч Б.Т нарын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 3-т заасан зөрчилд ногдох 1,699,998,872.30 төгрөгийн төлбөр тогтоосон заалтыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж,
1.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Б, татварын улсын байцаагч Б.Т нарын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 3-т заасан зөрчилд ногдох 1,699,998,872.30 төгрөгийн төлбөр ногдуулсан заалт хүчингүй болохыг дурдаж,
1.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “А" ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
1.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар уйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шинжилгээний ундэсний хүрээлэнгийн шинжээчийн зардал 7,200,000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд. Татварын мэргэшсэн зевлехийн нийгэмлэгийн шинжээчийн зардал 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг гомдол гаргагч "А” ГХОХХК-аас гаргуулан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт тус тус олгохоор тус тус шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч М шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
Давж заалдах гомдлын үндэслэл: Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа дараах зүйлүүдэд бүрэн анхаарал хандуулаагүй, алдаа гаргасан гэж үзэж байна. Иймд дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.
Үүнд: 1. Нотлох баримтын тухайд: Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 221/MA2019/0468 тоот магадлалын 7 дугаар талд хариуцагч татварын улсын байцаагч нь ... Оюутолгой ХХК болон Мөнхноён суврага ХХК нь толгой компаниасаа авсан зээлтэй харьцуулсан гэж тайлбарласан боловч татварын улсын байцаагчийн зөрчил гэж үзсэн зээлийн үйлчилгээ нь А ХХК-иас өөрийн охин компанидаа өгсөн зээл байх тул Оюутолгой болон Мөнхноён суврага ХХК нь толгой компаниасаа хэдэн хувийн хүүтэй зээл аваад өөрийн охин компанидаа өгсөн зээлийн хүүтэй харьцуулж дээрх хуульд заасан "ижил төрлийн үйлчилгээний Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зээлийн үнэ"-ийг тодорхойлсонтой холбоотой баримтуудыг цуглуулж, энэ талаарх маргаантай нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай" гэж дүгнэсэн.
2.1.2.Харин Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 352 тоот тогтоолын 5 болон 6 дугаар талд (14, 15) улсын байцаагчийн үндэслэсэн гэх тус компаниудын санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, ерөнхий дэвтэр, холбогдох санхүүгийн баримтуудыг цуглуулж дүгнэлт өгөөгүй ижил төрлийн ажил, үйлчилгээ үзүүлж буй харилцан хамааралгүй этгээдүүдийг хэрхэн сонгосон, ямар ажил гүйлгээг үндэслэл болгосон талаарх нотлох баримтуудыг хэрэгт цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн... "шүүх нотлох зарчим"-ыг бүрэн хэрэгжүүлсний Үндсэн дээр нотлох баримтаа хангалттай бүрдүүлсэн эсэх, тухайн баримт нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой" гэж дүгнэдэг.
2.1.3.Өөрөөр хэлбэл давж заалдах болон хяналтын шатны шүүхийн зүгээс татварын улсын байцаагч нар ХХК-ийн 2013-2017 оныг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудас үйлдэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/- ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно" гэсэн заалтыг хэрхэн биелүүлж ажилласан талаарх баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.
2.1.4.Учир нь хариуцагч татварын улсын байцаагч нар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шаардлагыг хангаж ажилласан буюу А ХХК-аас К ХХК руу шилжүүлсэн гүйлгээ нь зээл, тус зээлийн хүүг 6 хувиар тооцсон гэж тайлбарладаг. Уг тооцооллыг гаргахдаа Оюутолгой ХХК, Мөнх ноён суварга ХХК-ийн толгой компаниасаа авсан зээлтэй харьцуулсан гэж тайлбарласан ба тухайн баримтыг бусад этгээдийн асуудал "нууц" байдаг. шүүхэд өгөх боломжгүй гэж тайлбарласныг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн магадлал хүчин төгөлдөр болсон. Иймээс Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 06-ний өдрийн 221/MA2019/0468 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 352 дугаар тогтоолд заасан нотлох баримтыг хариуцагчийг гаргаж ирүүлэхийг удаа дараа шаардсан. Гэтэл Том татвар төлөгчийн газрын Захиргаа, хуулийн хэлтсийн Даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/01 тоот албан бичгээр нэмж хүргүүлэх баримт байхгүй болно" гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн.
2.1.5.Өөрөөр хэлбэл бидний дээр дурьдаад гомдол гаргаад байгаа. Дээд шүүх болон Давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд дурьдсан цуглуулах шаардлагатай гэх нотлох баримтуудын нэг нь ч цугларах боломжгүй бөгөөд анхнаасаа байхгүй гэдэг нь тодорхой болж, хариуцагч талаас үүнийгээ илэрхийлээд байхад Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргуулахаар татварын албанд буцааж, нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Эргэлзээ төрүүлсэн цаашид тодруулах шаардлагатай ямар ч нөхцөл байдал илэрхий байхгүй, нэмэлтээр цуглуулах шаардлагатай нотлох баримт байхгүй, бүгд хавтас хэрэгт цугларсан байхад нэг мөр эцэслэн шийдвэрлээгүй нь татварын албыг алдаагаа засаад, нотлох баримтаа шинээр нөхөн үйлдээд, шинээр акт гаргаад, аж ахуйн нэгжийг заавал шийтгэх үр дагаварт хүргэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2.1.6.Ийнхүү шинэ акт гаргуулах тухай шүүхийн шийдвэр нь татварын албанд Дахин дахин алдаагаа засан, татварын хяналт шалгалтыг шинээр хийж, актыг шинэчлэн гаргах боломжийг олгосноор 5 жилийн хугацаанд шүүхэд хянагдаж байгаа маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх ажлыг үр дүнгүй болгож байна. Үр дагаварт нь манай компанийн хувьд бүх зүйл дахин эхнээсээ эхэлж, шинэ акт гарсны дараа цаашид дахин 5 жил шүүхэд маргаан үргэлжилж, их хэмжээний зардал чирэгдэл учирч, эрх зүйн байдал нь илтэд дордон, хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр 10 жилийн өмнөх шалгалтад дахин дахин хамрагдах нөхцөл байдал бодитоор үүсч байна. Татварын албаны маргаан бүхий актыг гаргасан үйл ажиллагаа нь нотлох баримтад үндэслээгүй, хууль зөрчсөн, цаашид тодруулах зүйл байхгүй болохыг татварын алба хүлээн зөвшөөрөөд байхад Шүүх нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.
2.1.7.Хууль хэрэглээний үндсэн асуудлын тухайд:Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлд татварын хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульчилсан. Тухайн зохицуулалт нь татварын алба аливаа хүн, хуулийн этгээдийн татвар төлөлт, ногдуулалтын байдалд шалгалт хийхдээ татварын шалгалт хийж эхлэх хугацаанаас өмнөх 4 жилийн асуудлыг шалгах, шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацаанаас өмнөх онуудын татвар төлөлт, ногдуулалтын байдалд шалгалт хийхийг хориглосон ба татварын хуулийг тус утгаар хэрэглэдэг. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар АХХК-ийн 2013-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийх хууль зүйн боломж Татварын ерөнхий газар, татварын улсын байцаагч нарт байхгүй буюу шалгалт хийх хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
2.1.8.Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль зөрчсөн гэдгийг тогтоосон мөртлөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил зөрчсөн гэж үзнэ гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.
2.1.9.Учир нь АХХК-ийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн тайлант оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шинээр шалгалт хийх боломжийг шүүх хариуцагчид олголоо гэж үзэхээр байна. Мөн хариуцагчид хууль зөрчсөн алдааг нь залруулах боломжийг олгож, ингэхдээ хөөн хэлэлцэх хугацааг үл харгалзан татварын шалгалт явуулах, шинэ акт гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг ноцтойгоор дордуулж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6.1-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар татварын улсын байцаагч нь хуулиар хүлээсэн татварын хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлж зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааг явуулж, 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчлийг татварын хяналт шалгалтын явцад санхүүгийн анхан шатны баримтууд, нягтлан бодох бүртгэлийн баримтууд, татварын тайлангаар тогтоогдсон гэж үзсэн бол 6.1 дүгээр зүйлийн 2.2.3-т зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой бөгөөд татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийж зөрчлийг шалган шийдвэрлэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна..." гэж дүгнэсэн.
2.1.10.Мөн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6.2-д Хэрэгт авагдсан баримтаас Үзвэл татварын хяналт шалгалтын явцад санхүүгийн анхан шатны баримтууд, болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, татварын тайлан зэргээр зөрчил тогтоогдсон гэж үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн нь зөв тул гомдол гаргагчийн татварын хяналт шалгалт хийж зөрчлийг шалган шийдвэрлэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй" хэмээн дүгнэсэн. Гэтэл дээрх дүгнэлтүүд нь тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9.2- д заасан "Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн хуулийн 11.2 "Энэ хуулийн 7.5, 11.1-д заасан жишиг үнэ хэрэглэх аргачлалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу батлагдан гарсан холбогдох аргачлалын дагуу "А" ХХК толгой компаниасаа хэдэн хувийн хүүтэй зээл авсныг тодруулж, гомдол гаргагчийн албан бичигт үндэслэн хүүний хувь хэмжээг тогтоосон гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна" гэсэн дүгнэлттэй зөрчилдөж байна.
2.1.11.Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэгдүгээрт зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой бол хоёрдугаарт зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 тоот шийтгэлийн хуудсын ОЛСОН НЬ хэсгийн 3 дахь дэд хэсгийн 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөртэй холбоотой хэсэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх дээрх хоёр үндэслэлд хамаарахгүй байна. Учир нь ямар зөрчил гаргасан нь ил тодорхой бус, зөрчил, учирсан хохирлыг нотолсон зүйл байхгүй байна. Түүгээр зогсохгүй “А”ХХК-аас өөрийн охин компани болох К ХХК-д шилжүүлсэн хөрөнгө оруулалтыг зээл гэж үзэж байгаа тохиолдолд зээлийн хүү хэд байхыг хуульд заасан аргачлалын дагуу тогтоогоогүй байхад Анхан шатны шүүх зөрчлийг хялбаршуулан шийдвэрлэсэн нь зөв гэсэн дүгнэлтийг хийсэн нь алдаатай дүгнэлт болсон байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий учиртай.
2.1.12.Цаашлаад “А” ХХК-ийг хариуцагч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ёстой. Гэвч хариуцагч Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11,19 дүгээр зүйлд заасан хариуцлагыг шийтгэлийн хуудсаар ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-д 3өрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно" гэж заасныг зөрчсөн байхад Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
2.1.13.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хариуцагч нар 60,371,777,572.30 төгрөгийн зээлийг охин компанид хүүгүй олгосон зөрчилд 1,192,764,808.00 төгрөгийн нөхөн татвар. 283,109,877.20 төгрөгийн торгууль, 188,739,918.10 төгрөгийн алданги, нийт 1,664,614,603.30 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “А”ХХК өөрийн охин компани болох К ХХК-аас 1,192,764,808,00 төгрөгийн татвар ногдох зээлийн хүүгийн орлого олсон нь тогтоогдоогүй болно. Тодруулбал нэхэмжлэгч нь К ХХК-аас зээлийн хүү авах байтугай оруулсан хөрөнгө оруулалтаасаа нэг удаа ч буцаан авч чадаагүй байхад зээлийн хүүгээс олох ёстой орлогод ногдох татвар 1,192,764,808.00 төгрөг, түүнийг хугацаанд төлөөгүйн хариуцлага болгон 283,109,877.20 төгрөгийн торгууль, 188,739,918.10 төгрөгийн алданги, нийт 1,664,614,603.30 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхээргүй байна.
2.1.14.Учир нь татвар төлөгч бодитойгоор орлого олсон нөхцөл байдал тогтоогдоогүй, санхүүжилт буюу хөрөнгө оруулалтынхаа эргэн төлөлтийг нэг ч удаа аваагүй, жил бүр алдагдалтай ажиллаж байхад хүүгийн орлого олсон буюу олох ёстой байсан мэтээр нөхөн татвар ногдуулж улмаар олоогүй орлогын татварыг хугацаандаа төлөөгүй хэмээн торгууль, алданги давхар ногдуулж байгаа нь Зөрчлийн хуулинд заасан хууль ёсны зарчим болон шударга ёсны зарчимд нийцэхгүй мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасан "Хуулиар ногдуулсан татвар төлөх" зарчим, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан тодорхой байх зарчим, 5.1.3-т заасан шударга байх гэсэн зарчимд тус тус харшилж байна.
2.1.15.Хөрөнгө оруулалт гэж үзэх үндэслэлийн тухайд:
Үнэ шилжилтийн тохируулга хийх үндсэн шаардлага: Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөлийг бие даасан ажил гүйлгээний нөхцөлтэй харьцуулахад орлого, ашиг болон татварын суурьд нөлөөлөх үзүүлэлтүүд нь ялгаатай бөгөөд үүнээс хамаарч татварын суурь буурсан бол уг буурсан дүнгийн зөрүүгээр татварын суурийг нэмэгдүүлж, холбогдох татварыг нөхөн ногдуулна" гэж заасан. Энэхүү заалтаар үнэ шилжүүлэлтийн тохируулга хийх эсэх нь шууд тодорхойлогддог. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.42-т "хяналтад байгаа ажил гүйлгээ" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг, харин бие даасан ажил гүйлгээ" гэдэг нь харилцан хамааралгүй этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг гэж тус тус ойлгоно. Иймээс харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээ нь хамааралгүй этгээдүүд хоорондын хийсэн гүйлгээнээс ялгаатай үнэ, нөхцөлтэйгөөр хийгдэн, цаашлаад татварын суурь буюу ногдох орлого буурсан нөхцөлд уг ажил гүйлгээг зах зээлийн буюу бие даасан ажил гүйлгээтэй харьцуулах замаар тохируулга хийхийг үнэ шилжилтийн тохируулга гэж ойлгож болох юм. Иймээс эхлээд татварын суурь манай нөхцөлд буурсан уу гэдэг талаас нь авч үзэхийн тулд зээлдэгч гэх компанийн хувьд хяналтад байсан (байх боломжтой) эсэх болон бие даасан ажил гүйлгээнүүдийг хооронд нь харьцуулан хоорондоо ялгаатай эсэхийг судлана. Ийнхүү эдгээр гүйлгээнүүдийг тус тусад нь тодорхойлсон харьцуулалтын шинжилгээг хийнэ гэсэн үг юм.
2.1.16.Зээл мөн эсэхийг авч үзэх тухай: Татварын ерөнхий хууль /2006 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт "Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно". 48.6-д "Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэсний дагуу Сангийн сайдын 2007 оны 86 тоот тушаалын 1.2 дах хэсэгт татварын алба жишиг үнэ тогтоохдоо Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) баталсан зөвлөмжийг ашиглаж болно" гэж заасан. Харин ЭЗХАХБ (OECD)-ын 2010 оны Үнэ шилжүүлэлтийн удирдамжийн 2-р хэсгийн 1.65-д "...ажил гүйлгээний Эдийн засгийн шинж чанар нь түүний хэлбэрээс ялгаатай байгаа тохиолдолд татварын алба нь талуудын хэлцлийн шинж чанарыг үл тоомсорлон ажил гүйлгээний агуулгын дагуу дахин тодорхойлно. Үүний нэгэн жишээ бол холбоотой аж ахуйн нэгжид зээлийн хэлбэрээр сунгасан гарын зарчмын дагуу хөрөнгө оруулах нь зээлдэгч компанийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл хөрөнгө оруулалт нь иймэрхүү бүтцээр хийхгүй. Ийм тохиолдолд татварын алба нь хөрөнгө оруулалтын эдийн засгийн шинж чанарыг нь харгалзан үзвэл энэхүү зээлийг капиталын хөрөнгө оруулалт хэмээн авч үзэх нь зохистой юм." гэж заасан.
2.1.17.Ийнхүү олон улсын хууль, хэлэлцээр болоод журамд заасны дагуу татварын албанаас зээлдэгч хэмээн үзэж байгаа К ХХК-ийн эдийн засгийн нөхцөл байдлыг гарцаагүй заавал авч үзэх шаардлагатай байдаг. Зээлдэгч этгээд нь гуравдагч этгээдээс зээл дангаараа авах, түүнийгээ эргүүлэн төлөх, цаашлаад татвар төлөх чадвартай байх зэргээр эдийн засгийн хувьд бие даасан байх шалгуур үйлчилдэг. Тиймээс бие даасан ажил гүйлгээ буюу банк зэрэг гуравдагч этгээдээс зээл авах боломжтой эсэх (эсвэл авсан), гүйлгээ байгаа нөхцөлд харилцан хамааралтай этгээдээс хүүгүй зээл авах замаар татварын суурийг бууруулсан нөхцөлд үнэ шилжүүлэлтийн тохируулгыг авч үзэх ёстой. Хэрэв гуравдагч этгээдээс зээл аваагүй бол хэдийг, хэдэн хувийн хүүтэйгээр авах боломжтой байсан эсэхийг нь шинжлэн үзэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс үнэ шилжүүлэлтийн тохируулга хийхдээ зээлжих чадамж буюу бие даасан ажил гүйлгээ хийх боломжтой байсан эсэхийг нь зайлшгүй тодруулсны үндсэн дээр цаашдын алхамаа хийх ёстой. Бидний зүгээс энэхүү өр төлбөр нь шинж чанар, агуулгын хувьд хөрөнгө оруулалт гэж гомдол гарган, Улсын Дээд шүүхээс хөрөнгө оруулалт гэж маргаж байх тул эргэлзээтэй зүйлийг тодруулах ёстой гэж шийдвэрлэн улмаар Анхан шатны шүүхээс Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан байдаг.
2.1.18.Шинжээчээс 2020 оны 09 сарын 21-ний өдөр ирүүлсэн 02/76 дугаар албан бичгээр ирүүлсэн 2020 оны 08 сарын 19-ний өдрийн дүгнэлтэд К ХХК нь гуравдагч этгээдээс зээл авах чадвар 0 (тэг), маргаан бүхий гүйлгээ нь хөрөнгө оруулалтын шинжтэй юм гэж дүгнэсэн. Харин Анхан шатны шүүхээс "Гомдол гаргагч А ГХОХХК нь өөрийн охин компани К ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд эдгээр компаниуд нь татварын албанд илгээсэн тайландаа харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээгээ олгосон зээл болон авсан зээл хэлбэрээр тайлагнаж баталгаажуулсан байсан нь татварын хяналт шалгалтын явцад, цаашлаад Татварын маргаан таслах зөвлөлийн магадлан шалгалтын явцад тус тус тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл А ГХОХХК болон К ХХК-уудын хооронд шилжсэн мөнгөн дүн, түүнийгээ татварын албанд зээл гэж тайлагнаснаас үзвэл харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн гүйлгээ мөн гэж үзнэ"
2.1.19.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (Дугаар 128/ШШ 2023/0083)-ийн Үндэслэх нь хэсэг 7.2 (нүүр 18) гэж дүгнэснээс үзэхэд шүүх К ХХК-ийн зээлжих чадамжтай байсан эсэх, зээл мөн биш эсэхийг шинжилж авч үзэхгүйгээр өнгөц байдлаар шууд дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлэх, 34.2-д заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг ноцтой зөрчсөнийг илтгэж байна.
2.1.20.Учир нь Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 352 дугаар тогтоол (16 хэсэг) болон Давж заалдах шатны шүүхийн магадлалд АХХК-аас К ХХК-д шилжүүлсэн мөнгөн гүйлгээ нь зээл? хөрөнгө оруулалт? эсэхийг судлан, шүүх нотлох зарчмын дагуу нотлох баримтыг цуглуулан дүгнэлт хийх ёстой гэж үзэн мөн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан. Гэвч анхан шатны шүүхээс зээл мөн эсэх тухай асуудлыг нухацтайгаар хэдий тайлан дээр өр төлбөр гэж бичилт хийсэн байгаа ч түүний мөн чанар, агуулгыг заавал авч үзэн, эргэлзээгүй болгох ёстой байтал, шинжээчийн дүгнэлт, нотлох баримт зэргийг үл харгалзан /Нийслэлийн захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр (Дугаар 128/ШШ 2023/0083)-ийн Үндэслэх нь хэсэг 7.3 (нүүр 18)-д уг маргааны зүйл болсон гүйлгээг хөрөнгө оруулалт гэж үзэхгүй гэх тайлбар үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүй, ач холбогдол өгөлгүй дүгнэсэн гэж үзэж болохоор байна.
2.1.21.Зээлийн хүүгийн тооцоолол: Хариуцагч нар өөрийн хариу тайлбарын 3 дугаар хуудсанд OECD-ын зөвлөмжийн дагуу Сангийн сайдын 86 тоот тушаалын 32 дах хэсэгт заасан харьцуулагдах үнийн аргыг ашигласан гэдэг. Уг зүйлийн 3.2.1-т "энэ аргыг бараа, ажил үйлчилгээний зах зээл дээр тухайн бараа, ажил, үйлчилгээтэй адил төрлийн, байхгүй бол нэг төрлийн бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд хэрэглэх бөгөөд жишиг үнийг харилцан хамааралгүй аж ахуйн нэгжийн адил төрлийн, байхгүй бол нэг төрлийн бараа, ажил, үйлчилгээний үнэтэй харьцуулах зарчимд үндэслэнэ гэж заасан. Тухайлбал: Томъёо: Бодит = 33Y-а "33Y" -Зах зээлийн үнийн талаарх мэдээлэл авах албан ёсны эх үүсвэрээс авсан бараа, ажил, үйлчилгээний үнэ "a" бараа, ажил үйлчилгээг худалдан авагчид хүргэх борлуулахтай холбогдсон зардал Ийнхүү дээрх томъёогоор харьцуулагдах үнийн аргыг хэрэглэх бөгөөд дараах алхмуудыг гүйцэтгэн нотлох баримтын хэмжээнд шинжилгээ судалгааг хийсэн байх ёстой юм.
а) Харьцуулагдах этгээдийг олж тогтоох: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно" гэж заасан байх бөгөөд энэ заалт болоод дээрх журмаас харахад тухайн харьцуулагдаж байгаа этгээдүүд нь хоорондоо ямар нэгэн хамааралгүй этгээдүүд байхаар заасан. Тэгэхээр харьцуулалт хийхийн тулд АХХК болоод тус компанитай хэлхээ холбоотой бүхий л компаниудтай ямар ч хамааралгүй этгээдүүдийг олж харьцуулах ёстой.
2.1.22.Мөн хамааралгүй байхаас гадна OECD-ийн зөвлөмжид зааснаар эрхэлж буй үйл ажиллагаа, компанийн эдийн засгийн болоод зээл авах чадвар, үйлдвэрийн хүчин чадал, газар зүйн байршил, компанийн бүтэц зэргээр зээлийн гэрээнд заасан харьцуулж болох бүхий шинжээр нь тус тусад нь авч үзэж харьцуулагдах байдлын шинжилгээ хийх ёстой. Шинжилгээ нь тодорхой арга зүйн дагуу нотолгооны шинжтэй байна. Хариуцагч нарын тайлбарлаж буй шиг Акомпанийн өөрийнх нь хөрөнгө оруулагч нар болох Орано Майнинг, Мицубиши нар бол харьцуулагдах этгээд нь биш юм. Актад тусгаагүй ч суулд нь шүүхийн шатанд хариу тайлбартаа Менхноён суврага ХХК, Эс Жи Эс ХХК, Оюу Толгой ХХК-иудыг сонгосон гэх бөгөөд эдгээрийг хэрхэн, ямар шалтгааны улмаас, ямар шинж чанарууд нь адил тул сонгосон гэдгээ шинжилгээгээр, үндэслэлтэйгээр тайлбарлаж огт чаддаггүй. Аливаа захиргааны акт хуульд нийцсэн байх учиртай. Гэвч маргаан бүхий 211820055 тоот шийтгэлийн хуудас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн. Энэ нь Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9.4-д "Хэдийгээр хариуцагч байгууллага аргачлалыг баримталсан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасанчлан "харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно" гэх хуулийн Зохицуулалтыг хэрэгжүүлээгүй нь буруу" гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
2.1.23.Хариуцагч 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 тоот шийтгэлийн хуудсыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4,21- д заасан "Хуульд үндэслэх зарчмыг баримтлах үүрэгтэй. Гэвч энэ үүргээ нэгэнт зөрчсөн гэдэг нь тогтоогдож байхад Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүйн дээр дараах хуулийг зөрчсөн. Үүнд:
1.Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэж заасныг,
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана" гэж заасныг.
Хуульд зааснаар татварын байгууллага, татварын улсын байцаагч болон хувийн хэвшлийн хуулийн этгээд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Иймээс хууль зөрчсөн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг шүүх хүчингүй болгох ёстой. Гэвч хариуцагчид түүний гаргасан бүх алдааг хэргийг анхан шатны журмаар хэлэлцэх үед хэлж, хэрхэн зөв гаргах байсан талаар мэтгэлцүүлсний дараа түүнийг дахин шинэ акт гарга гэсэн шийдвэрийг гаргаж байгаа нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.
б) Төрлийн хувьд ижил ажил гүйлгээг олж тогтоох: ААНОАТ-ын хууль болон сайдын 86 тоот журмын дагуу харьцуулахын тулд харьцуулагдах этгээд нь төрлийн хувьд ижил ажил гүйлгээтэй байх ёстой юм. Төрлийн хувьд өөр ажил гүйлгээг хооронд нь харьцуулж болохгүй юм. Өөрөөр хэлбэл зээлийн хүү тооцохдоо талхны үнэтэй харьцуулж болохгүй гэсэн санаа юм. Хариуцагч нь харьцуулагдах гүйлгээгээр Мөнхноён суврага ХХК, Эс Жи Эс ХХК, Оюу толгой ХХК-иудын хүүг сонгосон гэх боловч яагаад эдгээрийг сонгосон, ямар талаараа адил шинж чанартай гэдгийг өдий хүртэл үндэслэлтэйгээр нотолж чадаагүй байгаа болно
2.1.24.Мэдээллийн эх сурвалж: Мөн сайдын тушаалд заасны дагуу харьцуулагдах мэдээлэл нь тодорхой эх сурвалжтай байх бөгөөд эх сурвалж нь олон нийтэд нээлттэй байх ёстой юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгч татварын албаны ашиглаж буй мэдээллийг олж авах бүрэн боломжтой байх ёстой. Хариуцагч нар дээрх компаниудын мэдээлэл нь хаана буй гэдэг эх сурвалжаа зааж өгч чаддаггүй.
2.1.25.Шинжилгээ хийх: Дээр дурьдсаны дагуу харьцуулагдах байдлын шинжилгээ хийж мэдээллээ олсны дагуу зах зээлийн жишиг үнийг тодорхойлох үндсэн шинжилгээг хийдэг. Үндсэн шинжилгээ нь зах зээлийн дундаж хүүний хязгаарыг тодорхойлох бөгөөд 1 харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хийсэн гүйлгээ нь энэхүү хязгаараас хэрхэн дээш, доош байгааг харуулсан байдаг. Иймээс хариуцагч нар зах зээлийн үнийн шилжилгээ хийн эдгээр сонгогдсон компаниудын зээлийн хүүгийн хязгаар болон дундаж нь 6 хувь байнаа гэдгээ нотлох ёстой юм. Түүнээс судалгаагүйгээр бусад этгээдүүдийн нууц асуудал гэж тайлбарлан, өөрийн үзэмжээр хувь тогтоох эрх хуулиар олгогдоогүй.
2.1.26.Дүгнэвэл: Зээл, түүний нөхцөлтэй холбоотой мэдээлэл нээлттэй, олон нийтийн эх сурвалжид түгээмэл байдаг учраас маргаан бүхий гүйлгээ нь үнэхээр зээл байсан бол татварын алба дээрх мэдээлэлд үндэслэн хялбархан харьцуулалт хийх боломжтой байсан. Гэтэл бодит байдал дээр маргаан бүхий гүйлгээ нь хөрөнгө оруулалтын шинж чанартай байсан учраас л харьцуулагдах ажил гүйлгээ нь олдохгүй, шинжилгээ хийх боломжгүй байсан бөгөөд энэ нь хариуцагчийн "нэмэлт материал байхгүй" гэсэн тайлбараар тогтоогдож байна гэж үзэхээр байна.
2.1.27.Хэрэв хуулийн дагуу шууд тайлан дээрээс хараад зээл гэж үздэг байсан бол шинж чанарын хувьд хөрөнгө оруулалт юмаа гэж гомдол гарган, шинжээч томилуулан, урт хугацааны зардал чирэгдэл болж, шүүхээр бүтэн 5 жил маргаанаа шийдвэрлүүлэхээр явах шаардлага компанид байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс маргаанаа шударгаар, хуулийн дагуу одоогийн энэ маргааныхаа хүрээнд л эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа болно.
Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, татварын байцаагчийн 211820055 тоот шийтгэлийн хуудсын ОЛСОН хэсгийн 3-т заасан 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөрийн цаад мөн чанар, тооцсон байдал, хуулийн агуулга, хүчин чадал, журмын хүчин төгөлдөр байдал, нотлох баримтын Үндэслэл, цугларсан байдал, хуульд заасан процессын ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн эсэх зэрэгт нэг бүрчлэн анхаарал хандуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0083 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан манай АХХК компанийн нэхэмжлэлийг хангаж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
“А” ХХК-ийн гомдолтой Татварын ерөнхий газрын дэрэгдэх Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Д.Батжаргал, Б.Төгсжаргал нарт холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 01-р сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0083 дугаар шийдвэрийн "тогтоох" хэсгийн 4 дах заалтыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Шүүхээс “Т” ХХК-ийн гомдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилон шинжилгээ хийлгэсэн бөгөөд үүнтэй холбогдох 7.000.000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2.2.1.Учир нь “А” ХХК-аас шинжээчийн дүгнэлт гаргуулах үндэслэлээ А ХХК-аас өөрийн харилцан хамааралтай компани болох К ХХК-д шилжүүлсэн орлогыг хөрөнгө оруулалт байсан уу зээл байсан уу, зээлжих чадвартай эсэх асуудлыг шинжлүүлэхээр хүсэлт гаргасан байдаг. Хариуцагчаас уг асуудлаар шинжилгээ хийлгэх шаардлагагүй талаар тайлбарлаж, Давж заалдах журмаар гомдол гаргаж байсан бөгөөд 2023 оны 01-р сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0083 дугаар шийдвэрээр зээл гэж үзэх үндэслэлтэй гэж шийдвэрлэн зээлийн хүүгийн тооцооллыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин шалгалт хийхийг даалган шийдвэрлэсэн нь татварын улсын байцаагчийн шийдвэрийг буруутгаагүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр ч зээл болохыг батлан дүгнэлтийг гаргасан байдаг.
2.2.2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг зорчиж байх тул нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1-р сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0083 дугаар шийдвэрийн 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү.
2.2.3.Татварын улсын байцаагч нь төрийн нэрийн өмнөөс татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн албан хаагч бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шинжээч томилон дүгнэлт гаргасан, түүнчлэн байцаагчийн зээл гэж үзсэнийг шинжээчийн дүгнэлт болон шүүхээс үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байхад шинжээчийн зардлыг хариуцагчаар гаргуулахыг даалгасан нь үндэслэлгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, дүгнэлт өгөөгүй, захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул хэргийг бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгчээс “Татварын улсын байцаагчийн 2018.07.09-ний өдрийн 211820055 тоот шийтгэлийн хуудсын Олсон нь хэсгийн 3 дахь хэсгийн 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Б, Б.Т нарт холбогдуулан гаргажээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заасан.
3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 468 дугаар магадлал[1], Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 352 дугаар тогтоолд[2] “Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”, 2015 оны 353 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Бодит үнэ тооцох аргачлал”-уудыг “шууд бус үнийг тогтооход хэрэглэсэн нь буруу” гэх гомдлын үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх,
...мөн “А” болон “К” компаниудын санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, ерөнхий дэвтэр, холбогдох санхүүгийн баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөөгүй,
...“Оюу толгой” ХХК болон “Мөнхноён суврага” ХХК зэрэг компаниудаас өөрийн охин компанид олгосон зээлийг хүүг харьцуулсан нь ... жишиг үнэ гэж үзэх боломжтой ... ” гэж дурдсан боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нь “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч компаний эрх бүхий төлөөлөгчөөс эдгээр компанитай харьцуулахыг зөвшөөрсөн” гэх боловч энэ талаарх ярилцлагын тэмдэглэл, холбогдох баримт хэрэгт авагдаагүй.
...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ийн ...“татварын алба нь харилцан хамааралгүй этгээдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно” гэснийг хариуцагч хэрхэн хэрэгжүүлсэн, өөрөөр хэлбэл зээлийн хүүг 6 хувиар тооцохдоо “ижил төрлийн ажил үйлчилгээ үзүүлж буй харилцан хамааралгүй этгээдүүдийг хэрхэн сонгосон, ямар ажил, үйлчилгээг үндэслэл болгосон” талаарх нотлох баримтуудыг хэрэгт цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн.
...Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “шүүх нотлох зарчим”-ыг бүрэн хэрэгжүүлсний үндсэн дээр хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа, тухайлбал, хуулийн этгээд зөрчил гаргасныг тогтоож, шийтгэл ногдуулахдаа нотлох баримтаа хангалттай бүрдүүлсэн эсэх, тухайн баримт нь үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.” гэж тус тус дүгнэжээ.
4.Гэтэл анхан шатны шүүхээс шүүхийн дээрх магадлал, тогтоолд заасан нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр хариуцагч байгууллагыг дахин шинэ акт гаргахыг даалган, актын төлбөр тогтоосон заалтыг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээс “шүүх нотлох зарчим”-ыг хэрэгжүүлээгүй алдааг дахин гаргасан, шүүхийн магадлал, тогтоолд заасан нотлох баримтыг дутуу цуглуулсан, уг магадлал, тогтоолд заасан дүгнэлтийг шүүхээс хийгээгүй гэж үзэхээр байна.
5.Дээрхээс гадна анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч компаниас...“К” ХХК-д шилжүүлсэн гүйлгээ нь зээл олгосон эсхүл хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд түүнийг тодорхойлоход тусгай мэдлэг шаардагдахаар байна” гэж үзэн тус эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулахаар 2 удаа шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтүүд гаргуулсан атлаа шүүхийн шийдвэрт эдгээр шинжээчийн дүгнэлтийг үнэлж, дүгнээгүй.
Мөн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн 2020 оны 08 сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд[3] ...“К” ХХК нь гуравдагч талын зээлдүүлэгчээс бие даан зээл авах боломжгүй, маргаан бүхий гүйлгээ нь хөрөнгө оруулалтын шинжтэй...” гэж, харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 189 дүгээр шинжээчийн дүгнэлтэд[4] ...”А” ХХК, “К” ХХК-ууд нь санхүүгийн тайландаа урт хугацаат өглөг, авлагаар бүртгэсэн байна. Иймд зээл олгосон гэж үзэхээр байна” гэж агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлтүүд гаргасан, энэ талаар хэргийн оролцогчид маргаантай хэвээр, хэргийн нөхцөл байдал тодорхой болоогүй байтал анхан шатны шүүхээс эдгээр дүгнэлтийн зөрүүтэй нөхцөл байдлыг арилгаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчжээ.
6.Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхээс маргаан бүхий актаар хүүгийн хувь хэмжээг тооцохдоо “ижил төрлийн ажил үйлчилгээ үзүүлж буй харилцан хамааралгүй этгээдүүдийг хэрхэн сонгосон, ямар ажил, үйлчилгээг үндэслэл болгосон”-той холбоотой баримтуудыг цуглуулан, дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч компани болон ...“К” ХХК-иудын хооронд хийгдсэн гүйлгээ нь зээл, эсхүл хөрөнгө оруулалт гэдгийг тогтооход ач холбогдолтой шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүтэй байдлыг арилгаагүй, түүнд дүгнэлт өгөөгүй атлаа “харицагчаас ...хуулийн тодорхой зохицуулалтыг хэрэгжүүлээгүй нь буруу... Хариуцагч байгууллага ...гүйлгээ нь зээл болохыг зөв дүгнэсэн атлаа хуульд заасан журмын дагуу шалгаж хүүний хувь хэмжээг тогтоогоогүй, үүнийг нь шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар актыг биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
7.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компанийн гаргасан “...татварын албыг алдаагаа засаад, нотлох баримтаа шинээр нөхөн үйлдээд, шинээр акт гаргаад, аж ахуйн нэгжийг заавал шийтгэх үр дагаварт хүргэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй..., татварын хяналт шалгалтыг шинээр хийж, актыг шинэчлэн гаргах боломжийг олгосноор 5 жилийн хугацаанд шүүхэд хянагдаж байгаа маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх ажлыг үр дүнгүй болгож байна. Үр дагаварт нь манай компанийн хувьд бүх зүйл дахин эхнээсээ эхэлж, шинэ акт гарсны дараа цаашид дахин 5 жил шүүхэд маргаан үргэлжилж, их хэмжээний зардал чирэгдэл учирч, эрх зүйн байдал нь илтэд дордон, хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр 10 жилийн өмнөх шалгалтад дахин дахин хамрагдах нөхцөл байдал бодитоор үүсч байна” гэх гомдлыг буруутгах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
8.Иймээс анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 468 дугаар магадлал[5], Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 352 дугаар тогтоолд[6] заасан нотлох баримтуудыг хариуцагч байгууллагад баримт бичгийн үзлэг хийх, нууц баримт байгаа тохиолдолд нууцын журмыг баримтлан шүүхээс уг баримтыг гаргуулах, хариуцагчаас уг баримттай холбоотойгоор дахин тодруулга, тайлбарыг авах, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүтэй байдлыг арилгах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилган “шүүх нотлох зарчим”-ыг хэрэгжүүлсний үндсэн дээр хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс эргэлзээгүй талаас үнэлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт өгч хэргийг нэг мөр шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэх шаардлагатай.
Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ