Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Капитал банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 153/ШШ2018/00729 дугаар шийдвэртэй, Капитал банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 62-10 тоотод оршин суух, ПЮ60040110 дугаарын регистртэй, Тольтон бургууд овогт Даваажавын Басбишд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулзам, Д.Цэдэндамба /онлайнаар/ түүний өмгөөлөгч Д.Болормаа, Д.Басбиш, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 247,267,776.38 төгрөг, зээлийн хүү 69,828,263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258.32 төгрөг, нийт 326,969,298.66 /гурван зуун хорин зургаан сая есөн зуун жаран есөн мянга хоёр зуун ерөн найман төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “.Иргэн Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 584,000,000 төгрөгийн жижиг дунд бизнес, гурилын бизнес эрхлэх зориулалтаар, 60 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1.    Эзэмшлийн газар. ТД:8414110093, ГД-0277430

2.    Рестарон Ү-1617000696, ГД-000128561

3.    Агуулахын барилга Ү-1617003071, ГД-000128562

4.    Бараа материал /гурил/

5.    Цамбагарав зочид буудал Ү-1617002458, ГД-000029528

6.    Мичид хүнсний дэлгүүр Ү-1617002335, ГД-000147077

7.    Гарж Ү-1617002433, ГД-000147267

8.    Эзэмшлийн газар

9.    Цехийн барилга Ү-1617002340, ГД-000147083

Зээлдэгч Д.Басбиш нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 336,732,223.62 төгрөг, зээлийн хүү 328,478,454.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,294,895.81 төгрөг, нийт 667,505,574 төгрөгийг төлсөн. Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус банктай байгуулсан 153 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин 615 хоногийн хугацаанд эзээлээ төлөөгүй байгаа. Уг зээлийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хэвийн төлж явсан.Иймд Д.Басбишээс зээлийн үлдэгдэл 326,969,298.66 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,792,796.64 төгрөг, нийт 328,762,095.15 төгрөгийг гаргуулж Капитал банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Би 2011 онд Капитал банкнаас жижиг дунд бизнес, гурилын бизнест зориулж 584 сая төгрөгийн зээлийн хүсэлт гаргаж зээл авсан байгаа. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Капитал банкны захирал н.Батбаяр намайг ажил тарсны хойно дуудаад, 584 сая төгрөгийг гурилын бизнест зориулж иргэн Д.Басбиш танд олгохоор шийдвэрлэж байна. Та бол манай банкны найдвартай зээлдэгч, би баярласан. Намайг хүсэлтээ гаргаж өгөөрэй гэхээр нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлтээ гаргаж өгөөрэй гээд 2, 3 юм нь дээр намайг гарын үсэг зуруулсан. Гэтэл тухайн үед намайг хууран мэхэлж байсан. Тухайн үед Капитал банкны захирал н.Батбаяр нь Анод банкны захирал байсан. Капитал банк зээлийн гэрээний асуудал ярьж байхад төвдөө надад дээр авлагын данс нээсэн байсныг би мэдээгүй. Үүнийг би процессийн явцад мэдсэн. 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөнгө авах гэтэл мөнгө байхгүй байсан. Яагаад мөнгө байхгүй байгаа юм вэ гэхэд Монгол банкны шалгалт орж байна. Та түр байж байгаарай гэж хэлсэн. Гурилын бизнест зориулж мөнгө өгөх юм байна гээд тухайн үед би мөнгөтэй байсан учраас төлөөд явж байсан. Төвөөс ирсэн хүмүүстэй н.Батбаяр захирал уулзуулдаггүй байсан. Яагаад гэхээр зохицуулна гээд байсан. Миний дансанд орсон мөнгийг татаж аваад байхаар нь Улаанбаатар хотод Капитал банкны төв дээр очиж уулзаж, жижиг дунд үйлдвэрлэл, гурилын бизнест зориулж хувиараа 584 сая төгрөгийн зээл авсан гэж хэлсэн. Мөнгө ирэхгүй байна. Ямар учиртай юм вэ гэхэд та гурилын бизнест зориулж зээл авсан байна. Та захиран зарцуулах эрхтэй. Та хуулийн байгууллагаар яваарай гэж хэлсэн. Таны зээлээр өөр компанийн зээл хаана гэсэн ойлголт байхгүй. Би хэлтсийн даргатай нь уулзсан. Тэр хооронд би хагалгаанд орсон бөгөөд хоёр жил болсон. Дансанд орсон мөнгийг татаж авдаг байсан. Эмнэлгээс гарч ирээд би шүүхэд хандсан. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 1-д иргэн Д.Басбишид жижиг дунд үйлдвэр, гурилын бизнест зориулж 584 сая төгрөг өгсөн. Гэтэл Капитал банк 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Анод банкинд байсан Оюу мандал ХХК-ийн өрийг шүүхийн шийдвэрийн дагуу татаж аваад хаасан байдаг. Би Оюу мандал ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд би хувиараа зээл авсан. Миний гарын үсэг байхгүй байхад хоёр, гурван данс руу мөнгийг хувааж хийсэн. Энэ нь өөрөө зээлийн гэрээний хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Жишээ нь зээлийн зориулалт нь жижиг дунд үйлдвэр, гурилын бизнест зориулж гэсэн байгаа. Мөн зээлийн гэрээнд заасан мөнгийг авах ёстой байтал энэ мөнгийг аваагүй учраас энэ заалт зөрчигдсөн. Энэ зээл нь харилцан ашигтай байна, Шинэ авч байгаа зээлээр хуучин зээлийн өрийг төлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг мөн зөрчсөн байдаг. Энэ гэрээний дагуу би нэг ч төгрөг аваагүй. Намайг хохироож байна. Энэ гэрээ бол дүр эсгэсэн хэлцэл хийсэн. Капитал банкны захирал н.Батбаяр Оюу мандал ХХК-ийн өрийг төлүүлснээр өөрт нь 25 сая төгрөгийн ашиг гардаг байсан. Үүнийг би сүүлд мэдсэн. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШШ2018/00729 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Капитал банкны нэхэмжлэлтэй, Д.Басбишд холбогдох Үндсэн зээл 247,267,776.38 төгрөг, зээлийн хүү 69,828,263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258.32 төгрөг, нийт 326,969,298.66 /гурван зуун хорин зургаан сая есөн зуун жаран есөн мянга хоёр зуун ерөн найман төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,792,796.49 /нэг сая долоон зуун ерөн хоёр мянга долоон зуун ерөн зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь зээлийн гэрээнд дүгнэлт өгөхдөө зээлийн гэрээ байгуулсан ч захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсээгүй гэж үзжээ. Гэтэл зээлдэгч Д.Басбишийн Капитал банкны 203000630 тоот дансанд 584.000.000 төгрөг шилжин орсон. Зээлдэгч Д.Басбиш нь зээлийн өргөдлийн хураамж, шимтгэл төлсөн баримт, зээлийн маягтын үнэ зэргийг зээлээсээ төлж, гарын үсэг зурсан байдаг. Хариуцагчид өөрийн эд хөрөнгийг алдах эрсдэл тулгарсан бөгөөд энэ асуудлын хүрээнд Капитал банк, Д.Басбиш нарын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл хийж, зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчээс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4 жилийн хугацаанд төлж ирсэн байдаг. Зээлдэгч нь зээл авснаа өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч зээлийг сунгах талаар өргөдлөө банканд бичгээр гаргаж зээлээ төлнө гэдгээ илэрхийлж байсан байдаг. Эндээс үзэхэд Д.Басбиш нь зээлийг хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй болсон учраас шүүхэд хандсан гэж үзэж байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк нь   зээлийн үндсэн төлбөр 247.267.776.38 төгрөг, зээлийн хүү 69.828.263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.873.258.32 төгрөг нийт 326.969.298.66 төгрөг,улсын тэмдэгтийн хураамж 1.792.796.64 төгрөг бүгд 328.762.095.15 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Д.Басбишид холбогдуулан  гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн  зөвшөөрөхгүй  үндэслэлээ “Капитал банк надад мөнгийг бэлнээр олгоогүй, би нэг ч төгрөг гар дээрээ аваагүй, Капитал банк дотоод дүрмээ болон 2011 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр байгуулсан 153 тоот зээлийн гэрээний зохих заалтуудыг зөрчсөн” гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл.

Нэг. Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 дугаар зээлийн гэрээ[1]-гээр зээлдэгч нь  жижиг дундын бизнест /гурилын бизнест/ зарцуулах  зорилгоор зээлдүүлэгчээс 584.000.000 төгрөгийн зээл авахаар харилцан тохиролцож, улмаар зээлдүүлэгч нь  2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлдэгчийн дансанд уг мөнгийг шилжүүлжээ[2].

Ингэхдээ 153 дугаартай зээлийн гэрээний 3.3-т уг зээлийг бэлэн бус хэлбэрээр олгосон бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Д.Басбишийн Капитал банкинд 76.673.408.01 төгрөгийн хэвийн зээлийг, Оюу мандал ХХК-ийн Анод банкны өр барагдуулах албанд байсан 507.326.591.99 төгрөгийн бизнесийн чанаргүй зээлийг тус тус төлүүлсэн болох нь Капитал банкны мемориалын баримт[3]-уудаар тогтоогдож байна. Эдгээр үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Хариуцагч Д.Басбиш нь уг зээлийн эргэн төлөлтийг 48 сар төлсөн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь тайлбарлаж байхад хариуцагч нь уг зээлийн эргэн төлөлтийг би өөрөө банк орж төлдөггүй байсан харин банк Оюу мандал ХХК-ийн бизнесийн орлогоос шууд суутгаад авчихдаг байсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн Депозит дансны 2011 оны 11 сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 сарын 13-ны өдрийг хүртэлх хуулгаар Д.Басбиш нь уг зээл, болон зээлийн хүүд нийт 661.241.997                                    төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна.

Хоёр. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Д.Басбиш Оюу мандал ХХК-ийн Анод банкны өр барагдуулах албанд 507.326.591.99 төгрөгийн бизнесийн чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлтэй, Капитал банкинд иргэн Д.Басбиш 76.673.408.01 төгрөгийн хэвийн зээлийн үлдэгдэлтэй байсан.

Капитал банк Анод банкны өр барагдуулах албаны  хамтарсан зээлийн өрийн шаардах эрхийг харилцан шилжүүлэх тухай 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний хавсралтын дагуу  Оюу-Мандал ХХК-ийн чанаргүй 2 зээлийг худалдан авч, үүний дагуу Д.Басбишид 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Капитал банк нь 584.000.000.0 төгрөгийн авлага үүсгэн Анод банкны өр барагдуулах албанд байгаа Оюу-Мандал ХХК-ийн зээл болон Капитал банкин дахь  иргэн Д.Басбишийн зээлийг тус тус төлж барагдуулсан” энэ талаар Монгол банкны хянан шалгагч Л.Дүгэрсүрэнгийн тайлан[4]-д тусгагдсан байгаа гэж тайлбарлаж байсан бол,

давж заалдах шатны шүүх уг тайлбарын үндэслэлийг тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь “Оюу-Мандал ХХК-ийн Анод банкны өр барагдуулах албанд байсан 507.326.591.99 төгрөгийн бизнесийн чанаргүй зээлийн өр Монгол банкнаас манай Капитал банкинд шилжиж ирсний дагуу авлага үүсгэж өрийг хааж барагдуулсан” гэж тайлбарлаж байна.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  2018 оны 5 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, “нэхэмжлэгч Капитал банк нь Капитал банк, Анод банкны өр барагдуулах албаны  хамтарсан зээлийн өрийн шаардах эрхийг харилцан шилжүүлэх тухай гэрээний хавсралтын дагуу Оюу мандал ХХК-ийн  Анод банкны өр барагдуулах албанд 507.326.591.99 төгрөгийн бизнесийн чанаргүй зээлийн өрийг худалдан авсан бол гэрээгээ хэрэгт өгөх хэрэгтэй[5], гэж асууж тодруулсан боловч хэрэгт уг үйл баримтыг нотлох ямар нэг гэрээ, албан бичиг, баримтыг гаргаж өгөөгүй байна.    

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Капитал банк нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Гурав. Дээр дурдсан зээлийн гэрээ,  кассын орлогын баримт, мемориалын баримт, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд,

            Нэхэмжлэгч банк нь бэлэн бусаар зээл гаргаж, зээлийг зээлээр төлүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд уг үйл баримтыг үгүйсгэсэн (Анод банкны өрийг Капитал банк хоорондын гэрээгээр худалдан авсан, эсхүл Монгол банкнаас шилжиж ирсэн тул зээлийг зээлээр хаагаагүй гэх) үндэслэлээ нэхэмжлэгч нь баримтаар нотолж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай зээлийн гэрээнд тусгагдсан 584.000.000 төгрөгийг Капитал банкнаас бэлнээр нь аваагүй, уг зээлийг зориулалтаар нь захиран зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 22, 26 дугаар зүйл болон Капитал банкны Зээлийн үйл ажиллагааны журамд заасан зорилгоо зөрчиж, хэлцэл хийсэн буюу 153 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна.

Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 дугаар зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах зүйтэй үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.862.996 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00729 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д” гэснийг  “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9.-д” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т  заасныг баримтлан  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.862.996 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

 

                                                                                    Н.ТУЯА

 

 

 

 

 

 

 


[1] Нэгдүгээр хавсат хэргийн 8-12 дугаар хуудас

[2] Нэгдүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудас

[3] Нэгдүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудас

[4] Нэгдүгээр хавтаст хэргийн 104 дүгээр хуудас

[5] Хоёрдугаар хавтаст хэрэг 55 дугаар хуудас