Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00017

 

“Х ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 275 дугаар шийдвэр

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар магадлалтай

“Х ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.У, Б.Б нарт холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 30 808 910,68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Г.Угийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Боржигин овогт Гомбын Урангуа, хамтран үүрэг гүйцэтгэгч Бавуудоржийн Батцагаан нь манай банкнаас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1100014819 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 60 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 365 хоногт 22.8 хувийн хувьсах хүүтэй авсан. Зээлийн барьцаанд зээлдэгч Г.Угийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах ГД-000226788, Ү-13174000263 дугаартай 1850 м.кв талбайтай 000226788 гэрчилгээний дугаартай, Г-1317000263 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Г.У нь манай банкинд хүсэлт гарган зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний дуусах хугацааг 14 сараар сунгаж, зээлийн дансны дугаар 1100020799 болгон нөхцөл өөрчилсөн. Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч банктай байгуулсан 1100014819, 1100020799 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн бусад үүрэг хариуцлагаа удаа дараа зөрчин, зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөлгүй 412 хоног хугацаа хэтэрч, бидний ажилд хүндрэл учруулсан болно. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Х ХХКны 1100014819, 1100020799 тоот зээлийн гэрээний 1.10, 1.11, 1.12, 1.15, 2.1, 3.2.4, 3.2.7, 3.2.8, 3.2.10, 3.5, 4.4 заалтуудад болон бусад заалтуудад заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100014819, 1100020799 тоот “Зээлийн гэрээ”-г дуусгавар болгож, гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 23.551.00468 төгрөг, зээлийн хүү 6.749.416 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508.490 төгрөг, нийт 30.808.91068 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...,

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах, гэж заасны дагуу зээлдэгчийн зээлийн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.У, Б.Б нар  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Эрүүл мэндийн шалтгаанаас болж зээлээ төлж чадаагүй. Х ХХКнаас нэхэмжилж буй төлбөрийн зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Үндсэн зээлээ бүрэн төлж дууссан.

2. Зээлийн хүү 6 749 416 төгрөгийн 50 хувь 3 374 708 төгрөгийг хөнгөлж өгнө үү.

3. Нэмэгдүүлсэн хүү 508 490 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.Үүргийн гүйцэтгэлээр барьцаа хөрөнгө хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Х ХХКнаас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 60 000 000 төгрөгийн зээл авч зээлээ графикийн дагуу нэг ч хоцролгүйгээр төлж явсан. 2015 оны 12 дугаар сараас эрүүл мэндийн шалтгаанаар Япон улс руу явж дугуй сэлбэгний бизнесээ хийж чадахгүй болж, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, зээлээ бага багаар төлж яваад улс оронд хямрал болж дугуй зарагдахгүй эргэлтийн мөнгө байхгүй болсон тул зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Зээлийн гэрээгээ цуцлахгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр уг гэрээ дуусах тул сунгаж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.У, Б.Б нараас 30.808.910,68 төгрөгийг гаргуулан Х ХХКны Сэлэнгэ салбарт олгож, Иргэний хуулийн 174 дүгээр 174.1, 175 дугаар 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах ГД-000226788, Ү-13174000263 дугаартай 1850 м.кв талбайтай 000226788 гэрчилгээний дугаартай, Г-1317000263 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК Сэлэнгэ салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 312.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 275 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 311.995 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Х ХХКнаас 60 000 000 төгрөгийн зээл авч, зээлээ графикийн дагуу нэг ч хоцролгүй төлж байгаад 2015 оны 12 сараас эрүүл мэндийн шалтгаанаар Япон улс руу дугуй сэлбэгний бизнесээ хийж чадахааргүй болсон. 2016.02.26-нд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлээ бага багаар төлж яваад улс оронд хямрал болж дугуй зарагдахгүй эргэлтийн мөнгө байхгүй болсон тул зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Анхан шатны шүүх Х ХХКны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүнд би давж заалдсан боловч хэвээр баталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн нэг хэсэгт гомдол гаргаж байхад бүхэлд нь шийдэж, улсын тэмдэгтийн хураамж 311 995 төгрөг төлүүлсэн. Гэтэл би давж заалдах гомдол гаргахдаа зээлийн хүү 6 749 416 төгрөгийн 50 хувь болох 3 374 708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508 400 төгрөгт гомдол гаргасан.

Зээлийн гэрээ ялимгүй зөрчсөн байхад Х ХХК шүүхэд өгч, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Миний бие өвчтэй байсан хугацаа, бизнес зогссон хугацааг харгалзан үзэлгүй зээлийн хүү 50 хувиар, нэмэгдүүлсэн хүүг хасч шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Иймд зээлийн хүү 6 749 416 төгрөгийн 50 хувь болох 3 374 708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508 400 төгрөг, нийт 3 883 198 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х ХХК” ХХК нь Г.У, Б.Б нарт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 30 808 910,68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Зохигчийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр №1100014819 дугаартай “Зээлийн гэрээ”, №1100014819-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” тус тус байгуулагдсан, зээлдүүлэгч 60 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нар гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулах үүрэг тус тус хүлээжээ.

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулж, үлдэгдэл 32 700 000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусгахаар гэрээний хугацааг 14 сараар сунгаж, эргэн төлөлтийг хуваарийг шинэчлэн тогтоосон байна.

Гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар зохигч маргаагүй, харин хариуцагч нь 2015 оныг дуустал зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж, 2018 оны 03 дугаар сар хүртэл боломжоороо төлбөр төлж байсан, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч “Х ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 30 808 910,68 төгрөгийн үндэслэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тооцоо, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хоёр шатны шүүх хариуцагчийн үүргийн хэмжээг тогтоохдоо гэрээний үүрэг, төлөлт хийсэн хугацаа, төлбөрийн хэмжээ, хэтэрсэн хугацаа зэрэг асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлосон баримт хэрэгт байхгүй, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон хугацаа, үндэслэл тодорхойгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байхад анхан шатны шүүх маргааны зүйл, үндэслэлийг тодруулалгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтад нийцээгүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч Г.Угийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байх боловч хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасч тооцох боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 275 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Г.Угаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 082 төгрөгийг шүүгчийн захирамжаар Г.Уд буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                     Х.ЭРДЭНЭСУВД