Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00028

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00540 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2018/00022 дугаар магадлалтай,

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

О.Б-т холбогдох,

8.700.000 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б- нь манай байгууллагатай 2015 оны 11 сарын 13-ны өдөр Орон сууц захиалан бариулах 13-1 тоот гэрээ байгуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах Залуус хорооллын 13-01 тоот 54,7 м2 байрыг 46.495.000 төгрөгөөр худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний гол нөхцөл болох байрны төлбөрөө төлж барагдуулалгүй. Байрны төлбөрийг гэрээнд зааснаар урьдчилгаа 30 хувь буюу 13.948.000 төгрөгийг 7 хоногийн дотор төлж, үлдэгдэл 32.546.500 төгрөгийг 60 хоногийн дотор төлж барагдуулахаар тохирсон. 2017 оны 11 сарын 03-ны өдөр бид орон сууц захиалан бариулах №13-1 тоот гэрээний төлбөр төлөх хугацааг дахин сунгаж, 2017 оны 12 сарын 30-ны өдөр гэхэд төлбөрөө төлж дуусгах, төлбөр төлөх хугацааг 14 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээг дангаар цуцлах, гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчийн орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцон нэг сарын төлбөрийг 300.000 төгрөг байх тухай харилцан тохиролцож нэмэлт гэрээг байгуулсан. Гэвч төлбөр төлөх сүүлийн хугацаа болоход О.Б- нь мөн л байрны төлбөрийг төлөөгүй. Ингээд бид 2018 оны 01 сарын 09-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан. О.Б- нь одоог хүртэл уг байрыг суллаж өгөөгүй байгаа.

Иймд нэмэлт гэрээний 4.2-т заасны дагуу байгууллагын орон сууцанд амьдарсан нийт 29 сар буюу 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацааны төлбөр болох 8.700.000 төгрөгийг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч О.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Д-ийн барьж ашиглалтад оруулсан 46.495.000 төгрөгийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах Залуус хорооллын 13-01 тоот орон сууцыг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр худалдан авсан. 100 хувь ашиглалтад орсон байр худалдан авсан ба уг орон сууцыг захиалан бариулаагүй юм. О.Б- нь гэрээнд заасны дагуу байрны төлбөрийг төлж барагдуулаагүй нь үнэн. Байрны төлбөрийг төлж чадаагүй тул гэрээ цуцлагдсан. Нэгэнт байрны төлбөрөө төлж чадаагүй тул байрыг чөлөөлөх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлээс 8.700.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээ цуцалснаас учирсан хохирол гэж ямар хохирлыг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Нэмэлт гэрээний 4.2 дахь заалтаас харахад түрээсийн гэрээний зохицуулалт байгаа юм шиг боловч талуудын дунд түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Иймд 8.700.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00540 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Б-аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8.700.000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгож, хариуцагчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын 13-01 тоот амины орон сууцыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154 150 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 433.925 төгрөг гаргуулан 154.150 төгрөгийг нэхэмжлэгч Д-д олгож, үлдэх 279 775 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2018/00022 дугаар магадлалаар: Хариуцагч О.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00540 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 198 дугаар зүйлийн 198.6, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус зааснаар хариуцагч О.Б-аас 8.700.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д-д олгож, хариуцагчийн эзэмшлээс Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын 13-01 тоот орон сууцыг албадан чөлөөлсүгэй гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 155.000 төгрөгийн 154.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06.14-ний өдрийн 138/ШШ2018/00540 дугаар шийдвэр, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.26-ний өдрийн дугаар 201/МА2018/00022 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч байгууллага нь О.Б-аас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 8.700.000 төгрөгийг 2017.11.03-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээний хавсралт нэмэлт гэрээ"-нд заасан үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжилсэн. Тус нэмэлт гэрээний 4 дүгээр зүйлд “Хариуцлага” гээд 4.2-т “Гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчийн орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцон 1 сарын төлбөрийг 300.000 төгрөг байхаар тохиролцов” гэж заасан. Эндээс харахад сарын 300.000 төгрөгийн төлбөрийг гэрээг цуцалсантай холбоотойгоор үүссэн хохиролд тооцох бус гэрээг цуцалсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийг ямар байх талаар тохирсон тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл, тус нэмэлт гэрээний 4.2-т заасан хариуцлага нь мөн нэмэлт гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хариуцлагатай ижил юм. Нэхэмжлэгч тал О.Б-тай байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ болон нэмэлт гэрээ”-г аль алиныг нь цуцалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир тус гэрээнүүдийн үүрэгтэй холбоотой шаардах эрх дуусгавар болох ёстой юм. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлахад “Өгсөн, авсан зүйлээ буцаах” зарчим үйлчилдэг. Гэтэл Давж заалдах шатны шүүх талуудын хооронд 2017.11.03-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээнд дүгнэлт хийхдээ гэрээний заалтын агуулгыг буруу ойлгон тайлбарласан байна. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өөрт зайлшгүй орох байсан орлогыг нотлох баримтаар нотлон нэхэмжлэх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого нь сарын 300.000 төгрөг байх талаар нэг ч нотлох баримт авагдаагүй юм. Талуудын хооронд анх 2015.11.13-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулагдсан бөгөөд тус гэрээнд “гэрээг цуцалсан тохиолдолд сар бүрийн 300.000 төгрөгөөр тооцон төлбөр төлөх үүрэг”-ийн талаар тусгаагүй. Харин 2017.11.03-ны өдөр байгуулагдсан “Нэмэлт гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт анх удаа тусгасан. Өөрөөр хэлбэл тохиролцоог 2017.11.03-ны өдөр хийсэн байхад 2015.11.13-ны өдрөөс тооцон хариуцагчаас 29 сарын төлбөр болох 8.700.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.14-ний өдрийн 138/ШШ2018/00540 дугаар шийдвэр, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.26-ний өдрийн дугаар 201/МА2018/00022 тоот магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагаас “орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 8.700.000 төгрөг”-ийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч О.Б-т холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлэх, 8.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзсан гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс мөнгөн төлбөр гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.   

Зохигчийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээгээр хариуцагч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах Залуус хорооллын 13-01 тоот 54.7 м.кв талбай бүхий байрыг 46.495.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 13.948.000 төгрөгийг 7 хоногийн дотор, үлдэх 32.546.500 төгрөгийг 60 хоногийн дотор төлөхөөр тохирсон ба уг гэрээнд 2017 оны 11 дүгээр сарын 3-ний өдөр нэмэлт оруулж, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 30-ний дотор төлөх, хугацааг 14 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах, энэ тохиолдолд захиалагчийн орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцон 1 сарын төлбөрийг 300.000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ /хэргийн 5-7 дугаар тал/.

Хариуцагч маргааны зүйл болох орон сууцыг худалдан авахаар тохирч, улмаар орон сууцыг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч ашиглаж байгаа болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй харин нэхэмжлэгчийн шаардсан төлбөрийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлтийг хийж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан.

Талууд гэрээний гол нөхцөл болох орон сууцны үнийн талаар тохирсон, хариуцагч буюу худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан нь худалдах-худалдах авах гэрээний шинжтэй ба худалдан авагч орон сууцны үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй.

Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэвч хариуцагч орон сууцыг хүлээн авсан атлаа үнийг тохирсон хугацаанд төлөөгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээг цуцалж, хохирлоо шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т нийцжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн зүйлийн 227.3.-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрөөр тооцож нэхэмжилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т  “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна”, 42.2.-т “зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж тус тус заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх тайлбар, баримтыг үгүйсгээгүйгээс гадна татгалзлаа нотолж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Иймд шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2018/00022 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 154.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА 

            ШҮҮГЧ                                                             Г.ЦАГААНЦООЖ