| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2018/00365/и |
| Дугаар | 001/ХТ2019/00265 |
| Огноо | 2019-02-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2019/00265
Г.Хын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01564 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2067 дугаар магадлалтай,
Г.Хын нэхэмжлэлтэй
Б.Ут холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 7 500 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б.Уийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Х, хариуцагч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зарын дагуу миний бие Б.Утэй холбогдож 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэгт байршилтай 20 м.кв талбайтай зөөврийн сэндвичэн ТҮЦ-ийг 7 500 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бэлнээр төлсөн. Тухайн үедээ би Б.Уээс энэ ТҮЦ ямар нэгэн байдлаар нүүж, хөдлөх эсэх талаар нэлээд сайн асуусан, тэрээр нүүхгүй гэдгийг хэлсэн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгуулах гээд материалаа өгсөн байгаа гэж хэлсэн. Иймд би ТҮЦ болон түүний доторх тавилгыг хамтад нь худалдан авсан. Ингээд үйл ажиллагаа явуулж эхлээд 10-аад хонож байхад Баянгол дүүргийн Тамгын газар, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан хууль бусаар байршиж байгаа ТҮЦ буулгаж, газар чөлөөлөх аяны хүрээнд манай ТҮЦ-нд шалгалт ирсэн. Тухайн үед бид учир байдлаа хэлээд өнгөрсөн бөгөөд үүний дараа би Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт очиж тусгай зөвшөөрлийн талаар асуухад 2016 оноос олгогдохгүй болсон талаар мэдсэн. Энэ талаар Б.Ут хэлж, мөнгөө буцааж авах гэсэн боловч тэрээр утсаа авахгүй, холбогдохгүй болсон. ТҮЦ нь тусгай зөвшөөрөлгүй бол үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Нэгэнт тусгай зөвшөөрөл олгохгүй байхад би ТҮЦ ажиллуулах боломжгүй, цаашлаад надад ямар ч үр ашиггүй, эрхийн доголдолтой хөрөнгө болсон. Иймд худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, Б.Ут өгсөн 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ТҮЦ худалдах талаар зар тавьсан байсан. Зарын дагуу Б.Г.Хтай холбогдсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Г.Хд Баянгол дүүрэгт байршилтай зөөврийн ТҮЦ, хөргөгч, лангуу, тоног төхөөрөмжийн хамт нийт 10 000 000 төгрөгний үнэ бүхий хөрөнгийг яаралтай мөнгөний хэрэг гарсан тул 7 500 000 төгрөгөөр худалдсан. ТҮЦ-ийг зөвшөөрөлтэй нь хамт худалдаагүй. Дүүргээс олгогддог худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийн хугацаа 2017 оны 8 дугаар сард дууссан. Өөрийнхөө нэр дээр шинээр аваарай гэж би Г.Хд хэлж байсан. Түүнээс биш сунгуулах гээд өгсөн байгаа гэж хэлээгүй. Худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийг үйл ажиллагаа явуулах хүн өөрийн нэр дээр дүүргээс авах ёстой юм. Гэрээ байгуулснаас 10-аад хоногийн дараанаас наймаагаа буцаая гэж над руу залгасан. Надад мөнгөний нэн шаардлагатай байсан тул буцаах ямар ч боломжгүй, мөнгө нь байхгүй болсон. Би биет байдлын доголдолгүй, бусад этгээдэд барьцаалагдаагүй өөрийн эд хөрөнгийг Б.Г.Хд худалдсан, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01564 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.Уээс 7 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Хаас тэмдэгтийн хураамжид төлсөн 135 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Уээс 135 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2067 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2018/01564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.У хяналтын гомдолдоо: Шийдэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний бие Б.Утэй худалдах худалдан авах гэрээ байгуулж, 20 м.кв зөөврийн сендвичэн ТҮЦ-ний сууц, түүний доторх хөргөгч, лангуу, бусад тоног төхөөрөмжийн хамт 7 500 000 төгрөгөөр худалдсан. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн үзсэнчлэн “эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасны дагуу уг худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй байгаа нь тодорхой байгаа тул эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үзэхээр байна. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т тусгай зөвшөөрлийг бусдад худалдах замаар шилжүүлэхийг хориглосон ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын эрхэд “тусгай зөвшөөрлийг шилжүүлэх” тухай тусгагдаагүй болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс “эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан” гэж байгаа нь тусгай зөвшөөрлийг худалдан шилжүүлэх байсан мэтээр дээрх хуулийг зөрчсөн агуулгатай дүгнэлт хийсэн. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох асуудал нь хариуцагчаас бус нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан эсэх, мөн төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанаас хамаарч байгааг анхаараагүй байна. Үүнээс гадна талууд тусгай зөвшөөрөлтэй эсэхийг мэдэгдсэн гэдэгт маргаантай атал нэхэмжлэгчийг тухайн үндэслэлээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байхад шууд “хариуцагч мэдэгдээгүй” гэж нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Харин би “гэрээ хийх үед тусгай зөвшөөрлөө өөрийн нэр дээр шинээр аваарай” гэж хэлж байсан болохыг нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд “...цаашид сунгагдахгүйг мэдсээр байж, сунгаад авчих гэж хэлсэн /XX- 31/, ...сунгаад ажиллуулах боломжтой гэж ойлгосон /ХХ-30/” гэж хэлсэн нь тухайн үед тусгай зөвшөөрөлгүй байгаа, өөрийн нэр дээр зөвшөөрлийг гаргуулна гэдгийг мэдэж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Г.Х худалдан авч байгаа зүйлийнхээ талаар шалгах боломжтой байсан нь дээрх үндэслэлийг баталж байгаа төдийгүй Иргэний хуулийн 255 дугаар зүйлд “255.1.1.эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан; 255.1.2.аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” гэж заасны дагуу худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан байна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад “гэрээнээс татгалзаж, 7 500 000 төгрөгийг гаргуулах” гэсэн атал шүүхүүд зөвхөн хариуцагчаас 7 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, гэрээнээс татгалзсан тохиолдолд өөрийн сууц болон бусад эд хөрөнгийг /ямар зүйлс багтах/ хэрхэх талаар шийдвэрлээгүй орхисон гэж үзэхээр байна. Дээрхээс үзэхэд хариуцагч Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ хууль болон гэрээний дагуу биелүүлж, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэн өгсөн, эд хөрөнгийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгсөн тул нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид үүсэх үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн боловч гэрээнээс татгалзсан үр дагаварыг бүрэн шийдвэрлээгүй тул залруулах боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Б.Ут холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 7 500 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээнээс татгалзах үндэслэлгүй, гэрээгээр тохирсон зүйлийг шилжүүлсэн гэж маргажээ. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо дээрх үндэслэлээс гадна эд хөрөнгийг буцааж өгөөгүй талаар дурджээ. Гомдлын зарим хэсгийг хангах хуулийн үндэслэлтэй байна.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Г.Х нь гэрээний дагуу эд хөрөнгийн үнэ 7 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж үүргээ биелүүлжээ.
Харин хариуцагч Б.Уээс шилжүүлсэн 20 м.кв талбай бүхий зөөврийн сэндвичэн ТҮЦ-ийг хүлээж авснаас 10 хоногийн дараа холбогдох байгууллагуудаас нүүхийг шаардсан, зөвшөөрлийг сунгахгүй болсон тул нэхэмжлэгч нь эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон байна.
Тухайн эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигчийн талаар маргаан байхгүй хэдий ч сэндвичэн ТҮЦ-ийн байрлах газрыг холбогдох байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр олж авч, ажиллуулах нөхцөл бүрддэг тул уг нөхцөлийг хангаагүй эд хөрөнгийг эрхийн доголдолтой гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт нийцжээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авсан эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч нь гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байна. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан, шүүх уг зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг хангахдаа худалдсан эд хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгоогүй нь хуульд нийцээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2067 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01564 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Г.Хд гэсний дараа Г.Хаас гэрээний дагуу шилжүүлсэн сэндвичэн ТҮЦ-ийг гаргуулж Б.Ут...” гэж нэмж оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА