Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00031

 

"Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдХан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01126 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1613 дугаар магадлалтай,

    “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             Ш д холбогдох

             Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 54,388,542.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ш тай 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төмс худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Манай компани Ш д тухайн үед 350 төгрөгийн үнэтэй байсан төмсийг 30 хувь хямд буюу 265 төгрөгөөр нийлүүлсэн. Батсүмбэр суманд байрлах манай компанийн зоориноос хариуцагч өөрийн хүмүүстэй ирж төмсийг аваад явсан. Төмс худалдан авахдаа 30 хувийн төлбөрийг урьдчилж төлөх ёстой байсан боловч, 8,000,000 төгрөгийг төлөн, үлдсэн мөнгийг төмс зарагдах явцад төлж барагдуулна гэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр анхны гэрээний дагуу төлбөрийн хэлцэл дуусгавар болох ёстой байсан боловч хариуцагчийн зүгээс төмс ялзралт ихтэй, хорогдол их гарч байна гэдэг хүсэлт тавьсан. Хорогдлын үнийг компанийн захирал Ч.Батаа, миний бие болон хариуцагч Ш тай ярилцаж тохирсон. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хариуцагч төлбөрөө шатахуунаар барагдуулна гэдэг санал тавьсан. Үүнийг бид мөн адил хүлээн зөвшөөрсөн. Гэтэл өдий болтол төлбөр барагдуулаагүй байгаа тул үндсэн төлбөр болон алдангийн хамт нийт 54,388,542.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01126 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 54,388,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш гаас 429,893 төгрөг гаргуулж “Э ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1613 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Э ” ХХК нь 2018 оны 04 сарын 04-ний өдөр Ш д холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг шийдвэрлэх хугацаанд Ш г Сэвлэгмаа гэх хүн төлөөлж байсан. Хариуцагч тал нэхэмжлэлээ гардаж аваад шүүх хурлын товыг мэдэж байсан боловч шүүх хуралд ирээгүй. Шүүхээс хариуцагч болон түүний төлөөлөгчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн гэх бөгөөд Ш , Сэвлэгмаа нар нь хугацаа хожиж төлбөр төлөхгүй удааширч бидний ажилд саад болж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэгч “Э ” ХХК хариуцагч Ш д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 49,220,400.00 төгрөг, алданги 5,168,142.00 төгрөг, нийт 54,388,542.00  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

“Э ” ХХК болон Ш  нарын хооронд 2017.12.04-ний өдөр байгуулагдсан 05/017тоот төмс худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч тал чанарын  шаардлага хангасан Батсүмбэр суманд тарьж ургуулсан 170,668 кг товарын төмс, 12,080 кг үрийн төмс нийлүүлэх, захиалагч тал бүтээгдэхүүнийг хүлээн авч үнийг төлөх үүргийг хүлээсэн байна.

Дээрх гэрээний 4.2, 4.4-т “...1 кг товарын төмсийг 300 төгрөг, үрийн төмсийг 250 төгрөгөөр худалдан авахаар үнийг тохирч, худалдан авагч төмсний нийт үнэ 54,220,400.00 төгрөг, мөн “Э ” ХХК-ийн төлсөн зоорины түрээс 3,000,000.00 төгрөг, нийт  57,220,400.00 төгрөгийг төлөх, энэ төлбөрийн 32,220,400.00 төгрөгийг шатахуунаар, үлдсэн 25,000,000.00 төгрөгийг бэлнээр төлөх”-өөр заажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарлагын 6 ширхэг баримт, төмсний тооцоо, Хаан банкны дансны хуулга  зэрэг баримтад тулгуурлан талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Жаргалмаа төмсийг хүлээн авч, 2017.12.19-ний өдөр 8,000,000.00 төгрөгийг  төлсөн, үлдэгдэл 49,220,400.00 төгрөгийг төлөөгүй тухай дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний 4.4-т зааснаар  худалдан авагч Ш  2018.03.01-ний дотор төлбөрийг төлөөгүй байх тул гэрээний  5.2-т зааснаар нэхэмжлэгч нь 35 хоногоор тооцож, алданги 5,168,142.00 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалтад нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг шийдсэн анхан шатны шүүхийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67  дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасан ажиллагааг хуульд зааснаар явуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, тухайн өдрөө шүүх хуралдааны товыг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нарт шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай тус тусад нь баримтаар мэдэгдсэнийг Ш , Ю.Сэвлэгмаа нар 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан байна. /хх-24,25/

Хариуцагч Ш  нь 2018 оны 4 сарын 11-ний өдөр иргэн Ю.Сэвлэгмаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон, тэрээр хариуцагчийг төлөөлж нэхэмжлэлийг гардаж авсан байна.

Анхан шатны шүүх хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд ирээгүй, шүүхэд хандаж  ямар нэгэн хүсэлт гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 72  дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариу тайлбар гаргаагүй байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэх тэмдэглэлээс үзэхэд 2018 оны 5 сарын 03-ны өдрийн 11 цагт 99032236 дугаартай утсанд залгаж тов мэдэгдсэн, лавлах утас 86033366 гэж хэлэв гэсэн баримтыг үгүйсгэсэн буюу тухайн өдөр ийм холболт хийгдээгүй талаарх лавлагаа, баримтыг хариуцагчийн төлөөлөгч гомдолдоо заагаагүй байна.

Анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй, түүнчлэн мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.6-д зааснаар зохигч нь шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй байдаг. 

Иймээс “...хариуцагчид шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй, ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаад шүүх хуралдааны товыг зохих журмаар мэдэгдсэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т нийцсэн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр    мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1613 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.   

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН