| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2018/02608/и |
| Дугаар | 001/ХТ2019/00422 |
| Огноо | 2019-03-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2019/00422
“Б” ХХК-ний ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02174 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2196 дугаар магадлалтай,
“Б” ХХК-ний АҮЭХны нэхэмжлэлтэй
“Б” ХХК-д холбогдох
Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татвар 6 422 952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хүрэлбаатар, А.Отгонзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-ийн захиргаа, “Б” ХХК-ийн ҮЭХны 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 8.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын тарифын хэлэлцээрийн 5.5-д заасныг тус тус зөрчиж, ”Б” ХХК-ийн захиргаа нь “Б” ХХК-ийн ҮЭХнд 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх ҮЭХны 57 гишүүдийн татварыг “Б” ХХК-ийн ҮЭХнд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Дээр дурдсан хамтын гэрээ, хэлэлцээрт ҮЭХны гишүүдийн татварыг сар бүр бэлэн бусаар хурааж дараа сарын 5-ны дотор ҮЭХны дансанд шилжүүлнэ гэж заасан. Татвар төлөхгүй гэсэн хүсэлтийг гишүүдээс бөөнөөр нь гаргуулж байгаа нь Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны эсрэг гишүүдийг турхирч, дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэж байна. Иймээс ҮЭХны гишүүдийн үндсэн цалин 642 295 285 төгрөгөөс Үйлдвэрчний эвлэлд төлбөл зохих хэмжээ буюу 1 хувиар тооцон, 6 422 952 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хүрэлбаатар, А.Отгонзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүд хоорондоо эвлэлдэн нэгдэж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2017 оны 10 дугаар сараас эхлэн цалингаас үйлдвэрчний эвлэлийн татвар төлөхөөс татгалзсан тухай нийт 50 хүний гарын үсэг бүхий хүсэлт ирсэн. Үүний дагуу манай компани тухайн сараас эхлэн цалингаас бэлэн бусаар хураадаг Үйлдвэрчний эвлэлийн татварыг хураахаа зогсоож, уг гарын үсэг бүхий татгалзсан хүсэлтийг “Б” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлд хүргүүлсэн. Гэвч үйлдвэрчний эвлэл татвараа заавал хураан авч өг гэсэн шаардлагыг тавьсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан цалингаас хууль бусаар суутгал хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Ажилтнууд үйлдвэрчний эвлэлийн татвар төлөхөөс татгалзсан үндэслэлийг “Б” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл нь 2011 оноос хойш гишүүдээс татвар хурааж эхэлсэн бөгөөд 2011-2017 онд нийт 34 302 124 төгрөгийн татварыг хураасан байна. Энэ хугацаанд нийт хураасан татварын зарцуулалтыг нэг ч удаа гишүүддээ болон ажил олгогчид танилцуулж тайлагнаж байгаагүй гэж тайлбарладаг. Энэ нь Хамтын гэрээний 10.3-т заасныг зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т Хамтын гэрээнд талууд эрх тэгш байна гэсэн зарчмыг зөрчсөн. Хамтын гэрээнд заасан ажилчдад олгох тэтгэмж, урамшуулал, нэмэгдэл цалин, сургалт, эмчийн үзлэг, амралт зугаалгаар явах зардал зэргийг 100 хувь ажил олгогч талаас олгож байсан. Мөн нэхэмжлэл гаргасны дараа 2018 оны 7 дугаар сарын 23-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай ажилтнуудад танилцуулахад татвар төлөхгүй гэдгээ дахин илэрхийлж гарын үсэг зуран ирүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 34 жолооч шинээр ажилд орсон байгаа. Мөн 34 жолооч ажлаас гарч, 37 жолооч ажилд орсон байгаа. Яагаад ингэж олон тоогоор ажлаас гардаг шалтгаан бол автобусны жолооч нь том тэрэг барих чадвартай байдаг тул зуны улиралд уул уурхайн ажил хийхээр гардаг. Шинээр ажилд орсон жолооч нарын хувьд үйлдвэрчний эвлэлийн гишүүн болоогүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн болохын тулд дүрэм журамтай танилцаж, татвар төлөхийг зөвшөөрөн гарын үсэг зурсны үндсэн дээр ордог. Хувийн нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд ганц манай компани л үйлдвэрчний эвлэлтэй. Манай компани Үйлдвэрчний эвлэлийг үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангаж, компанийн сул өрөөнд байрлаж, бүх техник хэрэгслүүдээр бүрэн хангаж, ажилтны мэдээллийг хүссэн тухай бүрт танилцуулж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангадаг байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.11-д заасныг зөрчөөгүй. Иймд манай компани Үйлдвэрчний эвлэлээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02174 дүгээр шийдвэрээр Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн АҮЭХноос хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 6 422 952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2196 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02174 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрөн хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. “Б” ХХК-ын ажилтны ҮЭ-ийн хорооны гишүүд нь ҮЭ-ийн хорооны дотоод үйл ажиллагааны журмын 5.7 дахь хэсэг, үйлдвэрчний эвлэлд элссэн гишүүний үүрэг нь МҮЭ холбооны дүрмийн 12.2.4 дэх хэсэг, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны дүрмийн 5.4 дэх хэсэгт тус тус зааснаар гишүүний татварыг тогтоосон хувь хэмжээгээр сар тутам төлөх үүрэгтэй. 2. 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн “Б” ХХК-ийн захиргаа, санхүүд гаргасан хүсэлт болон 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр захиргаа, санхүүд ажилчдын гаргасан хүсэлтүүдийн гарын үсэг хоорондоо зөрүүтэй байгааг нь анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж үзсэнгүй. 3. ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ҮЭ-ийн үүдийг захиргааны журмаар тараах, үйл ажиллагааг нь зогсоох, мөшгөн хавчих зэргээр үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно гэж хуульчилсан байгааг нь хоёр шатны шүүх дүгнэсэнгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй алдааг залруулах боломжтой байна. Нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн АҮЭХ нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татвар 6 422 952 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь “хариуцагчийг 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ҮЭХны 57 гишүүний татварыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч “тус компанийн жолооч нарын зүгээс үйлдвэрчний эвлэлийн татварыг 2017 оны 10 сараас төлөхгүй болохыг мэдэгдэж, нэр бүхий 50 хүний гарын үсэг бүхий хүсэлтийг ирүүлсэн тул тварыг суутгаагүй” гэж маргажээ.
2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Б” ХХК, “Б” ХХК-ийн ҮЭХ 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулж, хариуцагч нь уг гэрээний 8.2-т зааснаар ҮЭХны гишүүдийн татварыг сар бүр бэлэн бусаар хурааж дараа сарын 5-ны дотор ҮЭХны дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна. /хх-ийн 17-20 тал/ Үүнээс өмнө хариуцагч нь хамтын гэрээний дагуу 2011 оны 1 дүгээр сараас эхлэн 2017 оны 10 дугаар сар хүртэл нийт 34 302 124 төгрөгийг цалингаас суутган шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлж байсан байна.
Харин 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн жолооч, ажилтан, албан хаагчдын зүгээс үйлдвэрчний эвлэлийн татварыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн цалингаас суутгуулахгүй талаар “Б” ХХК-ийн захиргаанд мэдэгдсэн тул татварыг суутгаагүй ба нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гишүүд хүсэлтээ дэмжиж байгаа болохоо 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дахин мэдэгджээ./хх-ийн 61, 64-66 /
Үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах талаарх харилцааг хамтын гэрээгээр зохицуулж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.11-д заажээ. Хамтын гэрээний биелэлтэд талууд болон тэдгээрийн төлөөлөгчид хяналт тавихыг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй.”, 2-т “Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй.” гэж заажээ.
“Б” ХХК-ийн ҮЭХны гишүүд ҮЭХны үйл ажиллагаатай холбогдуулан татвараа төлөхгүй гэж мэдэгдсэн, ҮЭХ дээрх тохиолдолд гишүүдтэйгээ хэлэлцэж, шийдвэр гаргаагүй байхад хариуцагч нь татварыг суутгах буюу хамтын гэрээнд заасан үүргийг биелүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 18.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Шүүхийн баримталсан Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хэрэглэх ёсгүй хууль байх ба шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.11, 18.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй байжээ.
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд буюу гишүүдийн татварыг хурааж, шилжүүлэхийг хүссэн маргааны үйл баримтыг дүгнэх үүрэгтэй тул ажил олгогч нь ҮЭХны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, гишүүдээс хүсэлт гаргуулах ажлыг зохион байгуулсан, ажилчдыг үндэслэлгүйгээр халдаг талаарх гомдолд дурдсан асуудал маргааны зүйлд хамаарахгүй болно.
Шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2196 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02174 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг...гэснийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 18.3-т заасныг...” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА