Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 0032

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Энхбаяр

улсын яллагч: Н.Булганчимэг

шүүгдэгчийн   өмгөөлөгч: П.Итгэл, Х.Отгончимэг

хохирогч Б.Ганболд

иргэний нэхэмжлэгч З.Оюунбаатар

шүүгдэгч   Б.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2  дах хэсэгт заасан гэмт хэрэгт  Арвайхээр овогт Батмөнхийн Отгонжаргалд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201624000242 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Арвайхээр овогт Батмөнхийн Отгонжаргал, 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, Тэ Бэ ХХК-д жолооч ажлтай, ам бүл 7 , эцэг, 2 ах, 2 эгчийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 109 дүгээр байрны 46  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: УШ86020136

Холбогдсон хэргийн талаар:

         Б.Отгонжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 109 дүгээр байрны гаднах авто зогсоолын замд Х.Соната -6 маркийн 31-65 УНР дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.”Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй “гэсэн заалтыг зөрчин З.Оюунбаатарын эзэмшилийн Т.Приус маркийн 70-09 УНЭ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 41.400 төгрөгийн шууд, нийт 62.100 төгрөгийн хохирол учруулаад мөн дүрмийн  2.5-д заасан –Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/-д заасан тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы  гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд ач холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/-д заасан зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт,

          Мөн уг ослын газраас зугатаахдаа зохих ёсны шаардлага тавьсан Ц.Ганболдын гарыг тээврийн хэрэгслийнхээ хаалганы шилэнд хавчуулан 500 метр орчим газар чирч явсаар унаган биед нь зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн тохой, ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

          Шүүгдэгч Б.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 13-ний өглөө би байрныхаа ард ирж зогсоод замдаа авсан 4 пивыг уугаад унтсан. Тэгээд би өглөө даарч сэрээд наранд гарч зогсох гээд байрны урд талд ирээд зогсоолд ухарч орж орох үйлдэл хийж байхдаа Оюунбаатарын машиныг мөргөсөн. Тэгтэл 1 хүн хажуу талаас намайг машин мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгэхэд нь би айж цочирдсон байсан тул хөдлөөд явсан. Тэгээд явж байтал машины зүүн талаар Ганболд, баруун талаар Оюунбаатар нар гарч ирээд машинаа зогсоо гэсэн. Би сандарсандаа цонхоо хаагаад явсан. Оюунбаатар хэзээ хаана унасан гэдгийг мэдээгүй. Харин Ганболд ах гар хавчсан байна, цонхоо онгойлго гэхэд нь Улаанхуаран руу явж байхдаа цонхоо онгойлгож түүнийг унагасан. Тэгээд би 1 хотхоны гадаа очиж зогсоод орой болтол айгаад тэндээсээ явж чадаагүй. Тэгээд том ахыгаа утсаар дуудаж, ахдаа болсон зүйлийн талаар мэдэгдэж, хэрэг болсны маргааш өдөр нь би өөрөө цагдаагийн газарт очсон гэв.

         Шүүгдэгч Б.Отгонжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 31-65 УНР дугаартай Х.Соната-6 маркийн автомашиныг жолоодоод гадуур халтуур хийж явж байгаад 14-ны үүрээр байрныхаа хойд талд машинтайгаа ирж зогсоод замаасаа авсан байсан 4 лааз пиво ууж дуусгаад машин  дотроо унтсан. Өглөө 11-12 цагийн орчимд даараад сэрсэн. Тэгээд байрны хойд талаас байрны урд талд наранд гарч зогсохоор болоод хойноосоо урагшаагаа явж байгаад зогсоолд орохоор хойшоогоо ухарч байгаад зогсоолд тавьсан байсан хүрэн өнгийн Т.Приус маркын автомашины хойд буфер хэсэгт мөргөсөн. Мөргөчихөөд сандарсандаа урагшаагаа хөдлөөд зөөлөн явж байхад жолооны талаар буюу зүүн гар талаар /тухайн үед зүүн гар талын урд хаалганы цонх онгорхой байсан ба бусад цонх хаалттай байсан/ нэг залуу хүрч ирээд хаалганаас бариад зогс гэж хэлэхээр нь сандарсандаа цонхоо хаахдаа нөгөө ахын гарыг хавчсан байсан. Би тэр чигээрээ хурдаа нэмээд урагшаагаа Хотхоны хаалгаар гараад баруун гар тийшээгээ эргээд буцаж хойшоогоо эргээд офицерүүдийн ордны тойргоор баруун гар тийшээгээ эргээд Улаанхуаран чиглэлд явж байхдаа МТ ШТС-ын урд талд очоод цонхоо онгойлгоход чирэгдэж явсан ах машин зам дээр унаж үлдсэн. Би айж сандарсандаа тэр чигээрээ зугтаагаад явсан. Би тухайн үед нөгөө ахыг хаалганаас барьчихаад чирэгдээд байна гэж бодсон. Харин гарыг нь цонхоороо хавчсан гэдгийг мэдээгүй. Би баруун гар талынхаа хүнийг анзаараагүй. Сүүлд харахад баруун гар талын урд хаалганы гаднах бариул хугараад уначихсан байсан. Баруун талд хүн чирэгдэж явсан эсэхийг мэдээгүй. Би тухайн үед их айж сандарсан байсан мөн пиво уусан байсандаа айгаад зугтаасан. Би ганцаараа явж байсан, машины хөдөлгөөн сийрэг байсан. Миний машины жолооны хүрд зүүн гар талдаа байдаг. Хохирогчийн эмчилгээний зардалд 1.294.800 төгрөг төлсөн. Машины жолоочтой уулзсан хохирлыг нь барагдуулна гэжээ. /хх-ийн 85/

           Хохирогч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2016 оны 03 дугаар сарын 13-ний өдөр Оюунбаатартай айлын тоолуур баталгаажуулах ажил хийгээд нэг айлд дөнгөж ороод ажлаа хийх гэж байтал Оюунбаатарын утас дуугараад Оюунбаатарын машин мөргүүлсэн талаар мэдсэн. Тэгээд тэр айлаасаа гараад машин дээрээ очиход саарал өнгийн машин цаашаа хөдлөөд явсан. Тэгээд араас нь гүйж очоод зогс гэхэд нилээд хүчтэй хөдөлснөө өөдөөс нь ирж байсан хүний урд хүчтэй очиж зогссон. Тэр үед нь би машины онгорхой цонхоор түүнтэй харьцаж машинаа зогсоо гэхэд “би чиний машиныг мөргөөгүй гэж хэлээд цонхоо хаахдаа миний гарыг хавчсан. Надад гараа авах ямарч боломжгүй байсан. Тэгээд машинд чирүүлж яваад зогсоод өгөөч гэхэд машиныхаа цонхыг онгойлгоод тормос гишгэхэд нь би унаж үлдсэн. Тэгээд би босож чадахгүй зам дээр хэвтэж байтал Оюунбаатар ирээд намайг мөрлөхөд бие маань өвдөөд байсан тул би өөрөө мөлхөж замын хашлага дээр ирж суусан. Тэгээд манай ажлын залуус таараад машин дээр ирж цагдаа, эмнэлэг дуудсан. Тухайн үед би чирүүлсэн машиныхаа дугаарыг нь буруу харсан байсан. Тэгээд 1 цагдаа ирээд бүрэлдэхүүн дуудах хэрэгтэй юм байна гэж хэлээд хэсэг хугацааны дараа хэдэн цагдаа нар ирсэн. Тэгээд түргэн тусламж ирээд намайг зургаа авахуул гэсэн. Би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд аарцагны тулгуур яс хугарсан байна гэж хэлээд хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тэгээд би хагалгаа хийлгээд тасаг руу шилжсэн. Тэгээд хагалгаанд орж 6 хадаас хадуулсан. Эмнэлэгт 9 хонож гараад 15 дугаар төвийн эмнэлгийн хяналтанд хамрагдаж одоог хүртэл үзүүлж байгаа. Одоогоор тэнгэрийн муухайд бие маань их өвддөг. Би цалингийн зээлтэй, машинаа ломбарданд тавьсан, цалингийн зээлтэй байгаа. Би шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааныхаа цалин болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Шүүгдэгчээс надад эмчилгээний зардал гэж 1.294.000 төгрөг өгсөн. Намайг эргэж ирж байна гэж надад 200.000 төгрөг өгсөн. Эдгээр өгсөн мөнгөнөөс Оюунбаатарын машины зардал болох 100.000 гаруй төгрөг хасагдана гэв.    

Иргэний нэхэмжлэгч З.Оюунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоогоор надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан гэв.

         Хохирогч Ц.Ганболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 14-нд айлын тоолуур салгахаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 102 дугаар байрны орцонд ажилтан Оюунбаатартай хамт орсон. Оюунбаатар бид хоёр машинаа гадаа зогсоолд тавьсан байсан. Тоолуур салгах гэж байхад Оюунбаатар луу утсаар хэн нэгэн залгаад машиныг чинь нэг машин мөргөчихлөө гэхээр нь бид 2 шууд гарсан. Машин хөдлөөд явчихлаа гэхээр нь хойноос нь очоод жолооч талаар нь очоод цонхноос нь гараараа бариад чи яагаад машин мөргөчихөөд явчихваа гэхэд салаавч гаргаад би чиний машиныг мөргөөгүй гээд шууд хаазаа гишгээд намайг чирээд явсан. Оюунбаатар бас  хойноос нөгөө талаас нь бариад чирэгдсэн. Жолооч цонхоо хаагаад миний хоёр гарыг хавчаад давхиад явсан. 500-600 метр газар яваад цонхоо онгойлгоод намайг орхиод шууд зугтаагаад явсан. Тухайн залуу нүдний шилтэй, туранхай шар царайтай залуу байсан. Жолооч ганцаараа байсан. Машинаас нь архи үнэртэж байсан гэжээ. /хх-н 16 /

         Гэрч иргэний нэхэмжлэгч З.Оюунбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдөр 11.30 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн 70-09 УНЭ дугаартай Т.Приус маркын автомашинтай хамт ажилладаг Ганболдын хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 109 дүгээр байрны гадаа очиж машиныг зогсоолд ертөнцийн  зүгээр хойшоогоо харуулж тавиад айлд орж тоолуур салгах гэж орсон. Тоолуур салгаж байхад миний утас дуугархаар нь авахад нэг эрэгтэй хүн 98160046 дугаарын утаснаас машиныг чинь 31-65 УНР дугаартай Х.Соната-6 маркын мөнгөлөг саарал өнгийн автомашин хойноос чинь ухарч байгаад мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь  Ганболд ах бид хоёр яараад байрнаас гарахад миний машины хойноос мөргөсөн машин урагшаагаа хөдлөөд явах гэж байхаар нь Ганболд ах гүйж очоод жолооч тал буюу зүүн гар талаар цонх нь онгорхой байсан учраас хаалганаас нь барьж авахад  нөгөө машин хөдлөөгүй чигээрээ явсан. Ганболд ах цонхноос нь бариад чирэгдээд явсан. Нөгөө машин чирсэн чигээрээ Хотхоноос гараад зам руу нийлэх гээд зогсохоор нь би хойноос нь гүйгээд баруун талых нь толиноос барьж авахад бас хөдлөөд бид хоёрыг чирээд явсан. Хэсэг чирэгдэж яваад би унаад босож ирээд харахад Ганболд ахыг МТ ШТС-ын орчимд унагаачихаад нөгөө машин зугтаагаад явчихсан. Жолооч ганцаараа явсан, 25-28 орчим насны эрэгтэй байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй гэжээ./хх-н 17 /

         Гэрч Х.Батдорж  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Намайг байрныхаа гадаа зогсож байхад улаан өнгийн Т.Приус маркийн автомашин зогсоолд зогсож байсан Х.Сонота-6 маркийн 31-65 УНР дугаартай автомашиныг хойшоогоо ухарч байгаад хүчтэй мөргөсөн. Би чи машин мөргөчихлөө, чамд мэдрэл байна уу гэж хэлэхэд юм дуугараагүй цонхоороо харчихаад урагшаа хөдлөхөөр нь би машинаараа хааж зогсоод мөргүүлсэн машины цонхонд тавьсан утасны дугаараар машиныг чинь мөргөчихлөө гэж хэлсэн. Удалгүй 109 дүгээр байрнаас ажлын хувцастай 2 залуу гарч ирсэн. Мөргөсөн машин урагшаагаа хөдлөөд явахаар нь би тэр машин хөдлөөд явж байна гэж хэлэхэд нөгөө 2 залуу  хойноос нь хөөгөөд явсан. 2 залуу машины 2 талаар очоод хаалга толиноос нь  барихад хурдаа нэмээд чигээрээ давхиад хойшоогоо явахдаа 1 залууг замдаа унагаад 1 залууг нь чирсэн чигээрээ хойшоогоо хурдтай зугатаагаад явсан гэжээ. /хх-ийн 49-50/

         Гэрч Л.Батмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Б.Отгонжаргал миний бага хүүхэд байгаа юм. Ээж нь Отгонжаргалыг бага байхад нь нас барсан. Айлын бага болохоор эрхэлж өссөн хүүхэд. Ер нь жоохон дураараа хүүхэд байгаа юм. Ажил хийхдээ сайн. Ямар нэгэн асуудал гаргаж цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. Архи уугаад байдаггүй юм. Миний мэдэхийн 6 жил орчим жолооч хийж байгаа. Би болсон асуудлын талаар нь маргааш өдөр л мэдсэн хохирогч нартай нь ч уулзсан гэжээ. /хх-н 47/

            Иргэний хариуцагч Ц.Тэрбиш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 31-65 УНР дугаартай Х.Сонота-6 маркийн автомашин бол байгууллагын эзэмшлийн машин байгаа юм. Гэхдээ энэ машиныг Б.Отгонжаргал хариуцан жолоодож явсан. Гэрээ хийсэн байсан. Манай байгууллага гэрээндээ тусгасан байгаа жолооч өөрөө хариуцна гэжээ. /хх-ийн 54/

         Гэрч Б.Тогтуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Б.Отгонжаргал миний төрсөн дүү байгаа юм. Би гэрчээр байцаалт өгмөөргүй байна гэжээ. /хх-н 48/

          Яллагдагчийг гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 43/  

            Шүүх эмнэлгийн 3709 дүгээр дүгнэлтэд:

1.Ганболдын биед зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн тохой, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 57/

Техникийн шинжээчийн 197 дугаар дүгнэлтэд:

31-65 УНР улсын дугаартай Х.Сонота-6 маркийн автомашины жолооч Б.Отгонжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс  чөлөөлөгдөхгүй, 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг  хүлээнэ: а/тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын  зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.70-09 УНЭ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч З.Оюунбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-ийн 72/

         Б.Отгонжаргалыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 84-87/

          Б.Отгонжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 88 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 93 /, зэрэг болно.

         Б.Отгонжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 109 дүгээр байрны гаднах авто зогсоолын замд Х.Соната -6 маркийн 31-65 УНР дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.”Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй “гэсэн заалтыг зөрчин З.Оюунбаатарын эзэмшилийн Т.Приус маркийн 70-09 УНЭ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 41.400 төгрөгийн шууд, нийт 62.100 төгрөгийн хохирол учруулаад мөн дүрмийн  2.5-д заасан –Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/-д заасан тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы  гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд ач холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/-д заасан зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж  түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт,

          Мөн уг ослын газраас зугатаахдаа зохих ёсны шаардлага тавьсан Ц.Ганболдын гарыг тээврийн хэрэгслийнхээ хаалганы шилэнд хавчуулан 500 метр орчим газар чирч явсаар унаган биед нь зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн тохой, ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. 

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

        Б.Отгонжаргал нь такси үйлчилгээнд явж байгаад ядраад машиндаа унтахдаа 3  шил пиво уугаад унтаад  өглөө сэрээд хүйтэн байсан учир машинаа асаан байрны урд талд нартай газар тавих гэж машинаа жолоодоод явж байрны урд гараад зогсоолд зогсохоор ухрах хөдөлгөөн хийж байх явцдаа ардаа байсан машиныг мөргөсөн зам тээврийн осол гарсан байна.Үүнийг мэдээд түүнийг зогсоох гэж машиных нь хажуугийн шилнээс бариад чи зогсооч гэсэн шаардлага тавьж байсан Б.Ганболдын гарыг шилээ хааж хавчаад зогсолгүй 500 метр орчим газар чирсэний улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн  өөрийнх нь аманд архи амтагдаад байсан учир эрхээ хасуулах байх гэж айн осол болсон газраас санаатай зугтаасан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        Б.Отгонжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг   зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан  гэмт хэрэг,  бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн  216.2  дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

        Шүүх хуралдаанаас өмнө хохирогчид эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн байна.Иргэний нэхэмжлэгчид машины эвдрэлийг засахад гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан байна.

       Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ганболд ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 төгрөг  нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаар гаргаж өгсөн баримтгүй, одоо гаргаж өгөх баримт байхгүй  байх тул баримтаа зохих ёсоор бүрдүүлж ИХШХШТХ-д заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдав. Дөрвөн сарын хугацаанд  ажилгүй  байсан учраас шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192.000 х 4 сараар  бодож нийт 768.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байгааг харгалзан үзэв.

        Энэ  хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, мөн  Б.Отгонжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй  болохыг  дурьдах нь зүйтэй гэж үзэв.

        Б.Отгонжаргал нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс энэ өдөр хүртэл нийт 13 хоног цагдан хоригдсонг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Арвайхээр овогт Батмөнхийн Отгонжаргалыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан  гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус  тогтоосугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонжаргалыг 1  жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2  дэх хэсэгт зааснаар Б.Отгонжаргалыг 1 жилийн  хугацаагаар  хорих  ял тус тус  шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  Б.Отгонжаргалд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн  216.2  дах хэсэгт зааснаар оногдуулсан  1 жилийн  хугацаагаар  хорих  ялд мөн хуулийн  тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1  жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд  биечлэн эдлэх ялыг 2 жилийн  хугацаагаар тогтоосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Отгонжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1,59.2 дах хэсэгт зааснаар Б.Отгонжаргалын цагдан хоригдсон 13 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

          6.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, Б.Отгонжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурьдсугай.

         7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар  Б.Отгонжаргалаас 768.000 төгрөгийг гаргуулж Б.Ганболдод олгох, Б.Ганболд цаашид гарах зардлаа болон бусад зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

         8.Б.Отгонжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

          9.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Отгонжаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ    авсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      

 

              

 

 

 

-