Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0217/з |
Дугаар | 368 |
Огноо | 2016-11-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 368
Н.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Н.Нямдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 577 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Н.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 446 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 577 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.7, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 7.135.968 төгрөгийг Н.Нямдэлгэрт олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т "сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй." гэж заасан байгааг дурдах нь зүйтэй.
2. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад Н.Нямдэлгэрийн бусадтай зодолдсон тухай өөрийнх нь гаргасан тайлбар, ажил тасалсан, ажлаас хоцордог талаарх цаг бүртгэлийн тайлан, шууд удирдах албан тушаалтан болох Б.Батболдын Н.Нямдэлгэрийн тухай Захиргааны дарга М.Алтан-Очирт гаргасан тайлбар, илтгэх хуудас, тасгийн нийт алба хаагчийн ажилтай танилцсан хуралдааны тэмдэглэл, Хууль зүйн сайдын шуурхай хуралдаанаар өгсөн үүргийн дагуу дэд дарга Г.Туулхүүгийн хийсэн хуралдааны тэмдэглэл, хариуцлага тооцуулах тухай дотоод албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байгаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрэмд заасны дагуу шалган тогтоож, түүнд сахилгын шийтгэл оногдуулсан байхад шүүх "тус байгууллагад мөрдөгдөж буй сахилгын болон ёс зүйн дүрэмд заасны дагуу шалгаж тогтоогоогүй" гэсэн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн зөрчил гаргасан алба хаагч өөрөө бичгээр тайлбар гаргах, нотлох үүрэгтэй бөгөөд тайлбарт хариу өгөх шаардлагагүй тул шүүхийн "гаргасан тайлбарт нь хариу өгөөгүй ..." гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
3. Н.Нямдэлгэрийн шууд удирдах албан тушаалтан болох Б.Батболдын Захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн "хариуцлага тооцуулах тухай" санал, Н.Нямдэлгэрийн ажилдаа хандах хандлага, зан байдлын талаарх гаргасан "Илтгэх хуудас" зэргээр баталгаажуулж сахилгын шийтгэл оногдуулсан байхад давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлд ёс зүйн дүрмийн биелэлтэд хяналт тавих ёс зүйн хороог хэрхэн ажиллах талаар заасан байна. Тус ёс хороо нь ёс зүйн дүрмийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй болохоос зөрчил гаргасан алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан тушаал болон зөрчилд тухай бүр дүгнэлт гаргадаггүй бөгөөд ёс зүйн дүрмийн 7.4-д "Салбар хороо бүр хагас жил тутам тайлангаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ёс зүйн хороонд тайлагнаж, хорооны дарга тайланг нэгтгэн ерөнхий газрын даргын зөвлөлд танилцуулна" гэж заасан байхад Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Анхан шатны шүүх шийдвэртэй нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч мөн гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг дагаж мөрдөх үүрэгтэй гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 5.11-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь хариуцсан үүрэгт ажилдаа хариуцлагатай; мэргэшсэн, ажилдаа дур сонирхолтой, үнэнч шударга, сахилга дэг журмыг сахидаг, хувийн зохион байгуулалт сайтай, зан харьцааны хувьд доголдолгүй байна." гэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад заасан сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлтэй байна гэж дүгнэж холбогдох хууль журмыг зөв тайлбарлаж хэрэглэсэн.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой, нэхэмжлэгч өөрийгөө зөвтгөх нотлох баримтын нэг болох нэхэмжлэлд хавсаргаж өгсөн Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчтөн илгээх хуудас, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн "Амбулаториор эмчлүүлэгчдийн карт" зэрэг нь засвартай байсан тул үзлэг, оношилгоо хийлгэсэн талаарх нотлох баримт гаргуулахаар албан бичиг явуулж Загдын Баттулга 2015 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 09-ний хооронд үзлэг, оношилгоо хийлгээгүй нь тогтоогдсон байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчсөн байсныг давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн буруутай үйлдлийг зөвтгөх гэж, тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох үүрэгтэйгээ мэдсээр байж үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрийг өөрт ашигтай байдлаар гаргуулах, шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн санаатай үйлдлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Нямдэлгэр нь Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.
Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг “хоёр удаа ажил тасалсан” гэх үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд зөрчил тус бүрийн талаар дүгнэхэд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзах ёстой.
Энэ тохиолдолд захиргааны байгууллагаас “хоёр зөрчил гаргасан” гэж нэхэмжлэгчийг буруутгасан боловч нэг зөрчил нь хүндэтгэн үзэх шалтгаантай, зөвхөн нэг зөрчил үйлдсэн болох нь тогтоогджээ.
-“2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр ажил тасалсан” гэх зөрчлийн тухайд:
Хариуцагчаас нэхэмжлэгчийг “бусадтай маргалдан зодолдсон” гэх үндэслэлээр буруутгаагүй, энэхүү зодоонтой холбоотой үйл баримтыг шалгаж тодруулаагүй байна. Зөвхөн 2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр “ажил тасалсан” гэж буруутгасан боловч уг өдөр бусдад зодуулсны улмаас “нүд хөхөрсөн” шалтгаанаар ажилдаа очиж чадаагүй, энэ тухайгаа дэд хурандаа Б.Батболдод мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Иймээс нэхэмжлэгчийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр биеийн эрүүл мэндийн байдлын хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай ажилдаа ирээгүй гэж үзлээ.
-“2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ажил тасалсан” гэх зөрчлийн тухайд:
Энэ өдөр нэхэмжлэгчээс “хадам аавын бие өвдсөн” гэх шалтгаанаар ажилдаа ирээгүй, эмнэлгийн магадлагаа ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хадам аав З.Баттулга нь эмчилгээ хийлгээгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/138 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь 10 дугаар сарын 2-ны өдөр хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, ажил тасалсан байна.
Эндээс нэхэмжлэгчид төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн үйлдсэн зөрчилд тохироогүй, хүндэдсэн, энэ талаарх “тохирох шийтгэл оногдуулаагүй” тухай давж заалдах шатны шүүхийн магадлал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д нийцжээ.
Хариуцагчаас “248 цаг ажлаас хоцорсон” гэж маргасан боловч нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэл болоогүй тул шүүх энэхүү үйл баримтыг шалгах шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0577 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ