Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 540

 

НГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүх хуралдааны Бтанхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, өөрийн байранд байрлах Д.г ХХК-ийн

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 10-28 тоотод оршин суух Б Ч овогт О Б-т холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8 700 000 төгрөгийг гаргуулж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Баттулга,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д г ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б нь манай байгууллагатай 2015.11.13-ны өдөр Орон сууц захиалан бариулах 13-1 тоот гэрээ байгуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах Залуус хорооллын 13-01 тоот 54,7 м2 байрыг 46 495 000 төгрөгөөр худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний гол нөхцөл болох байрны төлбөрөө төлж барагдуулалгүй компанид багагүй хохирол учруулаад байна. Байрны төлбөрийг гэрээнд зааснаар урьдчилгаа 30 хувь буюу 13 948 000 төгрөгийг 7 хононгийн дотор төлж, үлдэгдэл 32 546 500 төгрөгийг 60 хоногийн дотор төлж барагдуулахаар тохирсон. Гэтэл байрны төлбөрийг огт төлөөгүй. Бид удаа дараа албан тоот хүргүүлж гар утсаар нь холбогдож гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардсан боловч ямар нэгэн хариу ирүүлэлгүй эргээд холбогдьё гэсэн хариу өгсөөр 2 жил 5 сар өнгөрлөө. 2017.11.03-ны өдөр бид орон сууц захиалан бариулах №13-1 тоот гэрээний төлбөр төлөх хугацааг дахин сунгаж, 2017.12.30-ны өдөр гэхэд төлбөрөө төлж дуусгах, төлбөр төлөх хугацааг 14 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээг дангаар цуцлах, гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчийн орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцон нэг сарын төлбөрийг 300 000 төгрөг байх тухай харилцан тохиролцож нэмэлт гэрээг байгуулсан. Гэвч төлбөр төлөх сүүлийн хугацаа болоход О.Б нь мөн л байрны төлбөрийг төлөөгүй. Ингээд бид 2018.01.09-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан. О.Б нь одоог хүртэл уг байрыг суллаж өгөөгүй байгаа. Одоогийн байдлаар түүний аав, ээж нь амьдарч байгаа юм билээ, Өндөр настай хүмүүс амьдарч байгаа болохоор нь бид байраа суллуулж авч чадаагүй. Байранд амьдарсан хугацааг түрээсийн төлбөрөөр тооцох тухай нэмэлт гэрээг байгуулж байхад О.Б-ын зүгээс татгалзаагүй, дээрх нөхцлүүдийг бүгдийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Бид орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан боловч баригдаад 100 хувь ашиглалтанд орсон байрыг О.Б нь худалдан авсан.

Иймд нэмэлт гэрээний 4.2-т заасны дагуу байгууллагын орон сууцанд амьдарсан нийт 29 сар буюу 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацааны төлбөр болох 8 700 000 төгрөгийг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Б нь Д г ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан 46 495 000 төгрөгийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах Залуус хорооллын 13-01 тоот орон сууцыг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр худалдан авсан. 100 хувь ашиглалтанд орсон байр худалдан авсан ба уг орон сууцыг захиалан бариулаагүй юм. О.Б нь гэрээнд заасны дагуу байрны төлбөрийг төлж барагдуулаагүй нь үнэн. Бусдад өвс худалдан борлуулж, түүний орлогоор байрныхаа төлбөрийг төлөх байсан боловч уг мөнгө нь орж ирээгүй учраас байрныхаа мөнгийг төлж чадаагүй. Байрны төлбөрийг төлж чадаагүй тул гэрээ цуцлагдсан. Хариуцагчийн хувьд байр худалдах худалдан авах гэрээ байгуулсан, байрын төлбөрийг төлж чадаагүйгээс гэрээ цуцалсан асуудал дээр маргахгүй. Нэгэнт байрны төлбөрөө төлж чадаагүй тул байрыг чөлөөлөх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлээс 8 700 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал гэрээний 4.2-т зааснаар түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл гэрээ цуцалснаар гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болох учраас гэрээний үүрэг гэж нэхэмжлээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал нэмэлт тайлбар дээрээ гэрээ цуцалснаас учирсан хохирол гэж үзэж 8 700 000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээ цуцалснаас учирсан хохирол гэж ямар хохирлыг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Нэмэлт гэрээний 4.2-т заалтаас харахад түрээсийн гэрээний зохицуулалт байгаа юм шиг боловч талуудын дунд түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Иймд 8 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигч талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д г ХХК нь хариуцагч О.Б-т холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөр 8 700 000 төгрөг гаргуулж, түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч О.Б нь нэхэмжлэгч Д г ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан 46 495 000 төгрөгийн үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах Залуус хорооллын 13-01 тоот 75 м.кв талбайтай амины орон сууцыг худалдан авч, үнийн 30 хувийг 7 хоногийн дотор, үлдэх 70 хувийг 60 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцон, 2015 оны 11 сарын 13-ны өдөр №13-01 тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь орон сууц захиалан бариулах тухай нэртэй гэрээ байгуулсан боловч тэдний дунд Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь талуудын тайлбараар батлагдаж байна.

Талуудын дунд байгуулагдсан 2015 оны 11 сарын 13-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т худалдан авагч гэрээгээр төлөхөөр тохирсон төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд уг байр нь худалдагч талын өмчлөлд байхаар заасныг хариуцагч эсэргүүцээгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болдог.

Талуудын тайлбараар дээрх амины орон сууцыг худалдах худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, уг орон сууцны өмчлөх эрх худалдан авагч үнийг бүрэн төлж дуусгах хүртэл худалдагчийн өмчлөлд байхаар талууд тохирсон, дээрх гэрээ нэгэнт цуцлагдсан зэрэг нөхцөл байдлуудаар талуудын дунд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр эсэхийг шүүх дүгнэх шаардлагагүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч О.Б-ын эзэмшилд дээрх амины орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч О.Б нь орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч О.Б нь худалдан авсан амины орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүйн улмаас нэхэмжлэгч хариуцагч нар нь дахин харилцан тохирч орон сууцны үнийг төлөх хугацааг 2017 оны 11 сарын 10-ны өдрөөс 12 сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж 2017 оны 11 сарын 03-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай №13-01 тоот гэрээний хавсралт нэмэлт гэрээг байгуулсан байх ба уг нэмэлт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т худалдан авагч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх хугацааг 14 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд худалдагч тал гэрээг дангаар цуцлах, гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагчийн орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцон нэг сарын төлбөрийг 300 000 төгрөг байхаар тус тус тохиролцжээ. Гэвч хариуцагч О.Б нь дээрх орон сууцны үнийг гэрээгээр сунгасан хугацаанд төлж барагдуулаагүйн улмаас худалдагч тал гэрээг дангаар цуцалсан үйл баримтууд тус тус зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч О.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талуудын дунд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагч орон сууцны үнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд худалдагч талын өмчлөлд байх тухай, орон сууцны үнийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, уг үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан талаар тус тус хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь талуудын дунд байгуулагдсан нэмэлт гэрээний дагуу гэрээг цуцалсан тул хариуцагч О.Б-н дээрх амины орон сууцанд амьдарсан нийт 29 сарын хугацааг 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэн 2018 оны 4 сарын 12-ний өдрийг хүртэл түрээсээр тооцон түрээсийн төлбөрт 8 700 000 төгрөгийг гаргуулж, түүний хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр тус тус шаардсаныг хариуцагч О.Б нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч гэрээ цуцлагдсан тул гэрээний үүрэг яригдахгүй, энэ талаар нэмэлт гэрээнд заасан нь Иргэний хуульд нийцэхгүй байгаа учраас түрээсийн төлбөрт 8 700 000 төгрөгийг төлөхгүй гэж уг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын дунд 2017 оны 11 сарын 03-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т гэрээг цуцалсан тохиолдолд худалдагчийн орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцон нэг сарын төлбөрийг 300 000 төгрөг байхаар тохиролцсон тухай тусгасан байх ба талуудын энэ тохиролцооноос үзвэл тэдний дунд Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ, 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарын төлөөлөгч нарын тайлбараар талууд нэмэлт гэрээний нөхцөл болох гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцон нэг сард 300 000 төгрөгөөр тооцон төлбөр төлөх нөхцлийг харилцан тохирч, улмаар талууд гэрээнд гарын үсэг зурсан, хариуцагч нь дээрх амины орон сууцыг 2015 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч амьдарч байсан талаараа эсэргүүцээгүй гэх нөхцөл байдлуудаас үзвэл талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээдэг.

Хариуцагч О.Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах Залуус хороололын 13-01 тоот амины орон сууцанд 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэн амьдарч, одоог хүртэл уг сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул түүний нийт амьдарсан 29 сарын хугацааны хөлс болох 8 700 000 төгрөгийг хариуцагч О.Б-с гаргуулан нэхэмжлэгч Д г ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчийн хууль бус эзэмшлээс дээрх амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх амины орон сууцыг өөрийн эзэмшлээс чөлөөлж өгөхийг зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын 13-01 тоот амины орон сууцыг хариуцагч О.Б-н эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээний үүрэг гэж нэхэмжилсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нэгэнт цуцлагдсан тул гэрээний үүрэг гэж нэхэмжлэх эрхгүй, нэмэлт гэрээнд түрээсийн төлбөр гэж тусгасан нь хууль зөрчсөн, мөн гэрээ цуцалсан тохиолдолд өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч олох ёстой байсан орлого, нэхэмжлэгчээс гарсан зардлын алийг нь нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна гэж өөрийн татгалзлыг тайлбарлажээ.

Зохигч талуудын тайлбараар талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан байх ба нэгэнт гэрээ цуцлагдсан тохиолдолд үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдэн гарах шаардах эрх дуусгавар болох бөгөөд гэрээний нэг тал өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн, мөн талуудын дунд байгуулагдсан нэмэлт гэрээгээр харилцан тохиролцсон орон сууц хөлслөх гэрээний харилцаа хүчинтэй байх бөгөөд орон сууцны түрээсийн төлбөр нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт хамааралгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч О.Б-с орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д г ХХК-д олгож, хариуцагчийн хууль бус эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын 13-01 тоот амины орон сууцыг албадан чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс 46 495 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх, мөн орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8 700 000 төгрөг гаргуулах шаардлагуудыг гаргасан байх ба нэхэмжлэлийн нийт шаардлага болох 55 195 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 433 925 төгрөгийг төлөх байсан боловч 154 150 төгрөгийг төлж, 279 775 төгрөгийг дутуу төлжээ.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилан нэхэмжлэгчийн төлсөн 154 150 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 433 925 төгрөгийг гаргуулан 154 150 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 279 775 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 , 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Б-с орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8 700 000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д г ХХК-д олгож, хариуцагчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын 13-01 тоот амины орон сууцыг албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154 150 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 433 925 төгрөг гаргуулан 154 150 төгрөгийг нэхэмжлэгч Д г ХХК-д олгож, үлдэх 279 775 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыгмэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН