Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00053

 

Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01166 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1635 дугаар магадлалтай,

            Б ийн нэхэмжлэлтэй,

            “Н ” ХХК-д холбогдох

    Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзаж, 6,872,020.00  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон  тайлбарт: “Н ” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр зуучлагч суралцагчийн сонгосон улсад суралцахад үйлчилгээ үзүүлэх, суралцагч нь зуучлагчид үйлчилгээ үзүүлсний хөлсийг төлөх үүргийг талууд хүлээхээр тохиролцсоны дагуу нийт 3000 ам.долларыг зуучлагчид шилжүүлэн өгсөн.  Зуучлагч нь зуучлалын хөлсийг өндрөөр тохирон  виз гаргах баталгаа  өгч байсан боловч зуучлагч байгууллагаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, виз гаргаагүй өдийг хүрсэн. Гэрээний 3.1-т “Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар буюу 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс суралцагчид тухайн улсын элчин сайдын яамнаас тухайн улсад сурах албан ёсны зөвшөөрөл олгох өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасны дагуу гэрээний хугацаа дуусаагүй, үргэлжилж байна. Зуучлагч байгууллага виз гаргаж өгч чадахгүй, хугацаа алдсан,  АНУ  руу  гарахаа  больсонтой холбоотой  Б  гэрээнээс татгалзаж, хөлсийг буцаан олгохыг хүсч зуучлагч байгууллагад удаа дараа хандаж, мэдэгдсэний дагуу тус байгууллагаас 500,000.00 төгрөг өгсөн боловч үлдсэн төлбөрийг буцаан өгөөгүй. Иймд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзаж, үлдэгдэл 6,872,020.00  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын  гаргасан хариу тайлбарт: Б тэй байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд үйлчилгээний хөлсийг буцаан олгох талаар талууд харилцан тохиролцсон бөгөөд тухайн улсын элчин сайдын яам виз олгохоос татгалзсан нь манай компанийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй юм. Гэрээний хугацаанд манай байгууллага өөрсдөөс шалтгаалах бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсээр ирсэн буюу үүргээ биелүүлж ажилласан. Өөрөөр хэлбэл, манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд аливаа гадаадын иргэнийг өөрийн улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх зөвшөөрөл олгох нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал тул бид ямар нэг байдлаар виз гаргаж өгөх талаар амлалт өгсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01166 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг  баримтлан хариуцагч “Н ” ХХК-иас 6,872,020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б өд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н ” ХХК-иас 124,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б өд олгож шийдвэрлэжээ.                                

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1635 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01166 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1635 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантай байсан бөгөөд энэ талаараа шүүгчийн туслахад мэдэгдсэн болно. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ямар нотлох баримтаар 3000 ам.доллар төлснийг нотолсон ямар баримт байгааг тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл, 3000 ам.доллар төлсөн гэдэг үйл баримт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд түүнийг ямар үндэслэлээр төлсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Нөгөө талаар шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн анкет дээр латинаар РАГО “Төлбөр төлөгдсөн” гэсэн тэмдэглэгээ хийгдсэнийг анхаараагүй, 3000 ам.доллар хүлээлгэн өгсөн гэх баримт нь хуурамч буюу санхүүгийн тэмдэг дарагдаагүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зуучлагч байгууллага виз гаргаж өгөхгүй удсан гэсэн болохоос гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүй гэж дурдаагүй байна. Виз гэдэг бол тухайн орон руу нэвтрэх зөвшөөрөл бөгөөд энэ нь элчин сайдын яамны шийдвэр, үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Мөн цахим хуудсанд элчин сайдын яаманд ярилцлагад орсон үйл баримт нь тогтоогддог бөгөөд үүнийг шүүх хуралд тодруулаагүй, мөн анхаараагүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч “Н ” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээнээс татгалзаж, 6,872,020.00 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан явдалд байгууллага буруугүй, гэрээний үүрэг биелэгдсэн гэж маргажээ.

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр хариуцагч нь АНУ-ын Вашингтон хотын хэлний бэлтгэл сургалтад зуучлахаар тохиролцож, нэхэмжлэгч нь үйлчилгээний төлбөрт 3,000.00 ам.доллар төлснөөс хариуцагч байгууллага 500,000.00 төгрөгийг нь нэхэмжлэгчид буцаан өгсөн талаар маргаагүй.

Зохигчдын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт нийцсэн байх бөгөөд гэрээний 4.3-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 3,000.00 ам.долларыг тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож  7,372,020.00 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 500,000.00 төгрөгийг хасч үлдэх 6,872,020.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, тэрээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгийг нотолсон баримтыг шүүхэд  ирүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантай байсан талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн байхад түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй байна. Түүний энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцжээ.

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01166 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1635 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “Н ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 124,910.00 /нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                           Ц.АМАРСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН