Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00792

 

“К ”-ны Ховд салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00729 дүгээр шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

“К ”-ны Ховд салбарын нэхэмжлэлтэй,

Д д холбогдох

Үндсэн зээл 247,267,776.38  төгрөг, зээлийн хүү 69,828,263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258.32 төгрөг, нийт 326,969,298.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч/эрх хүлээн авагч/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, Н.Борхүү, хариуцагч Д , хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Иргэн Д  нь 2011 оны 11 сарын 27-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 584,000,000 төгрөгийн жижиг дунд бизнес, гурилын бизнес эрхлэх зориулалтаар, 60 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1. Эзэмшлийн газар. ТД:8414110093, ГД-0277430

2. Ресторан Ү-1617000696, ГД-000128561

3. Агуулахын барилга Ү-1617003071, ГД-000128562

4. Бараа материал /гурил/

5. Цамбагарав зочид буудал Ү-1617002458, ГД-000029528

6. Мичид хүнсний дэлгүүр Ү-1617002335, ГД-000147077

7. Гараж Ү-1617002433, ГД-000147267

8. Эзэмшлийн газар

9. Цехийн барилга Ү-1617002340, ГД-000147083 зэрэг болно. Зээлдэгч Д  нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 336,732,223.62 төгрөг, зээлийн хүү 328,478,454.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,294,895.81 төгрөг, нийт 667,505,574 төгрөгийг төлсөн ба 2011 оны 11 сарын 25-ны өдөр тус банктай байгуулсан 153 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин 615 хоногийн хугацаанд зээлээ төлөөгүй байгаа. Уг зээлийг 2015 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэл хэвийн төлж явсан. Иймд Д ээс зээлийн үлдэгдэл 326,969,298.66 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,792,796.64 төгрөг, нийт 328,762,095.15 төгрөгийг гаргуулж К ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарт: Би 2011 онд К наас жижиг дунд бизнес, гурилын бизнест зориулж 584 сая төгрөгийн зээлийн хүсэлт гаргаж зээл авсан. 2011 оны 11 сарын 24-ний өдөр К ны захирал н.Батбаяр намайг ажил тарсны хойно дуудаад, 584 сая төгрөгийг гурилын бизнест зориулж иргэн Д  танд олгохоор шийдвэрлэж байна. Та бол манай банкны найдвартай зээлдэгч, би баярласан. Намайг хүсэлтээ гаргаж өгөөрэй гэхээр нь 2011 оны 11 сарын 24-ний өдөр хүсэлтээ гаргаж өгөөд 2, 3 баримт дээр гарын үсэг зуруулсан. Гэтэл тухайн үед намайг хууран мэхэлж байж. К ны захирал н.Батбаяр нь Анод банкны захирал байсан. К  зээлийн гэрээний асуудал ярьж байхад төвдөө над дээр авлагын данс нээсэн байсныг би мэдээгүй. Үүнийг би процессын явцад мэдсэн. 2011 оны 11 сарын 25-ны өдөр мөнгө авах гэтэл байхгүй байсан. Яагаад мөнгө байхгүй юм бэ гэхэд Монгол банкны шалгалт орж байна. Та түр байж байгаарай гэж хэлсэн. Гурилын бизнест зориулж мөнгө өгөх юм байна гээд тухайн үед би мөнгөтэй байсан учраас төлөөд явж байсан. Төвөөс ирсэн хүмүүстэй н.Батбаяр захирал уулзуулдаггүй байсан. Яагаад гэхээр зохицуулна гээд байсан. Миний дансанд орсон мөнгийг татаж аваад байхаар нь Улаанбаатар хотод К ны төв дээр очиж уулзаж, жижиг дунд үйлдвэрлэл, гурилын бизнест зориулж хувиараа 584 сая төгрөгийн зээл авсан гэж хэлсэн. Мөнгө ирэхгүй байна. Ямар учиртай юм вэ гэхэд “та гурилын бизнест зориулж зээл авсан байна. Та захиран зарцуулах эрхтэй. Та хуулийн байгууллагаар яваарай” гэж хэлсэн. Таны зээлээр өөр компанийн зээл хаана гэсэн ойлголт байхгүй. Би хэлтсийн даргатай нь уулзсан. Тэр хооронд би хагалгаанд орсон бөгөөд хоёр жил болсон. Дансанд орсон мөнгийг татаж авдаг байсан. Эмнэлгээс гарч ирээд би шүүхэд хандсан. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 1-д иргэн Д ид жижиг дунд үйлдвэр, гурилын бизнест зориулж 584 сая төгрөг өгсөн. Гэтэл К  2011 оны 11 сарын 24-ний өдөр Анод банканд байсан “Оюу мандал” ХХК-ийн өрийг шүүхийн шийдвэрийн дагуу татаж аваад хаасан байдаг. Би “Оюу мандал” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд хувиараа зээл авсан. Миний гарын үсэг байхгүй байхад хоёр, гурван данс руу мөнгийг хувааж хийсэн. Энэ нь өөрөө зээлийн гэрээний хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Жишээ нь зээлийн зориулалт нь жижиг дунд үйлдвэр, гурилын бизнест зориулж гэсэн байгаа. Мөн зээлийн гэрээнд заасан мөнгийг авах ёстой байтал энэ мөнгийг аваагүй учраас энэ заалт зөрчигдсөн. Энэ зээл нь харилцан ашигтай байна, шинэ авч байгаа зээлээр хуучин зээлийн өрийг төлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг мөн зөрчсөн байдаг. Энэ гэрээний дагуу би нэг ч төгрөг аваагүй. Намайг хохироож байна. Энэ гэрээ бол дүр эсгэсэн хэлцэл. К ны захирал н.Батбаяр “Оюу мандал” ХХК-ийн өрийг төлүүлснээр өөрт нь 25 сая төгрөгийн ашиг гардаг байсан. Үүнийг би сүүлд мэдсэн. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                               

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00729 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар К ны нэхэмжлэлтэй, Д д холбогдох Үндсэн зээл 247,267,776.38 төгрөг, зээлийн хүү 69,828,263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258.32 төгрөг, нийт 326,969,298.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,792,796.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                   

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00729 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9.-д” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулзамын хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6., 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд бүхэлд нь эс зөвшөөрч, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, шүүх хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Шүүх хуулийг буруу тайлбарласан тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх “...Талуудын хооронд 2011 оны 11 сарын 25-ны өдөр байгуулсан 153 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч нь жижиг дундын бизнест зарцуулах зорилгоор зээлдүүлэгчээс 584,000,000 төгрөгийн зээл авахаар харилцан тохиролцож, улмаар зээлдүүлэгч нь 2011 оны 11 сарын 25-ны өдөр зээлдэгчийн дансанд уг мөнгийг шилжүүлжээ...” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүрэг үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний харилцааг үгүйсгэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна. “К ” ХХК болон иргэн Д  нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулж зээлдэгч Д ийн Капитап банк дахь 12033000630 тоот дансанд зээл болох 584,000,000 төгрөг 2011 оны 11 сарын 25-ны өдөр шилжин орсон. Хариуцагч Д  нь зээлийн гэрээ байгуулагдсан тухай, өөрийн нэр дээрх 12033000630 тоот дансанд зээлийн мөнгө ороогүй гэдэг дээр маргаж байгаагүй. Иргэний хуулийн 451            дүгээр зүйлийн 451.3 дах хэсэгт заасан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаас үзвэл 1-т эрх бүхий хуулийн этгээд болох К  нь Д тэй зээлийн гэрээний тодорхой нөхцөлүүдийг харилцан тохиролцсоноор талууд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэн зээл олгосон гэж үзэж байна. 2-т Эрх бүхий байгууллагаас зээлийн мөнгийг зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэн тул зээлийг олгосонд тооцохоор хуульд заасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг буруу тайлбарлан зээлийг олгоогүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж байна.

Давж заалдах шатны шүүх "... Нэхэмжлэгч банк нь бэлэн бусаар зээл гаргаж, зээлийг зээлээр төлүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд уг үйл баримтыг үгүйсгэсэн /Анод банкны өрийг К  хоорондын гэрээгээр худалдан авсан, эсхүл Монгол банкнаас шилжиж ирсэн тул зээлийг зээлээр хаагаагүй гэх/ үндэслэлээ нэхэмжлэгч нь баримтаар нотолж чадаагүй, ... хариуцагч 2011 оны 11 сарын 25-ны өдрийн 153 дугаартай зээлийн гэрээнд тусгагдсан 584,000,000 төгрөгийг К наас бэлнээр нь аваагүй, уг зээлийг зориулалтаар нь захиран зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох Монгол банкны хянан шалгагч Л.Дүгэрсүрэнгийн тайлан, 2018 оны 09 сарын 14-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, хариуцагч Д ийн тайлбар, нэхэмжлэгч талын тайлбараар хариуцагч Д  нь Анод банкны өр барагдуулах албаны чанаргүй зээлийн өр төлбөртэй мөн өөрийн нэрээр авсан К ны зээлийн үлдэгдэлтэй байсан гэдэг нь нотлогдож байдаг. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн       211.2 дах хэсэгт зааснаас үзвэл үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд болох Анод банк эрх хүлээн авагч Монгол банк болон К  нь үүрэг гүйцэтгэгч Д  зөвшөөрсөн үндсэн дээр зээлийн гэрээний мөнгийг өмнөх өр төлбөр нь хаагдсан байдаг. Д  өөрөө хүлээн зөвшөөрсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан Д ийн К  дахь дансанд зээл болох 584,000,000 төгрөг шилжин орсон, зээлийн төлбөрөөс тэрээр зээлийн өргөдлийн хураамж, зээлийн шимтгэл, зээлийн маягтын үнэ зэргийг төлж гарын үсэг зурсан мөн кассын зарлагын баримтаар барилгын материалын зардал гэсэн баримт дээр гарын үсэг өөрийн гарын үсэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг мөртлөө тухайн үеийн К ны захирал хүчээр хууран мэхэлж гарын үсэг зуруулсан гэдэг тайлбарыг хийдэг. Гэтэл хариуцагч хууран мэхэлж гарын үсэг зуруулсан гэдгээ нотолж байгаагүй. Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1. дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч Д ийн “Оюу мандал” ХХК-ийн өр төлбөрт  өөрийн үл хөдлөх хөрөнгө нь барьцаалагдан улмаар барьцааны гэрээний дагуу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр худалдан борлогдох цаг үе байсан тул тэдгээр үл хөдлөх хөрөнгийг суллан авснаар хариуцагч Д  нь ашиг олж байгаа болно. Өөрөөр хэлбэл, Д  нь 153 тоот зээлийн гэрээний үндсэн дээр авсан мөнгөөр Анод банкны өр төлбөрт зах зээлийн үнийн дүнгийн 70 хувиар үнэлэгдэн барьцаалагдсан өөрийн эд хөрөнгөө суллан авснаар ашгийг хүртэж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Д д эд хөрөнгөө суллан авсан энэ үйлдэл дээр нь нэмж зээлийн гэрээний төлбөрийг авах эрх олгож байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг олгож байна гэж үзэхээр байна. Дээрхээс үзвэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийг хэрэглээгүй, хуулийн буруу тайлбарласан гэж үзэж байна.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаагүй хэт нэг талыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх 2018 оны 09 сарын 14-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээнд заасан мөнгийг нэхэмжлэгч тал хариуцагч талд шилжүүлсэн эсэх, хариуцагч өөрийн эзэмшлийн компанийн өр төлбөр болон хувийн нэр дээрх зээл нь ямар эх үндсээр барагдуулсан эсэх,153 дугаар зээлийн гэрээний үр шимийг хариуцагч хүртсэн эсэх гэх мэт маргаантай асуудал дээр хөндлөнгийн шинжээчийг томилохдоо тухайн орон нутгийн “Тунгалаг бүртгэл аудит” ХХК-ийг томилж дүгнэлтийг гаргуулсан. Тус “Тунгалаг бүртгэл аудит” ХХК-ийг анхан шатны шүүхээс 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 02547 тоот захирамж, тус захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас 2011 оны 12 сарын 22-ны өдөр гомдол гаргасан, мөн 2018 оны 08 сарын 13-ны өдөр 01896 тоот захирамжийг мөн нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч 2018 оны 08 сарын 29-ний өдөр  гомдол гаргасан. Ингээд 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гарахад эс зөвшөөрч дахин шинжээч томилох хүсэлтийг анхан шатны шүүх хурлын өмнө, шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба болон миний бие гаргаж орон нутгийн бус хөндлөнгийн шинжээчийг томилж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Ингэж шүүх татгалзсанаараа талуудын тэгш эрхийн зарчим алдагдаж, хэт нэг талыг барьсан шинжээчийн дүгнэлтийг харж, анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож байна. Дээрх шүүгчийн захирамжийн шинжээчээс тодруулах асуулт нь бүгд хариуцагч Д ийн хүсэлтээр асуусан асуултууд байдаг бөгөөд үүгээрээ хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  байгаа үндэслэлээ нотлох зорилгоор асуултын дагуу шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан үндэслэлээр удаа дараа хүсэлт гаргаж байхад нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хангахгүй, нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д д холбогдуулан 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаар зээлийн гэрээгээр 584,000,000.00 төгрөгийг жижиг дунд бизнесийн зориулалтаар, сарын 1,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлүүлсэн тул үндсэн төлбөр 247,267,776.38 төгрөг, хүү 69,828,263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258.32 төгрөг, нийт 326,969,298.66 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “К ” мөнгийг бэлнээр олгоогүй, банк дотоод дүрэм болон 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 тоот зээлийн гэрээг зөрчсөн гэж маргажээ.

2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 153 дугаар зээлийн гэрээгээр Д  нь жижиг дунд бизнест зарцуулах зорилгоор “К ”-наас 584,000,000.00 төгрөгийн зээл авахаар харилцан тохиролцож, банк мөн өдрөө хариуцагчийн дансанд мөнгийг шилжүүлсэн боловч 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д ийн  К инд байсан 76,673,408.01 төгрөгийн хэвийн зээлийг, түүний “Оюу мандал” ХХК-ийн Анод банкны өр барагдуулах албанд байсан  507,326,591.99  төгрөгийн бизнесийн чанаргүй зээлийг тус тус төлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ тухайд маргаагүй байна.

Нэхэмжлэгч тал Д ийг 48 сар зээлийн эргэн төлөлт хийсэн гэж тайлбар гаргасан ба хариуцагч нь ”... банк “Оюу мандал” ХХК-ийн бизнесийн орлогоос шууд суутгасан байсан, өөрөө зээлийн эргэн төлөлт хийгээгүй” гэжээ. 

Хариуцагч Д  нь үндсэн зээл 336,732,223.62 төгрөг, зээлийн хүү 328,478,454.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,294,895.81 төгрөг, нийт 667,505,574.00 төгрөгийг  төлсөн гэж нэхэмжлэлдээ заасан, түүнчлэн хариуцагчийн депозит дансны 2011 оны 11 сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 сарын 13-ны өдрийг хүртэлх хуулгаар  Д  нь нийт 661,241,997.00 төгрөгийн эргэн төлөлт хийсэн баримт хэрэгт авагдсан  байх тул зохигчдын  үүргийн харилцаа дуусгавар болсон буюу талуудыг харилцан шаардлага гаргах эрхгүй гэж үзнэ. 

Хэрэгт авагдсан Д ийн 203000630 тоот дансанд орлого 76,676,408.1 төгрөг, 507,326,591.99 төгрөг орлого хийж “Оюу Мандал” ХХК зээл төлөв, Даваажав Басбишийн зээл төлөв гэсэн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мемориалын баримт, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд нэхэмжлэгч тал зээл олгох үүргээ гүйцэтгээгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153 дугаартай зээлийн гэрээг байгуулсан боловч энэ гэрээгээр үүрэг үүсээгүй буюу “Анод банк”-ны “Оюу Мандал” ХХК-ийн /К инд шилжсэн өр/ болон хариуцагчийн К наас авсан өмнөх зээлийг төлүүлэх зорилготой байжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч банк нь бэлэн бусаар зээл гаргаж, зээлийг зээлээр төлүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд уг үйл баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ нэхэмжлэгч нь баримтаар нотолж чадаагүй, хариуцагч нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай зээлийн гэрээнд тусгагдсан 584,000,000.00 төгрөгийг “К ”-наас аваагүй, уг зээлийг зориулалтаар нь захиран зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 153 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 22, 26 дугаар зүйл болон К ны Зээлийн үйл ажиллагааны журамд заасан зорилгоо зөрчиж хийсэн  хэлцэл гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болжээ.

Иймээс 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 дугаар зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч К ны хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,862,996.00 /нэг сая найман зуун жаран хоёр мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН