Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 675

 

     Ц.Н-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Алтансүх,          

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б, Р.О,

шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 689 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хамтран гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Н-д холбогдох 201725011148 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-н Н, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр ......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “А” амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... дүүргийн ... дүгээр хороо, ......... хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Ц.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өглөө 06 цагийн орчим ..... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......н хорооллын 76 дугаар байрны гадна авто машины зогсоол дээр иргэн Р.Б-г зодож, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Н-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Н-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Н-г 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Н-н цагдан хоригдсон 216 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн толбоос авсан арчдас, 3 ширхэг сальфетка зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, цус мэт зүйлээр бохирдсон 10.000 төгрөгийг Монгол банкинд шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах хор уршгийн талаар нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Ц.Н-д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорьж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгч Н.Тэрбиш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О бид шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Ц.Н нь согтуу эхнэрт нь тусалж гэрт нь хүргэж өгснөөс өөрөөр талийгаачийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй, буруугүй байхад эхнэр Б.Энхзултай хардаж түүнийг харгис хэрцгийгээр зодож, тархины хүнд гэмтэл учруулан эмнэлгийн тусламж авч амь насыг аврах ямар ч боломжгүй хүнд гэмтэл учруулан санаатайгаар алсан болох нь шүүх эмнэлгийн мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт болон гэрч Х.Наранболдын удаа дараагийн мэдүүлгээр тогтоогдсон.

Ц.Н талийгаачид хиймэл амьсгал хийх нэрийдлээр олон хавиргыг болон өвчүү ясыг хугалсан үйлдэл нь түүнд туслах биш амь насыг хохирооход улам нөлөөлсөн байхад шүүх Ц.Н-г гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын доод хэмжээ буюу 8 жилийн хорих ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй, хэт хөнгөн ял шийтгэснийг хохирогч нар хүлээн зөвшөөрөхгүй, оногдуулах хорих ялыг хүндрүүлэн шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна.

2. Ц.Н-н эхнэр гэгч Б.Энхзул анхны мэдүүлэгтээ байраа зарж борлуулах гэж ажил хэргийн шугамаар танилцсан, намайг хүргэж яваад ийм зүйл болсон гэж мэдүүлсэн боловч нэг хоногийн дараа мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг өөрчилж, хувийн дотно харилцаа, дарамт учруулсан мэтээр үндэсгүй зүйл мэдүүлж, эцэст нь талийгаачийг үндэсгүйгээр буруутгасан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Гэтэл талийгаач Р.Б нь эхнэр хүүхдүүдтэй, өндөр боловсролтой, ийм зүйл хийх хүн биш бөгөөд гэр бүлээс гадуур харилцаа байгаагүй гэдгийг түүний эхнэр Т.Б болон найз нөхөд ойр дотны хүмүүсийнх нь мэдүүлгээр батлагдаж байна. Ц.Н-н үйлдсэн хэргийн улмаас хохирогч нар болох талийгаачийн өндөр настай ээж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү нар нь өнчрөн хоцорч, амьдралын ямар ч баталгаагүй, туйлдаж, ядарч зовж, гомдож гашуудаж байна. Хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг хүндрүүлж, өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч нар үл бүтэх зэрлэг этгээдийн гарт сайхан хүүгээ алдаж, өнчирч хоцорсон өндөр настай ээж, хань нялх хүүхдүүд, эгч дүү төрөл төрөгсөд нь хагацал зовлонд учирч зовж, зүдэрч байгаа бидний зовлонг анхаарч үзэж, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Т.Б нь энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон бөгөөд 20 жил ханилсан хань маань бусдын гарт эрдэнэт амиа алдсанаас хойш 3 хүүхдэд маань нөхөж баршгүй том гарз тохиолдон, сэтгэл санаа эд материалын хувьд асар ихээр хохирч, эр нөхрийнхөө араас маш их гашуудаж, хүнд байдалд орсоноо өдрөөс өдөрт мэдэрч байна. Р.Б бид 2 ханилан сууснаасаа хойш 3 хүүхэдтэй болж, хүүхдүүдээ хайр халамжаар дутаахгүй үр хүүхэддээ үлгэр дуурайлал болж амьдрахаар хичээж ирсэн. Гэтэл 3 хүүхэд маань одоо эцгийн анхаарал, хайр халамж, сургааль үгийг сонсолгүй өсөж торних аймшигт хувь тавиланг бидэнд үзүүлж байгаад маш их гомдолтой байна. Хэрэг учрал болох үед амь хохирогч Р.Б-г Ц.Н нь үгийн зөрүүгүй цохиж, зодон улмаар амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэрч Х.Наранболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Ахмадын хорооллын хойд байрны зогсоол дээр очиж зогсоход хойно сууж байсан эмэгтэй буугаад хаалга хаагдаад хөдлөх гэтэл миний машины буруу талын хойд хаалга онгойгоод нэг залуу "чи хэн бэ" гэж хэлээд шууд нүүр лүү нь цохиод байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад тойрч очоод "боль, чи хүн аллаа шүү дээ" гэж хэлээд тэр залууг түлхсэн... Талийгаач ямар ч хариу өгөөгүй. Тэр залуу шууд цохиод унагасан..." гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 сарын 27-ны өдрийн 756 дүгнэлтэд "... Талийгаачийн цусанд 2.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтонд хамаарна" хэмээх дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзвэл амь хохирогч нь тухайн үед хүчтэй зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байсан бөгөөд Ц.Н-г биед нь халдахад хариу үйлдэл үзүүлээгүй өөрийгөө хамгаалах оролдлого хийгээгүй зэрэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Иймд Ц.Н-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан "Хүнийг санаатай алах" гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан "хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй..." байдлыг мэдсээр байж амь насыг нь хохироосон хэмээн үзэх үндэслэлтэй хэмээн үзэж байна.

Хэрэв миний нөхөр тухайн үед биеэ хамгаалах чадвартай байсан бол Ц.Н-г цохиход өөрийгөө хамгаалах үйлдэл хийх нь энгийн хүний ухамсарын түвшинд байдаг рефлекс юм. Гэтэл миний нөхөр нь Ц.Н-г удаа дараа цохиж байхад биеэ хамгаалах ямар нэгэн үйлдэл хийгээгүйгээс үзвэл амь хохирогч хэрэг учрал болох үед биеэ хамгаалах чадваргүй байсныг илтгэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завших боломжийг олгож байна хэмээн үзэж байна.

Ид хийж бүтээх насандаа бусдын гарт амь насаа алдсан энэхүү аймшигт хэргийг үйлдсэн Ц.Н-д улсын яллагч 11 жилийн ялыг хаалттай дэглэмд эдлүүлэх санал гаргасан боловч, шүүхээс түүнд 8 жилийн хамгийн хөнгөн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд бид бүхний хувьд ял хөнгөдсөн байна гэж үзэж маш их гомдолтой байна.

Ц.Н-н гэм буруутай үйлдлийн улмаас нөхрийн минь амь нас хохироод зогсохгүй түүнээс үүсэх эрх зүйн үр дагаврууд ар араасаа манай гэр бүлийг санхүүгийн болон бусад маш хүнд нөхцөл байдалд оруулаад байгаа мөртлөө тэрээр хийсэн хэргээ хүлээхгүй, дүгнэлт өгөхгүй, хүний амь нас хохироосноо огт тоож үзэхгүй, үл тоомсорлон харин сэтгэл санаа цочирдсон юм ярьж мэдүүлж байгаа нь энэ хүний хувийн байдал ямар байгаад давах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Манай гэр бүл байшин барих зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Талийгаач маань сар болгон олсон орлогоосоо зээлээ төлөөд зээл төлөлт хэвийн явагддаг байсан. Ц.Н манай нөхрийн амь насыг хохироосноос болж манай гэр бүл зээлээ төлөх боломжгүй, зээл хүү нь өсч одоогоор 40.0 сая гаран төгрөг болоод байна. Хэн тэр их мөнгийг төлж барагдуулах нь тодорхойгүй байна. Хэрэв Ц.Н нь нөхрийн минь амь насыг хохироогоогүй байсан бол өнөөдөр нэг өрх айл элэг бүтэн, санхүүгийн хувьд ч дарамт шахалтгүй сайхан амьдрах байлаа. Гэтэл дээрх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хууль бус үйлдлийн улмаас манай гэр бүлд санхүүгийн болон сэтгэл санааны асар их дарамтыг бий болгож байгааг шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 689 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд "Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг"-т 36.8 дугаар зүйлийн 1.7-т "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл"-ийг тусгах талаар хуульчилсан байхад хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт огт тусгаагүй байна.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д " гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ"-г нотлох ёстой талаар заасан байхад хуулийн энэхүү шаардлагыг хангалгүй шүүхийн шийдвэр гарсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан Ц.Н-н үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулах буюу оногдуулсан ялын хэмжээг нэмэгдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн гэсэн давж заалдах гомдол гаргасан. Ц.Н нь талийгаачийг онц харгис хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироосон. Ц.Н-д 12 жилийн хорих ял оногдуулахаар прокурорын санал гаргасан. Гэтэл анхан шатны шүүх 8 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед Ц.Н-н сэтгэл зүйд “Нөхөр нь байна” гэсэн үг хүндээр нөлөөлсөн. Хохирогчийн нүүрэн тус газарт цохисноос болж, тархинд нь гэмтэл учирч, хохирогч нас барсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шүүгдэгчийн зүгээс шийтгэх тогтоолыг хүндэтгэж, давж заалдах гомдол гаргаагүй... Шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа болон түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг анхан шатны шүүх харгалзаж үзээд түүнд 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Хуульд хорих ялыг заавал хаалттай хорих байгууллагад эдлүүлнэ гэж заагаагүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хэмжээний дотор Ц.Н-д хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Шүүх хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн асуудал байхгүй... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нас барсантай холбоотой цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдсан... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.      

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өглөө 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Ахмадын” хорооллын 76 дугаар байрны гаднах авто машины зогсоол дээр иргэн Р.Б-г зодож, хүүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын “...Манай нөхөр Р.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим гэрээсээ ажлын шугамаар хүмүүстэй уулзахаар гарсан... маш их гомдолтой байна...” /1хх 55/,

гэрч Х.Наранболдын “...Би “Улаанбаатар такси” ХХК-д жолоочоор такси үйлчилгээнд явдаг... Дуудлагын дагуу хаягаар очиход “Хансвилл” хотхоны 101-р байрны арын орцноос эрэгтэй, эмэгтэй хоёр гарч ирээд машины арын суудалд суугаад “Ахмадын” хороолол хүргүүлнэ гэсэн... Хороолол руу ортол миний машины өөдөөс нэг машин гарч ирээд... намайг зогс гээд дохиод байсан... байрны урд очоод зогсоход гэнэт миний машины буруу талын хаалга онгойлгоод нөгөө машины жолооч залуу “чи хэн бэ” гээд миний машинд сууж байсан залууг цохисон. Яг хаана нь цохисныг хараагүй. Машинд сууж байсан залуу миний арын суудал дээр унахад нөгөө залуу дээрээс нь гараараа нүдээд эхэлсэн. Би эргэж хараад салгах гээд чадахгүй болохоор машинаасаа буугаад араар тойрч очоод зодож байгаа залууг боль гээд хориглосон... би машин дээрээ ирж арын хаалгаа нээхэд зодуулсан залуу бөөлжсөн мэт амнаас нь цус гарсан ухаангүй байсан...” /1хх 57-58/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаач Р.Б-н цогцост хийсэн шинжилгээгээр тархны битүү гэмтэл: Их, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорх орой, завсар, суурийг хамарсан тархмал цус харвалт, тархины ховдлууд дахь шингэн цус, дагзны баруун доод хэсгийн хуйхны дотор, булчингийн цус хуралт, ооч, доод уруул, хэл, баруун жавьжны шарх, буйл, жавьж, баруун чихний ар хэсэг, хүзүүний цус хуралт, баруун хацар, эрүү, баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, хөвчүү яс, зүүн 2-5-р хавирганы шууд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаач нь тархины битүү гэмтэл зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалтын улмаас нас баржээ...” гэх /1хх 90-92/ 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 756 дугаартай дүгнэлт,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Ц.Н нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх, хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 401 тоот дүгнэлт /1хх 101-103/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн “...Хэрэг болсон тухайн нөхцөлд Ц.Н-д санаа сэтгэлийн гэнэтийн цочролд орж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх эмнэлзүйн шинж тэмдгүүд илрээгүй...” гэх 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт /2хх 47/,

хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-6/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 29-31/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Ц.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд тухайн зүйл, хэсгийн ялын хэмжээний дотор 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын “Ц.Н-д оногдуулсан хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй байна.  

  Иймд Ц.Н-н биечлэн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-с “...талийгаач нь хүчтэй зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байсан тул Ц.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилж, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох ББСБ-аас авсан зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.  

Учир нь, хэрэгт авагдсан шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 756 дугаартай дүгнэлтээр “...талийгаачийн цусанд 2.5 промилл спиртийн агууламж илэрсэн...” боловч гэрч Х.Наранболдын “...эмэгтэй, эрэгтэй хоёр хоёулаа дунд зэргийн согтолттой байсан... машинд суугаад шивнэлдээд юм яриад байсан...” /1хх 58/, шинжээч Т.Амартүвшингийн “...цусанд 2.5 промилл спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтонд хамаарах ба энэ үед үйлдэл хөдөлгөөн болон ухамсарт ухаан бүрэн алдагдаагүй, ямар нэгэн үйлдэл, хэл яриаг хянах боломжтой...” /2хх 213/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд талийгаач нь тухайн үед орчиндоо харьцаатай байсан байх ба биеэ хамгаалах чадваргүй байсан гэх байдал нотлогдон тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч Ц.Н нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд оршуулгын зардал болон бусад зардалд нийт 27.745.083 төгрөг төлсөн байх ба анхан шатны шүүх “Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах хор уршгийн талаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж” шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

            Давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж хүндрүүлэх, оногдуулсан ялын хэмжээг ихэсгэх, зээл, зээлийн хүүг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.