Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00041

 

“Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2017/00287 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1892 дугаар магадлалтай,

“Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Алтанцэцэгт холбогдох,

1.983.393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.             

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Алтанцэцэг нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10-206 тоот зээлийн гэрээгээр 4.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 1.537.500 төгрөг дээр нэмж, 8.462.499 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авч, орлого, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Н.Алтанцэцэгийн тэтгэврийн данснаас 189.000 төгрөгийн төлөлт хийгдсэнийг үндсэн зээлээс хасч тооцсон. Анх гаргасан 5.756.398 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж зээлийн хүү 3.090.109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493.885 төгрөг нийт 3.583.995 төгрөгөөс татгалзаж үндсэн зээлийн төлбөрт 1.983.393,81 төгрөг нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан гэжээ.  

Хариуцагч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2010 онд 4.000.000 төгрөгийн цалингийн зээл авсантай маргахгүй. Харин 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр урьд зээлийн үлдэгдэл дээр нэмж 8.377.900 төгрөгийн цалингийн зээл аваагүй. 2006 оноос хойш дэлгүүрт худалдагчийн ажил эрхэлж ирсэн бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. Дэлгүүрийн эзэн Н.Чойжхорлоо маш их өр зээлтэй байсны улмаас миний нэр дээр зээлийн баримт бүрдүүлж өөрөө хөөцөлдөж танил талаа ашиглан зээл гаргаж авсан. ХААН банк миний нэр дээр өөр хүнд зээл олгосон нь буруутай учраас би зээлийг төлөхгүй гэжээ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2017/00287 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ХААН банк ХХК-ийн хариуцагч Нямжавын Алтанцэцэгээс 1.983.393 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК хариуцагч Н.Алтанцэцэгээс зээлийн хүү 3.090.109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493.885 төгрөг, нийт 3.583.995.49 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107.503 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1892 дугаар магадлалаар: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2018/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Хаан банк ХХК-иас төлсөн 46.684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2017/00287 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1892 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Банк зээлдэгчтэй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 451.2 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийг түүний дансанд шилжүүлэн олгосон бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрөө өөрөө захиран зарцуулж бусдад дамжуулсан нь зээлдэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зээлдэгч өөрөө гэрээний нэг талын хувьд зээл авах, олгох үйл ажиллагаанд оролцсон. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу ... өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар ... ” -гэсэн нь зээлдэгчийн өөрийн энэхүү ухамсарт үйлдэлд хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ. Банк энэхүү хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээний дагуу Иргэний хуулийн 451.1, 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Иймээс Багахангай Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2018/00287 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.24-ны өдрийн 1892 тоот магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 3.583.995 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж, үндсэн зээлийн төлбөрт 1.983.393 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч Н.Алтанцэцэг нэхэмжлэлээс татгалзахдаа “...зээл аваагүй” гэж маргажээ.

Зохигчийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 22-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр Н.Алтанцэцэг нь нэхэмжлэгчээс 4.000.000 төгрөг зээлсэн байх тэрээр 2012 оны 5 дугаар сарын 10-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 1.537.500 төгрөг дээр 8.462.499 төгрөг нэмж, нийт 10.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлэхээр харилцан тохирч барьцаат зээлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч уг гэрээг нэхэмжлэлийн үндэслэлд дурджээ /хэргийн 6-7, 78-88 дугаар тал/.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-т зааснаар зээл олгох гэрээгээр  банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийхээр мөн зүйлийн 451.2.-т заасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2012 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн зээлийн гэрээнд зурсан гарын үсэг Н.Алтанцэцэгийн гарын үсгийн загвартай тохирсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ /хэргийн 225-226 дугаар тал/.

Зээлийн гэрээний 2.1.3-т “зээлдэгчийн ХААН банк дах 5749541624 тоот төгрөгийн дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг дээрх дансанд шилжүүлсэн, зээлдэгч тодорхой хэмжээний төлбөр төлсөн нь тогтоогдсон /хэргийн 1 дүгээр хавтас 106, 2 дугаар хавтас 74-75 дугаар тал/, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Шүүх, зохигчийн хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, хариуцагч мөнгийг хүлээн авсан гэж үзсэн атлаа “...гэрээ хүчин төгөлдөр бус, ...үүрэг дуусгавар болсон” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч зээл олгохдоо Хэрэглээний зээлийн журмын аль заалтыг зөрчсөн болох, энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т заасан үндэслэлийн алинд нь хамаарч байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй гэж үзнэ. 

Хариуцагч Н.Алтанцэцэг нь уг зээлийг Чойжхорлоо авсан гэж маргаж буй боловч энэ нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсанаас үзвэл, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 2.172.393 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 189.000 төгрөгийг хасч, үлдэх 1.983.393 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэгтэй болно.

Харин Н.Алтанцэцэг нь Чойжхорлоод өгсөн гэх мөнгөө нэхэмжлэхэд энэхүү тогтоол саад болохгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1892 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2017/00287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-т заасныг баримтлан хариуцагч Н.Алтанцэцэгээс 1.983.393 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай”. гэж, 3 дах заалтын “...болгосугай” гэснийг “болгож, хариуцагч Н.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 46.684 төгрөг гаргуулж, ХААН банк ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 46.684 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ