Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         Букитоки ХХК-ийн захирал Б.Наранцэцэгийн

                             нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00505 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Букитоки ХХК-ийн захирал Б.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Орхонгэрэл, Ш.Эрдэнэбаатар нарт холбогдох

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 2.100.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Букитоки ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Букитоки ХХК-ий барьцаалан зээлдүүлэх үйлчилгээгээр хариуцагч Орхонгэрэл, Эрдэнэбаатар нар нь эртнээс үйлчлүүлж байсан ба бид итгэлцлийн үндсэн дээр зээл гаргаж байсан. 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 08 дугаар саруудад барьцаалан зээлдэх хуудсаар болон зээлийн хуудас, гэрээгүйгээр нийт 2 100 000 төгрөг Нармандах, Энхжаргал гэсэн нэрүүдийг бичүүлж, Орхонгэрэл, Эрдэнэбаатар нар зээл авсан байна. Жагсаавал:2014-11-22-ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй 600 000 төгрөг, 2015-01-08-ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй 400 000 төгрөг /Эрдэнэбаатар гарын үсэг зурсан/, 2015-01-25 ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй 300 000 төгрөг, 2015-08-31-ний өдөр 1 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 200 000 төгрөг, үйлчилгээний хуудас, гэрээгүй, итгэлцлээр 600 000 төгрөг, бүгд 2 100 000 төгрөг зээлдүүлсэн тооцоо байна. Зарим үед хугацаагаа сунгуулж, алдаг оног хүү төлж байсан. 2016 он гарсаар ямар ч төлбөр хийхээ больсон. Шаардахаар удаахгүй өгнө гэдэг. Саяхан хүртэл би та нараас хүү, алданги гэхээ больёо ... зөвхөн үндсэн зээл 2 100 000 төгрөгөө төл гэхээр ... 12 сарын 15-наас хойш бага багаар нь төлнөө... гэсэн мессэж Орхонгэрэл явуулсан байх тул үндсэн зээл 2 100 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Орхонгэрэл, Эрдэнэбаатар нараас үндсэн зээл 2 100 000 төгрөгийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар гаргуулж, Букитоки ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: З.Орхонгэрэл миний бие нь иргэн Б.Наранцэцэгээс анх 2014 оны 07 сарын 07-нд Хануйгийн рашаанд амарч байхад машин эвдэрч хадам ээж болон нөхөр Ш.Эрдэнэбаатар нар нь утсаар ярьж ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй 600 000 төгрөгийг авсан. Сар болгон 12%-иар бодож 72 000 төгрөгийг өгч байгаад дахин 2014 оны 11 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ хийж 600 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 12%-ийн хүүтэйгээр, дараа нь 2015 оны 01 сарын 08-нд гэрээ байгуулж 400 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 15%-ын хүүтэйгээр, 2015 оны 01 сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, 300 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 15%-ийн хүүтэй, 2015 оны 08 сарын 31-ний өдөр гэрээ байгуулж 200 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 12%-ийн хүүтэйгээр, нийт 2 100 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн.

Дээрх зээлүүдийг авсан үеэс хүүг сар болгон төлж байгаад 400 000 ₮, 30 000 ₮-н хүүг 2015 оны 05 сарын 23-наас хойш, 1 200 000 төгрөгний хүүг 2015 оны 08 сарын 08-аас хойш төлж чадаагүй байж байгаад 2015 оны 09 сард цалингаа аваад 2015 оны 09 сарын 20-ны өдөр Б.Наранцэцэг эгчийг дуудаж Ази ресторанд хоолонд орж бид 2 тооцоогоо нийлж 2015 оны 05 сарын 23-наас 2015 оны 09 сарын 20-ний 400 000 төгрөгний хүү гэж 121 хоног 0,4%-иар бодож 193 600 төгрөг, 300 000 төгрөгний хүү гэж 121 хоногийн 0,4%-иар бодож 145 200 төгрөгийг, 2015 оны 08 сарын 08-наас 2015 оны 09 сарын 20-ны байдлаар 1 200 000 төгрөгний хүү гэж 44 хоног 10%-иар бодож 174 240 төгрөг, нийт 513 040 төгрөгийг өгсөн.

Миний бие дээрх зээлж авсан мөнгөнүүдийн хүүг сар болгон төлж байсан. Тооцоо хийхэд : 2014 оны 07 сарын 07-ны өдөр авсан 600 000 төгрөгний хүү гэж 2015 оны 08 сарын 08-ны өдөр хүртэл буюу 390 хоног /1 жил 1 сар/-ыг 12%-иар бодож 936 000 төгрөг, 2014 оны 11 сарын 22-ны өдөр авсан 600 000 төгрөгний хүү гэж 2015 оны 08 сарын 08-ыг хүртэл буюу 254 хоног /8 сар 14 хоног/-ийг 12%-иар бодож 609 600 төгрөг, 2015 оны 01 сарын 25-ны өдөр авсан 300 000 төгрөгний хүү гэж 2015.05.23-ны өдөр хүртэл 118 хоногийн 15%-иар бодож 177 000 төгрөг, 2015.01.08-ны өдөр авсан 400 000 төгрөгний хүү 2015.05.23-ны өдөр хүртэл 135 хоногийн 15%-иар бодож 270 000 төгрөгийг тус тус төлж байсан.

Мөн 2015 оны намар Хөх хот эмчилгээнд явлаа гэж ажил дээр ирээд 350 000 төгрөг бэлнээр авсан. Мөн 10 сард миний бие машинаа зараад 936 000 төгрөг тус тус өгч байсан. Б.Наранцэцэг эгчид нийтдээ 3 791 640 төгрөг төлсөн. Гэтэл нэг ч удаа үндсэн зээлээс хасаагүй. Бид 400 000, 200 000, 300 000, 600 000 төгрөгөнд гэрээ байгуулсан ба гэрээний хугацааг нэг ч удаа бичгээр сунгаж байгаагүй. Миний бие 2 301 000 төгрөгийг төлөх ёстойгоос 3 791 640 төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00505 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-д заасныг баримтлан З.Орхонгэрэлээс 1 700 000 төгрөг, Ш.Эрдэнэбаатараас 400 000 төгрөг гаргуулан Букитоки ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 48 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 48 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Барьцаалан зээлдүүлэх хуудаснуудад ямар барьцаалан зээлдүүлэх газраас зээл олгож байгаа нь тодорхой заагдаагүй, зээлдэгчийн овог нэр тодорхой бус регистрийн дугаар нь огт бичигдээгүй, зээлдүүлэгч нь хэн болох нь тодорхой бус байгаагаас харахад дээрх гэрээнүүдийн аль нь ч бичгээр байгуулах гэрээний шаардлагыг хангахгүй байна.

Хариуцагч нарын дотор Ш.Эрдэнэбат, Нармандах, Энхжаргал гэсэн нэртэй хариуцагч нар байхгүй байхад шүүх хүчингүй болсон шийдвэрийн хурлын тэмдэглэлийг хөтөлбөргүй нотлох баримтаар үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн явдал нь зүйд нийцсэнгүй.

ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.11-д заасанчлан мөн хуулийн 62-р зүйлийн 62.1.3-т заасан хариуцагчийн нэр тодорхой бус /тухайлбал нэхэмжлэл дээрээ хариуцагч Ш.Эрдэнэбат/ 62-р зүйлийн 62.1.4-т заасан "нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт"-аа шүүхэд ирүүлээгүй байхад шүүх Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.2-т заасан гэрээг бичгээр байгуулсанд тооцох нөхцөлд нийцэхгүй байхад "БУКИТОКИ" ХХК-ч барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан байна гэсэн дүгнэлтийг хийсэн явдал нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох учиртай байсан.

Хариуцагчийн тайлбараас харахад хамаатныхаа Наранцэцэгээс мөнгө аваад цааж өгсөн тухай тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ч хүү төлж байсан тухай байдаг шүүх үүнд огт дүгнэлт хийсэнгүй. Иймд: Дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Букитоки ХХК /Д.Наранцэцэг/ нь хариуцагч З.Орхонгэрэлээс 1.700.000 төгрөг хариуцагч Ш.Эрдэнэбаатараас 400.000 төгрөг нийт 2.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчдын хооронд барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох гэрээ хийгдсэн байна.

Хариуцагч З.Орхонгэрэл нь Букитоки ХХК –иас 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300.000 төгрөг 15 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 600.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 12 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай, хариуцагч Д.Эрдэнэбаатар 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 400.000 төгрөг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй гэрээгүйгээр 600.000 төгрөгийг тус тус зээлж авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч нар нийт 2.100.000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргадаггүй ба 3.791.640 төгрөг буцаан төлсөн одоо төлөх төлбөргүй гэж тайлбар гарган мэтгэлцсэн боловч нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан гэрээний хугацаа үүссэн хариуцагч нар нийт 2.100.000 төгрөг хүлээн авсан болох нь тогтоогдсон нэхэмжлэгч гэрээний дагуу шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр хариуцагч З.Орхонгэрэлээс 1.700.000 төгрөг, хариуцагч Ш.Эрдэнэбаатараас 400.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Букитоки ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг, барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгосон нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх хуудас гэсэн баримтыг “зээлийн гэрээ” гэж үзсэн хэдий ч харилцан итгэлцлэлийн үндсэн дээр хөдлөх хөрөнгийн барьцаагүй зээл олгосныг буруутгах боломжгүй барьцаалан зээлдүүлэх газраас олгосон зээл биш иргэд хоорондын зээл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч З.Орхонгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ