Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0564/З |
Дугаар | 221/МА2023/0290 |
Огноо | 2023-05-03 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2023/0290
“Т Ж В” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, өмгөөлөгч Б.Б нар,
Нэхэмжлэгч: “Т Ж В” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон “Т Ж В” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-020912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 169 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,
Хэргийн индекс: 128/2022/0564/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т Ж В” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон “Т Ж В” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-020912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-д заасныг баримтлан “Т Ж В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон “Т Ж В” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-020912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, өмгөөлөгч Б.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэжээ. “Үндэслэл бүхий байна” гэдгийг мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэсэнтэй холбон ойлговол шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримтыг хэрхэн үнэлснээ шүүх Үндэслэх хэсэгт тодорхой дурдах ёстой байжээ.
3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрхтэй, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэжээ.
3.3. Хууль тогтоогч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө сунгуулах эрхийг хангах зорилгоор, мөн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд цаг хугацааны хийдэл, зөрчилдөөн гаргахгүй тулд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдөл гаргана” гэж төрийн захиргааны байгууллагыг 1 сарын өмнө гэсэн хугацааг хэтрүүлэхгүйн тулд “10 өдөрт багтаан” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5, 22.1, 22.2, 22.4 дэх хэсгийг эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах Телеологийн буюу зорилгыг тайлбарлах аргын үүднээс аваад үзвэл хууль тогтоогч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө сунгуулах эрхийг хангах зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан бол тусгай зөвшөөрлийг сунгах ба өөр бусад үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл сунгуулах эрх рүү халдаж тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах эрхийг төрийн захиргааны байгууллагад олгоогүй байна. Нэмэлт нөхцөл шаардлага бичих байсан бол хууль тогтоогч Ашигт малтмалын тухай хуулийн 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь” гэсний дараа “энэ хуулийн 22.1-д заасан хугацаанд сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй” гэж хуульчлах боломжтой байсан боловч дээр дурдсан тухайн хэм хэмжээ нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө сунгуулах эрхийг хангах зорилгоор хийгдсэн зохицуулалт тул ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрхийг дордуулах байсан учраас хууль тогтоогч оруулахгүй байна.
3.4. Түүнчлэн 1993 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол Улсын Шүүхийн тухай хуульд практик /шүүхийн практик/ гэсэн үг байхгүй байсан бол 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Шүүхийн тухай хуульд практик /шүүхийн практик/ гэсэн үг 4 удаа, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Шүүхийн тухай хуульд практик /шүүхийн практик/ гэсэн үг 3 удаа, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын Шүүхийн тухай хуульд практик /шүүхийн практик гэсэн уг 7 удаа давтагдсан байна. Тиймээс ойролцоо, ижил төрлийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практикийг таньж мэдэх хэрэгцээ шаардлага хуульч бидний хувьд зайлшгүй болжээ. Энэ төрлийн маргааныг www.shuukh.mn хаягт байршсан сүүлийн жишээг дурдвал Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоол байна.
Дээрх тогтоолын Хянавал хэсэгт “... Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заажээ.
3.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй, харин эсрэгээр өргөдлийг хүлээн авч, хуульд заасан буюу мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 (иш татсан диспозицээр 7.1), 31 дүгээр зүйлд (мөн иш татсан диспозицээр 32, 33 дугаар зүйл) заасан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, зардлын доод хэмжээг зарцуулан баталгаажуулах нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгожээ.
3.6. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн эрх бөгөөд хариуцагчийн хувьд сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзах биш, харин өргөдлийг хүлээн авч, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заажээ.
3.7. Гэтэл хариуцагч хуулийн хугацаанд нь гаргасан нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдөлд “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй” гэсэн шалтгаанаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсанаас гадна, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдлээс болоогүй, харин захиргааны байгууллагын эс үйлдлээс болсныг нь шүүхээр тогтоолгосон баримт байхад огт хүлээн авахгүй байгаад гомдолтой байна. Эрх зүйн онол болон хуулийн хэрэглээний практикаас харахад нэхэмжлэгчийг буруутгах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байх үндэслэл нотолгоо хэрэгт байхгүй байна.
3.8. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д “... 374 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй 374 дүгээр шийдвэрийг дахин гаргуулах талаар хариуцагчид хүсэлт гаргаагүй ... шийдвэрлэх үндэслэлгүй” гэжээ. Манай компанийн эзэмшиж байсан XV-020912 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусах байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх шаардлагатай баримт бичиг хамгаалах менежментийн болох “Байгаль төлөвлөгөө”-г орчныг батлуулахаар 2020 оны 8 дугаар сард Ховд аймгийн Алтай сумын Засаг даргад хүргүүлсэн боловч 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн бэлтгэл, өвөлжилтийн бэлтгэл, Ковид цар тахлаас урьдчилсан сэргийлэх ажил зэргээс тухайн төлөвлөгөөг батлахгүй байсаар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүргэсэн бөгөөд дээрх нөхцөл байдлаас шалтгаалан бид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг хуулийн хугацаандаа багтаан байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст сунгуулах өргөдлийн ЕX-008839 дугаартайгаар бүртгүүлсэн.
3.9. Манай компанийн зүгээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах баримт бичигт хавсаргах “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулаагүй, хавсаргаагүй нь бидний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын эс үйлдэхүйгээс болсон хэмээн учирлаж тайлбарласан боловч Ашиг малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай” 374 дүгээр шийдвэрээр манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан. Дээрх маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь “... Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй тул хүснэгтэд дурдсан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсугай” гэсэн.
3.10. Бид Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Т Ж В” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Т Ж В” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Алтай сумын Засаг даргад даалгах” гэж тодорхойлсон ба захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 06 дугаар захирамж гарч улмаар Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга шүүгчийн захирамжийг биелүүлэн манай компанид “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г баталж, хүлээлгэн өгсөн. Манай компанийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан XV-020912 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн EX-008839 дугаартайгаар өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан 4 баримт бичгээс байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө л дутуу байсан.
Дутуу байгаа шалтгаан нь манай компаниас болоогүй тухай бид хариуцагчид тайлбарлаж, ойлгуулах хүсэлтийг гаргасан ба хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай” 374 дугаар шийдвэр гарах гол үндэслэл болсон “... Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй тул хүснэгтэд дурдсан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсугай ...” гэдэг нь манай компанийн буруутай үйлдэл, эс үйлдлээс болоогүй Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын эс үйлдлээс болсон гэдгийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 06 дугаар захирамжаар нотлогдож байгаа.
3.11. Шүүх Ашиг малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай” 374 дүгээр шийдвэрийг дахин гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаж байгаагүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч өөрт нь болон түүний дээд шатны албан тушаалтанд “Ашиг малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай” 374 дүгээр шийдвэрт дурдсан үндэслэл арилсан, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйлдэл, эс үйлдлээс болоогүй, харин захиргааны байгууллагын эс үйлдлээс болсныг нь шүүхээр тогтоолгосон баримт байна, шийдвэрээ эргэж харна уу, тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон өмнө нь гаргаж байсан.
Манай тохиолдолтой төсөөтэй хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэж байсан ба 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 716 дугаар магадлалд “... Мөн дээрх сумын Засаг даргын татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “АТ” ХХК-иас Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргад холбогдуулан Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 112/ШШ2021/0044 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан “АТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/184 дүгээр албан бичгээр “АТ” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж, Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт XV-017945 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021, 2022 онд гүйцэтгэх хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга баталж, мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн хянаж, бүртгэсэн баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагджээ. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч “АТ” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагчид гаргаж чадаагүй буюу хугацаандаа сунгуулах өргөдөл гаргаагүй нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хууль бус үйлдэлтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан 1 сарын хугацааг хэтрүүлсэн нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болж болох хэдий ч дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч “АТ” ХХК-ийн өргөдлөө хугацаандаа гаргаагүй нь түүний буруутай үйл ажиллагаанаас хамаарсан эсэхийг хариуцагч харгалзан үзэх шаардлагатай байтал “... компани нь ... 4 материалыг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй... ” гэжээ.
3.12. Бидний зүгээс шүүхийн хараат бус байдалд халдаж дээрх магадлал, тогтоол шиг шийд гэж шүүхэд шахалт огт үзүүлээгүй, гагцхүү Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх процессын хуулиудаар шүүхийн практик гэсэн ойлголтыг чухалд тавиад түүнийг судлах ёстой, мэдэх ёстой болжээ гэсэн буруу, зөвийг нь мэдэхгүй ойлголт авсан учраас бичиж байгааг ойлгож хүлээн авна уу. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад зохих өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. “Т Ж В” ХХК-ийн XV-020912 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусахаар байх бөгөөд нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргасан боловч хүсэлтдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаагүй, эдгээр үйл баримттай талууд маргаагүй.
3. Хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрээр “... “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй” гэж үзээд “Т Ж В” ХХК-ийн XV-020912 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж” шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс “... Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байсан, энэ нь бидний буруутай үйл ажиллагаа биш тул ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус” гэж тайлбарлан “Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон “Т Ж В” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-020912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байна.
4. Шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд дээрхээс үзвэл хариуцагч 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон “Т Ж В” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-020912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээн авахгүй хууль бус үйлдэл гаргасан эсэх, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийнэ.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор хуульчилсан ба 374 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмшлийн ХV-020912 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсанаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч уг шийдвэртэй холбогдуулж маргаагүй, уг шийдвэр хүчин төгөлдөр байна.
6. Гэтэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байхад 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22/01 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст “... тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан нь ойлгомжгүй, энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8/2584 дүгээр албан бичгээр “... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаагүйгээс сунгахаас татгалзсан, хүчин төгөлдөр байх хугацаа нь дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, сунгах боломжгүй” гэх хариу өгснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
7. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах талаар зохицуулсан, 22.1.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаж, түүнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргах бөгөөд 22.2-т зааснаар төрийн захиргааны байгууллага уг өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэхээр байна.
8. Ашигт малтмалын тухай хуулиар дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх талаар зохицуулаагүйн дээр энэ эрх хэмжээг хариуцагчид олгоогүй, өөрөөр хэлбэл, хариуцагч зөвхөн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хуулийн хугацаанд, шаардлага ханган гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэнэ.
9. Дээрхээс үзвэл Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон “Т Ж В” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-020912 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн хууль бус үйлдэл тогтоогдохгүй, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул гомдлыг хангах боломжгүй.
10. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг ямар байдлаар хүлээн авч, хэдий хугацаанд шийдвэрлэж, хугацааг хэрхэн сунгаж, бүртгэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан тул мөн заалтыг баримтлан “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байна. Иймд шийдвэрийн Тогтоох хэсэгт нэмсэн өөрчлөлтийг оруулав.
11. Мөн анхан шатны шүүх 5174 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн тодорхойлсны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст” гэж хариуцагчийн нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Кадастрын хэлтэст” гэснийг “...Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст” гэж өөрчилж, “... 22.1.3” гэсний дараа “... 22.2” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т Ж В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН