Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 87

 

Капитал банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01311/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 424 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч “Капитал” банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч З- овогтой Ж-гийн Г-,

          Хариуцагч М овогтой Э-ийн С- нарт холбогдох

          “Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 123.060.147 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайваны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргал,  М.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Капитал” банкны Дархан-Уул аймаг дахь салбараас:

“Капитал” банкны Дархан-Уул аймаг дахь салбарын харъяа Хээтэй хороолол тооцооны төв нь ХАХНХЯ, Капитал банк, “Сонголон-Хайрхан” ХХК-тай гурвалсан гэрээний дагуу Дархан НХҮХ дарга Ж.Г-той 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 114 тоот зээлийн гэрээ байгуулж 10 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, 103.844.000 төгрөгийн зээлийг байр ашиглалтад орох хүртэл хугацаанд гэрээ байгуулан хэсэгчилэн олгосон. 2016 оны 1 дүгээр улиралд байр ашиглалтад орж зээлдэгчийн нэр дээр байрны гэрчилгээ гарсан тул 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 114-1 тоот зээлийн нэмэлт гэрээ  байгуулан  зээлийн  гэрээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгаж, зээлээр худалдан авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 7 дугаар байрны 20 тоот хаягт орших, 79.88 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.Г- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 114-1 тоот гэрээнд зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнд заасны дагуу байрны урьдчилгаа 30 хувь бүрдүүлж ипотекийн зээлд шилжинэ гэсэн үүргээ биелүүлж чадаагүйгээс зээлийг хөрвүүлэн хийхгүй зээл, хүүний төлбөрөө төлөхгүй, банк дуудаж хэд хэдэн удаа зээлээ хэрхэн төлөх талаар яамны ОС-ын зээлийн ажилтантай уулзалт хийсэн боловч ирдэггүй, ажил дээр нь очиж уулзахад энд тэндээс мөнгө ирэхээр урьдчилгаа бүрдүүлээд 8 хувийн ОС-ын зээлд шилжинэ гэх зэргээр хугацаа алдаж банкыг хохироож байна. Зээлдэгч Ж.Г- нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 1.000.012 төгрөг, зээлийн хүүнд 6.220.774 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүүнд 153 төгрөг, нийт 7.220.940 төгрөг төлсөн. Ж.Г-той хийсэн зээлийн гэрээ дуусгавар болсонч одоог хүртэл төлөгдөөгүй үндсэн зээл 102.843.987 төгрөг, хүү 16.905.904 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.295.524 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 123.060.417 төгрөгийг барьцаа хөрөнгө болон орлогоос гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ж.Г-оос:

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд салбарын албан хаагчдын нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/50 тоот сайдын тушаалаар батлагдсан. Уг хөтөлбөрийн 27 дахь хэсэгт “Төрийн албан хаагчид орон сууц олгох, орон сууц барих, худалдан авах, засвар хийхэд нь тусламж үзүүлэх”, 3.1.3-т “Төрийн албан хаагчдыг орон сууцны урт богино хугацааны зээлд хамруулах, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын Зөвлөлийн хуралдаанаас “...6 аймаг, 3 дүүргийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлд хамруулахаар тогтов” гэсэн шийдвэр гарсан. 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдын хурлаар Зээл авах банкаар Капитал банкыг сонгох тухай шийдвэр гарсан байдаг. Дээрх хөтөлбөр, хурлын тэмдэглэлийг үндэслэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/127 тоот “Орон сууцны зээлд хамруулах тухай тушаал”-аар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээний хүрээнд “Капитал” банкнаас олгох орон сууцны зээлд хамрагдах байгууллага, ажилчдын нэрс, хувиарласан квотыг 1 дүгээр хавсралтаар батлахаар шийдвэрлэж уг хавсралтын 133 дугаарт миний нэр бичигдсэн байдаг юм. Дээрх бичиг баримтуудын хүрээнд 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтсийн орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх гүйцэтгэх, орон сууцыг гүйцэтгэх өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээ байгуулагдаж, гэрээний 3.7 дахь хэсэгт “Капитал” банк нь Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны харъяа 3 дугаар хэлтсийн 18 албан хаагчдад зөвхөн барьж байгаа барилгыг нь барьцаалж жилийн 8 хувийн хүүтэй, 20 хүртэл жилийн хугацаатай, урьдчилгаа төлбөргүй зээлд хамруулж сар бүр төлөх зээл, хүүний нийлбэр тогтмол дүнтэй байх зарчим баримтлана, 3.8-д Захиалагч нь тогтмол орон сууцны зээлд албан хаагч нь хамрагдсан байгууллагын албан хаагчдын цалинг “Капитал” банкны холбогдох салбаруудаар дамжуулан тавьж, картжуулна гэж тус тус заасан байдаг. Санхүүжүүлэгч буюу “Капитал” банкны үүргийг дээрх гэрээний 5.2.1-т Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, агентлаг болон орон нутгийн хэлтсүүд албан хаагчидтайгаа байгуулсан гэрээг үндэслэн барьж байгаа барилгаас өөр барьцаа шаардахгүйгээр өөрт ногдох орон сууцны нийт үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр албан хаагчтай зээлийн гэрээ байгуулан зээл олгох, 5.2.2-т Мөн гэрээг үндэслэн барилгын үе шатны ажлыг санхүүжүүлэх бүрт тухайн албан хаагчийг оролцуулахгүйгээр захиалагчийн санхүүжилт хийх албан тоот, ажлын гүйцэтгэлийг үндэслэн тухайн ажилчид ногдох хэмжээгээр зээл олгох ба нийт олгох зээлийн хэмжээ өөрийн захиалсан орон сууцны нийт үнийн дүнгээс хэтрэхгүй байна, 5.2.3-т санхүүжүүлэгч нь албан хаагчид олгосон зээлээр гүйцэтгэгчид тухайн өдөрт нь багтаан санхүүжилтийг хийх, ямар нэгэн нэмэлт нөхцөл тавихгүй байх гэж зааснаас харахад “Капитал” банк надад зээл олгосон нь намайг орон сууцны зээлд хамруулах зорилгогүй, зөвхөн барилга барьж буй компанийг барилгыг санхүүжлүүлэх зорилготой байсан нь одоо уншихад тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл банк нь намайг ашиглан миний нэр дээр зээл гарснаар барилгын компанийг санхүүжүүлсэн байх ба ийнхүү манай албан хаагчдын нэр дээр зээл гаргасныхаа хариу төлбөрт гэрээний 3.10-т Захиалагч нь зохих шаардлагыг хангасан нөхцөлд орон нутагт байрлах “Капитал” банкны салбар, тооцооны төвүүдээр тэтгэвэр, тэтгэмжийг бүхэлд нь олгуулах ажлыг эхлүүлнэ гэж заасны дагуу өөрийн харилцах дансаараа зөвхөн манай Халамж, үйлчилгээний хэлтсийн тэтгэвэр, тэтгэмжийн 24.484.651.918 төгрөг, манай ажилдын цалин нийт 111.147.040 төгрөгийг тус тус өөрийн дансанд байршуулж, олгож их хэмжээний ашгийг олсон байдаг ба ийм өндөр хэмжээний ашиг олохоор анхнаасаа тооцож, дээрх гэрээг байгуулсан нь одоо тодорхой болж байна. Гэтэл би болон зээлд хамрагдсан манай алба хаагчид Хамтарсан гэрээний 3.7 дах хэсэгт “Капитал” банк нь Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа 3 хэлтсийн 18 албан хаагчдад зөвхөн барьж байгаа барилгыг нь барьцаалж жилийн 8 хувийн хүүтэй, 20 жил хүртэл хугацаатай, урьдчилгаа төлбөргүй зээлд хамруулж, сар бүр төлөх зээл, хүүний нийлбэр тогтмол дүнтэй байх зарчим баримтлана” гэж заасны дагуу сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, урьдчилгаа төлбөргүй, 20 жилийн хугацаатай, орон сууцны зээлэнд хамрагдаж байна гэж ойлгосон ба “Капитал” банк болон яамны зүгээс ч бидэнд ийм ойлголтыг өгсөн тул миний бие Дархан-Уул аймгийн Нийгмийн халамжийн газрын даргын хувьд өөрийн албан хаагчдад “Төрийн албан хаагчдын хөнгөлөлттэй, урьдчилгаа төлбөргүй зээлд хамрагдаж байна” гэж ойлголтыг өгч, өөрөө мөн тэгж ойлгож өөрийн ажилтнуудын хамт нэгэн адил, нэгдсэн журмаар бэлдсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Анх уг орон сууцны зээл аваад сар бүр өрхийн орлогоосоо зээл, хүүгийн төлбөр 850.000 орчим төгрөгийг төлөөд явахад болно гэж тооцоолон, зээл авсан ба зээлээ ч хугацаанд нь төлж явсан. Гэтэл 2013 оны 04 дүгээр сард орон сууцны гэрчилгээг барьцаалж, зээлийн нэмэлт гэрээ хийхдээ “Капитал” банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ маань 20 жилийн хугацаатайгаар биш 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан гэдгийг мэдсэн боловч нэгэнт 2 байгууллагын хооронд байгуулагдсан гэрээ байгаа тул зээлийн гэрээний хугацаагаа сунгах байлгүй гэж найдаж, удаа дараа байгууллагаа төлөөлж болон өөрийн нэрийн өмнөөс “Капитал” банкыг гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардсаар өнөөдрийг хүрсэн боловч ямар нэг үр дүн гарсангүй, банкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн төлбөр 102.843.987 төгрөг, зээлийн хүү 16.905.904 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.295.524 төгрөг, нийт 123.060.417 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар гаргажээ.

Хариуцагч Ж.Г- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Капитал” банктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 тоот 103.844.000 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

“Капитал” банкны Дархан-Уул аймаг дахь салбар тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс “Капитал” банк нь хуурч мэхлэн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд миний бие зээлийн гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөргүй, 20 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан гэж ойлгож, гэрээний нөхцлийн талаар ноцтой төөрөгдсөн байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг хийсэн байна хэмээжээ. Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 114 тоот зээлийн гэрээ байгуулж 10 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, 103.844.000 төгрөгийн зээлийг байр ашиглалтад орох хүртэл хугацаанд гэрээ байгуулан хэсэгчилэн олгосон. 2016 оны 1 дүгээр улиралд байр ашиглалтад орж зээлдэгчийн нэр дээр байрны гэрчилгээ гарсан тул 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 114-1 тоот зээлийн нэмэлт гэрээ болон 114 тоот барьцааны гэрээ байгуулан, зээлээр худалдан авсан Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 7 дугаар байрны 20 тоот хаягт орших 79,88 мкв бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.Г-, Э.Сарантунгалаг нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 114-1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнд заасны дагуу байрны урьдчилгаа 30 хувь бүрдүүлж Ипотекийн зээлд шилжинэ гэсэн үүргээ биелүүлж чадаагүйгээс зээлийн хөрвүүлэлт хийгдэхгүй зээл хүүний төлбөрөө төлөхгүй, банк дуудаж хэд хэдэн удаа зээлээ хэрхэн төлөх талаар яамны орон сууцны зээлтэй ажиллагсадтай уулзалт хийсэн боловч ирдэггүй, ажил дээр нь очиж уулзахад энд тэндээс мөнгө ирэхээр урьдчилгаагаа бүрдүүлээд 8 хувийн орон сууцны зээлд шилжинэ гэх зэргээр хугацаа алдаж банкыг хохироосоор байгаа. Зээлдэгч Ж.Г-, Э.Сарантунгалаг нар нь анхнаасаа зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний хугацаа болон нөхцлийн талаар мэдэж байсан бөгөөд зээлийн гэрээний хуудас болгон дээр гэрээний нөхцөлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу авсан зээлээр орон сууцаа худалдан авч өөрийн өмчлөл, эзэмшилдээ авсан байгаа бөгөөд одоо ч гэсэн тухайн орон сууцандаа амьдарч байгаа атал банктай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулна гэж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 424 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасныг тус тус баримтлан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 дүгээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагч Ж.Г-, Э.Сарантунгалаг нараас 96 623.060 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитал” банкны Дархан салбарт олгож, 33.416 .096 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 808.145 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 641.062 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч “Капитал” банкны Дархан салбарт, хариуцагч нараас 606.970 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэн, хэт нэг талыг барьж гарсан бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Капитал” банкны Дархан-Уул салбар нь хариуцагч Ж.Г-, Э.Сарантунгалаг нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 102.843.987,84 төгрөг, хүү 16.905.904,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.295.524,61 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг нийт 123.060.417,31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндсэн зээл 102.843.987,84 төгрөг, хүү 22.721.521,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.458.647,85 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 130.039.156,74 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч Ж.Г-, Э.Сарантунгалаг нар нь “Капитал” банкны Дархан-Уул дахь салбартай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 дугаартай зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тал үндсэн төлбөр 102.843.987,84 төгрөгөөс гэрээний дагуу шилжүүлсэн 7 220 940 төгрөгийг хасч үлдэх 95 623 047 төгрөгийг төлөхийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэж тайлбарласан юм.

Хариуцагч Ж.Г- нь урьдчилсан төлбөргүй, төрийн албан хаагчдын хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байна гэж ойлгож гэрээнии агуулгад төөрөгдөн гарын үсэг зурсан гэж тайлбарлажээ.

Дээрх гэрээний 5.2.2-т “Мөн гэрээг үндэслэн барилгын үе шатны ажлыг санхүүжүүлэх бүрт тухайн албан хаагчийг оролцуулахгүйгээр захиалагчийн санхүүжилт хийх албан тоот, ажлын гүйцэтгэлийг үндэслэн тухайн ажилчид ногдох хэмжээгээр зээл олгох ба нийт олгох зээлийн хэмжээ өөрийн захиалсан орон сууцны нийт үнийн дүнгээс хэтрэхгүй байна” гэсний дагуу зээлтийг зээлдэгч нараар дамжуулахгүйгээр банкнаас шууд барьж буй барилгыг санхүүжүүлж байсан байна.

Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/127 дугаартай Орон сууц бариулах болон орон сууцны зээлд хамруулах тушаалаар ...Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээний хүрээнд “Капитал” банкнаас олгох орон сууцны зээлд хамрагдах байгууллага, ажилчдын нэрс, хуваарилсан квотыг нэгдүгээр хавсралтаар баталсан байна.

Энэхүү квотод Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний  хэлтсээс хэлтсийн дарга Ж.Г- хамрагдсан нь хэрэгт авагдсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдын 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/127 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хамтарсан гэрээний дагуу нэхэмжлэгч “Капитал” банкны Дархан салбар нь хариуцагч Ж.Г-, Э.Сарантунгалаг нартай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 114 дүгээр зээлийн гэрээ байгуулан 103.844.000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 0,66 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээний хариуцагч Ж.Г-ын дансанд 103.844.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Ж.Г-, Э.Сарантунгалаг нар нь 7.220.940 төгрөгийг зээлийн төлбөрт буцааж төлсөн болох нь тогтоогдож талууд энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 дугаартай зээлийн гэрээ нь орон сууц худалдан авах зориулалттайгаар байгуулсан, хариуцагч тал хэлцлийнхээ агуулгыг андуурсан байдал нь хэрэгт авагдсан 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарсан гэрээ, байрны түлхүүр гардуулан өгч буйг бичсэн СD бичлэг, гэрч Ш.Оюунсүрэн, С.Алтанцэцэг, Ц.Болортуяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал  2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 дүгээр зээлийн гэрээ байгуулахдаа тус гэрээний 3.2-т гүйцэтгэгч нь орон сууцны гэрчилгээг зээлд хамрагдсан албан хаагчдын нэр дээр гарган банкинд хүлээлгэн өгснөөр “Орон сууцны ипотекийн зээл”-ийн журмын шаардлагыг бүрэн хангасан зээлдэгч /албан хаггч/-ийн зээлийг орон сууцны ипотекийн зээл болгоно” гэжээ.

Энэ зүйлд заасан “Орон сууцны ипотекийн зээл”-ийн журмын ипотекийн гэрээний шаардлага хангах гэсэн нэр томьёог гэрээний стандарт нөхцөлд тусгахдаа зээлдэгчид энэ нөхцлөө тодорхой ойлгомжтой тайлбарлаагүй.

Монгол банкнаас баталсан энэ журам нь хууль биш тул нийтэд илэрхий зээлдэгч мэдэж байх ёстой эрхийн акт биш юм.

Мөн гэрээний 3.3-т “Орон сууцны ипотекийн зээл”-ийн журмын шаардлага хангаагүй зээлдэгч /албан хаагч/-ийн зээлийг банкны орон сууцны зээлд шилжүүлж, зээлийн хүүг банкны “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөл рүү хөврүүлнэ” гэж заасан байна.

Энэ нөхцлөө банк тайлбарлахдаа ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөрөө төлсөн байх нь уг журмын үндсэн нөхцөл гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд энэ талаар тодорхой тусгаагүй байна.

           Эндээс үзэхэд банкны “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийг хариуцагч талд тайлбарлаж ойлгуулсанаа нотолсон баримт хэрэгт авагдаагүй, гэрээний агуулга нь урьдчилсан төлбөртэй, урт хугацааны орон сууцны зээл гэж ойлгогдохгүй хэлцэл байх тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн 17 хуудас баримтыг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчид танилцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн гомдлын дагуу шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх зөрчил нь хэргийн оролцогчдын эсрэг талын гаргаж ирүүлсэн баримттай танилцаж, тайлбар гаргах, шаардлагатай гэж үзвэл дээрх баримтыг няцаах нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэхийг нь шүүх хязгаарлаагүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 808.145 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ 

                                         ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                С.ОЮУНЦЭЦЭГ