Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0300

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, өмгөөлөгч Л.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 197 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, өмгөөлөгч Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Т, өмгөөлөгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0761/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Л” ХХК-иас Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын сарын 09-ний өдрийн 197 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Шүүх “Д.Б-ийн үл хөдлөх эд хөрөнгө анх бүртгүүлэхдээ бүрдүүлж өгсөн барилгын зураг нь барилгын өмчлөгчөөс анх улсын комиссын акттай хавсарган өгсөн барилгын зурагтай тохирч байгаа эсэхийг тулгаж үзэлгүйгээр иргэн Д.Б-д Ү-2203043836 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон” гэж дүгнэсэн. Иймд “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуулийн 29.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана” гэж хэрэгт авагдсан барилгын зургийг буруу үнэлсэн.

            3.2. Анх Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1 давхрын 25 м.кв талбай болон бусад 2 талбайн хамт нийт 3 өөр давхарт талбай  авахаар орон сууц захиалгын гэрээг “У х” ХХК, “З м” ХМХ-ийн /Б.Б-ийн компани/ хооронд байгуулсан, гэтэл байрыг анх барьсан “У х” ХХК-ийн захирал Ш болон “М м т т х х” ТББ-ын тэргүүн Б нар нь барилгын талбайн асуудлаар маргаж, тухайн барилгын 1 дүгээр давхрын өмчлөгч “М м т т х х” ТББ-ын тэргүүн Батцэрэнгээс В1 давхарт байрлах 25 м.кв талбайгаар арилжиж авсан.

            3.3. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.5-д зааснаар “барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг”-ыг үл хөдлөх эд хөрөнгө анх бүртгүүлэх бичиг баримтын бүрдэлд оруулахаарх хуульд заасан. Энэ утгаараа барилгын анхны өмчлөгч буюу “М м т т х х” ТББ-ын тэргүүн Б нь улсын комиссын акттай хавсарган өгсөн барилгын зургийг үндэслэн түүнийг анхны өмчлөгчөөр бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгийн газрын мэдээллийн санд тухайн барилгын анхны өмчлөгч “М м т т х х” ТББ-ын тэргүүн Б-ийн барилгын зургийг үндэслэн анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн. Улмаар “М м т т х х” ТББ-ын тэргүүн Б нь Д.Б-д 1026 тоот 25 м.кв үл хөдлөх хөрөнгийг худалдаж, гэрээний дагуу тухайн байрны 2 дох өмчлөгчөөр бүртгэгдэж, Ү-2203043836 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон.

            3.4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн барилгын ажлын зураг нь хаана, хэзээ, хэн үйлдсэн нь тодорхойгүй, улсын комисс хүлээн авсан барилгын зураг биш төдийгүй Үл хөдлөх эд хөрөнгийн газрын нэгдсэн бүртгэлд хамрагдаагүй зураг байгаа тул шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчсөн. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д зааснаар захиалагч нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцна. Иймд тухайн барилгын ажлын зургийг бусад өөр этгээдүүд дур мэдэн зохиож, шүүхийг төөрөгдөлд оруулж болохгүй.

            3.5. Иймд Д.Б-ийн барилгын ажлын зураг, анхны өмчлөгч этгээд болох “М м т т х х” ТББ-ын тэргүүн Б-ийн анхны өмчлөгчөөр бүхэлдээ бүртгэгдсэн, уг өмчлөгчийн хүсэлтээр 1026 тоот 25 м.кв талбай нь эд хөрөнгийн эрх улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт салж бүртгэгдсэн тул Б.Б-д шилжүүлэх үед “М м т т х х” ТББ-ын улсын комиссын акттай хавсарган өгсөн барилгын зургийг тулгаж үзэх шаардлагагүй юм. Харин анхны өмчлөгч “М м т т х х” ТББ-ын улсын комиссын акттай хавсарган өгсөн барилгын зургийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг анхны өмчлөгч байгууллага бүрдүүлж өгсөн хүчин төгөлдөр бүртгэл өнөөдөр байгаа болно.

            3.6. Харин анхны өмчлөгчөөс гэрээгээр худалдаж авч байгаа Д.Б Эд хөрөнгийн эрх бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан бичиг баримтын бүрдлийг бүрдүүлж, улмаар орон сууц захиалгын гэрээ болон бусад бичиг баримтыг тулган үзэж, өмчлөгч этгээдийн албан хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө гуравдагч этгээдэд шилждэг болох нь хуульд маш тодорхой заасан нийтэд илэрхий үйл баримт юм.

            3.7. Тодруулбал, Д.Б нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана”, 11.1.1-д “мэдүүлэг гаргасан он, сар, өдөр”, 11.1.2-т “эрх шилжүүлэн авч байгаа этгээд нь иргэн бол иргэний овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар”, 11.1.3-д “гэрээ, хэлцлийн нэр, төрөл”, 11.1.4-д “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар”, 11.1.5-д “хөрөнгийн үнэ”, 11.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана”.гэж хуульд заасан бичиг баримтын бүрдлийг бүрдүүлэх, Улсын бүртгэлийн газар хуульд зааснаас өөр бичиг баримтын бүрдлийг, барилгын ажлын зургийг шаардах эрхгүй, шүүх ийнхүү шийдвэрлэхгүй.

            3.8. Шүүхийн шийдвэрт барилгын ажлын зургуудыг тулган шалга гэсэн үүрэг даалгаврыг Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст тулган шалгахыг даалгаж байгаа нь өөрөө хууль зөрчиж, хуульд заагаагүй, тухайн байгууллагын эрх хэмжээнээс давсан ажиллагааг шаардсан байна. Учир нь анхны өмчлөгч болох “М м т т х х” ТББ-ын ажлын зураг нь хуулийн хүчин төгөлдөр нотлох баримт, тухайн бүртгэл хүчинтэй хэвээрээ байхад дараагийн өмчлөгчөөс анхны бүртгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй юм.

            3.9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2183 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс нь 1026 тоотын 25 м.кв талбайн улсын бүртгэл нь хууль зөрчөөгүй, өмчлөгч нь хууль ёсны болохыг тогтоосон байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг нотлохгүй. Улмаар нэгэнт шийдэгдсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад “Л” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүх хүлээн авч хэрэг үүсгэх үндэслэлгүй.

            3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн ямар хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхойгүй, “Л” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй хуулийн этгээд юм.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 197 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:     

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “Л” ХХК-иас “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргажээ.

2.2. Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1 дүгээр давхар 1026 тоот хаягт байрлах 25 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Д.Б-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000868618 дугаар гэрчилгээг олгосон бөгөөд нэхэмжлэгчээс “...54 дүгээр барилгын 1 давхарт 1026 гэсэн дугаартай ямар ч өрөө байхгүй, мөн анхнаасаа нийтийн эзэмшлийн талбай байсан, улсын бүртгэлийн эрх бүхий албан хаагчид барилгын эскиз зураг, ажлын зураг, 54 дүгээр байрны захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, мөн бодит байдлыг шалгаж үзэлгүйгээр улсын бүртгэж, гэрчилгээ олгосон” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан байна.

2.3. Анхан шатны шүүхээс “...тухайн барилгын өмчлөгчөөс анх улсын комиссын акттай хавсарган өгсөн барилгын зургийг гуравдагч этгээдээс маргаан бүхий талбайг өмчлөгчөөр бүртгүүлэхдээ өгсөн барилгын зурагтай тохирч байгаа эсэхийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийхдээ тулгаж үзэлгүйгээр иргэн Д.Б-д Ү-2203043836 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна, ...дээрх зөрүүтэй байдлыг Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс шалган тогтоосны эцэст бүртгэл хийх нь хуулиар хүлээсэн тухайн байгууллагын үүрэг бөгөөд дээрх ажиллагааг шүүх төрийн захиргааны байгууллагын өмнөөс нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус зааснаас үзэхэд, шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг өөрөө бүрэн цуглуулж, бодит байдлыг тогтоон, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх үүрэгтэй байтал энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр маргаан бүхий улсын бүртгэлийн Ү-2203043836 хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

2.5. Учир нь шүүх гуравдагч этгээд Д.Б-аас 1 давхрын 1026 тоот хаягт 25 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгт хавсарган өгсөн барилгын зураг нь уг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дүгээр барилгын улсын комиссын актад хавсаргасан барилгын зургаас зөрүүтэй эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгч “Л” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөхтэй холбоотой ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой байжээ.

2.6. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                        С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН