Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1256

 

 

 “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/01005 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Энхтайванд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 172 606 245 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг, У.Энхцогт,

Хариуцагч Л.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Энхтайван Капитал банкны Хөрөнгө удирдлагын газрын хөрөнгө зохицуулалтын албанд ахлах дилерээр ажиллаж байхдаа тус банктай 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ажиллагсдын орон сууцны зээлийн 68 тоот гэрээг байгуулан, 54 000 ам.долларын ипотекийн зээлийг 25 жилийн хугацаатайгаар, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 15 тоот дахь 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг байгуулж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч Л.Энхтайван хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гарган ажлын байрны давуу байдлаа ашиглан Санхүү бүртгэлийн газрын арилжааны арын албанд ашигладаг Фи Икс Си Эм оффис программаар дур мэдэн нэвтэрч, блансын тохируулгын гүйлгээ хийх замаар өөрийн эхнэр Б.Амарбаясгалангийн маржин арилжааны дансны үлдэгдлийг хийсвэрээр өсгөсөн тул өсгөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр банк алдагдал хүлээж, банкинд их хэмжээний хохирол учруулсан ноцтой зөрчлийг гаргасан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 442 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хариуцагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 тоот орон сууцны зээлийн гэрээний 13.16-д заасны дагуу хариуцагчийн авсан орон сууцны зээлийн хүүг зээл олгох үед мөрдөж байсан орон сууцны зээлийн ердийн хүү буюу 1,53 хувиар зээлийн хүүг тооцох болсон. 2016 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд хариуцагч Л.Энхтайван үндсэн зээлд 9 371,7 ам.доллар, зээлийн хүүд 16 997,28 ам.доллар нийт 26 368,98 ам.долларыг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сараас хойш төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн ззэл 44 628,30 ам.доллар, зээлийн хүү 27 809,54 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 5 095,67 ам.доллар, нийт 77 533,51 ам.доллар буюу 177 635 288,03 төгрөгийг Л.Энхтайванаас гаргуулж өгнө үү. 1 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцсон болно. Зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Капитал банкинд 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс дилер, ахлах дилерээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Ажиллах хугацаандаа 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 54 000 ам.долларыг, жилийн 8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатайгаар банкнаас зээлэхээр зээлийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 15 тоот, 52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 73,4 сая төгрөгөөр худалдаж авсан. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа халагдсан ба 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш халагдах өдөр хүртэл үндсэн зээлд 9 371,7 ам.доллар, зээлийн хүүд 16 997,28 ам.доллар, нийт 26 368,98 ам.долларыг төлсөн. Зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх гэтэл зээлийн хүүг нэмэгдүүлж банкны зээлийн эдийн засагч нь миний зээлийн хүүгийн төлбөрийг 26 364.16 ам.доллараар нэмэгдүүлнэ гэдгийг амаар хэлсэн тул би үүргээ биелүүлээгүй. Капитал банк надаас 77 533,51 ам.долларыг нэхэмжилж байгаа нь биелүүлэх боломжгүй. Би тухайн үед гэрээгээ уншаагүй байсан, гэрээгээ гаргаад уншсан чинь тийм заалт байсан учир зээл төлөлтөө зогсоосон. Миний зээлийн хүүг зээл анх авсан өдрөөс нэмэгдүүлж тооцож нэмж байгаа нь Банкны тухай хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийг зөрчиж байна. Мөн зээлийн гэрээ нь хэт нэг талыг баримтласан, талуудын эрх, үүрэгт зээлдэгчийн эрх ашгийг хэт боомилсон, хуульд нийцээгүй заалтуудтай байна.

Капитал банкнаас нэмж нэхэмжлээд байгаа 26 364.16 ам.долларын хүүгийн хувьд гэрээний 3.16 дахь заалт нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан хуулийн шаардлагад нийцээгүй, илтэд биелүүлэх боломжгүй нь хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байна. Би Капитал банктай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан боловч зээлийн гэрээнд хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг тусгасны улмаас боломжгүй болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэ нь хүүгийн форвард хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн байна. Хүүгийн форвард гэдэг нь ирээдүйд тухайн хүү нь өсөх, буурах эсэх нь тодорхойгүй боловч өнөөдрийн хүүгийн түвшинд тулгуурлаж ирээдүйд хүү өсөх, буурахад аль нэг талдаа үүрэг, хариуцлага хүлээх хэлцлийг хэлдэг ба уг заалт нь энэхүү хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэж үзэж байна.

2006 оны Улсын Дээд шүүхийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.1-д Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтьн тайлбарлахдаа банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд уг гэрээнд зээлийн хүү, түүний хэмжээг тодорхой тусгахыг хэлнэ. Харин уг гэрээгээр зээлийн хүү тогтоогоогүй бол зээлийг хүүгүй олгосон гэж үзнэ гэсэн байдаг. Тэгэхээр уг заалтад тодорхой хүү заагаагүй байна.

Банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйл ажиллагааны журам нь хууль зөрчөөгүй, зээл хүсэгчдийг хэт хясан боогдуулаагүй, эрсдэлд оруулахгүй байхаар хяналт тавьж байхыг Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хуульчилсан ба зээлийн үйл ажиллагааны журмыг боловсруулах үлгэрчилсэн журмыг тогтоож, мөн заавал дээрх байгуулагад хүргүүлж хянуулдаг. Энэхүү гэрээг хянуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Капитал банкнаас гаргасан нэхэмжлэлд тухайн үеийн орон сууцны зээлийн ердийн хүү нь 1.53 хувь гэсэн байгаа нь сарын хүү гэж ойлговол жилийн 18.36 хувь болж байна. Энэ хүүг хаанаас гаргаж ирсэн, хэний тушаалаар баталсан, энэ хүү нь ам.долларын орон сууцны зээлийн хүү мөн эсэх талаарх баталгаа хэргийн материалд тусгагдаагүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, уг зээлийн гэрээний 3.16 дахь заалт нь төгрөгийн зээлийн хувьд зориулсан заалт ба жилийн 8 хувийн хүүтэй ам.долларын орон сууцны зээл нь зах зээлийн ердийн хүү байсан. Харин Капитал банкны хувьд нэхэмжлэлдээ төгрөгийн зээлийн ердийн хүүгээр ам.долларын зээлийг нэхэмжилсэн байна. Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд буй Капитал банкны гүйцэтгэх захирлын 446 дугаар тушаалд зөвхөн төгрөгийн зээлийн нөхцлийг өөрчилсөн байх ба ам.долларын орон сууцны зээлийн нөхцлийг өөрчилсөн тушаал байхгүй байна. Миний бие уг зээлээ өмнөх нөхцлөөрөө үргэлжлүүлэн төлөх, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн боловч боломжгүй гэсэн хариуг банкнаас өгч байсан. Үндсэн зээлийн үлдэгдэл болох 44 628.30 ам.долларыг зөвшөөрч байна. Капитал банкнаас нэхэмжилж буй 77 533,51 ам.доллар буюу 32 905,21 ам.долларын зөрүү, нэмэгдүүлсэн хүү гэх 5 029,04 ам.долларыг ямар тооцооллоор бодож гаргасан нь тодорхойгүй байна. Гэрээний хуваарийн дагуу сард 519.66 ам.доллар төлдөг ба ямар тооцоолол хийж нэмэгдүүлсэн хүүг 4 470.42 ам.доллараар гаргасан нь ойлгомжгүй байна. 2012 онд орон сууцны м.кв-ын үнэ 1,3-1,4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан ба "Сити Палас" ХХК-иас орон сууцыг 74 сая төгрөгөөр тооцон авсан нь тухайн үеийн ханшаар 54 000 ам.доллар болсон. Монгол банкны 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1 ам.доллар нь 1370.92 төгрөгтэй тэнцэж байсан ба би хамгийн сүүлд зээлийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хийхэд 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш нь 2 021.40 болж төгрөгийн ханш унасан байсан. Би төгрөгийн ханшийн уналтаас үүдэн зээлийн хүү, үндсэн төлбөрийг хуваарьт заасны дагуу төлөхөд дээрх хугацаанд 9,2 сая төгрөгийг банкинд илүү төлсөн байна. Иймд Капитал банкны нэхэмжилсэн зээлийн хүү 27 809,54 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү гэх 5 029,67 ам.долларыг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Л.Энхтайванаас зээлийн гэрээний үүрэгт 105 586 947,8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс 72 048 340,2 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 15 тоот дахь, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 186 595,8 төгрөгийг улсын орлогод үлдээж, 44 420 төгрөгийг Баянгол дүүргийн татварын данснаас буцааж, хариуцагчаас 756 085 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "өмнө нь төлсөн зээлийн хүүгийн хувийг нэмэгдүүлж, сард төлөх зээл, зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөн анх авсан өдрөөс тооцон нөхөн төлүүлэхээр заасан дээрх урьдчилсан нөхцөл шудрага ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөн зээлдэгчид илтэд хохиролтой нөхцөл байх тул хариуцлага хүлээлгэж байгаа нь шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөн буюу хариуцагчид хохиролтой байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар гэрээний дээрх заалт буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна" гэх үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан нь ойлгомжгүй байх ба талуудын хооронд байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаар Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээнд "...ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцно..." гэж талууд тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан байдлыг харгалзан үзээгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч санаачлан зээлийн гэрээний 8.3.3, 8.3.4-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цуцалж дуусгавар болгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэм" гэж дүгнэсэн нь Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан 72 048 340.2 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж хариуцагчаас 177 635 287 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Л.Энхтайванд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 172 606 245 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн гэрээний үүрэгт 177 635 288 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Л.Энхтайван Капитал банкинд дилерээр ажиллаж байхдаа 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 54 000 ам.долларыг, сарын 0,66 хувь буюу жилийн 8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулж, Л.Энхтайван, Б.Амарбасгалан нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалж зээл олгожээ.

 

Талуудын хооронд зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу 54 000 ам.долларыг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн, зээл авах үед Капитал банкинд Л.Энхтайван хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан, тэрээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сахилгын ноцтой зөрчил гаргаснаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх зээлийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлж байсан бөгөөд ажлаас чөлөөлснөөр зээлийн гэрээний 3.16-т заасны дагуу зээлийн хүүг өсгөн нэмэгдүүлэхээр тохиролцсон нь хэт нэг талыг барьсан, хууль зөрчсөн гэж маргаж байна.

 

Гэрээний стандарт нөхцөл зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар болон гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний 3.16-д “ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг зээл анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны зээлийн хүүгээр нөхөн тооцон төлүүлэхээр” тохиролцсон нь шударга ёсны зарчимд харш, зээлдэгчид хохиролтой тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар уг тохиролцоог шүүх хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь зөв байв.

 

Талууд зээлийн гэрээнд хүүгийн талаар 2 өөрөөр тогтоосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж дуусгавар болгосон тул 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл үндсэн зээл 44 628.3 ам.доллар, зээлийн хүү 1 283.35 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 256.67 ам.доллар, нийт 46 168.32 ам.доллар буюу 105 586 947 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

Харин, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүү тооцох талаар зохицуулсан Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг шүүх баримталсныг буруу гэж үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасч, талуудын хооронд гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тохиролцсон тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг гэснийг мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/01005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1” гэснийг хасч, “Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1” гэснийг “Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518 191 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ