Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ2020/0436

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0251/Э/Н

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Дд холбогдох эрүүгийн 2018000000266 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Д /РД: /, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Дын өгсөн: ...Утэй 5 жил хамтран амьдарч байна. Хардалтаас болоод зоддог... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч С.Уийн өгсөн: ...Д 2020 оны 01 дүгээр сард хорихоос суллагдаж гарч ирснээсээ хойш ажил төрөл хийгээд дажгүй сайхан амьдарч байсан. Гэтэл 2 хоногийн өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр миний гар утас дуугарч дуугарч нэг эрэгтэй хүн дуугарахад Д сонсоод утас булааж авсан. Тэгээд надад уурлаж янхан гэх мэтээр доромжилж миний гар утсыг газарт шидэхэд би гар утсаа авахаар өндийхөд миний нүүр рүү гараараа нэлээн хэдэн удаа цохиж, улмаар миний 2 шүд унасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

...Тэгээд миний хувцсыг тайлах үед дотуур хувцас нэг хөлөндөө байна гэж уурлаж, миний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиж гэмтэл учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга... гэх мэдүүлэг /хх-ийн 130-131/,

Гэрч С.Мын өгсөн: ...Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дын гэрт ороход Уийн нүүрний нэг тал нь хөхөрч хавдсан байдалтай байсан ба юу болсон талаар асуухад У нь “миний гар утас дуугарч хүнтэй ярихад Д намайг хардаж цохиж гэмтээгээд 2 шүд хугалчихлаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

...хажуу айлын У нэлээн согтуу байдалтай орж ирээд уусан. Тэгтэд араас нь нөхөр нь болох Д орж ирээд “хаашаа яваад ирж байгаа пизда вэ? Чамайг зөндөө хайлаа, гэртээ оръё” гээд дагуулаад манайхаас гарсан. Сүүлд нь Уийг нөхөртөө зодуулсан гэж сонссон. Яг зодуулах үед нь би хамт байгаагүй. Д, У нар нь байнгын архи дарс ууж хэрэглэдэг юм. Түүнээсээ болоод маргалдаж зодолдоод байдаг юм шиг санагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 133/,

Насанд хүрээгүй гэрч Э.Сийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэртээ өвөө Мягмар, найз залуу Урантөгс нарын хамт байж байтал гаднаас хажуу айлын эгч У согтуу орж ирээд “Оын гэрээс ирлээ” гээд сууж байтал араас нь нөхөр болох Д орж ирээд “чи хаашаа яваад ирж байгаа пизда вэ? Чамайг зөндөө хайлаа гэртээ оръё” гээд гэрээс дагуулаад гарсан. Удалгүй Д ах эргэж орж ирээд намайг “нааш ир юм харуулъя” гэхээр нь би дагаад гэр лүү нь яваад орсон чинь У эгчийн нэг нүд нь хавдсан байдалтай хамар амнаас нь цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 135/,

Шүүгдэгч Б.Дын яллагдагчаар өгсөн: ...Уийн утас дуугараад эрэгтэй хүний хоолой сонсогдсон. У нь тэр хүнд намайг ажлаасаа буугаад ирлээ гэж хэлэхээр нь би утсыг нь шүүрч аваад ярих гэхэд утсаа тасалсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Уийн өөдөөс гар утсыг нь шидээд, баруун шанаанд нь 2-3 удаа алгадсан. Тэр үед шүд нь унаж, нүүр нь хөхөрсөн гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,

...У хувцсаа тайлж чадахгүй байхаар нь тайлж өгтөл дотуур хувцсаа өрөөсөн гуяндаа өмссөн байсан. Тэгэхээр нь миний уур хүрч Уийн нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохисон чинь С орж ирээд “та одоо боль л доо” гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч намайг бариулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 145-146/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 479 дугаартай “С.Уийн биед 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.Уийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Уийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 10 хувиар алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/,

С.Уийн нүүрэнд хавантай, 2 шүд унасан гэх хүний их эмч Ц.Үүрийнтуяагийн тодорхойлолт /хх-ийн 13/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Шарын гол сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч С.Мягмархүүгийн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ бага түвшин” гэх үнэлгээ /хх-ийн 39-40, 151-152/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 634 дугаартай “С.Уийн биед баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдэнд цус хуралт, толгойд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 137-138/,

С.Уийн баруун нүд хавдсан цус хуралттай, баруун нүдний доор 1.5х1 сантиметр орчим зүсэгдсэн шархтай, баруун тохойд хавдсан, цус хуралт хөхрөлттэй, баруун шуунд 2х3 сантиметр орчим 2 ширхэг цус хуралт хөхрөлттэй, зүүн мөрөнд 2х2 сантиметр орчим цус хуралт хөхрөлттэй, зүүн тохойнд доод хэсэгт 7х4 сантиметр хавдсан цус хуралттай гэх хүний их эмч Ц.Үүрийнтуяагийн тодорхойлолт /хх-ийн 139/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоол хх-ийн 46-54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

Үүнд шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч С.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, мөн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд хохирогч С.Уийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон гэх үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрүүдэд хохирогч С.Уийг байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэх үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн хорих ял эдэлж дууссаны дараа Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчдын 1-7 дугаар гудамжны 4 тоот гэртээ 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хамтран амьдрагч С.Уийг зодож эрүүл мэндэд нь 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол, мөн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хамтран амьдрагч С.Уийг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд шарх, баруун нүдэнд цус хуралт, толгойд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д, хохирогч С.У нар нь хамтран амьдрагч буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан гэрч С.Мягмар, насанд хүрээгүй гэрч Э.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч С.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хамтран амьдрагч С.Уийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д нь өөрийн хамтран амьдрагч С.Уийг өмнө нь удаа дараа зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн боловч ялаа эдэлж дууссан дараа  2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр болон 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр мөн хамтран амьдрагч С.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан шинжээрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шинжээрээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байгаа тул дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Д нь урьд хамтран амьдрагч С.Уийг зодож хөнгөн хохирол учруулсан, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэх үйлдлүүддээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгүүлсэн. Шүүгдэгч Б.Дын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, мөн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2 удаагийн үйлдлээс бусад үйлдлийн хувьд эрх зүйн хязгаарлалт, үйлчлэл нь дууссан. Дээрх 2 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан байнга гэх шинжийг агуулаагүй, түүний үйлдэл нь хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас болсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлүүдийн сэдэлт, зорилго болох хохирогчийг өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилго байхгүй. Иймд Б.Дын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  хамтран амьдагч С.Уийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэх үйлдлүүддээ 3 удаа ял шийтгүүлсэн боловч ялаа эдэлж дууссаны дараа 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хамтран амьдрагч С.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хамтран амьдрагч С.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх үйл баримтыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй, талууд тогтоогдсон үйл баримтын талаар маргахгүй байгаа боловч хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний асуудлаар мэтгэлцэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын үйлдсэн үйлдэл байна. Эдгээрээс гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлүүдийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Б.Дын хамтран амьдрагч С.Уийг удаа дараа зодож хорих ял шийтгүүлэн боловч ялаа эдэлж дуусаад дахин 2 удаа зодсон үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх шинжийг, зодох явцдаа эрүүл мэндэд нь удаа дараа хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэх шинжийг тус тус агуулж байна.

Харин шүүгдэгчийн үйлдэл нь бүхэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байхад хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж давхар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа болох хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан 1 үйлдлийг тухайн бүлэгт заасан өөр зүйл хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Уийн эрүүл мэндэд 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол, баруун нүдний зовхинд шарх, баруун нүдэнд цус хуралт, толгойд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирсан ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч С.Уийн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131/, шүүгчийн туслахаас хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэмт үйлдэл гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан учраас үүнийг харгалзан үзээд ялыг хөнгөрүүлэн тооцож хамгийн багаар 06 сарын хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Д нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-54/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 25/ зэргээр нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд цагдан хоригдсон 72 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар Б.Дыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР