Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00012

 

Мны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01060 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1731 дүгээр магадлалтай

Мны нэхэмжлэлтэй,

“А” ХХК, Ш.Цнарт холбогдох

Зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт 8 811 387 856 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нинжбадгар, М.Тэмүүлэн, хариуцагч Ш.Цгийн өмгөөлөгч Д.Батсүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн, М.Нинжбадгар, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагч Ш.Цгийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Цнь 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Анод банк” ХК-тай 60084 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 1 800 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, 1.6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Талууд 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 60084 тоот хугацаа сунгасан нэмэлт гэрээ байгуулан 2008 оны 05 дугаар сарын 29-ний хүртэл гэрээний хугацааг сунгасан. Ш.Цболон “А” ХХК нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлээс 234.52 ам.доллар, зээлийн хүүнд 818 265,49 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 9 216 ам.доллар тус тус төлсөн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Ш.Цнь “А” ХХК-ийн 1 бүрийн үнэ нь 1 ам.долларын үнэ бүхий 3 900 000 ширхэг хувьцаа, Анод банкин дахь (215104.0600.01.001278 ба 215104.0600.00.001278 тоот) 1 800 000 ам.долларын дансны орлогыг барьцаалсан 15060084 тоот “Барьцааны гэрээ” байгуулсан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ш.Цхугацаанд нь төлж чадахгүй бол “А” ХХК нь нөхөх хариуцлага хүлээхээр 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр батлан даалтын гэрээг “Анод банк” ХК-тай байгуулсан. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даагчаас гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2009 онд нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 928 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 3, тогтоох хэсгийн 7-д заасны дагуу Ш.Цд холбогдох зээлийг жич шийдвэрлүүлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 222 тоот тогтоолоор хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн Ш.Цгийн зээлийн гэрээтэй холбогдох асуудлыг Улсын мөрдөн байцаах газарт шалгуулахаар өргөдөл гаргасны дагуу эрүүгийн 20847323 тоот хэрэг үүсгэж шалгасан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэрэгсэхгүй болгож иргэний журмаар шүүхэд хандах эрхтэй болохыг 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн. Иймд 2011 оны 09 дүгээр сард Ш.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулах тухай нэхэмжлэл Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан хэдий ч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн Ш.Цг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 184 тоот захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Ш.Цгийн оршин суугаа хаяг тодорхой болсны дараа “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.Цболон түүний батлан даагч “А” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн. “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40/2014ЭХА-525 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр дээрх авлагыг Минд шилжүүлсэн. Иймд Ш.Цгийн “Анод банк” ХК-тай байгуулсан 15060084 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Минд “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр шилжиж ирсэн хэмжээ буюу 3 616 723.73 ам.долларыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Мны албан ханш 2 433.65 төгрөгөөр тооцож 8 801 839 705.51 төгрөгийг хариуцагч Ш.Цболон хариуцагчийн батлан даагч “А” ХХК нараас гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Мны 12 дугаар сарын 14-ний өдрийн албан ханшаар бодож тооцож 1 ам.долларыг 2 436,29 төгрөгөөр тооцож, нийт 8 811 387 856,16 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хариуцагч Ш.Ц, “А” ХХК нараас нийт 8 811 387 856.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Цшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэр дээр 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Анод банк 15060084 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу зээлсэн мөнгийг “А”  ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан. Тухайн үед “А” ХХК нь Анод банкнаас өмнө нь зээл авахдаа тус банкны дотоод журамд заагдсан нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлсэн байсан тул энэ удаагийн зээлийг өөр этгээдийн нэр дээр гэрээ байгуулан олгох талаар компани болон банкны удирдлагууд ярьж тохиролцоод Ш.Цминий нэр дээр 15060084 тоот зээлийн гэрээг хийсэн. Нэгэнт зээлийн зориулалт нь “А” ХХК-ийн үйл ажиллагаа /үндсэн хөрөнгийн санхүүжилт/-нд зарцуулагдах ёстой байсан учраас уг зээлийн гэрээг хийгдмэгц гэрээнд заагдсан 1 800 000 ам.доллар миний дансанд орж ирснээс хойш 2 өдрийн дотор “А” ХХК-ийн бусдад төлөх төлбөр, зээлийн өрөнд төлж дууссан. Миний нэрээр авсан зээл “А”  ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдах байсан тул тус компани 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Батлан даалтын гэрээ”-г “Анод банк” ХК-тай байгуулж, би зээлийг хугацаандаа төлөөгүй бол зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцахаар батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу авсан 1 800 000 ам.доллараас Ш.Цминий бие нэг ч центийг өөртөө захиран зарцуулаагүй. Энэ байдлыг Анод банкны архивт хадгалагдаж байгаа “А”  ХХК-ийн харилцах дансууд /2006 оны 4 дүгээр сар/-ын гүйлгээний жагсаалт, мөн “А” ХХК-иас уг зээлийн тус банкинд эргүүлэн төлж байсан баримтууд /2007 оны гүйлгээнүүд/ зэргээр хангалттай нотлогдоно. Миний нэр дээр байгуулсан 15060084 тоот зээлийн гэрээгээр олгогдсон зээлийг би өөрийн эрх ашигт зориулан захиран зарцуулаагүй учир зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Харин нэгэнт уг зээлийг өөрийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар баталгаа гаргасан, батлан даагч “А” ХХК зээлийн үүргийн гүйцэтгэлийг хуулийн хүрээнд хариуцах ёстой. Нэхэмжлэлд дурдсанчлан энэ зээлийн төлбөртэй холбоотойгоор Улсын мөрдөн байцаах газар надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд энэ зээл надад ямар ч хамааралгүй болохыг тогтоож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүний дараа “Анод банк” ХК-ийн эрх хүлээн авагчаас надад холбогдуулан нэхэмжлэл гарган уг нэхэмжлэлийн дагуу үүссэн иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхээр 3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгдэж, тус шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3930 дугаар шийдвэрээр миний биед холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Хэрэг анхан шатны шүүхэд ирснээс хойш 7 сарын дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж шүүхэд хүрэлцэн ирээгүйгээс нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээр дурдсан үндэслэлүүдээр надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Дансны гүйлгээний хуулгыг 3 өдрийн байдлаар авч үзэхэд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нийт 2 332 045 ам.доллар орж ирсэн. Гүйлгээг харьцуулж үзэхээр 20 ам.доллароос дээш үнийн дүнтэй гүйлгээний зарцуулалтыг тайлбарынхаа ард хавсаргасан. Бүгд “А”  ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой зарцуулагдсан. “А” ХХК бусдад өгөх ёстой шатахууны төлбөр, зээлийн төлбөр Анод банкнаас авсан зээлийн төлбөр гэх мэтчилэн 3 өдрийн дотор “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдаад явж байгаа нь нотлогдож байна. Ийм учраас зээлийг би хариуцахгүй. “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрээ хийсэн. Гэрээний хавсралтын 2-т заасан төлбөрийн мөнгөн дүнд Анод банкнаас Ш.Цгийн нэр дээр авсан зээл орохгүй. Гэрээний дагуу П.Баатарсүрэн хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай няцаагдаж байх тул зээлийн гэрээний үүргийг батлан даалтын гэрээний үүргээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Цболон “Анод банк” ХК-ийн хооронд 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15060084 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдах үед П.Баатарсүрэн нь “А”  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд өөрийн эхнэр Ш.Цгийн “Зээлийн гэрээ”-г Анод банкны өмнө “А” ХХК-ийн 1 бүр нь 1 ам.долларын үнэлгээтэй 3 900 000 ширхэг хувьцаагаар батлан дааж, “Батлан даалтын гэрээ” байгуулсан. “А”  ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигчид болох Х.Дөчинтав нь 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 40 хувийн хувьцааг “Моннис Интернэшнл” ХХК нь 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 30 хувийн хувьцааг П.Баатарсүрэнтэй “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус байгуулан “А” ХХК-ийн хувьцааг анх эзэмшиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар “А” ХХК-ийн 30 хувийн хувьцааг Х.Дөчинтав, 70 хувийн хувьцааг “Моннис интернэшнл” ХХК эзэмшиж байна. “Моннис Интернэшнл” ХХК-ийг “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр шинээр орсон өдөр буюу 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тухайн үеийн хувьцаа эзэмшигчид болох П.Баатарсүрэн, Х.Дөчинтав, Б.Бат-Эрдэнэ болон “Моннис интернэшнл” ХХК-ийн хооронд “Хувьцаа эзэмшигчийн гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний 5.2-т Хувьцаа эзэмшигчид хувьцаа худалдах, гэрээний гүйцэтгэлийн явцад илрээгүй боловч гарч ирсэн бусад өр төлбөрийг П.Баатарсүрэн өөрийн эрх мэдлийн хүрээнд тэрхүү өр төлбөрийн нөхөн төлбөрийг дангаараа хариуцна гэдгийг хүлээн зөвшөөрнө гэж заасан. Шинээр хувьцаа эзэмшигчээр орсон “Моннис интернэшнл” ХХК нь хувьцаа эзэмшигчийн гэрээний Хавсралт 2-т дурдсан төлбөрийн чадваргүй, дампуурлын ирмэгт ирээд байсан “А” ХХК-ийн Анод банкинд төлөх ёстой өр төлбөрүүдийг бүгдийг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулсан тул “Анод банк” ХК дахь эрх хүлээн авагчаас 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “А” ХХК нь Анод банкнаас авсан зээлийн төлбөрийг төлж барагдуулж дууссан тул барьцаа хөрөнгийг чөлөөлсөн болохыг тодорхойлсон тодорхойлолтыг гаргаж өгч байсан юм. Гэтэл хувьцаа эзэмшигчийн гэрээний Хавсралт 2-т заасан компанийн өр төлбөрийн жагсаалтад огт тусгагдаагүй “А” ХХК нь “Анод банк” ХК Ш.Цнарын хооронд байгуулсан зээлийн гэрээг батлан дааж батлан даалтын гэрээ байгуулсан асуудал байсныг уг гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг Анод банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргах үед л мэдсэн. П.Баатарсүрэн нь Ш.Цболон Анод банкны хооронд 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15060084 тоот зээлийн гэрээг компанийн хувьцаагаар батлан дааж, батлан даалтын гэрээ байгуулсан байснаа нуун далдалж, хуурч мэхлэн компанийн хувьцаагаа худалдсан тул Батлан даалтын гэрээний төлбөр нь П.Баатарсүрэнгийн дангаар хариуцах төлбөр юм. Мөн түүнчлэн Анод банк нь батлан даагч “А” ХХК-д зээлдэгчийн зээлийн гэрээний талаар тогтмол үнэн зөв мэдээллийг өгч байх үүрэгтэй атал, зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн талаар ямар ч мэдээллийг “А” ХХК-д мэдэгдэж байгаагүй атлаа 11 жилийн дараа шууд хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд Ш.Цболон Анод банк нарын хооронд байгуулагдсан 15060084 тоот Зээлийн гэрээний төлбөрийг “А”  ХХК нь хариуцан төлөх үндэслэлгүй, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр ч Минд 84 тоот зээлийн гэрээний дагуу шаардах эрх тэр тусмаа батлан даалтын гэрээний эрх бүрэн шилжээгүй. М хэдийгээр төв банк боловч бүх итгэмжлэл хуулийн дагуу байх ёстой. Гэтэл 7 хоногийн дараа авагдсан гээд байгаа 84 тоот зээлийн гэрээний шаардах эрхийг нөхөж олгох талаар нэг ч зүйл дурдаагүй учраас шаардах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргаж байгаа тул “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01060 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Гомбогив овогт Шүгдийн Цогзолмаа /РД:ЧП58070400/-аас 2 155 573 357 төгрөгийг, “А” ХХК /РД:2648989/-аас 4 385 322 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Минд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 270 492 499 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид 10 935 816 төгрөг, хариуцагч “А” ХХК-аас 22 084 560 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1731 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Гомбогив овогт Шүгдийн Цогзолмаа /РД:ЧП58070400/-аас 2 042 225 ам.доллар буюу 4 970 062 428 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Минд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 574 498 ам.доллар буюу 3 841 325 428 төгрөг болон хариуцагч “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид 25 008 262 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Хариуцагч Ш.Цнь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2018/07638 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “А” ХХК-иас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 084 560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1737 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

1737 дугаар магадлалаар “...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 574 498 ам.доллар буюу 3 841 325 428 төгрөг болон хариуцагч “А” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Магадлалын хянавал хэсгийн 11-р догол мөрд “...2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон байх боловч “Анод банк” ХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний хугацааг сунгаагүй байна” гэжээ. 2006 оны 04 сарын 10-ны өдөр байгуулсан “Батлан даалтын гэрээ”-ний 1.5-д зааснаар “Энэ гэрээ нь зээлдэгч болон батлан даагч үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно” гэж заасан байна. Үүнээс өөрөөр тус гэрээнд гэрээний хугацаа заасан заалт байхгүй байна. Иргэний хуулийн 463.1-т “Батлан даалтын гэрээг тодорхой хугацаа заалгүй хийсэн бол батлан даагч нь гэрээг дуусгавар болохоос гурваас доошгүй сарын өмнө мэдэгдэнэ” гэж заасан. Тус гэрээг зээлдэгч болон батлан даагч үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болох нөхцөлтэйгөөр байгуулсан байх буюу талууд гэрээ дуусгавар болох нөхцөлийг тохиролцсон. Гэтэл шүүх “Батлан даалтын гэрээ”-ний хугацааг сунгаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Магадлалын хянавал хэсгийн 12-р догол мөрд “... “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч, Мны хооронд байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 15060084 тоот зээлийн болон барьцааны гэрээний гэрээний шаардах эрхийг шилжүүлж, харин “Анод банк” ХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлээгүй байна” гэжээ. 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Анод банк” ХК, Ш.Цнарын хооронд 1 800 000 ам.долларын зээлийн болон барьцааны гэрээ, Анод банк” ХК, “А” ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээг тус тус байгуулсан. Батлан даалтын гэрээгээр Ш.ЦАнод банктай байгуулсан 06050202, 15060084 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэхийг баталж, гүйцэтгээгүй тохиолдолд “А” ХХК өөрийн хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон. Иргэний хуулийн 123.6-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж заасан байна. Уг зохицуулалтад заасан “шаардах эрхийг хангах арга” гэдэгт Иргэний хуулийн 233, 234, 235 дугаар зүйлд заасан анз, дэнчин, баталгаа, фидуци болон Иргэний хуулийн 153, 458 дугаар зүйлүүдэд тус тус заасан барьцаа болон батлан даалт хамаарна. Иймд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 430-525а дугаар “Шаардах эрх шилжүүлэх” гэрээгээр “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас Ш.Цд холбогдох зээлийн болон барьцааны гэрээний шаардах эрх, зээлийн гэрээний шаардах эрхийг хангах арга болох 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан батлан даалтын гэрээний шаардах эрх зээлийн гэрээний шаардах эрхтэй хамт Минд хуулийн дагуу шууд шилжсэн гэж үзэхээр байна. Батлан даалтын гэрээ нь үндсэн үүргээс шууд хамааралтай бөгөөд үндсэн үүрэг шилжих үед дагаж шилжихээр Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар хуульчлагджээ. Иймд магадлалын “...батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлээгүй байна” гэсэн дүгнэлт, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Магадлалын 13-р догол мөрд “Мөн “Анод банк” ХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Батлан даалтын гэрээний 2.3 дахь заалтад “Үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ гэрээний талаарх шаардах эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй” гэж, 2.1 дэх заалтад “Зээлдэгчийг үүргээ хугацаанд нь болон зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргээ биелүүлэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заажээ. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 462.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч “Анод банк” ХК нь “А”ХХК-д мэдэгдэж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэжээ. Мөн магадлалын 14-р догол мөрд “Иймд Мнаас батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхгүй байх тул хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэжээ.

Шүүхэд гаргасан нотлох баримтаар анх 2009 онд зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүнээс цааш тухайн зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгтэй холбогдуулан шүүх, хууль хяналтын байгууллагад удаа дараа нэхэмжлэл хүсэлт гаргасан нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болсон гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх тус тус тогтоосон. Зээлдэгч болон батлан даагчаас үүргээ гүйцэтгэхийн шаардаж хүсэлт, нэхэмжлэл гаргаж байсан дээрх нөхцөл байдал нь батлан даагч “А” ХХК-д мэдэгдээгүй гэх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Иймд магадлалын “А ХХК-д мэдэгдэж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн “Батлан даалтын гэрээ”-ын 2.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ гэрээний талаарх шаардах эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй” гэж заасан тул батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрх Минд шилжээгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзжээ.

Талууд хуульд нийцүүлэн аливаа нөхцөлийг гэрээгээр тохиролцох шаардлагатай бөгөөд “батлан даалтын гэрээний үүрэг нь зээлийн гэрээний үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой үндсэн үүрэгтэй хамт түүнийг дагаж шилжих тухай Иргэний хуулийн 123.6 дахь заалтад заасан тул шүүхээс “Мнаас батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхгүй байх тул хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь уг шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3-д заасны дагуу 1731 дүгээр магадлалыг хүчингүй болгож, тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 01060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Цгийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/001060 дугаар шийдвэрийн зарим хэсэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1731 дүгээр магадлалыг доор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд “Ш.Цгийн хувьд тэрээр зээлийн мөнгөн хөрөнгийг өөрөө ашиглаагүй, “А” ХХК-ний үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлах ба ...өөрөө захиран зарцуулаагүй гэх үндэслэл нь банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн өөрийнх пь эрх хэмжээний гэж үзэх тул Ш.Цгийн татгалзлыг мөн үндэслэлгүй гэж дүгнэсэн...” гэсэн адил агуулгатай дүгнэлт хийж, анхан шатны шүүх 2 155 573 357 төгрөгийг, давж заалдах шатны шүүх 3 841 325 428 төгрөгийг Ш.Цгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй гэж үзэж байна. Үүнд:

Хариуцагч Ш.Цнь шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа “...зээлийн зориулалт нь “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой байсан учраас уг зээлийн гэрээг хийгдмэгц гэрээнд заагдсан 1 800 000 ам.доллар миний дансанд орж ирснээс хойш 2 өдрийн дотор “А” ХХК-ийн бусдад төлөх төлбөр, зээлийн өрөнд төлж дууссан. ...Миний нэрээр авсан зээл “А” XXК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдах байсан тул тус компани 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Батлан даалтын гэрээг Анод банктай байгуулж, би зээлийг хугацаандаа төлөөгүй бол 15060084 тоот Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцахаар батлан даалтын гэрээ байгуулсан...” хэмээн маш тодорхой тайлбарыг шүүхэд гаргасан ба энэ тайлбар нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.

Энэ үйл баримтын талаар анхан шүүх “...Ш.Цгийн хувьд тэрээр зээлийн мөнгөн хөрөнгийг өөрөө ашиглаагүй, “Аэромоиголиа” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлах ба түүний тайлбар хэрэгт авагдсан Анод банкин дахь Ш.Цгийн эзэмшлийн 2152011150001001278 дугаарын дансны хуулгаар нотлогдох боловч...” хэмээн хэрэгт цугларсан нотлох баримтад нийцсэн бодитой дүгнэлт хийсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн “...өөрөө захиран зарцуулаагүй гэх үндэслэл нь банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн өөрийнх нь эрх хэмжээний гэж үзэх тул Щ.Цогзолмаагийн татгалзлыг мөн үндэслэлгүй гэж дүгнэсэн... ” гэх энэхүү дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн “...шүүх ...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх...” тухайн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “...”Анод банк” ХК Ш.Цнарын хооронд 1 800 000 ам.долларын гэрээ байгуулагдах болсон бодит шалтгааны талаар болон тус зээлийн гэрээний дагуу 1 800 000 ам.долларыг шилжүүлсэн Ш.Цгийн нэр дээрх данс бодит байдал дээр “А” ХХК-ийн эзэмшлийн данс байсан, түүний нэрээр авсан зээл "А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдах байсан тул тус компани ... Батлан даалтын гэрээг “Анод банк” ХК-тай байгуулж, 15060084 тоот Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцахаар батлан даалтын гэрээ байгуулж, зээл, зээлийн хүүгээс төлж байсан талаарх...” Ш.Цгийн тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан “зээлийг шилжүүлсэн, түүнийг захиран зарцуулалтыг нотолсон Анод банкин дахь Ш.Цгийн эзэмшлийн 2152011150001001278 дугаарын дансны хуулгыг, түүний тооцоо 2006 оны 4 сарын 10-ны өдөр Анод банктай “А”ХХК-ийн хооронд байгуулагдсан “Батлан даалтын гэрээ”, “А” ХХК “Анод банк” ХК дахь өөрийн 212201150001002280 тоот дансны хуулга, түүний тооцоо” зэрэг нотлох баримтуудтай хариуцуулан үнэлэлт дүгнэлт өгч чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн шийдвэр гаргаж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хуульд нийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

Хоёр. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийг үндэслэн “...талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 1.1-д “батлан даагч нь иргэн Ш.Цгийн 06050202, 15060084 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадна гэдгийг банкны өмнө хариуцаж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар үүрэг хүлээж байна” гэж тусгасан байна...” гэж дүгнэсэн атлаа Ш.Цгаас 884 777 ам.доллар буюу 2 155 573 357 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх өөрийн хийсэн дүгнэлттэйгээ зөрчилдсөн шийдвэр гаргасан.

“Анод банк” ХК болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь иргэн Ш.Цгийн 06050202, 15060084 тоот “зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадна” гэдгийг банкны өмнө хариуцаж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар үүрэг хүлээсэн” байдаг ба энэ үйл баримтын талаар шүүх дээр дурдсан үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

Батлан даагч зээлийн гэрээний дагуу банкнаас Ш.Цгийн нэр дээрх дансанд шилжүүлсэн бүх мөнгийг өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан, уг мөнгийг буцаан төлөөгүйгээс зээлдэгч буюу үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадаагүй болох нь хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар нотлогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд эдгээр үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

Гурав. Давж заалдах шатны шүүхээс дараах хэд хэдэн үндэслэлээр “А” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг үндэслэл тус бүрээр эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

“...талуудын хооронд байгуулагдсан 15060084 тоот гэрээний хугацааг 12 сараар сунгасан ба гэрээний 4 дэх заалтаар 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон байх боловч “Анод банк” ХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний хугацааг сунгаагүй...” гэх үндэслэлийн тухайд.

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар “батлан даалт” нь үүргийн гүйцэтгэлийн хангах нэг арга бөгөөд мөн хуулийн 468 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, үүргээ гүйцэтгэхгүй бол өөрөө тухайн үүргийг хариуцах үүрэг хүлээдэг.

Хуулийн эдгээр зохицуулалтын хүрээнд “Батлан даалтын гэрээ”-ээр батлан даагчийн хүлээх үүрэг, түүний гүйцэтгэх хугацаа нь үндсэн үүргийн гэрээний зохицуулалт, түүний хугацаатай салшгүй холбоотой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл үндсэн үүргийг тодорхойлж буй гэрээний хугацааг сунгаад үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ “Батлан даалтын гэрээ”-ний хугацааг сунгаагүй байх нь Батлан даалтын гэрээгээр батлан даагчийг хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд ийнхүү чөлөөлөгдөх эрхтэй болохыг батлан даагчид хуулиар олгоогүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх тодорхой хуулийн зохицуулалт хэрэглэлгүйгээр “Анод банк” ХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний хугацааг сунгаагүй...” гэх үндэслэлээр Мнаас батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах” зарчимд нийцэхгүй юм.

Түүнчлэн “Анод банк” ХК, “А” ХХК-ийн хооронд 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Батлан даалтын гэрээний 1.5. 4.3 дахь хэсэгт гэрээ дуусгавар тодорхой хугацаа заагаагүй бөгөөд харин гэрээг дуусгавар болох хугацааг зээлдэгч болон батлан даагч үүргээ бүрэн шилжүүлснээр дуусгавар болгох”-оор тохиролцсон нь Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсгийн “...хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно... ” гэсэнд нийсэн байхад давж заалдах шатны шүүх энэ гэрээний хугацааг сунгаагүй байна гэж “Анод” ХХК-ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй болжээ.

Дээр дурдсан Иргэний хуулийн болон, гэрээний зохицуулалтын дагуу “Анод банк” ХК нь “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээний хугацааг сунгах шаардлага байгаагүй байна.

“...”Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч, Мны хооронд байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 15060084 тоот зээлийн болон барьцааны гэрээний шаардах эрхийг шилжүүлж, харин “Анод банк” ХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлээгүй байна...” гэх үндэслэлийн тухайд.

Үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг дагаад тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлсон Батлан даалтын гэрээний үүрэг нэгэн адил шилжинэ.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хууль тогтоомжид үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлсон гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй хамт шилжүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ “Батлан даалтын гэрээ”-ний үүрэг дуусгавар болох, батлан даагч нь тухайн гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх эрхтэй болохыг тодорхойлсон ямар нэгэн зохицуулалт байхгүй атал давж заалдах шатны шүүх “Анод банк” ХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлээгүй байна...” гэх үндэслэлээр “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Давж заалдах шатны шүүхээс магадлалын хянавал хэсэгт хийсэн “...”Анод банк” ХК, “А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Батлан даалтын гэрээний 2.3 дахь заалтад үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ гэрээний талаарх шаардах эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй... гэж, ...” гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийжээ.

Магадлалд дурдсан энэ дүгнэлт ямар эрх зүйн дагавартай болох хийгээд хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой талаар тодорхой тайлбар, үндэслэлийг магадлалд заагаагүй байна.

Хэрвээ “Анод банк” ХК-ийг Батлан даалтын гэрээний шаардах эрхээ Минд шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэх гэж байгаа бол 1-рт ийнхүү хууль зөрчсөн гэх хууль зүйн үндэслэлийг, 2-рт “Анод банк” ХК сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн дагуу шаардах эрхээ шилжүүлээгүй, харин Банкны тухай хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу шаардах эрх нь шилжсэнийг үгүйсгэх, буруутгах хууль зүйн үндэслэлийг магадлалд тодорхой заах шаардлагатай байсан.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Батлан даалтын гэрээний ... 2.1 дэх заалтад зээлдэгч үүргээ хугацаанд болон зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргээ биелүүлэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заажээ. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч “Анод банк” ХК нь Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэж зааснаар “А” ХХК-д мэдэгдэж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн байна.

1-рт, Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1 дэх хэсэгт заасныг дагуу үүрэг гүйцэтгэгч Ш.Цзээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйг батлан даагчид мэдэгдээгүйгээс ямар хууль зүйн дагавар үүсэх, энэ нь батлан даагч “А” ХХК-ийг Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөхөд хэрхэн нөлөөлж болох хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой заасан зүйл байхгүй.

2-рт, үүрэг гүйцэтгүүлэгч “Анод банк” ХК-иас“А” энэ талаар мэдэгдээгүй гэж үзсэн тохиолдолд батлан даагч “А” ХХК нь үүрэг гүйцэтгэгч Ш.ЦЗээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлэх боломжгүй болсныг, үүнд нь батлан даагч өөрөө буруутай болохыг мэдэж байсан үйл баримтын талаарх Ш.Цгийн удаа дараа гаргасан тайлбар, түүнийг нь нотлож байгаа баримтууд, өмгөөлөгч миний анхан шатны шүүх хуралдаанд гаргасан санал, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг давж заалдах шатны шүүх тал бүрээс нь бодитойгоор хянан үзээгүй байна.

Хяналтын шатны шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1731 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/001060 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, Мнаас Ш.Цд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

М нь “А” ХХК, Ш.Цнарт холбогдуулан зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт 8 811 387 865 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Ш.Цгаас 2 155 573 357 төгрөгийг, “А” ХХК-иас 4 385 322 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 270 492 499 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, Ш.Цгаас 4 970 062 428 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 841 325 428 төгрөг, “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: 1. М нь “А” ХХК-иас “Батлан даалтын гэрээ”-ний үүргийг шаардах эрхгүй, 2. зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд тодорхой тохиролцоогүй гэсэн үндэслэлийг заасан байна.

  1. “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо: а/ 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-ний 2.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ гэрээний талаарх шаардах эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй” гэж тохиролцсон, дээрх гэрээг шаардах эрхийг “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлээгүй, б/ зээлийн гэрээний хугацааг сунгахдаа батлан даалтын гэрээний хугацааг сунгаагүй, үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан үйл баримт тогтоогдоогүй” гэжээ.

2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Мны Ерөнхийлөгчийн 446 дугаар тушаалаар “Анод банк” ХК  нь татан буугдаж, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0214/313 дугаартай “Мнаас  Анод банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ээр “Анод банк” ХК дахь иргэд, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгоход зориулан Мнаас олгосон үндсэн зээлийн үлдэгдэл 75 800 000 000 төгрөгийг 61 205 401 876 төгрөгийн хүүгийн хамт барагдуулах зорилгоор “Анод банк” ХК-ийн бусдад олгосон зээлийн өрийн үлдэгдлийг шаардах эрхийг Минд шилжүүлснийг үндэслэн 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч, Мны хооронд “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдаж, иргэн Ш.Цгийн 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний шаардах эрхийг шилжүүлсэн байна./хэргийн 1 дүгээр хавтас, хх-6, 2 дугаар хавтас, 145-147 дугаар тал/

Иймд М нь “Анод банк” ХК-ийн зээлдэгч, зээлийн батлан даагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

а/ “Батлан даалтын гэрээ”-ний “...үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ гэрээний талаарх шаардах эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй....” гэх заалт нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хязгаарласан зохицуулалт.

Харин банк татан буугдаж, банкин дахь эрх хүлээн авагчид банкны өр, авлагыг шаардах эрхийг шилжүүлэх нь банкны үүрэг тул үүрэг гүйцэтгүүлэгч энэ үүргээс татгалзах эрхгүй, энэ үндэслэлээр шаардах эрхийг шилжүүлэх нь үүрэг гүйцэтгэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй. 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.5.-д зааснаар батлан даалт нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга болохынхоо хувьд “Зээлийн гэрээ”-тэй салшгүй холбоотой. Иймд “Зээлийн гэрээ”-ний үүргийг шаардах эрхийг шилжүүлсэн тул “Батлан даалтын гэрээ”-ний үүрэг нэгэн адил шилжинэ. Иймд “Батлан даалтын гэрээ”-ний шаардах эрхийг шилжүүлээгүй гэх үндэслэлээр Мийг “А” ХХК-иас батлан даагчийн үүргийг шаардах эрхгүй гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

б/ Талууд “Батлан даалтын гэрээ”-ний 1.5.-д “...зээлдэгч болон батлан даагч үүргээ бүрэн биелүүлснээр...” “Батлан даалтын гэрээ” дуусгавар болно гэж тохиролцжээ.

Зээлийн гэрээний хугацааг сунгасан нь батлан даалтын гэрээний хугацааг сунгах үндэслэл болохгүй бөгөөд “Батлан даалтын гэрээ”-нд түүний дуусгавар болгох хугацааг заасан байхад зээлийн гэрээний хугацааг сунгахтай холбогдуулан батлан даалтын гэрээний хугацааны талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр Мийг “А” ХХК-иас “Батлан даалтын гэрээ”-ний үүргийг шаардах эрхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна.

  1. Хариуцагч Ш.Цгаас “Зээлийн гэрээ”-ний үүргийг хангуулахаар шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-нд заасан нэмэгдүүлсэн хүүг тооцох тохиролцоо хуульд нийцээгүй гэж дүгнэн нэмэгдүүлсэн хүүг хасч тооцжээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “...гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.” гэж зохицуулсан байна.

Талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 2.5.-д “Зээлдэгч ...хуваарьт хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд ...хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн хорин хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг... төлнө” гэж тохиролцжээ.

Гэрээний дээрх заалтаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тохирсон нь хуулийн заалтыг зөрчөөгүй байхад нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцож төлөх талаар тодорхой тохиролцоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэн, нэмэгдүүлсэн хүүд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцсон нь буруу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцэхгүй байх тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэстэй байна.

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 123 дугаар зүйлүүдийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Хариуцагч Ш.Ц тус банкнаас авсан зээлийг бүхэлд нь “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн боловч тэрээр “Зээлийн гэрээ”-ээр хүлээн авсан мөнгөний зарцуулалттай холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хангах боломжгүй, харин тус зээлийн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, батлан даалтын гэрээ байгуулсан үндэслэлээр зээлийн төлбөрийн зарим хэсгийг хуульд заасан үндэслэл, гэрээнд заасан хэмжээгээр “А” ХХК-иар хариуцуулсан тул Ш.Цд ногдох хэсгийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч “А” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа “Зээлийн гэрээ байгуулагдах үед П.Баатарсүрэн нь “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан, “Моннис интернэшнл” ХХК нь “А” ХХК-ийн хувьцааг худалдаж авах гэрээнд “... гүйцэтгэлийн явцад илрээгүй боловч гарч ирсэн бусад өр төлбөрийг П.Баатарсүрэн өөрийн эрх мэдлийн хүрээнд, өр төлбөрийн нөхөн төлбөрийг дангаараа хариуцна...” гэж заасан, “Анод банк” ХК-ийн дээрх өр нь гэрээний хавсралт-2-т заасан өр төлбөрт огт тусгагдаагүй байсан тул хариуцахгүй” гэж маргах боловч “Анод банк” ХК нь “Батлан даалтын гэрээ”-г П.Баатарсүрэнтэй бус “А” ХХК-тай байгуулсан тул хуулийн этгээд дээр дурдсан үндэслэлээр гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин хариуцагч “А” ХХК нь П.Баатарсүрэнтэй холбоотой хоорондын төлбөр тооцоог шийдвэрлүүлэхэд энэ тогтоол саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1731 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нинжбадгар, М.Тэмүүлэн нарын гомдлыг бүхэлд нь, хариуцагч Ш.Цгийн өмгөөлөгч Д.Батсүхийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.15.-д зааснаар хариуцагч Ш.Цнь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2018/09676 дугаар захирамжаар, нэхэмжлэгч М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус тус чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД