| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 106/2017/0568/Э |
| Дугаар | 616 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 616
П.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Байгалмаа,
шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А-н өмгөөлөгч Д.Гангантөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.А-т холбогдох 1811001750132 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн П-н А, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр ........ аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .............. дүүргийн ... дүгээр хороо, ............. дугаар гудамжны ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;
П.А нь 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжинд хохирогч Б.П-н амыг гараараа дарж, газарт унаган, хүч хэрэглэж, бэлэн 120.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнхийг дээрэмдэн авч 162.500 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар гудамжинд хохирогч М.М-г газарт унаган, хүч хэрэглэж, цүнхтэй эд зүйл болон “Айфон-5” загварын гар утсыг дээрэмдэн авч, 520.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.А-с 162.500 төгрөг гаргуулж, хохирогч Б.П-д олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, П.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.А-н өмгөөлөгч Д.Гангантөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…П.А нь бусдыг дээрэмдэхдээ ямар нэгэн зодож танхайрсан үйлдлийг хийгээгүйгээс гадна бусдын биед гэмтэл учруулаагүй. Хохирогч Б.П-д учруулсан эд материалын хохирол 162.500 төгрөгийг төлж барагдуулж, хохиролгүй болгосон. Анхан шатны шүүх хуралдааны үед ар гэрийн боломжгүй нөхцөл байдлын улмаас хохирлыг төлж чадаагүй байсан. П.А нь хууль эрх зүйн мэдлэггүй, хөнгөн хийсвэр зангаасаа болж уг гэмт хэргийг үйлдсэн ба одоо хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа, хохирол төлбөлгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү…” гэв.
Шүүгдэгч П.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Намайг сурч боловсрох боломжоор хангаж, ялыг багасгаж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан, тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч П-н хохирлыг төлсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх П.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
П.А нь 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжинд хохирогч Б.П-н амыг гараараа дарж, газарт унаган, хүч хэрэглэж, бэлэн 120.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнхийг дээрэмдэн авч 162.500 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар гудамжинд хохирогч М.М-г газарт унаган, хүч хэрэглэж, цүнхтэй эд зүйл болон “Айфон-5” загварын гар утсыг дээрэмдэн авч, 520.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.П-н “...Би ажлаасаа гараад гудамжны үзүүр дээр ирэхэд нэг залуу зам хөндлөн гараад, эгц миний өөдөөс ирсэн. Би тэр залуутай зөрөх гэтэл миний замыг хөндөлсөж зогсоод байсан. Тэгээд над дээр ирээд миний өмсөж явсан гадуур хувцасны гадна халааснаас бариад авсан. Би гар утсаа гадуур хувцасны халаасанд хийсэн байсан. Тэр залуу миний халааснаас гар утас авах гээд байхаар нь би гар утсаа атгаад тавиагүй. Гэтэл тэр залуу миний үүрч явсан жижиг цүнхийг зулгаагаад, миний амыг гараараа дараад намайг газар унагаагаад цүнхийг аваад гүйсэн...” /хх 24-25/,
хохирогч М.М-н “...миний хажуугаар намхан нуруутай, хар куртиктэй, 20 орчим насны хүн хажуугаар өнгөрөөд явах гэснээ буцаж над руу гүйж ирээд, миний куртикний малгайнаас татаж дарж унаган, цүнх булаан авч, куртикний баруун талын халаасанд байсан “Айфон-5” загварын гар утсыг аваад зугтсан...” /хх 67-69/ гэх мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-9, 51-52/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16, 62/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 17-20/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-39, 78-79, 81/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч П.А-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Прокуророос шүүгдэгч П.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн ба анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгсөөс “...П.А нь үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч П.А нь 2 удаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн арга, санаа, сэдэлт, хэргийн нийгмийн хор аюулын шинж, гэм буруугийн хэр хэмжээ зэргээс үзэхэд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч П.А-н өмгөөлөгч Д.Гангантөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.