Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00150

 

“Гальваник констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01565 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1957 дугаар магадлалтай,

“Гальваник констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Монгол дайвин” ХХК-д холбогдох,

73.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Жаргалсайхан, өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “Гальваник констракшн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол дайвин” ХХК-тай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй Эко жишиг хороолол төслийн захиалагч Д.Энэрэл, Х.Мөнхзориг, Д.Оюунчимэг, Ч.Эрдэнэжаргал нарын 4 амины орон сууцыг манай компани барьж дуусган хүлээлгэж өгч, орон сууц эзэмшигч тус бүртэй нь барилга угсралтын далд ажлын актуудыг баримтжуулан хүлээлгэн өгч, санхүүгийн тооцоо нийлж, акт баримт үйлдсэн. Монгол дайвин ХХК нь гэрээний 4.2.2-т төлбөрийг ажлын 3 хоногт Гальваник констракшн ХХК-д олгоно гэж заасан үүргээ гүйцэтгээгүй бөгөөд тооцоо нийлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17/06 албан тоотыг хүлээн авсан ч тооцоо нийлэхээс зайлсхийж байгаа. Гэрээний 4.1-т заасны дагуу 1 кв.м амины сууц барих үнийг 770.000 төгрөгөөр тохиролцсон болно. Иймд ашиглалтад орсон тус бүр 80 м.кв талбай бүхий 4 байрны үнийн дүн 246.400.000 төгрөгөөс урьдчилгаанд авсан 78.500.000 төгрөг, иргэдээс авсан санхүүжилт материал бусад зардал болох 79.892.000 төгрөг, суурийн мөнгө болох 15.000.000 төгрөгийг хасаад үлдэх 73.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Монгол дайвин” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани нь Гальваник констракшн ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут багт өөрийн компанийн санаачлан хэрэгжүүлж буй Эко жишиг хороолол төслийн хүрээнд баригдаж байгаа Термопрофиль хөнгөн ган хийц арагт бүхий амины 10 ширхэг орон сууцыг 60 хоногийн хугацаанд түлхүүр гардуулах нөхцлөөр хийж гүйцэтгүүлэн хүлээж авахаар харилцан тохиролцож, 581.500.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэтэл гүйцэтгэгч Гальваник констракшн ХХК-ийн зүгээс гэрээнд заасан технологиор барилгын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр манай компанийн үйлчлүүлэгч амины орон сууц худалдан авагч иргэдээр амины орон сууцны барилга барихад шаардлагатай бараа материалыг авахуулах, хийж байсан ажлаа дуусгалгүйгээр орхин явсан. Бид аргагүй эрхэнд захиалагч иргэдтэйгээ хамтран уг амины орон сууц барих ажлыг хийж гүйцэтгэн, 2016 оны 10 сард улсын комисст хүлээлгэн өгсөн болно.

Гэрээний 1.5 хэсэгт заасан технологийн дагуу түлхүүр гардуулах нөхцлөөр хийж гүйцэтгэсэн тохиолдолд тус гэрээний 4.1 хэсэгт зааснаар нэг амины орон сууцыг 61.600.000 төгрөг, нийт 246 400 000 төгрөгийн үүрэг үүссэн гэж дүгнэж болох ба уг үүргээс 121.028.920 төгрөгийн үүргийг биелүүлсэн бөгөөд одоогийн дансны үлдэгдлээр 44.871.080 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч талын барилгын талбай дээрээс буулган авч явсан өмнөх туслан гүйцэтгэгч Газар эксим ХХК-ийн барьж байсан 4 ширхэг амины орон сууцны материалын үнэ болох 20.000.000 төгрөгийг хасвал нийт 24.870.080 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01565 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Монгол дайвин ХХК-аас 73.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гальваник констракшн ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол дайвин ХХК-аас 522.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гальваник констракшн ХХК-д олгож, шинжээчийн зардалд 1.200.000 төгрөгийг хариуцагч Монгол дайвин ХХК-аас 1.200.000 төгрөгийг гаргуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1957 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01565 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын “1.200.000 төгрөгийг” гэснийг “1.350.000 төгрөгийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 63.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01565 дугаартай Шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1957 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байгаа болно.

“Гальваник констракшн” ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дахь хэсэгт заасан “... ажлын гүйцэтгэлийн үе шат бүрийг хоёр талын комиссын актыг үндэслэн төлбөрийн нэхэмжлэл гаргах” гэх заалтыг зөрчин тухайн орон сууцыг захиалсан иргэдээр гарын үсэг зуруулсан актад үндэслэн нэхэмжлэл гаргасныг Анхан шатны шүүх тухайн хууль бус актыг үндэслэн "... ажил гүйцэтгэх гэрээний дагуу барьж гүйцэтгэх ёстой 10 орон сууцнаас 4 орон сууцыг барьж гүйцэтгэн Монгол Дайвин ХХК-иас орон сууцыг худалдан авагч нарт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан актуудаар тус тус тогтоогдож байна” гэж шийдвэрлэсэн нь Хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Гүйцэтгэгч “Гальваник констракшн” ХХК нь манай компанитай нийт 581,500,000 төгрөгийн гэрээ байгуулж нийт 10 ширхэг амины орон сууцыг 60 хоногийн дотор барьж ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл хөнгөн ган хийц бүхий сууцны хэсэгт 2 ширхэг, Канад модон барилга бүхий хэсэгт 2 ширхэг амины орон сууцны ажлыг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 сар хүртэл хийж гүйцэтгэж байгаад ажлаа дуусгалгүй орхиж явсан буюу өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй болох нь уг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсоор байтал үүнийг шүүх үнэлж, дүгнэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01565 дугаартай Шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1957 дугаартай Магадлалаас 13,000,000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Ажлын хөлсний үлдэгдэлд 73.000.000 төгрөг нэхэмжилсэн “Гальваник констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч “Монгол дайвин” ХХК эс зөвшөөрөхдөө “...ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ажлын үр дүн доголдолтой, тооцоо нийлээгүй...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Зохигчийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ний өдөр байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр нэхэмжлэгч нь Орхон аймгийн Баян-өндөр сумын нутаг дэвсгэрт Эко жишиг хороолол төслийн хүрээнд 80 м.кв талбай бүхий 2 давхар 10 ш амины орон сууцыг 1 м.кв-ыг 770.000 төгрөг буюу 1 орон сууцыг 61.600.000 төгрөгөөр барьж хүлээлгэн өгөх, хариуцагч хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 6-7 дугаар тал/.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба талуудын гүйцэтгэх үүрэг, гэрээний гол нөхцлөөс үзвэл зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бол захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэгтэй талаар мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг дутуу авсан бол үлдэгдэл төлбөрийг, харин хариуцагч нь ажлын үр дүн доголдолтой байсан бол өөрт учирсан хохирлыг тус тус шаардах эрхтэй хэдий ч энэхүү шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй.

“Гальваник констракшн” ХХК нь 4 амины орон сууцыг барьж гүйцэтгэж, худалдан авагч нарт хүлээлгэн өгсөн ба хариуцагчаас ажлын хөлсөнд 78.500.000 төгрөг авсан талаар шүүхэд гаргасан тайлбартаа дурджээ.

Нэхэмжлэгч хүлээлгэн өгсөн 4 орон сууцны үнэ 246.400.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн төлбөр, мөн иргэдээс авсан материал, суурийн үнийг хасч үлдэх төлбөрийг нэхэмжилснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангахдаа маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шинжээчийн зардлын хэмжээг дутуу тооцжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцжээ.

Шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1957 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 223.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ