Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 117/2020/0017/З/Н |
Дугаар | 221/МА2023/0262 |
Огноо | 2023-04-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2023/0262
Н.У, Д.Э, Ж.Э
нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,
Илтгэгч: Шүүгч Н.Д,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Н.У, Д.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Ч, нэхэмжлэгч Ж.Э нар,
Нэхэмжлэгч: Н.У, Д.Э, Ж.Э нар,
Хариуцагч: Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газын ахлах мэргэжилтэн Э.Э,
Гуравдагч этгээд: Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг,
“Т Т” ХХК нар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Эийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох”,
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгч Н.У, Д.Э нарын өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, гуравдагч этгээд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Э.Э нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 117/2020/0017/З/Н.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.У, Д.Э, Ж.Э нар нь Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Ээд холбогдуулан “Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Эийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн
1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан Ж.Э, Н.У, Д.Э нарын нэхэмжлэлтэй, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн /Э.Э/-д хариуцагдах нэхэмжлэлийг буюу “хариуцагчийн 2020 оны 03-р сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.1.2, 45.2, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шүүхийн зардалд төлсөн 4.652.800 /дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөгийг нэхэмжлэгч нарт тэнцүү хуваарилан Ж.Э, Н.У, Д.Э нараас тус бүр 1550934 /нэг сая таван зуун тавин мянга есөн зуун гучин дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулж Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт олгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.У, Д.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Ч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ “... Нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлын тухайд нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэх дэх оршин суугаа хаяг нь 140 дүгээр байранд бүртгэлгүй байгаа нь ... Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт хуульчилсантай нийцэхгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагчийн барилгын ажил олгох гэрчилгээний улмаас эдгээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд тайлбарласанчлан нэхэмжлэгч нар нь 140 дүгээр байрны оршин суугчид /өмчлөгчөөр бүртгэгдсэн ч/ болох нь тогтоогдохгүй тул “шинжээчийн дүгнэлтэд заасанчлан оршин суугчдын амьдрах эрх зөрчигдөж нар үзэхгүй, байр үнэгүйдсэн, эрүүл мэндэд асуудал үүснэ” гэх зэрэг эрх ашиг сонирхол тодорхойлогдохгүйд хүрч байна” гэж дүгнэжээ. Энэ нь шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэнд эрх зүйн хамгаалалт үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээр байна.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилсан. Гэтэл захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хуульд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй.
3.3. Нэхэмжлэгч нар Сайнцагаан сумын 7 дугаар баг, 140 дүгээр байрны *** тоот орон сууцны өмчлөгч болох эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, нэхэмжлэгч нар тухайн байранд амьдардаг болох нь захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч нарын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. Хариуцагч талаас “нэхэмжлэгч нарыг 140 дүгээр байрны *** тоотод оршин суудаггүй, амьдардаггүй” гэж огт маргадаггүй. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Э шүүх хуралдаанд “... эмч хүний хувьд үзэхэд нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа, цаашид зөрчигдөнө гэдэгтэй санал нэг байгаагаа” тайлбарласан. Ийм байхад Иргэний бүртгэлийн тухай хуульд зааснаар өөр хаягт бүртгэлтэй байгаа нь “тухайн орон сууцанд оршин суугч биш” гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болохгүй. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
3.4. Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “... “Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгал хангамж” /БНбД23-04-07/ заавал мөрдөх шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг 140 дүгээр байрны *** тоот орон сууцны айлуудад нарны шууд тусгал хангахгүй байгаа нь тус нормын 3.5, 3.6 дахь заалтыг зөрчиж байна” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” бөгөөд энэхүү хуулиар олгосон үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан, зөрчсөн.
3.5. Маргааны бүхий захиргааны актын тухайд шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээ, энэхүү зөвшөөрлийн гэрчилгээ нь Барилгын тухай холбогдох хууль тогтоомж, журам, стандартын зөрчиж байгааг нотлох Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч Э.Цийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 124 дугаартай албан бичиг, улсын ахлах байцаагч Н.Мийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын “Дүгнэлт гаргах тухай”, Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрхэн, яаж үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд захиргааны актын хууль зүйн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нарыг зэргэлдээ байрны оршин суугч болох нь тогтоогдоогүй” гэж хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалт нийцэхгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
3.6. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Эийн олгосон 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болох тухайд Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Эийн гаргасан 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хангаж байгаа захиргааны акт байна.
3.7. Ахлах мэргэжилтэн Э.Э нь энэхүү зөвшөөрлийг олгохдоо дараах хууль тогтоомж, холбогдох журам дүрмийг зөрчсөн. Үүнд Барилгын тухай хуулийн 5 дyгaap зүйлийн 5.1-д “Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна”, 5.1.1-д “барилгын норм, дүрэм”, 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “... хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө ... аюул учруулахгүй байх”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “зэргэлдээ орших барилга, байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн. Энэ нь нэхэмжлэгч нарын амьдардаг 140 дүгээр байрны *** тоот байрны бүх цонх нар үзэхээ байсан, барилга хооронд 7.7-8.5 метрийн зайтай байгаа нь Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн “Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж” /БНбД 23-04-07/ заавал мөрдөх шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг 140 дүгээр байрны *** тоот орон сууцны айлуудад нарны шууд тусгал хангахгүй байгаа нь тус нормын 3.5, 3.6 дах заалтыг зөрчиж байна” гэх дүгнэлт, барилга хоорондын зай ертөнцийн зүгээр урд талаараа 7,7 метр, хойд талаараа 8.5 метрийн зайтай баригдаж байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” /БНбД 30.1.04/-ийн 4 дүгээр хавсралтад заасан “5-9 давхар барилга бол барилгын тууш /урт/ талуудын хооронд 21-32 метр” байна гэсэн шаардлагыг хангаагүй, энэ тохиолдолд барилга хоорондын зайн нормыг баримтлаагүйн улмаас орчны орон зай, архитектур төлөвлөлтийн зохиомж алдагдан барилга хоорондын сүүдэрлэлтийг нэмэгдүүлж, нар халхалж, эрүүл ахуйн нөхцөл байдал алдагдаж, нэхэмжлэгч нарын цонхон дор гарааш баригдсан нь зэргэлдээ орших байрны хэвийн нөхцөлийг алдагдуулж байна. Иймээс нэхэмжлэгч нар хувийн өмчлөлийн орон сууцандаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Барилгын ажил эхэлснээс хойш нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр өдийг хүрсэн. Нөгөөтээгүүр, хариуцагчаас шүүх хуралдаан дээр энэ үйл баримттай холбогдуулан маргадаггүй бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “эрүүл аюулгүй орчинд амьдрах ... эрхтэй” гэж нэхэмжлэгч нарт хуулиар олгосон үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан үндэслэл юм.
3.8. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм”-ийн дагуу зөвшөөрөл олгоогүй болох нь Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог.
3.9. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар барилгын ажлын зөвшөөрөл авахад дараах баримт бичгийн хавсаргах ёстой. Уг хуулийн 28.2.1-д “техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр”, 28.2.4-т зааснаар байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан хавсаргаж ирүүлсний дараа барилгын ажлын зөвшөөрөл олгох ёстой. Гэтэл зарим техникийн нөхцөл болох эрүүл ахуйн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраар гаргуулаагүй.
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Барилгын ажлын зургийг хянуулаагүй, эрүүл ахуйн дүгнэлт гаргаагүй байхад зураг төслийг магадлалаар оруулсан байгаа нь “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 6.12.2 дахь заалтыг зөрчсөн, ... Эрүүл ахуйн дүгнэлтгүй зургаар баригдсан, нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа барилгын эдэлбэр газар нь 2650 м.кв хэмжээтэй 1 оронд 26.5 м.кв талбай ногдож байгаа нь эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартад заасан 50-100 ортой эрүүл мэндийн байгууллагаас эдэлбэр газрын хэмжээг 1 оронд 200-300 м.кв-аар тооцох гэснийг хангахгүй, газар нь эмнэлгийн барилга барих зориулалтын биш, хөдөө аж ахуйн машин механизмын засварын газар гэсэн зориулалтайгаар нэгдсэн эмнэлгийн автомашины гарааш, засварын зориулалтай ашиглагдаж байсан газар, бөгөөд эмнэлгийн барилгын ажлын зургийг хянуулаагүй нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангаж байгаа эсэх нь тодорхойгүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй, баригдаж буй эмнэлгийн барилга нь нэхэмжлэгч нарын орон сууцнаас 8.6 метрт байгаа нь БНБД31-01-10-ийн 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалтыг хангаагүй болох нь тогтоосон дүгнэлт гарсан.
3.10. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ. Иймээс нэхэмжлэгч нарын амьдарч байгаа орон сууц бол нийтийн орон сууцанд хамаарна. Нийтийн орон сууц тул Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын норм ба дүрэм батлах тухай” тушаалын 1, 4 дүгээр хавсралт энэхүү барилгад хамаарах ёстой. 4 дүгээр хавсралтаар барилга хоорондын зай, орон сууцны барилгаас гарааш, ил зогсоол хүртэлх зай мөн зөрчигдсөн.
Дээрх нөхцөл байдлаас нэхэмжлэгч нарын оршин суугаа орон сууц нь байгалийн гэрэл, нар үзэхгүй, тусахгүй, орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй, аюулгүй байдал алдагдсан нөхцөлд амьдарч байгаа нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” буюу нэхэмжлэгч нарын ердийн орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Барилгын ажлын зургийг хянуулаагүй, эрүүл ахуйн дүгнэлт гаргаагүй байхад зураг төслийг магадлалаар оруулж, нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон нь хууль бус. Иймээс 01/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоох, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
3.11. Анхан шатны шүүх өмнө нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг 2022 оны 655 дугаар магадлалаар хянаад “анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, “анх захиргааны хэрэг үүсгэсэн Ерөнхий шүүгч Б.Саас шүүгч В.Цд хэргийг ямар үндэслэлээр, хэрхэн шилжүүлсэн талаарх Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол болон холбогдох баримт хэрэгт хэрэгт байхгүй” гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсгийн 15 дугаар талын 8-д “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан баримтыг хэрэгт хавсаргав” гэжээ. Хэргийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр шилжүүлэх ёстой, гэтэл Ерөнхий шүүгч зөвлөгөөнийг хийж хэргээ шилжүүлээгүй, холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж шилжүүлээгүй нь анхнаасаа энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг санаатайгаар зөрчсөн гэж үзэж байгаа. Одоо 3 дугаар хавтаст хэргийн 156-158 дугаар талд нэмж хавсаргасан нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй.
3.12. Шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг удирдлага болгосон нь үндэслэлгүй. Энэхүү хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний мөрдөгдөж эхэлсэн бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл олгосон цаг хугацаанд хамаарахгүй.
3.13. Шүүхийн зардлыг нэхэмжлэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “... “Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгал хангамж” /БНБД23-04-07/ заавал мөрдөх шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг 140 дүгээр байрны *** тоот орон сууцны айлуудад нарны шууд тусгал хангахгүй байгаа нь тус нормын 3.5, 3.6 дахь заалтыг зөрчиж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан нь нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөж байгаа нь нотлогддог. Ийм байхад шинжээчийн зардлыг гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Иймээс Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 117/ШШ2023/0001 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч Ж.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
4.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байхад хариуцагчийн олгосон барилгын ажлын зөвшөөрөл олгох гэрчилгээний талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.
4.2. Нэхэмжлэгч “бид нарыг 140 дүгээр байрны оршин суугч биш” гэж дүгнэсэн нь туйлын харамсалтай. Бид энэ 140 дүгээр байрны *** тоотын өмчлөгч болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдоно. Үүнтэй хэн ч маргадаггүй. Нэхэмжлэгч Ж.Э миний хувьд 2011 онд хойш эмнэлгийн ажилчдын байрнаас 3 тоот орон сууцыг хувьчлан авч, хүүгийнхээ хамт 15 дахь жил амьдарч байна. Ийм байхад иргэний үнэмлэхийн хаяг өөр гэх шалтгаанаар миний эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзсэн нь туйлын харамсалтай. Захиргааны хэргийн шүүхийн онцлог нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж хуульчилснаар нотлох баримт цуглуулдаг. Шүүх энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн юм бэ? Нэхэмжлэгч биднийг энэхүү 140 дүгээр байрны *** тоотод хэн хэнийхээ хамт, хэзээнээс оршин сууж, амьдардаг болох талаар нотлох баримт цуглуулж болох байсан. Гэтэл нэхэмжлэгч нарын эрх ашгийн төлөө шүүхээс нэг ч нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй. Бид энэхүү 140 дүгээр байранд үр, хүүхдийнхээ хамт амьдардаг, сургуулийн хүүхдүүд нь амьдардаг болох нь нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдоно. Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шинжээч “140 дүгээр байрны *** тоот орон сууцны айлуудад нарны шууд тусгал хангахгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан байхад шүүхээс “...оршин суугчдын амьдрах эрх зөрчигдөж нар үзэхгүй байна, байр үнэгүйдсэн, эрүүл мэндэд асуудал үүснэ гэх зэрэг эрх ашиг сонирхол тодорхойлогдохгүйд хүрч байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийг хамгаалсан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
4.3. Нэхэмжлэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Дундговь аймгийн Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Эийн олгосон 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болох болохыг тогтоолгох”-оор өөрчилсөн. Акт эрх зүйн үйлчлэлгүй нь тодорхой болсон тул хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа 2020 оны 12 сарын 31-ний өдөр дууссан. Үүнээс хойш тухайн зөвшөөрлийн хугацааг сунгасан талаар баримт бичгийг хариуцагч талаас гаргаж өгөөгүй, шүүх хуралдаан дээр сунгаагүй талаараа хэлдэг. Ийм байхад эрх зүйн үйлчлэлгүй болсон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагагүй болсон. Нөгөө талаас 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл нь анхнаасаа хууль бусаар олгогдсон.
Техникийн нөхцөлийг бүрэн аваагүй, эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй, гараашийн зориулалттай, эмнэлгийн барилга барих хэмжээ, стандартад нийцэхгүй газарт эмнэлгийн барилга барих зөвшөөрөл олгосон нь Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.
Миний амьдардаг 140 дүгээр байрнаас хойд талаараа 7.7 метр, урд талаараа 8.5 метр зайд 6 давхар барилга барих зөвшөөрөл олгосон нь холбогдох хууль тогтоомж, журам дүрэм, зэргэлдээ оршин байрны стандарт журмыг зөрчсөн. 50-100 ортой эрүүл мэндийн байгууллагын эдэлбэр газрын хэмжээг 1 оронд 300-200 м.кв тооцож барих ёстой, гэтэл гараашийн зориулалттай, 2650 м.кв талбайтай, эхэс хадгалах газарт 6 давхар 100 ортой эмнэлгийн барилга барих зөвшөөрөл олгосон нь анхнаасаа хууль бус байсан.
Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д зааснаар техникийн нөхцөлүүдийг баталгаажуулсан шийдвэрүүд, үүнд эрүүл ахуйн дүгнэлт зайлшгүй байх ёстой бөгөөд ийм дүгнэлт байхгүй байхад, 28.2.4-т зааснаар байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай байхад үнэлгээ хийлгээгүй байхад зөвшөөрөл олгосон. Ахлах мэргэжилтэн Э.Э нь дээрх баримт бичгийн шаардлагыг хангаагүй байхад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох үндэслэлгүй байсан.
Энэ талаар Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Мийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13-03-006/130 дугаартай дүгнэлт хэргийн материалд авагдсан. мөн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Н.Мээс 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Мэргэжлийн байгууллага нь эмнэлгийн барилга барихад эрүүл ахуйн дүгнэлтийг гаргуулж байж, зөвшөөрөл олгох ёстой гэсэн дүгнэлт, шаардлага гаргаад холбогдох байгууллагад хүргүүлээд байхад үүнийг эс тоож, хууль бус шийдвэр гаргаж байгаа энэхүү үйл баримтад шүүх огт дүгнэлт хийгээгүй, хийхийг ч хүссэнгүй.
4.4. 2021 оны 06 дугаар сард захиргааны хэргийн шүүхээс 140 дүгээр байрны *** тоот орон сууцанд нарын гэрэл тусдаг эсэх талаар үзлэг хийж байсан, энэхүү үзлэгийн тэмдэглэл, Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр нарны гэрэл тусдаггүй болох нь тогтоогддог. Үүнийг шүүх ямар байдлаар үгүйсгэж байгаа юм бэ? Иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга ёсны баталгаа болсон шүүх ажилладаг гэж би үздэг. Гэтэл эрх ашиг, сонирхлын зөрчилтэй шүүх ажилладаг болсон гэдгийг би Б.С шүүгчийн удаа дараагийн шийдвэр болгоноос ажигладаг болсон. Учир нь 2020 оны 08 дугаар сард энэхүү барилгыг баригдаж байхад миний амьдардаг байрны яг хажууд кран унасан, иймээс барилгын үйл ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргахад огт хүлээж авдаггүй, хүний амь нас хохирсон бол яах байсан бол.
4.5. Хэргийг хянан шийдвэрлэсэн Ерөнхий шүүгч Б.С нь энэ хэргийг анхнаасаа хүлээн авч шийдвэрлэж байсан ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан шүүхийн үүргийг нэхэмжлэгч нарын эрх ашгийн төлөө нэг ч зүйл хэрэгжүүлж байгаагүй, өөрөө ээлжийн амралтаа авч явахдаа хэргээ ч хууль ёсны дагуу нөгөө шүүгчдээ шилжүүлэх, хэргийн хөдөлгөөнийг удирдах, Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэг шилжүүлэх ажиллагаагаа огт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход хүргэсэн. Үүнийгээ ч өөрөө мэдэж байсан. Ерөнхий шүүгчийнхээ хувьд хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан чиг үүргийн дагуу хэрэгжүүлдэггүй гэж иргэн би өнөөдрийг хүртэл харж ажиглаж байна.
2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийхээр шүүхийн санаачилгаар зарласан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэнэт хурлын шүүхийн санаачилгаар шүүх хурлыг хойшлуулсан. Ингэж хойшлуулахдаа хэрэгт ач холбогдолгүй болон хэрэгт авагдсан байгаа нотлох баримтыг гаргуулахаар хурлыг үндэслэлгүйгээр өөрийн санаачилгаар хойшлуулсан. Миний хувьд шүүгч хэргээ шүүх хурлаар шийдэх боломжтой болоод л хурлаа зарласан гэж ойлгосон. Гэтэл үндэслэлгүйгээр өөрийн санаачилгаар хойшлуулж, энэ хугацаанд шүүх бүрэлдэхүүнийг сольсон нь шүүгч хэргийг шударгаар шийдэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 14-ний өглөө шүүх хурал эхлэхээс 5 минутын өмнө шүүгчийн туслах нь “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай “Шүүгчийн татгалзлын талаарх” нийт 19 хуудас материалыг Ерөнхий шүүгчээс та нарт танилцуулж, гарын үсэг зуруул гэсэн” гэж хэлэхэд нь би одоо 5 минутын өмнө 19 хуудас материалыг уншиж танилцаж амжихгүй гэхэд тэгвэл танилцсан гээд гарын үсэг зур гэсэн байдлаар хандаж, гарын үсэг зуруулсан. Миний олгосноор бол “шүүгчээс татгалзаж болохгүй” гэдэг байдлаар бидэнд ойлгуулж байна гэж ойлгосон. Улсын дээд шүүхийн энэхүү тогтоолыг хэргийн оролцогчдод танилцуулах, тайлбарлах шаардлагатай юу?
4.6. Шүүхийн шийдвэрт бидний орон сууцны газрын талаар дүгнэлт хийсэн. Газрын талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн ч маргаагүй байхад шүүх хэрэгт хамааралгүй асуудалд дүгнэлт хийсэн.
4.7. Эрүүл ахуйн дүгнэлтгүй эмнэлгийн барилга барих зөвшөөрөл олгосныг шүүх “зөв” гэж дүгнэлээ. Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “эрүүл ахуйн дүгнэлт гаргуулах ёстой” талаар хуульчилсан. Хуулийг нэг мөр хэрэглэх ёстой. Гэтэл шүүх “анхнаасаа бүх процесс нь хууль бус явагдсан барилгын ажлын зөвшөөрлийг үндэслэлтэй” гэж дүгнэж байгаа бол энэ талаараа шийдвэртээ тодорхой бичих байсан. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт энэ талаар ямар ч дүгнэлт байхгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагаа хангаагүй, хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзнэ.
4.8. 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл анхнаасаа хууль бус байснаас нэхэмжлэгч бидний амьдардаг орон байранд байгалийн нар үзэхгүйгээс нар, гэрэл үзэхээ байсан, сүүлийн 2 жилд хорхой шавж ихэссэн, нар үзэхгүйгээс хүүхдүүдийн дархлаа суларч байнга ханиад хүрдэг, цаашид ямар ч нар үзэхгүй орчинд амьдарч, эмнэлгийн үйл ажиллагаа бүрэн эхэлсэн тохиолдолд агаар дуслаар халдварлах халдварын эрсдэл цаашид үүсч, Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, цаашид бүр зөрчигдсөөр байх болно.
4.9. Шинжээчийн зардал болох 4.652.800 төгрөгийг нэхэмжлэгч биднээс тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Энэхүү шинжээчийн дүгнэлтээр “140 дүгээр байрны *** дугаар байранд нар тусахгүй байна” гэдэг дүгнэлт гаргасан. Нөгөө талаас хууль бус зөвшөөрлийн улмаас бидний эрх ашиг хохирч байхад шинжээчийн зардлыг гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, үүнийг үгүйсгэсэн, зөвшөөрөхгүй нэг ч баримт хэрэгт байхгүй. Мөн шүүхийн Тамгын газраас шинжээчийн зардлыг төлсөн бөгөөд шүүхийн Тамгын газраас шинжээчийн зардлыг гаргуулахаар хэрэгт нэхэмжлээгүй байхад биднээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх “биднийг энэ байранд оршин суудаггүй” гэж дүгнэчхээд, бидний хүсэлтээр хийгдсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан ажлын хөлсийг төл гэж дүгнэх нь шударга ёсонд нийцэх үү. Иймд байхад шинжээчийн зардлыг гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад даргалагч шүүгч Б.Саас асуусан асуултаа “шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг 3 нэхэмжлэгч гурвуулаа гаргасан уу” гэж асуугаад байсан нь угаасаа шүүхээс гаргах шийдвэрийн агуулга тодорхой байсан нь илт байсан. Энэ асуултынхаа талаараа шүүгч өөрөө шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт тусгасан. Эндээс харахад шүүх урьдчилаад дүгнэлтээ гаргачихдаг гэж би ойлгосон.
4.10. Иймээс Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Н.У, Д.Э, Ж.Э нар нэхэмжлэлийн шаардлагаа “Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Эийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж эцсийн байдлаар тодорхойлжээ.
3. Н.Уийн тухайд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 140 дүгээр байрны 02 тоот, Э.Эын тухайд 140 дүгээр байрны 03 тоот орон сууцны өмчлөгч болох нь тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон, харин 07 тоот орон сууц нь 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Д.О, Т.С, Б.У нарын гурван хүний өмчид бүртгэгдсэн, Д.О, Т.С, Б.У нараас 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “... 7 тоот орон сууцыг манай хүргэн ах Д.Э 2012 онд анх худалдаж авсан. Одоо тус орон сууцанд Д.Э ахынх нь амьдардаг бөгөөд сургуулийн хүүхдүүд нь байнга байдаг. Бид банкнаас зээл авч, зээлийн барьцаанд тавихын тулд Д.Э ахтай тохиролцсоны дагуу орон сууцыг түр хугацаагаар өөрсдийн нэр дээр шилжүүлсэн. Банкны зээл дуусангуут ахынхаа өмчлөлд буцаан шилжүүлж өгнө. Иймээс 7 тоот орон сууцны жинхэнэ өмчлөгч, эзэн бол Д.Э мөн” гэх тайлбар, тодорхойлолтыг гаргасан, улмаар Д.Э 07 тоот орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 08 дугаар сарын 02-ны бүртгэгдэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан байна.
4. Хэргийн оролцогчид эдгээр иргэдийн *** тоот орон сууцны өмчлөгч эсэхтэй холбогдуулж маргаагүй, анхан шатны шүүх энэ үйл баримтыг үгүйсгээгүй, харин “... нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэх дэх оршин суугаа хаяг нь тус 140 дүгээр байранд бүртгэлгүй байгаа нь холбогдох хуулийг зөрчсөн, нэхэмжлэгч нар 140 дүгээр байрны оршин суугчид /өмчлөгчдөөр бүртгэгдсэн ч/ болох нь тогтоогдохгүй тул “шинжээчийн дүгнэлтэд заасанчлан оршин суугчдын амьдрах эрх зөрчигдөж нар үзэхгүй байна, байр үнэгүйдсэн, эрүүл мэндэд асуудал үүснэ” гэх зэрэг эрх ашиг сонирхол тодорхойлогдохгүйд хүрч байна” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
5. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
6. Нэхэмжлэгч нараас “... маргаан бүхий 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн, шинэ эмнэлгийн барилга баригдсанаар манай орон сууц байгалийн гэрэл, нар үзэх ямар ч боломжгүй болно, эмнэлгийн шинэ барилгын зүүн доор буюу салхин доор байрлаж байгаа тул агаар дуслаар халдварлах халдварлах эрсдэлтэй, барилгын орчны нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй, актын улмаас бидний эрүүл, аюулгүй амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн” хэмээн тайлбарлан маргаж байх тул “нэхэмжлэгч нарыг *** тоот орон сууцанд амьдардаг гэх бүртгэл байхгүй, иргэний үнэмлэх дэх оршин суугаа хаяг нь өөр” гэх шалтгаанаар актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж шууд дүгнэх боломжгүй.
Шүүх Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.3 дахь заалтуудаар иргэний үнэмлэх авах нас, байнгын болон түр оршин суугчийн хугацааг тодорхойлсон байдал болон хаягийн бүртгэлд ямар асуудлуудыг тусгаж бүртгэх талаарх зохицуулалтуудыг хэрэглэсэн нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь тухайн орон сууцны өмчлөгч мөн болох нь нотлогдож байгаа тохиолдолд тэдгээрийн өөрийн өмчлөлийн орон сууц, түүнтэй холбоотой үүссэн аливаа асуудлаар маргах эрхийг гагцхүү хаягийн бүртгэлийн асуудлаар хязгаарлах нь зүйд нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “... Ж.Э уг байранд 15 гаруй жил амьдарч байгаа, шинжээчийн “уг байранд нарны гэрэл тусдаггүй” гэх дүгнэлт гарсан, уг байранд мөөгөнцөр бий болсон, агаар сэлгэх боломжгүй” гэх зэргээр тайлбарлаж байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэгч нарын оршин суухтай холбоотой асуудлыг тодруулах, холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр тэдгээрийг харьцуулан хууль зүйн дүгнэлт хийж маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой байжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь орон сууцны өмчлөгчийн хувьд ямар ч цагт өөрөө болон хамаарал бүхий этгээд нь тухайн орон сууцанд амьдрах, цаашлаад орон сууцыг бусдад түрээслэх, худалдан борлуулах зэргээр захиран зарцуулах бүрэн эрхтэй.
7. Анхан шатны шүүх маргаан бүхий акт холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хөндөгдсөн эсэх, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй байна.
8. Мөн анхан шатны шүүх “... “акт анхнаасаа хууль бус байсан” гэх үндэслэлээр “хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасны дараа хугацаа дууссан актыг хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий актын хэрэгжих хугацаа, нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа зэрэг хуулийн урьдач нөхцөлийг харгалзан үзэж нэхэмжлэл үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхээр байжээ.
9. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргаан бүхий актад хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
10. Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул анхан шатны шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч шинжээчийн зардлыг шийдвэрлэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140400 /зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.Д