Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2016/00604/И |
Дугаар | 130/ШШ2016/00610 |
Огноо | 2016-10-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2016/00610
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багт оршин суух, М овогт Х-ы Агийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.А шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1967 онд төрсөн, 49 настай, багаасаа малчны айлд өсч, малчны туслах, төлчин, саальчнаар ажилласан. Тухайн үед 8 наснаас эхэлж сургуульд орсон боловч манайх олон охинтой айл байсан тул аав маань намайг сургуульд сурч байхад 4 ангиас сургуулиас гаргаж авч, өөртөө туслах малчнаар ажиллуулсан.
Тэд Хурманхан, Хумархан гэх хоёр ах дүү байсан ба хоёр айлын хүүхдийн хэн нь хэний хүүхэд вэ?, хэдэн настай вэ? гэдгийг сумынхан тэр болгон мэддэггүй, аавынхаа хэлснээр бидний нэр, насыг бичдэг байсан тул намайг Хумархан гэх ахынхаа хүүхэд, ажил хийх насанд хүрсэн гэж Нэгдлийн дарга нарт танилцуулсан учраас би аавдаа тусалж 1-3 жил ажилласны дараа одоо энэ хүүхдийг нэгдлийн гишүүнээр элсүүлнэ гэснээр 1982 оноос эхэлж хөдөлмөр эрхэлсэн болно.
Би Улаанхус сумын Алтай хөгжил нэгдэлд 1982 оноос эхэлж, нэгдэл тарах хүртэл ажилласан, одоо хүртэл малчин хэвээрээ байна. Эмэгтэй хүн, тэр тусмаа малчны хөдөлмөрийг төрөөс онцгой анхаарч үзэж байгаа өнөө үед дараа жил тэтгэвэрт гарах болзлыг хангасан учир ажилласан жилийг тооцуулахаар болоход ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул зарим ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Уг тушаал аймгийн Архивын тасгаас ч хайгаад олдоогүй болно. Тэгээд ч дээрх байдлыг сумын байцаагчид хэлэхэд таны хөдөлмөр эрхэлсэн нас 15 наснаас эхэлж байна. Тухайн үеийн бүртгэл, хүүхдүүдийг туслах малчнаар ажиллуулахын тулд тэдний насыг нуудаг байдлаас болж заримдаа тань шиг 15 наснаас эхэлж хөдөлмөр эрхэлсэн хүмүүс байдаг. Энэхүү байдлыг шүүх тогтоодог учраас шүүхэд хандаарай, зөвхөн та хоёр жилийг шүүхээр тогтоолговол боллоо гэснээр холбогдох материалыг бүрдүүлэн шүүхэд хандаж байна.
Миний ажилласан жилийг нотлох хөдөлмөрийн дэвтэр, хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх зэрэг нотлох баримтууд байгаа болно. Иймд 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч Х.А нь Сагсай сумын 3 дугаар багт оршин суудаг, 1967 онд төрсөн, 49 настай, багаасаа мал малласан. Өөрөөр хэлбэл өөрийн эцэг болох Хумарханы туслах малчнаар ажилласан. 8 наснаас сургуульд орсон боловч олон охинтой айл байсан учир 4 дүгээр ангиас сургуулиас нь гаргаж аваад туслах малчнаар ажиллуулсан.
Тухайн үед Хурманхан, Хумархан гэх хоёр ах дүү байсан ба хоёр айлын хүүхдүүд нь хэн нь хэний хүүхэд бэ гэдгийг сумынхан тэр болгон мэддэггүй андуурдаг байсан. Эцэг нь Хумархан Х.Аг 4 дүгээр ангиас сургуулиас нь гаргаж аваад Нэгдлийн даргад танилцуулж Нэгдлийн гишүүнээр элсүүлсэн. Тэрнээс хойш одоо хүртэл малчнаар ажиллаж байгаа. Х.А нь Улаанхус сумын Алтай хөгжил нэгдэлд 1982 оноос эхэлж, нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Тэр тусмаа эмэгтэй хүн, багаасаа сургуулиас гарч нэгдэлд ажилласан. Тэтгэвэрт гарах гэсэн боловч сумын Нийгмийн даатгалын байцаагч нар ажилласан жилийг шүүхээр тогтоолгохоор зөвлөсөн учир шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл 1982 оны 01 дүгээр сараас эхлээд 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Тухайн үед хамт ажиллаж байсан А.Ш, С.Башахан, Т.А нарын тодорхойлолт хавтаст хэрэгт байгаа. Лавлагаа авах гэсэн боловч гараагүй тул шүүхэд хандсан. Гол нотлох баримтаар Үйлдвэрчний эвлэлийн батлахыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үйлдвэрчний эвлэлийн батлах дээр түүний ажилласан жил, цалин хөлс зэрэг нь бичигдсэн Үйлдвэрчний эвлэлийн дарга Хамза гэх хүний гарын үсгээр баталгаажуулсан байгаа. Х.А нь эцгийгээ дагаж төлчин, малчин гэж явдаг байсан. Тийм учраас Х.Агийн Алтай хөгжил нэгдэлд 1982-1983 онд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Агийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 409 дүгээр албан бичигт Улаанхус сумын Алтай хөгжил нэгдлийн 1982-1983 оны баримтыг шүүн үзэхэд иргэн Х.Ад холбогдох баримт гараагүй болно гэжээ.
Хүсэлт гаргагч Х.А 1967 онд төрсөн бөгөөд Улаанхус сумын А нэгдэлд туслах малчнаар 1982 оны 1 дүгээр сараас эхлэн ажилласан гэж үзэх боломжгүй байна. Хүсэлт гаргагч Х.А нь тус шүүхэд нотлох баримтаар хамт ажиллаж байсан гэх А.Ш, С.Б, Т.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт 3 хуудас, мөн тус аймгийн Улаанхус сумын А нэгдлээс 1983 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийг гаргаж өгсөн байна.
Хүсэлт гаргагч Х.Агийн нотлох баримтаар гаргаж өгсөн 1983 онд олгосон гэх хөдөлмөрийн дэвтэр нь нэгдлийн даргын гарын үсэггүй, нэг өнгийн балаар сүүлд нь нөхөж бичсэн, 1982-1983 оны бичилт хийгдсэн боловч 1984-1987 онуудын бичилт хийгдээгүй, мөн 594647 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд бичигдсэн эзэмшигчийн овог, нэр, онууд нь засвартай байх ба нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байгаа бөгөөд эргэлзээтэй нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ хэмээн заасан бөгөөд хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь эргэлзээтэй, хамт ажиллаж байсан гэх А.Ш, С.Б, Т.А нарын тодорхойлолт нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул хүсэлт гаргагч Х.Агийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хүсэлт гаргагч Х.Агийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчнаар ажиллаж байсныг нотлох баримт байхгүй учраас хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Агийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК