Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2295

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39 дүгээр байр, 51 тоотод оршин суух, Зурхайч овогт Цэрэнваанчигийн Эрдэнэбат /РД: ЧЛ73031870/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 7/1 дүгээр байр, 16 тоотод оршин суух, Тайчууд овогт Жанчивийн Баатарсүрэн /РД: МЮ76080870/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2 250 000 төгрөг гаргуулах, 91-32 УБЦ улсын дугаартай автомашин гаргуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Эрдэнэбаттай 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус бүр 6 000 000 төгрөгийн буюу нийт 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай, хүүгүйгээр, төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.Баатарсүрэн зээлийн төлбөрийг төлөхгүй байна. Иймд Ж.Баатарсүрэнгээс үндсэн зээлийн 12 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 9 000 000 төгрөг гаргуулах болгож өөрчилсөн. Үндэслэл нь Ж.Баатарсүрэн надаас 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 9 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан ба бид зээлийн гэрээ байгуулж, барьцаанд түүний 91-32 УБЦ улсын дугаартай автомашиныг барьцаалж, н.Гансүхийн нэр дээр шилжүүлсэн. Хариуцагч нь уг 9 000 000 төгрөгийн 2 сарын хүү болох 900 000 төгрөгийг манай эхнэрийн дансанд шилжүүлсэн. Ж.Баатарсүрэнтэй 2014 оны 9 сард уулзахад миний мөнгийг 12 000 000 төгрөг болгож өгнө гээд гэрээ байгуулж, нотариатаар батлуулаад 12 000 000 төгрөгийг 2 хувааж өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд уг гэрээний үүрэгт үндсэн зээл 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Баатарсүрэн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тухайн үед “Харгант Цамхаг Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан бөгөөд компанийн ажил үүргийн дагуу 2013 оны 7 дугаар сард компанийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө “Очир Ундраа” ББСБ-ын зээлийн барьцаанд 70 000 000 төгрөгөөр тавигдсан байсныг чөлөөлүүлж “Монголын Санхүүгийн Групп” ББСБ-д 80 000 000 төгрөгөөр барьцаанд тавихаар болж н.Эрдэнэбат, н.Гансүх, н.Дашпүрэв зуучлагч нартай уулзаж зуучлалын хөлсөнд 10 хувь буюу 8 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гэтэл “Монголын Санхүүгийн Групп” ББСБ-аас авах зээл нь тохиролцооны дагуу 80 000 000 төгрөг биш 69 000 000 төгрөгийн зээл болон батлагдан гарч ирсэн. Ингэснээр зээл зуучлагч нартай анх тохиролцсон 80 000 000 төгрөгийн зээл тогтоолгож чадаагүй тул компани зээлийн зөрүүг хариуцахгүй зээл гардаж ажилласан гүйцэтгэх захирал хариуцана гэсэн юм. Би тухай ондоо буюу 2013 оны 9 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн ба түүнээс хойш өөрийн компанийн нэр дээр барилгын ажил гүйцэтгэж байсан боловч хамтран ажилласан компани санхүүгийн хямралаас болж хийж гүйцэтгэсэн ажлын хөлс багаар орж ирсэн боловч эргээд ажилчдын цалин хөлсөнд өгөгдсөн. Харин зээлд зуучилж өгсөн 3 зуучлагч нэгэнт өөрийн мөнгөөр зээлээс чөлөөлж, шинэ зээл гаргаж өгсөн тул үүнийгээ ажил гүйцэтгэсэнд тооцож 8 000 000 төгрөг, мөн үндсэн мөнгөнөөс 1 000 000 төгрөг дутсан гэж нийт 9 000 000 төгрөгийг зуучлалын хөлс авах ёстой гээд барьцааны зүйл өгөхийг шаардсан. Тиймээс ярилцсаны үндсэн зээр би өөрийн эзэмшлийн 91-32 УНЦ улсын дугаартай автомашиныг үзүүлэхэд н.Гансүхийн нэр дээр шилжүүл гэсэн ба мөн зуучлалын мөнгөө өгч чадаагүй учраас сарын 5 хувийн торгууль төлөх ёстой гэсэн бөгөөд энэ зарчмаар үндсэн мөнгийг барагдуулах хүртэл сар бүр 5 хувийн хүүтэй, 450 000 төгрөгийг төлөхөөр болсон. Энэ тохиролцооны дагуу би 2013 оны 7 дугаар сараас 2014 оны 01 дүгээр сарыг дуустал сар бүр 450 000 төгрөг нийт 2 250 000 төгрөгийг Ц.Эрдэнэбат болон түүний эхнэрийн дансанд хийдэг байсан. Үүнээс хойш 2014 оны 7 дугаар сар хүртэл би санхүүгийн хүндрэлээс болоод хүү болон үндсэн мөнгөө өгч чадаагүйн улмаас барьцаанд байгаа машинаа өг гэж нэхсэн ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлэн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр н.Гансүхийн нэр дээрх 91-32 УНЦ улсын дугаартай автомашиныг Ч.Эрдэнэбатад бүрэн хүлээлгэж өгснөөр эрүүгийн хэрэг хаагдсан. Гэтэл 2014 оны 8 дугаар сарын сүүлээс Ц.Эрдэнэбат надтай уулзаж машиныг чинь авмааргүй байна, өөрийн мөнгөө авмаар байна, эсвэл машиныг 3 000 000 төгрөгөөр тооцож, нэмж 6 000 000 төгрөг, хүү алданги 6 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг нэхсэн. Тухайн үед би ажилгүй байсан тул боломжгүй, би та нараас нэг ч төгрөг аваагүй байж зуучлалын хөлсөнд 5 сарын хүү 2 250 000 төгрөг төлөөд дээр нь цагдаагаар шалуулж, өөрийн эзэмшлийн машиныг өгөөд байхад гэж хэлэхэд нэгэнт зуучилсан нь үнэн тул мөнгөө өгч барагдуул гээд байнга сүрдүүлэх болсон тул уулзаж гэрээ байгуулсан. Иймээс би аваагүй мөнгөний хүүнд 2 250 000 төгрөг болон тухайн үеийн ханшаар 24 000 000 төгрөгийн үнэтэй байсан машин эсхүл машины үнэтэй дүйцэхүйц мөнгийг, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ашигласан хөлсийг нэхэмжилж байна, ар гэрийн амгалан тайван байдал, эхнэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, асуудлыг үнэн бодитоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Баатарсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Эрдэнэбат нь надаас 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд бидний хооронд зээлийн гэрээ байгуулаагүй. Миний зүгээс “Хангант Цамхаг” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор өөрт хамааралгүй буюу гүйцэтгэх ёсгүй үүрэг гүйцэтгэж Ц.Эрдэнэбатад 2013 оны 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад зээлийн хүүгийн төлбөр гэж тус бүр 450 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөг төлсөн тул энэхүү үндэслэлгүй төлсөн 2 250 000 төгрөгийг Ц.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү. Мөн Ц.Эрдэнэбат Ж.Баатарсүрэн хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мөнгө зээлсэн тухай хэлцэл хийгдсэн ба зээлийн барьцаанд 91-32 УНЦ улсын дугаартай автомашиныг тавьж Ц.Эрдэнэбатад шилжүүлсэн байдаг. Гэтэл дээрх хэлцэл нь бодит байдлаар хэрэгжээгүй Ж.Баатарсүрэн нэхэмжлэгчээс 9 000 000 төгрөг хүлээж аваагүй байхад нэхэмжлэгч нь зээлийн барьцаа нэрээр тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байна. Иймд талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан мөнгө зээлдүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 91-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ж.Баатарсүрэн өөрөө манай эхнэрийн данс руу 2 удаа 450 000 төгрөг шилжүүлсэн, 5 удаа мөнгө шилжүүлсэн гэсэн баримт байхгүй, надад 2 250 000 төгрөг өгөөгүй. Надад Ж.Баатарсүрэн “Харгант Цамхаг” ХХК-ийн захирал гэж хэлж байсан боловч 9 000 000 төгрөгийг надаас зээлж авсан. Үүнээс Ж.Баатарсүрэнгийн мэдлэг дутуу, халхавчилж хийсэн гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Мөнгө авсан гэдгээ өөрөө нотолж гарын үсэг зурсан баримт байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат нь хариуцагч Ж.Баатарсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2 250 000 төгрөг гаргуулах, зээлийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 91-32 УНЦ улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “...зээл 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй” гэж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй” гэж тус тус үгүйсгэн маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь 9 000 000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй хариуцагчид зээлүүлэх, зээлийн барьцаанд 91-32 УНЦ улсын дугаартай автомашиныг барьцаалсан тухай баримт /хх 17 дугаар тал/ хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгожээ.

 

Талууд уг гэрээнд гарын үсэг зурсан болон зээлийн хүүгийн төлбөр төлсөн, мөн хариуцагч нь барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч хариуцагчаас 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 450 000 төгрөгийг, 2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 450 000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Л.Мөнгөнчимэг /хх-53 дугаар тал/-ийн Хаан банк дахь 5753448392 дугаар дансад тус тус шилжүүлсэн, мөн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр барьцааны зүйл болох 91-32 УНЦ улсын дугаартай, Мицубиши Кантер /Mitsubishi Canter/ маркийн автомашиныг Э.Гансүхийн эзэмшилд шилжүүлсэн зэрэг үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид шилжүүлсэн нь бичгийн баримтаар нотлогдохгүй байх боловч хариуцагч нь зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн, мөн барьцааны зүйлийг шилжүүлсэн үйл баримтаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар зээлийн гэрээг талууд бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр байх тул хариуцагчийн “...зээлийн гэрээ байгуулагдаагүй” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулна. Талууд дээрх зээлийн гэрээнд барьцааны зүйлийг тусгасан нь хуулийн дээрх заалттай нийцэж байхаас гадна талууд уг зүйлийн талаар маргаагүй байгаа нь тэдний хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...бидний дунд зуучлалын хөлс, мөнгөний асуудал байсан” гэж татгалзаж байх боловч татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2 250 000 төгрөг, 91-32 УБЦ улсын дугаартай автомашин тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан мөнгө зээлсэн тухай хэлцэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болон зээлийн хүүнд 900 000 төгрөгөөс гадна 1 350 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлээр зээлийн хүүнд төлсөн гэх төлбөрийг мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болдог. Гэтэл хариуцагч нь үндсэн үүрэг болох 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөөгүй байх тул барьцааны зүйлийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зээлийн төлбөрийг төлснөөр барьцааны зүйлийг шаардах эрх үүснэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 9 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчид холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2 250 000 төгрөг, 91-32 УБЦ улсын дугаартай автомашин тус тус гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Баатарсүрэнгээс 9 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад олгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад холбогдох “2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “мөнгөн зээлсэн тухай” хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2 250 000 төгрөг гаргуулах, 91-32 УБЦ улсын дугаартай, “Мицубиши Кантер” /Mitsubishi Canter/ маркийн  автомашин гаргуулах тухай хариуцагч Ж.Баатарсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 206 950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 230 750 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                         

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН