Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 171

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Капитал банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 62 айлын орон сууцны 10 тоотод оршин суух, ПЮ60040110 тоот регистрийн дугаартай, Тольтон бургууд овогт Даваажавын Басбишид холбогдох үндсэн зээлийн төлбөр 247,267,776 төгрөг, зээлийн хүү 69,828,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258 төгрөг, нийт 326,969,298 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өсөхгэрэл, хариуцагч Д.Басбиш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн дарга А.Золзаяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өсөхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус банктай 153 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 584,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай сарын 1,6 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож эзэмшлийн газар, ресторан, агуулахын барилга, гурил, Цамбагарав зочид буудал, Мичид хүнсний дэлгүүр, граж, эзэмшлийн газар, цехийн барилга зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан.

            Зээлдэгч Д.Басбиш нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 336,732,223 төгрөг, зээлийн хүү 328,478,454 төгрөг, торгуулийн хүү 2,294,895 төгрөг, нийт 667,505,574 төгрөгийг төлсөн. Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин 615 хоногийн хугацаанд зээлээ төлөөгүй байгаа ба гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэл 326,969,298 төгрөг байна. Иймд Д.Басбишээс үндсэн зээлийн төлбөр 247,267,776 төгрөг, зээлийн хүү 69,828,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258 төгрөг, нийт 326,969,298 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Д.Басбиш шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Энэ хэргийн талаар Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 517 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай магадлалаар тус тус хянан шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад Капитал банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлийг дахин хүлээн авч хэлэлцэх гэж байгаа нь Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д заасан шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг дахин авч хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

            Капитал банктай 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 дугаартай зээлийн гэрээний 3.4.1-д зээлийн зориулалт жижиг дунд бизнес гурилын бизнест зориулагдана гэсэн заалт, мөн гэрээний 4.1.1-д зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрээнд заасан хэмжээний зээлийг авах эрхтэй гэсэн заалт гэрээний 4.2.2-д зээлийн гэрээний 3.5 дахь заалтад зээлийг зориулалтын дагуу ашиглах ба бусдад дамжуулан зээлдүүлэхгүй гэсэн заалт, гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан зээлийн хөрөнгөөр гүйцэтгэх төлбөр тооцоог бүрэн түргэн шуурхай гүйцэтгэх, 5.2.3-д зориулалтын дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлэх, 5.2.8-д гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх гэсэн заалтуудыг Капитал банк зөрчсөн байна.

            Капитал банкнаас иргэн Д.Басбишид жижиг дунд үйлдвэр гурилын бизнест зориулан зээл олгоно гэж 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153 дугаартай зээлийн гэрээ байгуулаад миний 203300630 тоот харилцах дансанд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 584,000,000 төгрөг оруулаад мөн өдрөө 585,200,000 төгрөгийн зарлагын гүйлгээг надад мэдэгдэхгүйгээр миний зөвшөөрөлгүйгээр Капитал банк өөрөө дур мэдэж онлайн гүйлгээний түр данс нээж зарлагын гүйлгээ хийсэн нь Капитал банкны мөрдөж байгаа дотоод журмын 5.3.4-д заасан хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний данснаас зарлагын гүйлгээ хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болох нь тодорхой байна.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн заалт зөрчигдөж, надад мөнгө олгоогүй, би нэг ч төгрөг аваагүй. Капитал банк дотоод дүрмээ болон 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 тоот зээлийн гэрээний заалтуудыг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Д.Басбишид холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 247,267,776 төгрөг, зээлийн хүү 69,828,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258 төгрөг, нийт 326,969,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Зээлдэгч болох хариуцагч Д.Басбиш нь тус зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 336,732,223 төгрөг, зээлийн хүү 328,478,454 төгрөг, торгуулийн хүү 2,294,895 төгрөг, нийт 667,505,574 төгрөгийг төлсөн байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

            Хариуцагч Д.Басбиш нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа “банк надад мөнгө олгоогүй, би нэг ч төгрөг аваагүй, Капитал банк дотоод дүрмээ болон 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 тоот зээлийн гэрээний заалтуудыг зөрчсөн” гэж мэтгэлцсэн.

            Капитал банкны Ховд салбар нь хариуцагч Д.Басбиштэй 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153 дугаартай зээлийн гэрээ байгуулж 584,000,000 төгрөгийн зээлийг 1,6 хувийн хүүтэйгээр, бэлэн бус хэлбэрээр 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-56/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8-10/, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай барьцааны нэмэлт гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11-12/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14, 17/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-15/, газар эзэмших гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-16/, зээл хүсэгчийн анкетын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-19, 21/, зээл хүсэгчийн өргөдөл /хх-20/,  мемориалын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-64/, итгэмжлэл /хх-22/, дипозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-66, 67/, кассын зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-68-69/, кассын орлогын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-70/ болон  нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Капитал банкны Ховд салбар болон Д.Басбиш нарын хооронд байгуулагдсан 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00517 дугаартай шийдвэр /хх-/, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаартай магадлал /хх-/ -аар нотлогдож байх ба уг шийдвэр, магадлалууд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Анод банкнаас шилжиж ирсэн Оюу мандал ХХК-ний нэр дээрх 507,326,591 төгрөгийн зээлийн өр, Капитал банк дахь Д.Басбишийн нэр дээрх 76,673,408 төгрөгийн зээлүүдийг төв банкнаас авлагын түр данс үүсгэн зээлийг төлж, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бэлэн бус гүйлгээний хэлбэрээр зээл гаргаж буцаан төлсөн болох нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8-10/, депозит дансны харилцагчийн монгол хуулгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-66-67/, талуудын шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Монгол банкны Ховд аймаг дахь салбарын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/25 албан бичиг, иргэн Д.Басбишийн гаргасан өргөдлийн дагуу шалгасан тухай 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ажлын тайлан, зээл хүсэгчийн анкетын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-19, 21/, зээл хүсэгчийн өргөдөл /хх-20/,  мемориалын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-64/, дипозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-66, 67/, кассын зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-68-69/, кассын орлогын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-70/ болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

            Хариуцагч Д.Басбиш нь Оюу мандал ХХК-ний захирал болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байх ба түүний тус зээлийн эргэн төлөлтийг 2011 оноос 2015 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 667,505,574 төгрөгийг төлсөн байдал болон хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-56/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8-10/, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай барьцааны нэмэлт гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11-12/, зээл хүсэгчийн анкетын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-19, 21/, зээл хүсэгчийн өргөдөл /хх-20/,  мемориалын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-64/, кассын зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-68-69/, кассын орлогын баримт зэргээс үзэхэд Анод банкнаас шилжиж ирсэн Оюу мандал ХХК-ний нэр дээрх 507,326,591 төгрөгийн зээлийн өр, Капитал банк дахь Д.Басбишийн нэр дээрх 76,673,408 төгрөгийн зээлүүдийг төв банкнаас авлагын түр данс үүсгэн зээлийг төлж, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бэлэн бус гүйлгээний хэлбэрээр төлөхийг зөвшөөрч, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай зээлийн гэрээ байгуулж 584,000,000 төгрөгийг бэлэн бус хэлбэрээр зээлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл зээлдэгч Капитал банкийг Капитал банкны дүрмийн 5.3.4-д заасан “хуульд зааснаас бусад тохиолдолд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний данснаас нь зарлагын гүйлгээ хийх”, зээлийн гэрээний 4.1.1-д зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэ гэрээнд заасан хэмжээний зээлийг авах”, 4.2.2-д “зээлийг зээлийн гэрээний 3.5 дахь заалтад заасан зориулалтын дагуу ашиглах ба бусдад дамжуулан зээлдүүлэхгүй байх”, 5.2.3-д “зориулалтын дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлэх”, 5.2.8-д “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

            Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгч Капитал банкны зээл, зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцож гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Капитал банкны Ховд салбарын төлсөн 1,792,796  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Басбишээс 1,792,796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Ховд салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Басбишээс үндсэн зээлийн төлбөр 247,267,776 төгрөг, зээлийн хүү 69,828,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258 төгрөг, нийт 326,969,298 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Ховд салбарт олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Капитал банкны Ховд салбарын төлсөн 1,792,796  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Басбишээс 1,792,796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Ховд салбарт олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МАРИНА