Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 201/МА2018/00022

 

2018       07         26                                          201/МА2018/00022

 

                                               “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                   О.Б-т холбогдох иргэний хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00540 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлоор “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Б-т холбогдох “Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8 700 000 төгрөгийг гаргуулж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг 2018 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б нь манай байгууллагатай 2015 оны 11 сарын 13-ны өдөр Орон сууц захиалан бариулах 13-1 тоот гэрээ байгуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах “Залуус” хорооллын 13-01 тоот 54,7 м2  байрыг 46 495 000 төгрөгөөр худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний гол нөхцөл болох байрны төлбөрөө төлж барагдуулалгүй компанид багагүй хохирол учруулаад байна. Байрны төлбөрийг гэрээнд зааснаар урьдчилгаа 30 хувь буюу 13 948 000 төгрөгийг 7 хоногийн дотор төлж, үлдэгдэл 32 546 500 төгрөгийг 60 хоногийн дотор төлж барагдуулахаар тохирсон. Гэтэл байрны төлбөрийг огт төлөөгүй. Бид удаа дараа албан тоот хүргүүлж гар утсаар нь холбогдож гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардсан боловч ямар нэгэн хариу ирүүлэлгүй эргээд холбогдъё гэсэн хариу өгсөөр 2 жил 5 сар өнгөрлөө. 2017 оны 11 сарын 03-ны өдөр бид орон сууц захиалан бариулах №13-1 тоот гэрээний төлбөр төлөх хугацааг дахин сунгаж, 2017 оны 12 сарын 30-ны өдөр гэхэд төлбөрөө төлж дуусгах, төлбөр төлөх хугацааг 14 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээг дангаар цуцлах, гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчийн орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцон нэг сарын төлбөрийг 300 000 төгрөг байх тухай харилцан тохиролцож нэмэлт гэрээг байгуулсан. Гэвч төлбөр төлөх сүүлийн хугацаа болоход О.Б нь мөн л байрны төлбөрийг төлөөгүй. Ингээд бид 2018 оны 01 сарын 09-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан. О.Б нь одоог хүртэл уг байрыг суллаж өгөөгүй байгаа. Одоогийн байдлаар түүний аав, ээж нь амьдарч байгаа юм билээ. Өндөр настай хүмүүс амьдарч байгаа болохоор нь бид байраа суллуулж авч чадаагүй. Байранд амьдарсан хугацааг түрээсийн төлбөрөөр тооцох тухай нэмэлт гэрээг байгуулж байхад О.Б-н зүгээс татгалзаагүй. Дээрх нөхцлүүдийг бүгдийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Бид орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан боловч баригдаад 100 хувь ашиглалтанд орсон байрыг О.Б нь худалдан авсан.

Иймд нэмэлт гэрээний 4.2-т заасны дагуу байгууллагын орон сууцанд амьдарсан нийт 29 сар буюу 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацааны төлбөр болох 8 700 000 төгрөгийг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Б нь “Д” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан 46 495 000 төгрөгийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах “Залуус” хорооллын 13-01 тоот орон сууцыг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр худалдан авсан. 100 хувь ашиглалтанд орсон байр худалдан авсан ба уг орон сууцыг захиалан бариулаагүй юм. О.Б нь гэрээнд заасны дагуу байрны төлбөрийг төлж барагдуулаагүй нь үнэн. Бусдад өвс худалдан борлуулж, түүний орлогоор байрныхаа төлбөрийг төлөх байсан боловч уг мөнгө нь орж ирээгүй учраас байрныхаа мөнгийг төлж чадаагүй. Байрны төлбөрийг төлж чадаагүй тул гэрээ цуцлагдсан. Хариуцагчийн хувьд байр худалдах худалдан авах гэрээ байгуулсан, байрны төлбөрийг төлж чадаагүйгээс гэрээ цуцалсан асуудал дээр маргахгүй. Нэгэнт байрны төлбөрөө төлж чадаагүй тул байрыг чөлөөлөх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлээс 8 700 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал гэрээний 4.2-т зааснаар түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл гэрээ цуцалснаар гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болох учраас гэрээний үүрэг гэж нэхэмжлээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал нэмэлт тайлбар дээрээ гэрээ цуцалснаас учирсан хохирол гэж үзэж 8 700 000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээ цуцалснаас учирсан хохирол гэж ямар хохирлыг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Нэмэлт гэрээний 4.2 дахь заалтаас харахад түрээсийн гэрээний зохицуулалт байгаа юм шиг боловч талуудын дунд түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Иймд 8 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00540 дугаар шийдвэрээр:

 Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Б-с орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8 700 000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, хариуцагчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын 13-01 тоот амины орон сууцыг албадан чөлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154 150 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 433 925 төгрөг гаргуулан 154 150 төгрөгийг нэхэмжлэгч Д ХХК-д олгож, үлдэх 279 775 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох  давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Талуудын дунд 2017 оны 11 сарын 03-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т гэрээг цуцалсан тохиолдолд худалдагчийн орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцон нэг сарын төлбөрийг 300 000 төгрөг байхаар тохиролцсон тухай тусгасан байх ба талуудын энэ тохиролцооноос үзвэл тэдний дунд Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь талуудын хооронд 2017.11.03-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт нь гэрээгээр тохиролцсон үүргийг О.Б нь биелүүлээгүй тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагын талаар тохирсон тохиролцоо болохоос бус “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулах хүсэл зориг байгаагүй юм. Монгол Улсын Иргэний хуульд гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүрэг зөрчигч талд хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд “Үүргийн гүйцэтгэлийг дараах аргаар хангана” гээд хэлбэрүүдийг жагсаан нэрлэсэн байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2017.11.03-ны өдрийн нэмэлт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга”-д хамаарахгүй байгаа учир орон сууцанд амьдарсан 29 сарын төлбөр болох 8 700 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч О.Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах Залуус хорооллын 13-01 тоот амины орон сууцанд 2015.11.13-ны өдрөөс эхлэн амьдарч, одоог хүртэл уг сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул түүний нийт амьдарсан 29 сарын хугацааны хөлс болох 8 700 000 төгрөгийг хариуцагч О.Баас гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь төлөөлүүлэгч О.Б нь “Д” ХХК-тай 2015.11.13-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г байгуулж, гэрээний гол нөхцөл болох орон сууцны үнэ /46 495 000/-г тохиролцон, үнэ төлөх нөхцлийг гэрээнд тусгасан байдаг. Талуудын хоорондох энэхүү харилцаа нь “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа юм. Түүнээс бус орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй. ...Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан байдаг. 2017.11.03-ны өдрийн нэмэлт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчийн орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцон 1 сарын төлбөрийг 300 000 төгрөг байхаар тохиролцов” гэснээс харахад тухайн төлбөрийг 2015.11.13-ны өдрөөс бус тохиролцоо хийсэн огноо болох 2017.11.03-ны өдрөөс эхлэн 2017.12.30-ны өдөр буюу гэрээг цуцалсан өдөр хүртэлх хугацааны төлбөр төлөх талаар тохирсон болох нь харагдаж байна. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.14-ний өдрийн 00540 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан “хариуцагч О.Баас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож” гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

                                                 

                                                         ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй, зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа эрх зүйн хувьд алдаатай дүгнэлт хийсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, алдааг залруулах боломжтой гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ Д” ХХК нь хариуцагч О.Бт холбогдуулан орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр 8 700 000 төгрөг гаргуулж, түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 13-01 дугаар “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”, 2017 оны 11 сарын 03-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай 13-01 тоот гэрээний хавсралт нэмэлт гэрээ”  гэх гэрээнүүд тус тус байгуулагдсан байна. /хх-ийн 5-6, 7 дахь талууд/

2015 оны 11 сарын 13-ны өдрийн 13-01 дугаар гэрээний зорилго, агуулгаас үзэхэд талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Харин шүүх хариуцагчийн орон сууцанд амьдарсан хугацааг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь буруу байна.

            Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд 2017 оны 11 сарын 03-ны өдөр байгуулагдсан “нэмэлт” гэрээний 4.2-т “Гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчийн орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцон 1 сарын төлбөрийг 300 000 төгрөг байхаар тохиролцов” гэж зааснаар  хариуцагч О.Бын гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг шаардсан байна.

“Худалдах худалдан авах гэрээ биелэгдээгүй тохиолдолд уг орон сууцанд амьдарсан хугацаанд түрээсийн төлбөр төлнө. Түрээсийн төлбөрийг сарын 300 000  төгрөгөөр тооцно” гэдэг тохиролцоог талууд хийсэн бөгөөд  энэ талаар маргаагүй. Гагцхүү  орон сууцанд амьдарсан хугацаа гэдгийг хэрхэн ойлгох тухайд талууд маргасан байна. Тухайлбал: нэхэмжлэгч тал анх гэрээ байгуулсан үе буюу 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэн тооцно гэж ойлгоно гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа бол хариуцагч тал нь 2017 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш буюу төлбөр төлөх графикт хугацаа дууссан үеэс  тооцно гэж ойлгоно гэж маргаж байна.

            Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байна. Иймд шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл аль хугацаан дээр нэгдсэн гэдгийг дүгнэх шаардлагатай юм.

             Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.”, 198.6-д “Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ.” гэж тус тус заажээ.

Талуудын хооронд 2017 оны 11 сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээний зорилго нь хариуцагч О.Б гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас гэрээг цуцалсан тохиолдолд нэхэмжлэгч “Д” ХХК нь өөрт учирсан хохирлыг тооцож арилгуулах зорилготой хийгдсэн гэрээ гэж үзэх үндэстэй байна. Учир нь тус гэрээний 4.2-т тодорхой тусган заасан байна.  

            Хариуцагч О.Б нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн “Залуус” хорооллын 13-01 тоот орон сууцанд 2015 оны 11 сарын 03-ны өдрөөс эхлэн амьдарсан тул нэмэлт гэрээ хийх үед гэрээнд заасан “амьдарсан хугацаа”-г тухайн үеэс эхлэн тооцохоор талууд ойлгосон байх боломжтой юм.

            Түүнчлэн нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч О.Бт 2017 оны 06 сарын 14-ний өдөр №085 тоот албан бичиг хүргүүлсэн ба уг албан бичигт “... Тус байранд төлбөр төлөлгүй 1,7 жилийн  хугацаанд  амьдарснаас компанид учирсан хохирлыг түрээсийн байдлаар барагдуулна уу. Жич: 1 сарын түрээсийн төлбөр 300 000 /гурван зуун мянган төгрөг/. Нийт 5 700 000 /таван сая долоон зуун мянган/ төгрөг болно” гэжээ. /хх-ийн 8 дахь тал,  1,7 жил гэснийг 1 жил 7 сар гэж ойлгов. Учир нь 1 жил 7 сар буюу 19 сарыг нэг сарын 300 000 төгрөгөөр үржүүлэхэд нийт 5 700 000 төгрөг болно/

            Дээрх бичгийн нотлох баримт болох 085 тоот албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч тал хариуцагчид “Орон сууц худалдаж авсан төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй учир гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасны дагуу гэрээг цуцалж байна” гэдгийг мэдэгдээд түүнийг уг орон сууцанд 1 жил 7 сар амьдарсан хугацааны төлбөр 5 700 000 төгрөг төлөхийг мэдэгдсэн байна. Ийнхүү хариуцагчид мэдэгдсэн албан бичиг нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д заасан “... харилцан илгээсэн баримт бичиг, ...” гэдэгтэй нийцэж байна.

            Иймээс талуудын хүсэл зоригийн илэрхийлэл буюу хариуцагчийн орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг /хохирлыг/ тооцох хугацааг талууд 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэн тооцно гэдэг ойлголтод нэгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д ”Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, ... орлогыг хохиролд тооцно.” гэж заажээ.

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан “эд хөрөнгийн алдагдал”  гэдэгт талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний 4.2-т заасан “...300 000 төгрөгийн ...” тохиролцоо хамаарах үндэстэй гэж тус шүүх үзлээ. Учир нь хариуцагчийн орон сууцанд амьдарсан хугацаанд гэрээ биелэгдэхгүй болсон тохиолдолд нэхэмжлэгч “Д” ХХК  хариуцагч О.Бын тухайн орон сууцанд амьдарсан хугацаанд эд хөрөнгөө бусдад худалдах, хөлслүүлэх, түрээслэх, өөрөө ашиглах боломжгүй болж байгааг эд хөрөнгийн алдагдал буюу хохирол гэж үзнэ. 

Иймд анхан шатны шүүх хохирол буюу 8 700 000 төгрөгийг хариуцагч О.Баас гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 000 төгрөгийн 154 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хариуцагч О.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00540 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 198 дугаар зүйлийн 198.6, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус зааснаар хариуцагч О.Баас 8 700 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, хариуцагчийн эзэмшлээс Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Залуус” хорооллын 13-01 тоот орон сууцыг албадан чөлөөлсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 155 000 төгрөгийн 154 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                                                 Ж.ДОЛГОРМАА  

                                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ