Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0186/З |
Дугаар | 221/МА2023/0338 |
Огноо | 2023-05-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2023/0338
А.Э-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Гомдол гаргагч: А.Э
Дүгнэлт гаргагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Б
Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Э.А
Гомдлын шаардлага: Нислэгийн аюулгүй ажиллагааны хянан зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 269 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагч А.Э, түүний өмгөөлөгч Г.Г, Г.М, хариуцагч Э.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э
Хэргийн индекс: 128/2023/0186/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 269 дүгээр шийдвэрээр:
1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.9, 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зуйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Иргэний нисэхийн Ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.Аийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0080003 дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-д заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Б-ээс Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А-ийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Гомдол гаргагч А.Э, түүний өмгөөлөгч Г.Г нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: МИАТ ТӨХК-ийн нисгэгч, хөлгийн дарга А.Э, хоёрдугаар нисгэгч Б.О бид 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Боинг767-300 агаарын хөлгөөр Парис- Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байх явцад MASEK цэгээс SUBIX цэг хүртэл зайд онгоцны холбоо ажиллагаагүй болсон бөгөөд нисгэгчид агаарын хөлөг холбоогүй болсныг өөрсдөө тодорхойлж удаа дараа оролдлого хийснээр холбоогоо сэргээн хүрэх газартаа саадгүй хүрч, аюулгүй газардсан. Гэвч Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналын байцаагч Э.А нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний Нисэхийн Тухай хуулийн 42.1 дүгээр зүйл "Нислэг-техникийн осол, зөрчил болон нислэг-техникийн осол, зөрчлийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба гүйцэтгэнэ...” гэж заасныг зөрчин дээрх нислэгийн явцад Зөрчлийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034813 дугаар шийтгэлийн хуудсаар А.Э миний агаарын хөлгийн дарга байх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.
2.2.Уг гомдлыг хянан шийдвэрлээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 128/ШШ2022/0779 дугаар шүүхийн шийдвэр гарсан. Дээрх шийдвэрээр "Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034813 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Ингээд хяналтын байцаагч Э.А нь дахин 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 008003 дугаартай шийтгэлийн хуудсаар А.Э-д нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба шийтгэлийг нэн даруй биелүүлэхийг шаардсан албан бичгийн хамт МИАТ ТӨХК-д явуулсан. Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч дахин шүүхэд гомдол гаргасан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан шатны Шүүхээс шийтгэлийн хуудсыг дахин 3 сараар түдгэлзүүлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.3.Учир нь хөлгийн дарга А.Э нь дахин ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлэх, холбоо харилцааны талаар нисгэгчдэд зөвлөмж гаргуулах, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор хөлгийн холбоо харилцаанд саатал гарсан талаар өөрөө "Captain report" буюу "Агаарын хөлгийн даргын илтгэх хуудас"- аар бичгээр мэдэгдсэн. Холбоо, харилцаа хэсэг хугацаанд тасарснаас үүдэн ямар нэгэн байдлаар хохирол учирсан зүйл байхгүй, хохирсон хүн, хуулийн этгээд байхгүй. Мөн Европын холбооны Нислэгийн Хөдөлгөөнийг Удирдах төвөөс ирүүлсэн бичигт "Нислэгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлээгүй тохиолдол" гэж заасан байдаг.
2.4.Мөн Олон Улсын Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн дагуу гишүүн орнууд нь өөрийн орны агаарын зайн хууль, дүрмийг зөрчсөн тухай Гадаад Хэргийн Яамны шугамаар ноот бичиг ирүүлж мэдээлнэ гэж заасан байдаг бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаар Гадаад хэргийн яаманд ноот бичиг ирсэн, гадны байгууллагуудаас гомдол, мэдээлэл ирсэн асуудал огт байхгүй болох нь тогтоогддог бөгөөд гагцхүү А.Э миний өгсөн "Агаарын хөлгийн даргын илтгэх хуудас"-ыг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шийтгэл оногдуулсан. Монгол улсын 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэгдэн орсон Олон Улсын Иргэний Нисэхийн тухай Чикагогийн конвенцийн ANNEX-19 (хавсралт 19)-ийн 5.3-т "Аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах" шийтгэлээс ангид байх зохицуулалт байдаг. Үүнд: "... Хавсралт 19. Аюулгүй байдлын удирдлага: 5.3 Аюулгуй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах, 5.3.1 Стандарт Гишүүн улс нь Хавсралт 3-ын дагуу аюулгүй байдлын сайн дураар мэдээлэх систем болон холбогдох эх үүсвэрээс гаргаж авсан аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах үүрэгтэй.
2.5.Тэмдэглэл - Энэ эх үүсвэрт хувийн болон байгууллагын мэдээлэл багтана. Тэмдэглэл-1 Шийтгэлээс ангид байх зарчим нь сайн дурын мэдээллийн үндэс суурь, Тэмдэглэл-2 Гишүүн улс бүр нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болох тохиолдол бүрийг сайн дураар мэдээлэх тогтолцоог холбогдох хууль, дүрэм, журмыг шаардлагатай байдлаар сурталчлахыг хөхүүлэн дэмжих ёстой. 5.3.2 Зөвлөмж-Гишүүн улс нь аюулгүй байдлын заавал мэдээлэх систем болон холбогдох эх үүсвэрээс гаргаж авсан, 5.3.1-д заасан аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийн хамгаалалтыг чангатгана.
Тэмдэглэл 1-Ажилтан болон нислэгийн үйл ажиллагааны ажилтны сургалт болон туршлагаас шалтгаалсан тэдний алдаа, эсхүл үйлдлийн төлөө шийтгэл хүлээлгэхгүй байх мэдээллийн тогтолцоо нь аюулгүй байдлын мэдээллийн үндэс суурь юм.
Тэмдэглэл 2-Аюулгүй байдлын заавал болон сайн дураар мэдээлэх системтэй холбоотой гарын авлага Аюулгүй байдлын удирдлагын зааварт (SMM)(Doc 9859) байгаа” гэж заасан байдаг. Мөн Чикагогийн конвенцийн дагуу боловсруулсан Иргэний Нисэхийн Дүрэм-12 (ИНД- 12)-ийн 12.63 дахь хэсэгт “...12.63.Шийтгэлээс ангид байх АХОШШБ болон ИНЕГ нь дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээдийн энэ дүрмийн дагуу өгсөн мэдээллийг мөрдөн шалгах, эсхүл хариуцлага тооцох зорилгоор ашиглахгүй, эсхүл ашиглах боломж олгохгүй, (1) тухайн мэдээлэл нь хүн, эсхүл өмч хөрөнгөд хэрэгцээ шаардлагагүйгээр аюул учруулсан үйлдэл, эсхүл эс үйлдлийг илчилсэн бол; эсхүл (2) хуурамч мэдээлэл өгсөн бол, эсхүл (3) Агаарын Хөлгийн Ослыг Шинжлэн Шалгах Байгууллага болон ИНЕГ нь мэдээллийг хуулийн дагуу, эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгөх үүрэг хүлээсэн бол" гэж заасан байдаг.
2.6.Нисгэгчийн зүгээс ИНД-12-ийн 1263-т заасны дагуу онгоцны харилцаа холбооны төхөөрөмжинд гарсан гэмтэл, саатлыг мэдээлсэн. Гэтэл миний өөрийн өгсөн мэдээллийн дагуу миний нисгэгчийн мэргэжлийн эрхийг хасна хэмээн танилцуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хэрвээ шийтгэлээс ангид байх зарчим хэрэгжихгүй бол бүхий л нисгэгчид онгоцонд гарсан том, жижиг ямар ч гэмтэл, саатлыг мэдээлэхээ болих ба энэ нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц муу үр дагаварт хүргэнэ. Олон улсын нисгэгчдийн холбооны "IFALFA" 2021 оны 09 дүгээр сарын 29-ны тунхаг бичигт буюу зөвлөмжид мэдээлэл өгснийх нь төлөө шийтгэл хүлээлгэх нь нислэгийн аюулгүй байдалд хор хөнөөлтэй байдаг учраас шийтгэлээс ангид байх шаардлагатай гэсэн байдаг. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ" гэж заасны дагуу Олон Улсын Иргэний Нисэхийн тухай Чикагогийн конвенцийн ANNEX-19 (хавсралт 19)-ийн 5.3-т заасны дагуу шийтгэлээс ангид байх эрхтэй. Нисгэгч нь онгоцонд суусан нисэх багийн болон зорчигчдын амь насыг хариуцаж байгаагийн хувьд техникийн дутагдлыг цаг тухайд нь нуухгүйгээр, шийтгүүлэхээс айхгүйгээр мэдээлж байх нь нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх үндэс болдог. Иймээс ч Олон гэрээ конвенцийн дагуу шийтгэлээс ангид байх эрхийг зохицуулж өгсөн байдаг. Өөрийн мэдээллийг өөрийнх нь эсрэг ашиглаж, шийтгэлээс ангид байх эрхийг эдлүүлэлгүйгээр шийтгэл оногдуулснаар бусад нисгэгч нар аливаа техникийн алдаа дутагдлыг мэдээлэхгүй болж, аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй юм.
2.7.2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Тээврийн Прокурорын Газрын хяналтын прокурор В.Б нь "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" прокурорын дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлсэн байдаг. Уг дүгнэлтээрээ хяналтын байцаагч Э.А-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл "Шударга ёсны зарчим"-ын 2 дахь хэсэгт "Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна" гэж, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5-д заасан “...тухайн зөрчлийг үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол", 6.1 дүгээр зүйлд заасан "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл" зэрэг хуулийн заалтуудыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болжээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэвч энэхүү дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан шалтгаан нь миний эрхийг дахин зөрчиж байна гэж үзэхэд хүргэлээ.
2.8.Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйл 14.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1 дэх хэсэг. Монгол Улсын Шүүхийн Тухай Хуулийн 7 дугаар зүйл 7.1 дэх хэсэгт заасны дагуу хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхтэй. Шүүх тухайн хэрэг маргаанд хөндлөнгийн байр суурьтай оролцож, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх ёстой.
2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн нислэгийн үед агаарын хөлгийн дарга А.Э намайг Иргэний Нисэхийн Тухай хуулийн 42.1 дүгээр зүйл Нислэг техникийн осол, зөрчил болон нислэг-техникийн осол, зөрчлийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба гүйцэтгэнэ..." гэж заасныг зөрчин дээрх албаны шийдвэргүйгээр Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж үндэслэн Зөрчлийн хэрэг нээж шийтгэл оногдуулсан. Шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгаж шийдвэрлэх ёстой. Гэтэл ЭШШТХуулийг ноцтой зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Холбогдогчоос буюу надаас огт мэдүүлэг аваагүй бөгөөд яагаад мэдүүлэг аваагүй шалтгаанаа "дуудахад ирээгүй" гэж гүтгэн тайлбарладаг.
2.9.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0779 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагчийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034813 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, ЗШШТХуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжийг 2 дахь удаагаа олгосон. Гэтэл хяналтын байцаагч Э.А ЗШШТХуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа явуулалгүйгээр дахин 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 дугаар шийтгэлийн хуудас гаргасан.
2.10.Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0269 дугаартай шийдвэрээр шийтгэлийн хуудсыг дахин 3 сараар түдгэлзүүлж, хариуцагчид 3 дахь удаагаа ЗШШТХуульд заасны дагуу шалган шийдвэрлэх боломжийг олгож байгаад гайхаж байна. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 2.8 дахь хэсэгт (шийдвэрийн 14-р тал) хэрхэн яаж залруулах талаар нэг бүрчлэн зааварчилгаа өгч Тээврийн прокурор Д-ийн дүгнэлттэй захиргааны хэргээс зөрчлийн хэргийг хуулбарлан авч 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 128/ШШ2022/0779 дугаар шүүхийн шийдвэрийн 11,12,15 хэсэгт заасан ажиллагааг хий гэж шууд заан өгч байгаа нь шүүх хөндлөнгийн байр суурьтай байх, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж байна.
2.11.Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 2.9 дэх, 2.10 дахь хэсэгт (шийдвэрийн 15-р тал) А.Э-ын зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлд заасан аль зөрчил эсэх талаар шалган тогтоох шаардлагатай гэх дүгнэлтийг хийсэн. Гомдол гаргагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэж заасан байхад хяналтын байцаагч Э.А төсөөтэй хэрэглэж байгаа талаар тайлбарлаж, 2 удаа үйлдсэн шийтгэлийн хуудсанд аль алинд нисэхийн үйл ажиллагаа эрх гэдэгт агаарын хөлгийн даргын үйл ажиллагаа болон нисгэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа орохгүй талаар тайлбарлаж маргадаг. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээ гарч байгаа бол өөр зүйл заалтаар шийтгэл оногдуул гэсэн агуулга бүхий шийдвэр гаргасан нь илтэд үндэслэлгүй бөгөөд шүүх хөндлөнгийн байр суурьтай байх, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналын байцаагч Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ёстой атал ЗШШТХуулийг удаа дараа ноцтой зөрчсөн байхад 3 дахь удаагаа засаад шийтгэ гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Дүрмийг биелүүлнэ гэсэн шалтгаанаар хуулийг удаа дараа зөрчиж болохгүй болов уу.
2.12.Маргаан бүхий үйл явдал болсноос хойш бүтэн 1 жил 1 сарын хугацаа өнгөрөөд байна. А.Э миний бие 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034813 дугаар шийтгэлийн хуудсаар агаарын хөлгийн дарга байх эрхийг хассанаас хойш түдгэлзүүлсэн захирамж гарч, ИНЕГ-аас МИАТ ХК-руу шүүгчийн захирамжийн дагуу надад нисэх зөвшөөрөл олгох хүртэл 5 сар гаруйн хугацаанд нислэгийн үйл ажиллагаанд оролцоогүй, дахин 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 008003 дугаартай шийтгэлийн хуудсаар дахин нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасах шийтгэл ноогдуулснаас шийтгэлийн хуудасны биелэлтийг түдгэлзүүлж, тухайн шүүгчийн захирамжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж нислэгт гарах хүртэл 2 сар нислэгээс завсардсан. Нийт 7 сар нислэгт гаралгүй шийтгэлийн хуудаснуудад заагдсан нэг жил эрх хасах шийтгэлийн талаас илүүг шийтгэлийн хуудас хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад биеэр эдэлж, эд хөрөнгө болоод сэтгэл санаагаараа хохироод байна. Тэтгэвэрт гарах дөхсөн миний хувьд бүтэн 7 сарын хугацаанд нислэгт гаралгүй цалин хөлс огцом буурч доголдож байгаа нь эргээд 30 жил ниссэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, тэтгэвэр тогтоолгоход тэтгэврийн хэмжээнд хүртэл огцом нөлөөлж намайг хохироож байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0269 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагч А.Э-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул хэргийг гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс засах, дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.
1.Анхан шатны шүүхээс дор дурдсан А.Э-ын гаргасан гомдол болон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Б-ийн дүгнэлтийг тус тус хянан хэлэлцээд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргуулахаар 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, харин маргаан бүхий прокурорын дүгнэлтийг “шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. Үүнд:
1.1.Гомдол гаргагч А.Э-ын “Нислэгийн аюулгүй ажиллагааны хянан зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий, Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А-д холбогдуулан гаргасан гомдол,
1.2.Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Б-ийн “Нислэгийн аюулгүй ажиллагааны хянан зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”, Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А-д холбогдуулан гаргасан дүгнэлт.
2.Анх Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А нь “2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034813 дугаар шийтгэлийн хуудсаар “Парис-Улаанбаатар чиглэлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн MGL7146 дугаартай нислэг нь ХБНГУ болон БНПУ-ын газар нутаг дээгүүр радио холбоо тогтоолгүйгээр 58 минутын турш нислэг үйлдэж, улмаар БНПУ-ын зэвсэгт хүчин байлдааны сөнөөгч 2 агаарын хөлгийг хөөргөж, агаарын хөлгийг тусгаарлан хязгаарласан” буюу Зөрчлийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан үндэслэлээр гомдол гаргагч А.Э-ын агаарын хөлгийн дарга байх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
3.Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар А.Э-аас захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 779 дүгээр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, уг шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчид гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4.Дээрх шүүхийн шийдвэрээр хариуцагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, тодруулбал, гомдол гаргагчийн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, эх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч авах, зөрчлийн хэрэгтэй танилцах эрхүүдийг эдлүүлээгүй, холбогдогчоос мэдүүлэг аваагүй, Зөрчлийн хэргийн тухай тогтоолыг прокурорт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, байцаагчийн дүгнэлт гаргаж холбогдогчид танилцуулаагүй, дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангаагүй, маргаан бүхий захиргааны актыг танилцуулж, хүргүүлээгүй зэрэг зөрчил гаргасан гэж үзэн, дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
5.Энэхүү шийдвэр гарснаас хойших хугацаанд хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 дугаар шийтгэлийн хуудсыг гаргаж, өмнөх шийтгэлийн хуудсанд бичигдсэн “агаарын хөлгийн дарга байх эрхийг” гэдгийг “нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг” гэж зөвтгөн, МИАТ ТӨХК-ийн нисгэгч, 6767 агаарын хөлгийн дарга А.Э-д Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3-т зааснаар 300 нэгжээр торгож, нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.
6.Тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргагч А.Э-аас дээд шатны байгууллага болох Иргэний нисэхийн ерөнхий газар, Тээврийн прокурорын газар, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорт тус тус гомдол гаргаж, түүний гомдолд Иргэний нисэхийн ерөнхий газраас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/189 албан бичгээр[1], Тээврийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар албан бичиг[2], хариу мэдэгдэх хуудас[3] зэргээр тус тус гомдлын хариуг өгчээ.
7.Мөн Тээврийн прокурорын газрын прокурорын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар дүгнэлтээр “А.Э-д холбогдох зөрчлийн хэргийг урьд шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад, ямар нэгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр иргэн А.Э-ыг шүүхээр шийдвэрлэсэн ... хэрэгт холбогдуулан ... шийтгэл дахин оногдуулсан нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр хариуцагч Э.А-ийн гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргажээ.
8.Дээр дурдсан маргааны үйл баримтаас үзэхэд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 779 дүгээр шүүхийн шийдвэрт дурдсан “зөрчлийн хэрэгтэй танилцах, прокурорт танилцуулж, гарын үсэг зуруулах, дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангах” зэрэг үндэслэл арилж, зөрчлийн холбогдогч А.Э нь шийтгэлийн хуудсанд гарын үсэг зураагүй боловч түүнийг олж мэдэн, уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч эрх бүхий этгээдэд гомдол гаргаж, эрх бүхий этгээд болон прокурор нь түүний гомдолд хариу өгсөн, мөн уг шийтгэлийн хуудсыг прокурор танилцаж, прокуророос дүгнэлт гаргасан зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.
9. Мөн зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад зөрчлийн нөхцөл байдлыг хянан шалгаж Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчийн дүгнэлт гарсан, ХБНГУ-ын REIN нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй харилцаж холбоо тасарсан үеийн нөхцөл байдлыг тодруулсан, БНПУ-ын НХУТ-тэй харилцаж холбоо тасарсан үеийн нөхцөл байдлыг тодруулж, холбогдох зөвлөмжүүдийг гаргасан зэргээр зөрчлийг шалгаж тогтоох, холбогдох 10 гаруй баримт, 6 зөвлөмж гаргах зэргээр зөрчлийг шалгасантай холбоотой хангалттай баримт шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан гэж үзэхээр байна.
10.Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар “гомдол гаргагчийн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчлийн хэрэгтэй танилцах эрхүүдийг эдлүүлээгүй, холбогдогчоос мэдүүлэг аваагүй, прокурорт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, байцаагчийн дүгнэлт гаргаж холбогдогчид танилцуулаагүй, дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангаагүй, маргаан бүхий захиргааны актыг танилцуулж, хүргүүлээгүй” зэрэг үндэслэлийг хариуцагчаас дахин тодруулах шаардлагагүй, уг нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүхээс эдгээр үндэслэлийг хариуцагч улсын байцаагчийг дахин тодруулах шаардлагатай гэж, дахин шинэ акт гаргуулахаар 3 сарын хугацаагаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
10.Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар анхан шатны шүүхээс гомдол гаргагчийн маргаж буй үндэслэлтэй шууд холбоотой, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд гомдлын үндэслэлд дүгнэлт өгөх, цаашлаад маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргасан хууль зүйн үндэслэл, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан тайлбарлан хэрэглэх боломжтой байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг гаргажээ.
11.Түүнчлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 779 дүгээр шийдвэрт “Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гомдол гаргагч А.Э-ыг маргаан бүхий тохиолдолд зөрчил гаргаагүй, иргэний нисэхийн дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн.
Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны 269 дугаар шийдвэрийн 2.10-т “А.Э-ын үйлдэл дээрх Зөрчлийн тухай хуульд заасан аль зөрчил эсэх талаар шалган тогтоох шаардлагатай бөгөөд энэ ажиллагааг мөн шүүх гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасантай нийцээгүй бөгөөд хариуцагчийг зөрчил шалгах ажиллагааг дахин явуулж зөрчлийг нотлох, маргаан бүхий актын үндэслэл нотлогдоогүй байхад шийтгэл ногдуулсан гэж үзэх боломжгүй.
12.Дээрхээс гадна маргаан бүхий прокурорын дүгнэлт нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гарсан бөгөөд захиргааны хэргийн шүүхэд уг дүгнэлтийг гаргасан өдрөө буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ний өдөр хүргүүлж, Захиргааны хэргийн шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уг дүгнэлтийн дагуу захиргааны үүсгэсэн гэдэг нь тогтоогдож байна.
Гэтэл энэхүү бодит нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр гомдол гаргагч А.Э-ын Тээврийн прокурорын газарт гаргасан гомдлын хугацааг үндэслэн “шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” үндэслэлээр маргаан бүхий прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг анхан шатны шүүхээс мөн зөрчсөн гэж үзэхээр байна.
Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ